Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 550

 

Ө.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Ө.Б, Б.Б, Ш.Б нарт холбогдох 1914001020230 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.Бы өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жанчив овогт Ө.Б,

2.Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Тариачин овогт Б.Б,

3.Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Тариачин овогт Ш.Б нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Ө.Быг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б, Ш.Б нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Б нарыг тус бүр 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Ш.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулйн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Ш.Б нарыг тус бүр 1 жил хорих ялаар шийтгэж,

шүүгдэгч Б.Б, Ш.Б нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч нарын биечлэн эдлэх 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Б.Б, Ш.Б нарын цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ө.Бы эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нараас хувь тэнцүүлэн, тус бүр 500.000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч Ө.Бы эзэмшлийн 76-06 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Бы өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан гомдолдоо: “...Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 сарын 7-ны өдрийн 60 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдлыг тогтоож шийдвэрлэж чадсан, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон учир тус шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа.

...Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 сарын 7-ны өдрийн 60 дугаартай магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд харшилсан яллах байр суурьтай шийдвэр болсон байна. Тус хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж үзвэл:

Ө.Быг 6 тооны ямаа хулгай хийх үйлдэлд оролцсон, бусад үйлдлүүдэд Б, Б нартай хамт яваагүй болох нь Ө.Бы гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, Ш.Бын хх-80-82 дугаар хуудаст байх гэрчээр өгсөн мэдүүлэг, Б.Бгийн 2020 оны 5 сарын 14-ний өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Долгорсүрэн, Эрдэнэбат, Должинсүрэн нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Ш.Бын хх-80-82 дугаар хуудаст байх гэрчээр өгсөн мэдүүлгээс бусад Б.Б, Ш.Б нарын өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй, худал болох нь 2019 оны 7 сарын 4-ний, 2020 оны 5 сарын 14-ний өдрүүдийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Ш.Б мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллаглагчаар өгсөн мэдүүлгээ үгүйсгэн 6 тооны ямааны арьсыг аймагт тушаасан, мөнгөн дүнг багасгах гэж ямааны арьсаа бөөнд нь тушаасан гэж худал хэлсэн, Б бид хоёр мэдүүлэг өгөхөөсөө өмнө юу гэж хэлэхээ ярилцсан гэх мэт, мөн Б.Б мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллаглагчаар өгсөн мэдүүлгээ үгүйсгэж ямааны арьсыг замын машинд бөөнд нь өгч явуулсан гээд хэлчихье гээд ярилцсан, хулгай хийж олсон мөнгөнөөсөө Ш.Бын эмээд 100.000 төгрөг өгсөн, 2 амортизатор авсан /мөрдөн байцаалтын шатанд Б, Б нар нь Б ямааны арьсыг замын хүнд зарсан байсан, бид хоёрыг хоолонд оруулсан өөр мөнгө өгөөгүй гэж мэдүүлсэн байдаг/ хутга хаана байсан бэ гэх асуултад машины багажинд нэг хутга байсан, Бын эмээгийнхээс нэг хутга авсан /мөрдөн байцаалтын шатанд машины багажинд 2 хутга байсан гэж мэдүүлдэг/ яг үнэнийг хэлэхэд Б 6 ямаа хулгай хийхэд хамт явсан, бусад 2 үйлдэл дээр хамт яваагүй юмаа гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Б, Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь үг үсэг, өгүүлбэр, таслал, үг үсгийн алдаанаас эхлээд бүгд адил бичигдсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа ба уг мэдүүлгээ шүүхийн шатанд үгүйсгэж мэдүүлдэг. Б, Б нарын мөрдөн байцаалтын шатанд бид хоёр ярилцаж байгаад мэдүүлэг өгсөн гэдэг нь дээрх байдлаар нотлогдож байна гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэл болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг нь нэг бүрчлэн уншиж, харьцуулан үзвэл Ш.Б, Б.Б нар нь Ө.Быг хийгээгүй үйлдэл дээр нь холбогдуулан ярилцаж мэдүүлэг өгсөн байна гэж үзэхээр нөхцөл байдал харагддаг. Өнөөгийн нийгэмд санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас бусдыг хэрэгт холбогдуулахаар мэдүүлэг өгөх нөхцөл байдал их ажиглагдах болоо, энэ бүхнийг цэгцэнд нь оруулж бодитоор шийдвэрлэх эрх хэмжээ нь та бүхэнд байх тул хэргийг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах гэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болох Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 сарын 7-ны өдрийн 60 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоон хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн.

