| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0174/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/180 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/180
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адаргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.О,
нарийн бичгийн дарга Т.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К, Д.А,
шүүгдэгч Б.М, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-х овогт Бын М, М-х овогт Мы Б нарт холбогдох эрүүгийн 1813002810190 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1930 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 88 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, гурван хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М-х овгийн Бын М, регистрийн дугаар БЮ********
2. Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, эхнэр, дүүгийн хамт амьдардаг, тус аймгийн Буянт сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Молхы хошах овгийн Мы Б, регистрийн дугаар БЮ**************
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М, М.Б нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрч, хохирогчоор мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагааны үед хонь нь алга болоогүй байхад “манай 24 хонь алга болсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь хамт зусаж байсан О.Агийн гэрийнхэнтэй хэрэлдэж охин болох А.Аы толгойг чулуугаар хагалж, цагдаад дуудлага өгсөн асуудлаас болж өөрийн хүү М.Жыг шоронд орох байх гэж айсандаа зөрүүлж хонь алга болчихлоо, хамт зусаж байсан О.А авсан байх гэж гомдол гаргавал А.А гомдлоо татаж авчих байх гэсэн сэдэлтэйгээр 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “...иргэн О.Ан дээрх үйлдлийг шалган тогтоож, миний алга болгосон малуудыг /24 толгой хонь/ олж өгч, намайг хохиролгүй болгож, хуулийн дагуу хариуцлага тооцож, миний гомдлыг барагдуулж өгнө үү” гэж гомдол гаргаж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Энэ жил О.А гэх хүнтэй цуг “Шар нуур” гэх газарт хамт зуссан юм. Манай хоёр гэр ээлж ээлжээр хонио хариулдаг. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр О.Агийн хонь хариулдаг ээлжтэй байсан орой 20 цагийн үед хонио бэлчээрээ авч ирэхэд манай хонь дутуу байсан тул О.Агаас асуух гэж гэрт нь очиход зугтаад аймаг явчихсан. Манайх нийт 120 хоньтой, одоо 96 хонь байгаа, 24 хонь алга болсон. Би гомдолтой байна, миний хонийг олж өгнө үү” гэж өөрийн үйлдсэн гэмт хэргээ далдлах зорилгоор Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулан гэрч, хохирогчоор мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагааны үед хонь нь алга болоогүй байхад “манай 24 хонь алга болсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Мөн шүүгдэгч М.Бы нь аав болох Б.Мы хэлснээр хонь алга болчихлоо гээд гомдол гаргаад О.Аг айлгавал охиныхоо гомдлыг татаж авна гэж хэлсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулан гэрч, хохирогчоор мэдүүлэг авахад “Би 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд голын эрэг дээр өвс хадаж байхад 19 цагийн үед манай аав Б.М над руу залгаж манай хонь дутуу байна, яг хэд дутуу гэдгийг мэдэхгүй байна гэж хэлсэн. ... тэр өдөр хонины ээлжтэй байсан О.Агаас хонь яагаад дутсаныг асуух гэж очиход мотоциклоо унаад зугтсан. Манайх 120 хоньтой” гэж хонь нь алга болоогүй байхад “манай 24 хонь алга болсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/.
