Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1341

 

Ч.Батаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Батаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох

Гэнэтийн ослын болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарах эмчилгээний нөхөн төлбөрт 16 497 087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ч.Батаа, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие ХБНГУ-д амьдардаг хүүхдүүдийнхээ урилгаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол улс дахь Герман улсын элчин сайдын яамны консулын газарт гадаад улсад явах пасспортын виз мэдүүлж, “Бодь даатгал” ХХК-ийн эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалд хамрагдаж даатгалын хураамжаа төлж даатгалын гэрээ хийж явсан билээ. “Бодь даатгал” ХХК нь Шингений орнуудад зорчих хүмүүсийн эрүүл мэндийн гэнэтийн ослын талаарх даатгалын ажил үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. ХБНГУ-д байх хугацаанд миний бие гэнэт муудаж, сэтгэл мэдрэлийн шоконд орж ухаан алдсан  тул зохих шинжилгээнүүдийг яаралтай хийлгэж, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яаралтай цөсний мэс заслын хагалгааг төлбөртэйгээр хийлгэж 4 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. “Бодь даатгал” ХХК-тай байгуулсан эмнэлгийн гэнэтийн ослын даатгалын гэрээг уншиж судлахад эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалаар нөхөн төлбөр авч болох үндэслэлтэй байгааг харгалзан холбогдох материалыг бүрдүүлэн “Бодь даатгал” ХХК-д 2015 оны 03 дугаар сарыын 15-ны өдөр бүрдүүлэн өгсөн боловч төлбөр олгохоос татгалзсан. “Бодь даатгал” ХХК нь албан тоотдоо цөсний чулууны мэс засал нь гэнэтийн ослын өвчлөлд хамаарахгүй архаг хууч өвчинд хамаарна, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүлийн 4.14, 8, 5, 3 дугаар заалтуудад хамааруулан нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгах хэлтэст 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл бичиж, хариуг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авсан. Санхүүгийн зохицуулах хорооны 9/2812 тоот албан бичигт 8 000 000 төгрөгийг авахыг зөвлөж байна. Мөн санхүүгийн зохицуулах хороонд “Бодь даатгал” ХХК Ч.Батааг хүндэтгэж нөхөн төлбөрийн 50 хувийг олгож болох талаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/638 тоот албан бичиг явуулсан юм билээ. Эрүүл мэнд спортын яаманд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн зөвлөмж дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасан юм. Уг өргөдлийн хариуг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 26 хоногийн дараа хариугаа ирүүлсэн. Эрүүл мэнд спортын яамны мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ерөнхий мэргэжилтэн, доктор Л.Амгалан хүний биед механик дулаан, цахилгаан туяа сэтгэл санааны зэрэг гадны нөлөө үйлчилж, эд эрхтэний анатомийн бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагаа алдахыг осол гэмтэл гэнэ. Цөсний хүүдийн чулуут үрэвсэл өвчин нь яаралтай мэс заслын гэнэтийн өвчин болно гэсэн дүгнэлт гарсан. Даатгуулагчдад нөхөн төлбөрийг олгож болох нь Эрүүл мэнд спортын яам, Санхүүгийн зохицуулах хорооны шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож байгаа болно. “Бодь даатгал” ХХК-ийн гэрээний яаралтай эмчилгээний хамгаалалтын хэсэгт яаралтай эмчилгээ гэдэг нь гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд хүнд хэлбэрээр бэртэх, эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас нэн дариу шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хэлнэ гэж заасан. “Бодь даатгал” ХХК-иас гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарах эмчилгээний даатгалын нөхөн төлбөрт 16 497 087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бодь даатгал” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хугацаанд үйлчлэх аяллын даатгалын гэрээт баталгааг Ч.Батаад олгож, даатгалын төлбөрт 50 000 ам.доллар хураасан. “Бодь даатгал” ХХК нь аяллын даатгалаар иргэн Ч.