Шүүгдэгч Ш.Б, Б.Б нар нь 17, 18 настай, Ө.Б нь 25 настай. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийсэн. Хэргийн газрын үзлэгээр нэг төрлийн машины мөр илэрсэн. Мөн өөр өөр гутлын мөр илэрсэн гэж цагдаагийн ажилтан мэдүүлдэг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь Ө.Бд байсан. Шүүгдэгч Ш.Б, Б.Б нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, өөрсдийн эзэмшлийн автомашин байхгүй. Уг гурван үйлдэлд Ө.Б оролцсон талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй. Ш.Б, Ө.Б, Б.Б нар нь гурван удаагийн үйлдлээр 28 тооны буюу олон тооны мал хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ө.Бы өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 1 дүгээр сарын 14-нөөс 16-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн Л.Уийн нийт 28 ямааг хулгайлж, 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Быг Ш.Б, Б.Б нартай бүлэглэн хохирогч Л.Уийн 6 ямааг хулгайлсан үйлдэл нь тогтоогдсон, харин 22 ямааг хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Ө.Б хамтран оролцсон болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байна.

Харин Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Ө.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ө.Бы өмчлөлийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгоогүй гэсэн дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэлтэй гэж үзэв.

Өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг судалж үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагад бүрэн нийцээгүй, шүүгдэгч Ө.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө түүнийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг харгалзан үзэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй, мөн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл үүсээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар хэргийг зүйлчилж, ял оногдуулах нь тэдний эрх зүйн байдалд ашигтай байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамласан нь ойлгомжгүй болжээ.

Шүүгдэгч Ш.Б, Б.Б нарын 2019 оны 1 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж нийт 28 ямаа буюу олон тооны мал хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс /2 жил/ доогуур 1 жил хорих ялыг, мөн тэдний 2018 оны 11 сард бүлэглэн бусдын 6 адуу хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохдоо ямар үндэслэлээр 1 жил хорих ялыг тус тус сонгож оногдуулах болсон хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн Б.Бд  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хоёр дахин багасгаж эдлүүлэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын нэг нэгнийхээ үйлдэл оролцооны талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн харилцан зөрүүтэй мэдүүлгийн аль нь үнэн зөв, эсхүл бодит байдалд нийцээгүй талаар, мөн шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх шаардлагад нийцсэн эсэх, Ш.Б, Б.Б нар нь Ө.Быг хийгээгүй үйлдэлд холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн тухай өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй эсэх, түүнчлэн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр тухайн мэдүүлгүүдийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцож болохгүй.

Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулах үүрэгтэй бөгөөд тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн  7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.

Харин мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” болохыг мэдүүлэг авахаас өмнө тусгайлан тайлбарлах учиртай.

Иймд тодорхой нэр бүхий хүнийг гэмт хэрэг үйлдсэн талаар гомдол мэдээлэл гарсан, эсхүл гэрчийн мэдүүлэг авах явцад тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл хүнийг гэмт үйлдэл дээр нь баривчилсан нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.11 дүгээр зүйлд тус тус заасны дагуу сэжигтнээр мэдүүлэг авах, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол танилцуулж, улмаар яллагдагчаар мэдүүлэг авах нь зүйтэй.

Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ. Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадаж авах, хууль эрх зүйн мэдлэггүй хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг нь сайтар тайлбарлаж өгөхгүй байх, ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах, уг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг яллах, улмаар шүүх тухайн нотлох баримтыг шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгохыг зөвшөөрч болохгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарын мөнгө олох шунахай зорилгоор хулгайлсан малаа хээр нядалж, зөвхөн арьсыг нь өвчин авч, бусад хэсгийг нь ил задгай орхиж явсан үйлдлийн шинж чанарт хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргасан байна.

Шүүгдэгч давтан үйлдэж, сүүлийн хэрэгтээ хорих ял шийтгүүлсэн тохиолдолд тогтоол гарахын өмнө үйлдсэн хэргийн тэнссэн шийдвэрийг хэвээр үлдээх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэнсэх журмыг хязгаарласан зохицуулалттай зөрчилдөх тул шүүх нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдэд нь Эрүүгийн хуулийн 6 дугаар бүлэгт заасан нийтлэг зарчмын дагуу ял оногдуулж, нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 60 дугаартай магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.” гэж хуульчилсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэж, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх өмгөөлөгчийн гомдолд дурдсан нотлох баримтуудыг үнэлэх замаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон, эсхүл нотлогдоогүй гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, улмаар шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх, эсхүл энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд чиглэл өгөх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 60 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР