Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/179

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө

нарийн бичгийн дарга К.Е,

шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогтой Жы Ед холбогдох 1813003510220 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр баг, Чихэртэйд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн Жы Е, РД:БА************

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Е нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн иргэн С.Нг нүүр лүү нь цохиж, биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Е нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд байрлах “Жана-Али” гэх нэртэй билльярдын газарт билльярд тоглож байхад хохирогч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаднаас орж ирэн, Ж.Е руу билльярдын шарик аваад шидээд оноогүй ба, улмаар иргэн А.Дтэй маргалдаад зогсож байхад Ж.Е нь тэр хоёрыг гадаа гараад  маргалдаач гэсний улмаас С.Н нь Ж.Еын хөлрүү нь нэг удаа өшиглөсөн байна. Энэ үед Ж.Е нь уурлан баруун гараараа түүний нүдэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл буюу тархины доргилт, хамрын ясны хугарал, 2 талын нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн талын хацрын төвгөрний хэсгүүдийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч С.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтай сумын төвд байрлах биллъярд тоглоомын газарт орой 17 цагиин үед очсон. Тэр биллъярдны газраас найз болох А.Д, О.С, Х.А нартай тааралдаж бид нар ганц хоёр шил архи хувааж уучихаад Х.А, О.С хоёр гэр лүүгээ харьсан байсан. Тэгээд А.Д бид хоёр Шайзада гэдэг хүний билльярд тоглоомын газарт  ирсэн. Тэр газарт Б.Е, А.Д, М.Т нар биллъярд тоглож байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба нэлээн согтчихсон байна лээ. Тэгэхэд А.Дтэй юм хэлээд маргаад зогсож байхад Ж.Е нь А.Д бид хоёрыг гадаа гараад  маргалдаач гэсэн. Тэр  үед  би Ж.Еыг хөлрүү нь нэг удаа өшиглөснөө санаж байна, нэг мэдэхэд миний зүүн талын нүдэн тус газарт Ж.Е гэгч гараар цохисон ба би тухайн үед толгой манраад ухаан алдсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-32 дугаар хуудас/,

-Гэрч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус сумын төвд байрлах Шайзада гэдэг хүний биллъярд тоглоомын газарт орой 18 цагийн үед өөрийн хувийн мотоциклээр биллъярд тоглох гээд очсон. Тэгэхэд уг билльярд тоглоомын газарт Ж.Е, М.Т, аймгаас ирсэн нэг танихгүй залуу бид биллъяард тоглож байхад гаднаас С.Н хоч нэр нь Ташин гэдэг залуу хажудаа А.Д  хоёр архи   уусан шинжтэй согтуу орж ирээд бид нарын тоглож байсан биллъярдны чулууг шууд   Ж.Е руу шидсэн боловч оноогүй. Тэгээд С.Нг шууд бариад авсан ба надад хүч өгөлгүй намайг биллъярдын цохиур модоор миний толгой руу цохичихсон юм. Тэгэхэд Ж.Е С.Н бид хоёр салгах  гэхэд С.Н Ж.Еын хөл рүү өшиглөхөд Ж.Е С.Нн нүдэн тус газарт гараар цохисон. Тэр үед С.Нн хамарнаас цус гарч М.Т, А.Д бид гурав С.Нг биллъярдны тоглоомын  газраас  гадаа гаргасан. Тэгэхэд С.Н Ж.Е хоёр дахиад зодолдох шинжтэй байхаар нь гэр лүүгээ явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Гэрч  М.Тийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие төрсөн ахын  биллъяард тоглоомыг тоглуулдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байх биллъяард тоглуулж байсан ба биллъяардны газарт Ж.Е хоч нэр нь Харадөн А.Д аймгаас ирсэн залуу бид дөрөв байсан. Тэр үед гаднаас С.Н хоч нэр нь Ташин согтуу манай биллъярдны газар луу орж ирээд шууд Ж.Ед биллъярдын чулуу  шидсэн ба А.Д очиж С.Нг барьж авсан. Тэгэхэд С.Н А.Дтэй маргалдаж А.Дт хүч  өгөлгүй байхад нь Ж.Е тэр хоёрыг салгах  гээд  очсон  боловч С.Н Ж.Еыг өшиглөсөн шиг болсон. Тэр үед Ж.Е шууд С.Нг нүд рүү нь гараар цохисныг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

- Гэрч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... миний бие 2018 оны 10 дугаар сарын 27 ны  өдөр сумын төвд найз С.Нтай тааралдаж бид хоёр дэлгүүрээс нэг шил архи авч биллъярд тоглоомын гадна талд ууж байх үед О.С ирсэн. Тэгээд уг архийг ууж дууссаны дараа О.С явчихсан. Тэгээд С.Н нэлээн согтчихсан байсан ба С.Нг гэрт нь хүргээд өгөх үү гэсэн чинь явахгүй гэж хэлсэн. Тэгээд С.Н биллъярд тоглоомын газар руу орчихсон ба би тамхи татаж гадна талд байсан. Нэг мэдэхэд хүмүүсийн дуу чимээ чанга гараад маргалдаж байх шиг санагдсан ба биллъяардын дотор ороод ирсэн чинь С.Нн нүүр хэсэг цус болсон Ж.Е А.Д нартай маргалдаад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Гэрч О.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сумын төвд найз болох Х.Амандахтай тааралдаж бид хоёр дэлгүүрээс нэг шил архи авч биллъяард тоглоомын гадна талд ууж байхад С.Н ирсэн. Тэгээд уг архийг ууж дууссаны дараа Х.Амандах бид хоёр гэр лүүгээ явчихсан байсан. Тухайн газарт С.Н биллъяард тоглоно гэж үлдсэн. ... Дараа нь хүмүүсээс сонсоход Ж.Е С.Н нар биллъяард тоглоомын дотор зодолдсон гэж сонссон” гэх мэдүүлэг  /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Хохирогч С.Нн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шижээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 511 тоот дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтай сумын төвд байрлах Жан-али нэртэй биллъяард тоглоомын газар өдөр 15 цагийн үед ирсэн чинь уг биллъярдны газарт сумын төвийн баахан хүмүүс байсан. Тухайн үед миний танидаг хүмүүсээс С.Н, А.Д хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд уг биллъяарднаас гараад Ш гэдэг хүний биллъяардны газарт ирсэн. Уг биллъяард тоглоомын газарт Т, Д, аймгаас ирсэн нэг танихгүй залуу бид 4 билльяард тоглож байсан. Тэр үед цаг орой болчихсон байсан ба С.Н нэлээн халамцуу байдалтай орж ирээд шууд биллъяардны чулууг аваад  над руу  шидсэн  ба намайг оноогүй. Тэгээд дахиад С.Н биллъяардны цохиур модоор миний хажуу тапд зогсож байсан Дауирийг цохичих гээд байхаар нь С.Нг барьж авсан чинь С.Н надтай зуралдаад бид хоёр нэг нэгнээ заамдаж аваад гадаа гарья гэсэн боловч гарахгүй байсан ба С.Н миний зүүн талын хөлрүү өшиглөсөн үед би түүний гаргасан үйлдэлд уурлаад баруун гараар С.Нн нүдэн тус газарт цохисон нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1051 дугаартай “Жы Е /БА92020411/-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

- 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон “РД:БА92020411, овог: Ж, эцэг/эх/-ийн нэр:Ж, нэр:Е, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,04, төрсөн огноо:1992/02/04, хаяг:Баян-Өлгий, Алтай, 4-р баг, Чихэртэй, хүчинтэй хугацаа:2037/02/04, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа, шүүгдэгчийн бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Нн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 511 тоот дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Ж.Еын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Нн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба нийт 456000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан /хх-ийн 32-33 дугаар хуудас/, хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч С.Н нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ж.Еыг бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Еын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Еын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын захиргаанд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байна. 

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Еын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Ж.Еын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Жы Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын захиргаанд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ед оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ж.Еын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.А