Батааг түүний аяллын хугацаанд үүсэх дараах эрсдэлүүдээс хамгаалж даатгасан. Яаралтай эмчилгээний зардалд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарах эмчилгээний зардал 50 000 ам.доллар хүртэл, эмнэлэг, эмчилгээний болон амбулаторын зардал 50 000 ам.доллар хүртэл, эмнэлэгт хэвтэх үед гарсан орчуулагчийн зардал 150 ам.доллар хүртэл, эмнэлгийн яаралтай нүүлгэн шилжүүлэлт болон зөөвөрлөх үйлчилгээ 20 000 ам.доллар хүртэл, Аялалын хамгаалалтад хувийн хариуцлага алдсаны улмаас гарсан хуулийн зардал 1 000 ам.доллар хүртэл, нислэг хойшлогдох 200 ам.доллар хүртэл, ачаа тээш саатгах 100 ам.доллар хүртэл, Аяллын даатгал нь даатгуулагчийг зөвхөн тухайн аяллаас шалтгаалах нөхцөл байдалд үүсэх эрсдэлээс хамгаалах бөгөөд харин аялалд үл хамаарах хүчин зүйлээс шалтгаалсан аливаа эрсдлийг даатгагч хариуцахгүй юм. Өөрөөр хэлбэл аяллаас үл шалтгаалах хүчин зүйлээс буюу архаг хууч өвчин, түүний үр дагавараас үүссэн эрсдэл, мэргэжлийн спорт уралдаан тэмцээнд оролцсоноос үүссэн эрсдэл, сэтгэл санааны хямрал, цочролоос үүссэн эрсдэл, бэлгийн замын халвдарт өвчнөөс үүссэн эрсдэл, хүний амьдралын хэв маягаас хамаарах нүд, шүд, сонсголын эрхтэнд үзлэг хийх зэрэг тохиолдлуудад аяллын даатгалд хамааруулахгүй тухай даатгалын гэрээт баталгаанд заасан байна. Ч.Батаагийн бүрдүүлсэн баримтаас үзэхэд түүнд архаг цөсний хүүдийн үрэвсэл, цөсний чулуу, тунгалагийн зангилаа томорсон, архаг идэвхтэй ходоодны үрэвсэл гэсэн онош тавьж цөсний хүүдийг авах мэс засал хийсэн байх бөгөөд цөснөөс 3 см хэмжээтэй чулуу авсан байна. Цөс чулуужих өвчин гэдэг нь холестерины солилцооны алдагдалаас элэг болон цөс дамжуулах замд чулуу үүсч цөсний гэр болон цөсний зам үрэвсэж буй эмгэгийг хэлдэг. Энэ өвчин нь тухайн хүний амьдралын хэв маяг буюу таргалалт, олон жирэмжлэлт, хоололтын тодорхой дэглэмгүй байх, хөдөлгөөний хомсдол, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчнөөс үүсдэг, тодорхой үе шатуудыг дамжин удаан хугацаанд бий болдог өвчин юм. Ч.Батаагийн өвчлөл, түүний онош, түүнд хийсэн эмчилгээ нь аяллаас үл хамаарах буюу хувийн амьдралын хэв маяг, хүчин зүйлээс үүссэн байх тул “Бодь даатгал” ХХК нь гэрээт даатгалын баталгааны даатгалд хамаарахгүй хэсэг гэсний 1 дүгээр зүйл, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Батаагийн хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан даатгуулагчдад нөхөн төлбөр олгохоос татгалзсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/720 тоотоор өгсөн шийдвэрээр нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэнэтийн ослын болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарах эмчилгээний нөхөн төлбөрт 16 497 087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 435 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Батаа, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Даатгалын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол тохиролцсон болзол бүрдэхийг гэж заасан нь даатгалын нөхөн төлбөрийг “Бодь даатгал” ХХК нөхөн төлөх үүргийг хүлээж. Тэр ч байтугай даатгалын нөхөн төлбөрийн 50 хувийг төлөх боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хороонд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 9/2812 албан тоотоор зөвшөөрсөн байдаг. “Бодь даатгал” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ нэхэмжлэгч Ч.Батаа нь Герман улсад гэнэт явсан"С" ангилалын виз авсан эрүүл мэндийн доголдолтой гэсэн нь үндэслэлгүй. Герман улсын мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн мөн Анагаах ухааны доктор Д.Амгалан нар хүнд өрөвслийн цөсний чулууны мэс заслыг яаралтай мэс заслын өвчин бөгөөд гэнэтийн ослын өвчлөлийн ангилалд хамааруулж тодорхойлолт дүгнэлтээ гаргаж өгсөн. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-эрдэнэ цөсний чулуучих өвчин бол архаг өвчний ангилалд хамаарах бөгөөд Ч.Батаагийн амьдралын хэв маяг, хөдөлгөөний хомосдлоос шалтгаалсан гэж өөрөө онош тогтоож, эмч нарын тавьсан онош эмчилгээг үгүйсгэн эмнэлгийн дүгнэлт гаргуулан, батлахыг оролдсон нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

