Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00587

 

 

 

 

 

 

2023 03 17 210/МА2023/00587

 

 

 

 

А.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02917 дугаар шийдвэртэй

А.Б гийн нэхэмжлэлтэй, Б газарт холбогдох

анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 368 дугаар захирамжаар А.Б гөөс 1,204,400,246 төгрөг гаргуулж, В ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00001 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти 001 дүгээр байрны 00 тоот, 200 м2 талбайтай орон сууц, зоорийн давхарын 23, 24 тоот хаягт байрлах автомашины зогсоол, Эрхийн бүртгэлийн Ү-00002 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 00а байрны 0 тоот, 000 м2 талбайтай орон сууцанд эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ хийх ажиллагаа явуулсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгүүдийг Иргэний хуульд заасны дагуу 30 хувиар буруулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 01 сарын 11-ний өдрийн албан мэдэгдлийг мөн оны 01 сарын 13-ны өдөр мэдэгдсэн.

Уг гүйцэтгэх баримт бичигтэй 2022 оны 01 сарын 14-ний өдөр танилцахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэснийг зөрсөн байна.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, хүлээн авахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Мөн 2022 оны 02 сарын 15-ны өдөр барьцаа хөрөнгүүдийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай зар гарсан, түүний 14, 15 дугаарт зарлагджээ.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгчийн А.Б гийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүдийг 2021 оны 01 сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

1.3. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 368 дугаар захирамжаар А.Б гөөс 1,201,282,963 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3,117,282 төгрөгийг тус тус гаргуулж В ХХК-д олгох, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-00001, Ү-00002 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Дээрхи шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А.Б д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 1530 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар нэхэмжпэгч нь давж заалдах гомдол гарган Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 1520 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 892 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

2.2. Төлбөр төлөгч А.Б д анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл тогтоолыг 2022 оны 01 сарын 11-ний өдөр гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөрт хураагдсан хөрөнгийг албадан борлуулахаар Өнөөдөр сонины 2022 оны 01 сарын 06-ны өдөр нийтэд мэдээлсэн.

Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 2/249, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2/251 тоот албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудыг хүргүүлсэн байна.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул албадан дуудлага худалдаан оруулж, Ү-00001 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, Роял каунти 001 дүгээр байрны 00 тоот, зоорийн давхарын 23, 24 тоот 200 м.кв талбай орон сууц авто зогсоолын хамт 490,000,000 төгрөгөөр, Ү-00002 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24а байрны 125 тоот 169.58 м.кв талбай орон сууцынг 400,000,000 төгрөгөөр 2022 оны 02 сарын 15-ны өдөр тус тус худалдан борлогдсон.

2.3. Нэхэмжлэгч А.Б нь удаа дараа шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашруулж байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Төлбөр төлөгч А.Б нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийг шийдвэрийг биелүүлэхгүй, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд үл нийцэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар А.Б гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 үгээр хороо, Роял каунти /17024/ Тэнгэр рашаан гудамж 001 дүгээр байрны 00 тоот, 200 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00001 дугаартай орон сууц, зоорийн давхарын 23, 24 тоот хаягт байрлах автомашины зогсоол,

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 00а байрны 0 тоот, 169.58 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00002 дугаартай орон сууцыг худалдан борлуулах анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахьхэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

Дээрх нотлох баримтад 2022 оны 01 сарын 06-ний өдрийн Өнөөдөр сонины хуулбар гэх материал дахь албадан дуудлага удалдааны зар дээр А.Б гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-00001 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 хороо, Роял каунти хотхоны 001 байр, 00 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 13, 24 тоот хаягт байрлах автомашины зогсоолын талаар мэдээлэл байхгүй, сүүлд тухайн хөрөнгийн мэдээллийг хаанаас авсан нь тодорхойгүй байдлаар эвлүүлэн наасан байдалтай харагдаж байна. Иймд Өнөөдөр сонины хуулбар гэх эвлүүлэн хийсэн материалаар энэ нөхцөл байдлыг тогтоох боломжгүй.

5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаас харахад 2022 оны 02 сарын 15-ны өдөр маргаан бүхий хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар зар тавьж нийтэд мэдээлсэн сонины хуулбар гэх хуулбар материал нь ямар сонины хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн дугаар болох нь тодорхойгүй, тогтоох боломжгүй материал байтал шүүхээс тухайн хуулбарыг Өнөөдөр сонинд тавигдсан зарын дагуу нийтэд мэдээлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг илтэд зөрчсөн.

