Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00426

 

 

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00425

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03265 дугаар шийдвэртэй

Д.Цгийн нэхэмжлэлтэй

о ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зр, хариуцагчийн өмгөөлөгч А.Бр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Д.Ц, о ХХК нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ОХ/27 тоот Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулсан. Мөн зохигчдын болон Нийслэлийн засаг дарга нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээг байгуулагджээ. Дээрх хоёр гэрээг байгуулснаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн өмчлөлийн орон сууцыг суллаж өгсөн. о ХХК-тай 2017 онд байгуулсан ОХ/27 тоот гэрээний 3.5-т ...Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 15.3, 15.4-т заасны дагуу сууц өмчлөгчдийн түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд 24,000,000 төгрөгийг өмчлөгчид бэлнээр төлнө... гэж заасныг о ХХК нь зөрчин өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг өгөөгүй байна.

Мөн дээрх 2017 оны ОХ/27 тоот гэрээний 4.2.3-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төслийг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх, мөн 2019 оны гурван талт гэрээний 4.1.10-т төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заагдсан хугацаанд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сууц өмчлөгчид учирсан хохирлыг хариуцна, талууд харилцан тохиролцож гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн. Иймд о ХХК-тай байгуулсан 2017 оны ОХ/27 тоот гэрээний 3.5, мөн 2019 оны гурван талт гэрээний 2.5-т зааснаар сууц өмчлөгч буюу нэхэмжлэгчид олгох ёстой түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар Д.Ц нь тус барилгын нэгдүгээр давхарт 81 м.кв талбай, хоёрдугаар давхарт 138 м.кв үйлчилгээний талбай аваxаар зааснаас о ХХК нь хоёрдугаар давхрын талбайг бусдад худалдсан тул гэрээнд өөрчлөлт оруулж уг барилгын А блокын 1 давхарт 105 м.кв талбай, 3 дугаар давхрын хойд нүүрэн талын 290 м.кв буюу нийтдээ 395 м.кв талбайг авах, үүнээс 51.3 м.кв талбайг үнэгүй авах, 171.9 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр, 172.5 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Тухайн газар, орон сууцтай холбоотой иргэн, захиргааны маргаан үргэлжилж байгаа учраас одоог хүртэл улсын комисс орон сууцыг хүлээж аваагүй байгаа учир хариуцагч орон сууцыг худалдан борлуулах, үйлчилгээ явуулах боломжгүй байна. Д.Ц нь 2 давхрын газар, түрээсийн төлбөр гэх мэт бүх зүйлээсээ татгалзаж, 3 давхрыг бүхэлд нь хүлээж авсан. Өөрөө үүргээсээ татгалзсан байж одоо түрээсийн төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгэсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч о ХХК-иас 36,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 57 дугаар зүйл, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч о ХХК-иас 724,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх ОХ/27 тоот хоёр талт гэрээтэй холбоотой 2 давхрын 172 м.кв талбайн өмчлөгч, эцсийн эзэмшигч болохыг тогтоолгох тухай өөр иргэний хэрэг тус шүүхэд байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэргийн оролцогчид нь энэ хэргийн зохигчид юм. Энэхүү хоёр иргэний хэрэг хоёулаа нэг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой. Тус хэргүүдийг нэгтгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь 2017 оны ОХ/27 тоот, 2019 оны гурван талт гэрээний үргэлжлэл гэрээг 2021 оны 02 сарын 08-ны өдөр байгуулж анх тохирсон 2 давхрын талбайг авахгүй, оронд нь 1 болон 3 давхраас талбай авахаар гэрээнд өөрчлөлт оруулсан учир гэрээг байгуулснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий 2 давхрын талбайг хариуцагчаас шаардах эрхгүй болсон гэж үзэж байна.

Талуудын хооронд анх байгуулагдсан 2017 оны ОХ/27 тоот гэрээний үндсэн үүрэг болох барилгын 2 давхраас 172 м.кв талбай шилжүүлэх үүрэг нь шүүхийн маргаантай байгаа ба гэрээний үндсэн үүрэг хүчинтэй эсэх, хэзээ өөрчлөгдсөн эсэхийг дүгнэж байж, нэмэгдэл үүрэг болох алдангийн маргааныг шийдвэрлэх боломжтой юм. Мөн маргаан бүхий барилгатай холбоотой иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөр шүүхэд үргэлжилж байсан. Эдгээр хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй. Дээр дурдсан захиргааны хэргийн шүүхэд үүссэн хэргийн улмаас маргаан бүхий барилгад улсын комисс ажиллах боломжгүй байсан. Бид энэ тухай нотлох баримтыг шүүхэд өгсөн.

Иймд маргаан бүхий барилгатай холбоотой иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7, 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Цгоос хариуцагч о ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.Ц, о ХХК нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ОХ/27 тоот Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулж, уг гэрээний 2-т заасны дагуу Д.Ц нь * дүүргийн 3 дугаар хороо, АШ 26-р байрны 7 тоот, 41.3 м.кв талбай бүхий орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөр чөлөөлж о ХХК-д шилжүүлх, о ХХК нь 51.3 м.кв талбай бүхий орон сууцыг үнэ төлбөргүй, үйлчилгээний зориулалттай 172 м.кв талбайн 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 223.29 м.кв бүхий бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Цд шилжүүлэх гэж тохиролцжээ. /хх14-16/

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч о ХХК нь гэрээний 2.6, 3.5-т зааснаар түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд 24,000,000 төгрөгийг өмчлөгчид бэлнээр төлөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 3.6-д зааснаар алданги 12,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

5. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс зохигчдын маргааны зүйлийн үндэслэл болсон 2017 оны ОХ/27 тоот гэрээний 2.6-д заасан агуулгыг тодруулж энэ талаар хэргийн оролцогчдыг хангалттай мэтгэлцүүлээгүй нь гэрээний 2.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчаас 36,000,000 төгрөг шаардах урьдчилсан нөхцөл бүрдэж, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

5.1. Гэрээний агуулгаас үзвэл хариуцагч о ХХК нь нэхэмжлэгч Д.Цгийн үйл ажиллагаа явуулдаг орон сууцыг буулган тус газар дээр орон сууцны барилга барьж, нэхэмжлэгчид гэрээгээр тохиролцсон орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх, төсөл хэрэгжих 24 сарын хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ажлын байрны түрээсийн төлбөрийн хэмжээг нэг сарын 1,000,000 төгрөгөөр тооцон өгөхөөр тохиролцжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан, тус төлбөрийг тооцон олгох урьдчилсан нөхцөл бүрдээгүй талаар хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

5.2. Нэхэмжлэгч нь дээрх 7 тоот орон сууцанд шүдний эмнэлэг ажиллуулдаг байсан, орон сууцаа чөлөөлснөөр өөр газар үйл ажиллагаагаа явуулах түрээсийн төлбөрийг нь хариуцагч 24 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн гэж нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх 107-108/

6. Дээрх нөхцөлд нэхэмжлэгч нь 2017 оны ОХ/27 тоот гэрээний 2.6, 3.5-д заасан хугацаанд өөр газарт ажлын байр түрээслэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан эсэх, үйл ажиллагаа явуулсан бол тухайн хугацааг тогтоох нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байна. Шүүх тодорхой бус байдлыг хэргийн оролцогчдоос тодруулах, мэтгэлцүүлэх ажиллагааг хийснээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдож, шүүх хэргийн талаар бүрэн, бодитой дүгнэлт хийх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдана.

 

7. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 337,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