“Бодь даатгал” ХХК цөсний чулуучих өвчин бол архаг хууч өвчний ангилалд хамаарна гэж эмнэлгийн дүгнэлт гаргуулж даатгалын гэрээндээ хамааруулж баталгаажуулаагүй юм. Ч.Батаагийн ХБНГУ-д эмчилгээ хийлгэсэн баримт, мөнгө төлсөн баримтууд нь хуулийн шаардлагыг хангаагүй үнэлэх боломжгүй эргэлзээтэй гэж шүүх буруу дүгнэсэн. “Бодь даатгал” ХХК нь өвчний түүхийг бүрэн эхээр нь орчуулж шинжээч эмч нар нь дүгнэлт гаргасан. “Бодь даатгал” ХХК-ийн ажилтан М.Баасансүрэн даатгуулагчийн материалыг бүрэн эхээр нь өгсөн гэтэл 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний материалын хэсгийг нарийн бичгийн даргад орхисон үед шалгаж үзэхэд, миний зарим материалыг надад өгөөгүй. Тухайлбал наториатаар гэрчлүүлж батлуулсан эмчилгээний төлбөр төлсөн баримт зэргийг авч үлдсэн байсан. Үүнийг буцаан шаардахад өгөөгүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Батаа нь хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/720 тоотоор өгсөн шийдвэрээр нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэнэтийн ослын болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарах эмчилгээний нөхөн төлбөрт 16 497 087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Энэ хэргийг урьд нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ “Ч.Батаа нь урьд нь цөсний архаг үрэвсэлтэй байсан эсэх,  энэ талаар оношилгоо хийлгэж байсан эсэхийг Улсын клиникийн төв эмнэлгээс нотлох баримтаар гаргуулах” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-Эрдэнийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн талаар дүгнэсэн байна.

Дээрх магадлалд дурдсан зөрчлийг арилгахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2016/09364 тоот шүүгчийн захирамжаар Ч.Батаа нь ямар төрлийн оношилгоо хийлгэсэн, оношлогоогоор ямар онош тогтоогдсон талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Захирамжид заасны дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3/413 тоот албан бичгээр ирүүлсэн хэргийн 127, 128 дугаар талд авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан шаардлагыг хангаагүй, захирамжид заасан өвчний оношийн талаарх мэдээлэл уг баримтад тусгагдаагүй байх тул мөн шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох баримтыг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангуулан гаргуулах талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж, зохих ажиллагаа явуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 431 дүгээр 431.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болсон гэх нөхцөл байдлыг тогтооход нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжид заасан баримт ач холбогдолтой бөгөөд шаардлага хангаагүй дутуу бүрдсэн баримтад үндэслэн маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Батаагийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

                                                                                                              Ш.ОЮУНХАНД