Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0209

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0209

Улаанбаатар хот

“Г” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, өмгөөлөгч З.С, Л.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн дарга болон хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.Бнарын гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, Адаг нэртэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин шинэ акт гарах хүртэл “Г” ХХК-ийн XV-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй гэж үзсэн атлаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл “Г” ХХК-ийн ХВ-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн бүртгэлийг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Энэхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0041 дүгээр шийдвэрийн түдгэлзүүлсэн хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийн 8 дугаар хуудсанд “...Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дарзах тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж зааснаар ХВ-016744 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хуульд заасан 12 жилийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсноор хайгуулын тусгай зөвшөөрөл цаашид хүчин төгөлдөр хуульд заасан хугацаа байхгүй байна...” гэж дүгнэсэн.

Түүнчлэн “Г” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн, /албан тоот ирүүлснийг үүргээ биелүүлсэн гэж ойлгосон, уг нь тайланг бэлтгэн бэлэн болгосон эсэхийг тодруулаагүйгээр үүргээ биелүүлсэн гэж учир дутагдалтай дүгнэсэн/ хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаагүйд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24.1-д заасан онцгой эрхээ эдлэх эрхийг хангах нь зүйтэй гэж захиргааны байгууллагыг илтэд буруутган холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дан ганц хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхгүйн улмаас онцгой эрхээ эдэлж чадаагүй гэж дутуу дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргахад шаардагдах бусад хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг бусад баримтын бүрдлийг хуульд заасан хугацааны дотор манайд ирүүлсэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг гаргуулж үнэлэх үүргээ шүүх биелүүлэхгүйгээр хариуцагчийг буруутгасан. Энэ талаар шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас асуухад хариулж чадаагүй.

Хамтран хариуцагч болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн анхан шатны шүүхэд гаргасан бичгийн тайлбарт дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тайланг амжилттай хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсан байхыг зааж өгсөн.

Улмаар мөн зүйлийн 48.4-д “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан ... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх ... шийдвэр гаргана” гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу Иргэний хуулийн 72 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд зааснаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө шинжээч томилуулах хүсэлтийг гаргах, улмаар 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах үүргийг нэхэмжлэгч хүлээх ёстой.

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нь баримтаар тогтоогддог.

Ашигт малтмалын тухай хуулийн агуулгаас үзэхэд хайгуулын ажил урт удаан хугацаанд хийгддэг, урьдаас төлөвлөн нөөц батлуулах бусад шаардлагатай баримт материалыг цуглуулж ашиглалт болгох үйл ажиллагаа хийгддэг учир хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хууль тогтоогч 12 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэж үзнэ.

Гэтэл шийдвэрт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс болж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхээ нэхэмжлэгч тал эдэлж чадаагүй гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ашиглалтын өргөдлийг захиргааны байгууллага шийдвэрлэх тул гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг баримтлан 6 сарын хугацаагаар түдгэлзүүллээ гэсэн байна.

Хуулийн энэхүү зохицуулалт нь нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тохиолдолд захиргааны актыг зургаан 6 сар хүртэл түдгэлзүүлэх зохицуулалт юм.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших 12 жилийн хугацаа дуусгавар болсон. Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан акт гаргаагүй тул шүүх ямар актыг түдгэлзүүлсэн эсэхийг тодорхой заагаагүй бөгөөд кадастрын бүртгэлийг 6 сарын хугацаатай түдгэлзүүллээ гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм.

Түүнчлэн энэхүү хэрэг маргааны үйл баримтаас үзэхэд хэргийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл огт үгүй байгааг шүүх анхаарч үзээгүй болно.

Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой бодит байдалд хангагдах ёстой. Гэтэл хайгуулын ХВ-016744 тоот тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн хугацаа хэтэрснээс хойш ашиглалтын өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” заалтыг зөрчсөн.

Хуулиар эзэмших 12 жилийн хугацаа дуусгавар болсон хайгуулын ХВ-016744 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь одоо Төрийн мэдлийн талбайд хамаарч байгаа болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0041 дүгээр шийдвэрийн кадастрын бүртгэлийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн 6 дугаар хуудсанд ... хайгуулын ХВ-016744 тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосон бөгөөд ... хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын ГХХ-т хандан 2006-2017 онуудад хийж гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгээр геологич Х.Хонгорзул, Л.Гантөмөр, М.Жавхлан нарын боловсруулсан тайланд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХ-2017/162 тоот шинжээч томилох хуудасны төслийг нээж шинэ журам батлагдсаны дараа 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шинжээчийг томилж албажуулсан байхад 12 дугаар сарын 27-ны өдөр шинжээчийг томилсон гэж нөхцөл байдлыг буруу дүгнэж хууль болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн  дүрмийн 3.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагчаас анхан шатны шүүхэд гаргасан бичгийн тайлбарт тодорхой дурдсан байдаг. 