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02-04 дүгээр хуудас/,
- Буянт сумын 3 дугаар багийн Засаг даргын “...М.Б нь 2017 онд адуу-5, хонь-60, ямаа-45, бүгд 115 толгой мал тоолуулсан болно” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
- Мал тэжээвэр амьтан, хашаа худгийн 2017 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Мы мал, хашаа худгийн талаарх 2017 оны тооллогын баримт “Иргэн Б.М нь 2017 оны мал тооллогоор 4 үхэр тоолуулсан болохыг тодорхойлов” /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,
- Б.Маас 2018 оны 09 сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулж хохирогчоор мэдүүлэг авсан “Би хохирогчийн эрх үүрэгтэй танилцлаа, асуух тодруулах зүйл байхгүй. Би өнгөрсөн 2017 оны мал тооллогоор хонь тоолуулаагүй. Хүү М.Бы нэр дээр хонио тоолуулсан. Манайх одоо нийт 96 хоньтой байна. Манайх нийт 96 хоньтой. Тэгээд мөнгөтэй болсон үедээ 1-2 хонь аймгийн малын захаас худалдаж аваад хониндоо нийлүүлдэг байсан. Тэгээд нийт 120 хоньтой болсон” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
- 2018 оны 09 сарын 17-ны өдөр хохирогч Б.Мд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж дараах удаа мэдүүлэг авсан “...Манайд алга болсон хонь байхгүй. Би худал гомдол гаргасан юм. Би худал гомдол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
- 2018 оны 08 сарын 30-ны өдөр Б.Мд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгсөн бол хүлээлгэх хариуцлагыг сануулж гэрчээр мэдүүлэг авсан “..миний бие Б овогтой М 1930 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн. Энэ жил О.А гэдэг хүнтэй цуг “Шар нуур” гэх газарт хамт зуссан юм. Манай 2 гэр ээлж ээлжээр хонь хариулдаг. 2018 оны 08 сарын 28-ны өдөр О.Агийнх хонины ээлжтэй байсан. Орой 20 цагийн үед хонио бэлчээрээс авч ирэхэд манай 24 хонь дутуу байсан. Тэгээд О.Агаас асуух гэж гэрт нь очиход зугатаад аймаг явчихсан. Манайх нийт 120 хоньтой. Одоо 96 хонь байгаа. 24 хонь алга болсон. Би гомдолтой байна. Миний хонийг олж өгнө үү” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
- 2018 оны 08 сарын 30-ны өдөр М.Бд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгсөн бол хүлээлгэх хариуцлагыг сануулж гэрчээр мэдүүлэг авсан “ ...манай аав М над руу залгаж манай хонь дутуу байна. Яг хэд дутуу гэдгийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би аймгаас өөрийн машинаар гэртээ очоод аав М, дүү Жыг дагуулаад О.Агаас хонь яагаад алга дутсаныг асуух гэж очиход О.А мотоциклио унаад зугтсан. Манайх 120 хоньтой. ...манай алга болсон хонинуудад эдгээр им байгаа” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
- М.Баас 2018 оны 09 сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж дараах удаа гэрчээр мэдүүлэг авсан “...Би 2017 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор 60 хонь тоолуулсан. Тэгээд хавар мал төллөх үеэр 34 хурга нэмэгдэж нийт 94 хоньтой болсон. Манайх ямар нэгэн хонь, хурга худалдаж аваагүй. Манайх 2018 оны 08 сарын 28-ны өдөр хамт зусаж байсан. О.Агийн гэрийнхэнтэй хэрэлдэж охин нь болох А.Аы толгойг чулуугаар хагалсан юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Энэ асуудлаас болж дүү Ж шоронд орох байх гэж айсандаа зөрж манайхаас хонь алга болчихлоо, хамт зусаж байсан О.А авсан байх гэж гомдол гаргавал А.Аы гомдлыг татчих байх гэж бодсон юм. Тэгээд хонь алга болчихлоо гэж худал гомдол гаргасан юм. ...манай аав М хонь алга болчихлоо гээд гомдол гаргаад О.Аг айлгавал охиныхоо гомдлыг татаж авна гэж надад хэлсэн. ...Би худал мэдүүлэг өгсөнөө хүлээн зөвшөөрч байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
- 2018 оны 09 сарын 02-ны өдөр О.Агаас гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн Б.Мтай цуг “Шар нуур” гэх газарт хамт зусаж эхэлсэн. Манай хоёр гэр малаа нэг нэг өдрөөр ээлжилж хариулдаг. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай гэрийн хонь хариулах ээлж байсан би хонины ээлжинд явсан орой 17 цагийн үед хонь бэлчээрээс авч ирэхэд манай хоёр гэр хоорондоо хэрэлдээд манай эхнэр хүүхэд аймаг явсан байсан болохоор би араас нь мотоцклиор аймаг руу явсан. Би аймагт ирээд эхнэр хүүхэдтэйгээ уулзаад юу болсон талаар асуухад манай эхнэр Мы хүүхдүүдтэй хэрэлдээд Ж гэх хүүхэд нь манай охины толгойг хагалсан. Тэгээд аймгаас түргэн дуудаад аймаг руу ирсэн гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Мы хажуунаас нүүсэн. Тэр өдөр хүүхдээ Б.Мы малыг манай эхнэрийн төрсөн дүү М.С, хүргэн ах Ч.Х, хөрш Х нарын хамт хонийг нь тоолоход 94 хонь, 2 өнчин хурга байсныг хүлээлгэж өгөөд би Бугат сумын хатуу гэх газар руу нүүсэн. Манай хоёр гэр хамт зусаж эхлэхэд Б.Мд 94 хонь байсан. Тэгээд хүнээс 2 хурга худалдаж аваад 94 хонь, 2 хургатай болсон” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...бэлчээрт байсан хонийг нь тоолоход 95 хонь байна гээд Мд танайх хэдэн хоньтой бэ гэхэд манайх 96 хоньтой гэж надад хэлсэн. Би тэгвэл бэлчээрт байгаа хонь 95 юм байна гэхэд Б.М тэгвэл манай хонь бүрэн байгаа юм байна, та гэртээ харь гэж хэлсэн. ..би хонийг тоолоход 95 байсан. Намайг та нэг хоёр алдсан байх. Манайх 96 хоньтой гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Мы хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- шүүгдэгч Б.М нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 898 дугаартай “Бын М /БЮ30040336/-ы нэр дээр Өлгий сумын 4 дүгээр багийн байршилтай 1400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 58 дугаар хуудас/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЮ73020518, овог: М-х, эцэг/эх/-ийн нэр:М, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1973/02/05, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 4-р баг, Их булан, 33 гудамж, 16 тоот, хүчинтэй хугацаа:2018/02/05, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Мыг Хас банк, Капитрон банканд ямар нэгэн харилцах, хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон албан бичиг /хх-ийн 63,64 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Мыг Төрийн банканд 0.00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон дансны хуулга /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг,
Шүүгдэгч М.Бы хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- шүүгдэгч М.Б нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 899 дугаартай Мы Б /БЮ73020518/-ы нэр дээр Өлгий сумын 4-р багт байршилтай Y-0213007188 тоот улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв талбайтай хувийн сууц бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 50 дугаар хуудас/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЮ30040336, овог: М-х, эцэг/эх/-ийн нэр:Б нэр:М, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1930/04/03, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 4-р баг, Их булан, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч М.Быг Хас банк, Капитрон банканд ямар нэгэн харилцах, хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон албан бичиг /хх-ийн 52, 55 дугаар хуудас/,
- Шүүгдэгч М.Быг Төрийн банканд 150.00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон дансны хуулга /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, М.Ж нь бусдыг зодсоноос болж бусдыг өөр хэрэгт гүтгэн гомдлыг нь татуулж, хариуцлага шийтгэлгүй өнгөрөөх гэсэн хүсэл эрмэлзэл зэрэг нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч Б.М, М.Б нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаа гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар бүлэгт заасан ажиллагаа хамаарах бөгөөд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэснээр ойлгох ба шүүгдэгч нарт Эрүүгийн хууль сануулан, энэ хуульд заасан ажиллагаа явуулах явцад худал мэдүүлэг өгсөн байна.
Шүүгдэгч нар нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, улмаар бусдын нэр төрийг гутаан гүтгэсэн боловч бодитой хор уршиг учраагүй гэж дүгнэлээ.Харин иргэдийн хууль эрх зүйн ухамсрын дээшлүүлэх ажлыг гэмт хэрэг гарсан газрын сумаас зохион байгуулах шаардлагатай.
Энэ хэргийн учир гарсан зардлыг баримтжуулан ирүүлээгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М, М.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан эрх хасах болон торгох ялыг сонгон, тус бүрийг нь 1 жилийн хугацаагаар төрийн албанд ажиллах эрхийг хасан, мөн тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор буюу эхний 2 сард нь 200.000, дараагийн 2 сард нь 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгох ялыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тооцож эхлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мы хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй,
шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.М, М.Б нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М-х овогт Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгчдэгч М-х овогт Мы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, М.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор буюу эхний 2 сард нь 200.000 төгрөг, дараагийн 2 сард нь 250.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, М.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М, М.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.М, М.Б нар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М, М.Б нарын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь тус тус буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А