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлэхгүйгээр тодорхой бус хуулбаруудыг хөтөлбөргүй үнэн мэтээр дүгнэж хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэж, хуульд нийцсэн байх зарчмыг алдагдуулсан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаан бүхий барьцаа хөрөнгүүдэд явуулсан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Анхны албадан дуудлага худалдаа нь өнөөдөр сонины 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дуудлага худалдаанд орж буй хөрөнгийн мэдээлэл тодорхой байна. Мөн нотлох баримтыг нааж, эвлүүлсэн зүйл байхгүй бөгөөд нотлох баримтыг нааж, эвлүүлсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрээр үнэлэгдэхгүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б газарт холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаар захирамжаар хариуцагч А.Б нэхэмжлэгч В ХХК-д 1,0201,282,963 төгрөгийг 2020 оны 03 сард 60,064,148 төгрөг, мөн оны 08 сард 40,256,592 төгрөг, 09 сард 300,320,740 төгрөг, 10 сард 360,384,889 төгрөг, 11 сард 240,256,592 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд А.Б гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00001 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаан гудамж 001 дүгээр байрны 00 тоотод байрлах талбайтай орон сууц, зоорийн давхрын 23,24 тоот 200 м.кв талбайтай автомашины зогсоолын хамт, мөн улсын бүртгэлийн Ү-00002 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 00а байрны 0 тоотод байрлах 000 м.кв талбайтай 6 өрөө орон сууцуудыг тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөрийг гаргуулахаар тохиролцсон баталсан байна. /1хх 5-8/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

3.2. Төлбөр төлөгч А.Б нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ГХ20201/00806 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 11, 12/

 

Б газар нь дээр дурдсан 3 төрлийн эд хөрөнгийг 2020 оны 11 сарын 04-ний өдрийн тогтоолоор эд хөрөнгийг битүүмжлэн, 2021 оны 03 сарын 02-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгийг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 13-16, 17-20/

 

3.3. Мөн талуудад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч А.Б Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал каунти тэнгэр гашаан гудамж, 001 дүгээр байрны 00 тоотод байрлах орон сууц, зоорийн даврны 23, 24 тоотод байрлах автомашины зогсоолыг хамтад нь 1,710,000,000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 00а байрны 0 тоотод байрлах 000 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг 1,208,000,000 төгрөгөөр худалдах санал ирүүлсэн байна. /хх85/

 

Харин төлбөр авагч В ХХК тус дээрх хөрөнгүүдийг шинжээч томилон үнэлүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт гаргасан байна. /хх86/

 

Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 3/19 дугаар тогтоолоор шинжээчээр Х ХХК-ийг томилж, эрх үүргийг тайлбарласан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ. /хх21/

 

3.4. Шинжээч Х ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал каунти тэнгэр гашаан гудамж, 001 дүгээр байрны 00 тоотод байрлах орон сууц, зоорийн даврны 23, 24 тоотод байрлах автомашины зогсоолын зах зээлийг үнийг 2021 оны 03 сарын 19-ний өдрийн байдлаар 938,807,810 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 00а байрны 0 тоотод байрлах 000 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 429,115,100 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04 сарын 01-ний өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгджээ. /1хх 22, 23, 26/

 

Уг үнэлгээг эс зөвшөөрч төлбөр төлөгч А.Б нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01530 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 10 сарын 06-ны өдрийн 1520 дугаар магадлалаар хэвээр үлдээж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1хх 159-163, 165-170/

 

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 сарын 30-ны өдрийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор мөн оны 04 сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар тогтоож, 04 сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны товыг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгджээ. /1хх 125-128/

 

4.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөгч А.Б д анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдсэн, Өнөөдөр сонинд нийтэлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /1хх 175/

 

4.2. Түүнчлэн, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 01 сарын 27-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан, өдөр тутмын Өнөөдөр сонинд нийтлэсэн ба дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, мөн хуулийн 70.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б газар нь өдөр тутмын Өнөөдөр сонинд албадан дуудлага худалдааны талаар 14 хоногийн өмнө мэдэгдсэн байна.

 

4.2. Хэрэгт авагдсан сонингийн хайчилбарыг хуурамчаар бүрдүүлсэн, эвлүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