Түүнчлэн шийдвэрт шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулснаар уг дүгнэлтийг үндэслэн 90 хоногт багтаан улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй буруутай гэж дүгнэсэн.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.2.2-д “....төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулж, хэлэлцүүлэх тухай санал авсны үндсэн дээр зөвлөлийн холбогдох салбар хуралдаанаар хэлэлцэн зөвлөмж, дүгнэлтийг гаргах” гэж заасан. Тодруулбал тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа төрийн захиргааны байгууллагын Геологи, хайгуулын хэлтсээр хянуулж зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Хэрэв тайланг хэлэлцүүлэх шаардлагад нийцээгүй тохиолдолд дүрмийн 2.2.4-д “Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн тайлан, материалын бүрдэл хангаагүй тохиолдолд зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн дарга төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжийн даргаас албан бичгээр буцаах” гэж заасны дагуу засвар хийлгэхээр буцаадаг зохицуулалттай.

Нөөцийн тайланг заавал зөвлөлийн хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсний дараа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шийдвэр гардаг. Гэтэл шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлт гаргуулснаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх ёстой гэж дүгнэж буй нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.1.2, 4.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Шийдвэрт “... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжгүй бөгөөд хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь тайланд дурдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангах үндэслэлээ болгожээ.

Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 4.1-д “Зөвлөл хэлэлцэх асуудлын онцлогтой уялдсан дараах салбар хуралдаанаар дор дурдсан асуудлуудыг хэлэлцэж зөвлөмж, дүгнэлт гаргах”, 4.1.2.1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 болон 48.6.3-т заасны дагуу ирүүлсэн ....тайлан”-г хэлэлцэж хамтын шийдвэр гаргаж шийдвэрлэдэг тул шүүхийн дүгнэлт үүгээр үгүйсгэгдэж байна. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дан ганц хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхгүйн улмаас онцгой эрхээ эдэлж чадаагүй гэж учир дутагдалтай дүгнэсэн.

Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргахад шаардагдах бусад хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг бусад баримтын бүрдлийг хуульд заасан хугацааны дотор захиргааны байгууллагад ирүүлсэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг гаргуулж үнэлэх үүргээ шүүх биелүүлэхгүйгээр хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0041 дүгээр шийдвэрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших “Адаг” нэртэй газарт 151.22 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-016744 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор байжээ.

Тус компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахаар XV-016744 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн GO/64 дүгээр албан бичгээр “Адаг” чулуун нүүрсний ордод 2006-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн хэлтэст гаргасан байна.

Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сар 19 хоногийн өмнө “шинжээч томилуулах” хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ...хайгуулын үр дүнгийн тайланг ...боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө/-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн XX-2017/162 дугаартай шийдвэрээр шинжээч томилсон байх боловч тус ажлын үр дүнгийн тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 /Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан ...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулна.../-д заасан шинжээч томилох, дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Ийнхүү хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хавсаргаж өгөх боломжгүй болж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасан “ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” эрх, хууль ёсны ашиг ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхээр байна.

Тиймээс анхан шатны шүүх, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Адаг” нэртэй газарт гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдол болох “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэдэгт нэхэмжлэгчээс өөрөөс шууд хамаарах нөхцөл байдлыг ойлгох бөгөөд харин энэхүү маргааны хувьд "Г" ХХК-аас үл хамаарах шалтгаанаар буюу шинжээчийн дүгнэлт гараагүйтэй холбоотойгоор кадастрын бүртгэлийн системд тус компанийн хайгуулын XV-016744 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсноор бүртгэсэн хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар хангалттай тогтоогдож байхад шүүх тухайн бүртгэлийг дахин шинээр акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болон бичвэрийн алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...21 дүгээр зүйлийн...” гэсний дараах “21 дүгээр зүйлийн” гэснийг хасч, “...хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин шинэ акт гарах хүртэл “Г” ХХК-ийн XV-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэснийг ““Г” ХХК-ийн XV-016744 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн дарга болон хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                              ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН