Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00558

 

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00558

 

 

Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/00349 дугаар шийдвэртэй,

 

Ж-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Ж- нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол/-/, Г.Лувсанцэвээний гудамж, - байрны - хаягт байрлах 119.33 м.кв талбайтай 4 өрөө байрны өмчлөгч байсан, байрыг худалдах сонирхолтой байсан. 

Уг байр банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсан, хүү М-ын багын найз Д- нь Л-, .Н- гэх хүмүүстэй танилцуулж өгсөн. Байрыг 150,0 сая төгрөгт тооцож авахаар тохиролцсон. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Л- нь  өдрийн хүүтэй зээл чөлөөлдөг хүнээр 46,000,000 төгрөгийн зээлийг хаалгаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлсэн. Л-ыг танихгүй. Л-ын шилжүүлээд өгчих гэж хэлсэн хүнд нь байраа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нотариатчаар гэрчлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгсөн.

Хэрэгт авагдсан баримтаар Б- нь - УБН улсын дугаартай Тоёото ланд круизер маркийн автомашиныг 95,000,000 төгрөгөөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Л-т шилжүүлсэн байна.

Өмнө нь уулзаж байгаагүй Б-тэй гэрээ байгуулж зах зээлийн ханшнаас хямд үнээр 4 өрөө байрыг 95,000,000 төгрөгөөр шилжүүлсэн, нэхэмжлэгчид хариу төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. 

Иймд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол/-/, Г.Лувсанцэвээний гудамж, - байрны - хаягт байрлах 119.33 м.кв талбайтай 4 өрөө байрыг нэхэмжлэгч Ж-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /-/ Г.Лувсанцэвээний гудамж, - байрны - хаягт байрлах, 4 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг “Худалдах худалдан гэрээ” байгуулж, нотариатаар батлуулан, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар Ж-ийн өмчлөх эрх дуусгавар болж, улмаар хариуцагч өмчлөгч болсон.

2.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гэрээний үндсэн дээр надад шилжиж ирсэн тул уг хөрөнгийг хуулийн дагуу хариуцагч захиран зарцуулж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн.

2.3.Эдгээр гэрээ байгуулсан болон эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд ямар нэг байдлаар хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл биш юм. Нэхэмжлэгч Ж- нь өөрийн биеэр нотариат дээр хүрэлцэн ирж хэлцэлд гарын үсгээ зурж баталгаажуулсан.

2.4.Түүнчлэн байрны төлбөрийг Л-т бартераар (ланд круйзер 200 маркийн - УБН улсын дугаартай) автомашинаар гүйцэтгэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, Батламж гэх бичгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн гараар бичиж өгснөөс гадна худалдах, худалдан авах гэрээний 3.3-т гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн талаар тодорхой тусгаж, оруулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж- болон хариуцагчийн хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй, тэгш эрхийн зарчимд үндэслэж, сайн дураар байгуулагдсан гэрээ болно.

2.5.Гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлж, гэрээний үүрэг нэгэнт дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б-д холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн 8573 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /-/, Г.Лувсанцэвээний гудамж, - байрны - хаягт байрлах 119,33 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-3 дахь хэсэгт “талуудын тайлбар татгалзал, Ж- 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батламж үйлдсэн, Б- нь Л-т машинаа худалдахаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Л- 2020 оны 03 дугаар сарын 18-нд төлөхөөр тохирсон, эдгээрээс үзвэл батламжийн дагуу хариуцагч нь Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг Л- руу машин шилжүүлж бүрэн төлсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөр төлөгдсөн эсэх, батламж бичсэн эсэх талаарх үйлдэлд маргаагүй ба зөвхөн маргаан бүхий Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахад зохигчдын хооронд хүсэл зориг, эрмэлзэл байсан эсэх буюу гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй талаар нотлон маргасан. Гэтэл хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбар буюу хэрэгт хамааралгүй үндэслэлийг шүүх дүгнэн дурджээ.

4.2. Шүүх маргаан бүхий Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж маш ерөнхий байдлаар дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн үндэслэл шаардлага, маргааны үйл баримт, бодит процессыг нотлохын тулд тухайн процессын талаар мэдэж байсан гэрчүүд болох Д-, Л- нарыг шүүхэд гэрчээр асуулгасан, гэрчүүд мөн хариуцагч ч тодорхой тайлбаруудыг өгсөн. Үүнд:

Гэрч Д-ын мэдүүлэгт: “2019 оны 10 сард М- 160,000,000-180,000,000 үнэлгээтэй байраа 150,000,000 төгрөг орчимд борлуулах шаардлагатай байна. Чи ... худалдаж авах боломж байна уу”, “би найздаа туслахын үүднээс хүмүүсд үзүүлсэн, Л- одоо таатай нөхцлөөр худалдаж авах сонирхолтой байгаагаа надад хэлж байсан”, “Л- нэг хүнээс ланд-200 машин зээлээр худалдаж авах гэж байна. Худалдаж авах процесс маань тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаа шаардлагатай байна. Кино үйлдвэрт байгаа найзын чинь байрыг ланд 200 машины эд хөрөнгийн баталгаанд түр байршуулъя. Тэгээд ланд-200 машиныг зээлээр худалдаж аваад борлуулсны дараа үйлдвэрийнхээ эргэлтийн хөрөнгө хэлбэрээр хөрөнгийн баталгаа гаргасан 4 өрөө байрыг би худалдаж авах буюу холбогдох хүнд нь эсвэл борлуулж өгье гэсэн санал тавьсан ... Энэ санал тавьсны улмаас би тэр хоёр хүнийг хооронд нь уулзуулсан ... М- над руу утсаар холбогдоод худалдан авах гэрээ байгуулаад өгөөч гээд байна. Болох юм уу? Би одоо зөв юм хийж байна уу? гэж асуусан. Тухайн үед би наад хүн чинь найдвартай хүн байгаа учраас юун дээр гарын үсэг зур гэнэ тэр дээр нь зураад өгчих гэж хэлсэн" гэх,

гэрч Л-ын мэдүүлэгт: “Байрыг нь зарах гэж 2 сар орчим явсан. Яаралтай мөнгө хэрэг болсон учраас барьцаанд тавья гээд машин зардаг найздаа хэлтэл Б- нөхөр хоёртой нь холбогдоод байрыг нь үзүүлсэн. Байраа барьцаанд шилжүүлж өгөөд Б-гөөс 2012, 2013 онтой ланд-200 маркийн автомашиныг 100,000,000 төгрөгөөр тохирч ... худалдан авах гэрээ байгуулж авсан. 2 сарын хугацааны хүүг нь төлсөн ... би байрыг нь авна гэсэн тохироотой ...М- Ж-ийг төлөөлөх эрхтэй талаар ярьж үзүүлсэн зүйл байхгүй, ер нь бол наймаа хийх гээд ирэхэд нь ээжтэй нь танилцсан .. М-тай яриад тохирсон учраас би мөнгө хүүлэгчээс мөнгө аваад гэрчилгээг нь авч яваад Б-д барьцаанд шилжүүлж өгсөн ... байрыг би барьцаанд тавьсан байсан. Б- өгч чадахгүй 2 сар болсон. Б-гөөс битгий зараачээ гэж гуйж байсан ... Тэгээд дараа нь очиход зарагдсан байсан” гэх мэдүүлэг,

хариуцагч Б- нэхэмжлэгчийн асуултад хариулахдаа: "Нэхэмжлэгч болон М-тай гэрээ байгуулахаас өмнө уулзаж байгаагүй, нотариат дээр таарсан, маргаан бүхий орон сууцыг зарсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй" гэх тайлбар мэдүүлгүүдээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь огт уулзаж байгаагүй, худалдах, худалдан авах сонирхол аль нэг талдаа огт илэрхийлж байгаагүй, харин Л болон Б- нар хоорондоо Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийхийн тулд барьцаа хөрөнгө шаардлагатай байсан учир нэхэмжлэгч Ж-ийн байрыг барьцаа, баталгаа болгохдоо Худалдах, худалдан авах гэрээ хийж дараа нь элдэв асуудал үүсгэхгүйн тулд "баталгаа" гэх бичвэр бичүүлэн авч хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхийг шилжүүлж авсан мэт дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчилж байгуулсан болох нь нотлогдож байхад шүүх эдгээр баримтыг дүгнээгүй.

Харин зах зээлийн ханшны талаарх үнэлгээг нэхэмжлэгч шууд бичгийн нотлох баримтаар нотлоогүй ч дээрх гэрчийн мэдүүлгүүд дээр дурдсан үнийн дүнгүүд болон хариуцагчийн "...байрыг удаагүй зарсан. 105,000,000 орчимд төгрөгт зарсан. Нээх үнэтэй зараагүй" гэх тайлбаруудаас орон сууцны үнэлгээ хамгийн багаар бодоход маргаан бүхий гэрээнд дурдсан 95,000,000 төгрөгөөр үнэлэгдэх, тэгж үнэлж зарах боломжгүй болох нь тодорхой харагдана.

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "Ними ББСБ” ХХК-аас маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б- чөлөөлөөгүй буюу Л- чөлөөлсөн, улмаар чөлөөлж байж Б-тэй тохирсон Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж машинаа авч, зээлээ эргэн төлөх баталгаа болгож нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийг түр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ худалдсан мэтээр гэрээ байгуулсан. Улмаар машин авсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 2 сар төлөөд үргэлжлүүлж төлж чадаагүй байтал Б- орон сууцыг цааш нь зарсан болохыг мэдсэн гэх мэдүүлгүүд шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа.

6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт “Гэрчүүдийн мэдүүлгээр М-, Л- нар тохирч Худалдах, худалдан авах гэрээ, Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, мөн хариуцагч өөр этгээдэд байрыг худалдсан байх тул нэхэмжлэгч Ж- нь буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй” гэж дүгнэжээ.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Л-, Б- нарын хооронд зөвхөн хэлэлцэгдэж байгуулагдсан бөгөөд үүнд нэхэмжлэгчийн хүү М- оролцоогүй, харин М- Л-т итгэж, худалдах, худалдан авах гэрээ болон батламж гэх бичгийг байгуулсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсоноос гадна үүнд нэхэмжлэгч Ж-ийн хүсэл зориг, эрмэлзэл огт байгаагүй, маргааны үйл баримтын процесст оролцож байгаагүй болох нь тогтоогддог.

Түүнчлэн шүүхийн “хариуцагч өөр этгээдэд байрыг худалдсан байх тул” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, хэрэв гуравдагч этгээдэд маргаан бүхий орон сууц шилжсэн нь үнэн бол нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байна.

Энэ тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж, шаардлагатай баримтыг шүүх зохигчдоос шаардан гаргуулж, гуравдагч этгээдийг татан оролцуулах эрхтэй байсан.

Гэтэл шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэж заасныг зөрчиж  нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй тул гуравдагч этгээд татан оролцуулах шаардлагагүй эсхүл гуравдагч этгээдэд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж урьдаас итгэл үнэмшилтэйгээр, хөдөлбөргүйгээр хариуцагчийн тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл,маргааны үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үзээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болох гэрээ байгуулсан урьдчилсан нөхцөлд маргааны үйл баримтуудыг нотолсон баримтыг дүгнээгүй, гуравдагч этгээдийг оролцуулаагүй, хэт нэг талын буюу хариуцагчийн гэрээ байгуулагдсанаас хойших үйл баримтад дүгнэлт өгч тайлбарласан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.  

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Гэрч Л- нь шүүх хуралдаанд оролцож барьцаанд байсан байрыг Л- 40,000,000 төгрөгийг хүнээс зээлж, барьцаанаас чөлөөлсөн. Ийнхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж-ээс Б-д шилжсэн. Л- түүний буруугаас нэхэмжлэгч хохирсон гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн.

5.2. Нэхэмжлэгч Ж- өөрийн эрх ашгийг хохирсон гэж үзэж байгаа бол 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Гэтэл 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.3. Гэрч нарын мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээ, батламж бичиг, хэрэгт авагдсан баримтаар Ж-ийн хүсэл зориг илэрхийлэгддэг.

5.4.Тус байрыг гуравдагч этгээдэд зарсныг Л- нотолсон. Гэтэл гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогч болон шүүхээс гаргаагүй. Бид гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзсэн. Энэ талаар шүүх үнэн зөв дүгнэсэн.

5.5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай талаас нь дүгнэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

2. Нэхэмжлэгч Ж- нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар болох орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрчээ.

 

3.1. Ж- болон Б- нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч Ж- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /-/ Г.Лувсанцэвээний гудамж, - дугаар байрны -, 119.33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б- 95,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

3.2. Худалдах, худалдан авах гэрээний 3.3-т “төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж зааснаас гадна Ж- нь гэрээ байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батламж нэртэй баримт үйлдэж, уг баримтад “Ж- миний бие өөрийн эзэмшлийн БЗД, 3-р хороо, 15-р хорооллын - байрны - орон сууцыг Бүрнээбаатар овогтой Б-д 95,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд байрны төлбөр 95,000,000 төгрөгийн үнэд - УБН улсын дугаартай Тоёота Ланд круизер 200 маркийн автомашиныг иргэн Б-гөөс авч Л- нэр дээр шилжүүлэн авч болно. Орон сууцны төлбөр бүрэн дууссан” гэж хүсэл зоригийг илэрхийлжээ.

 

3.3. Дээрх “батламж” гэх баримтад дурдагдсан автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдах авах гэрээний дагуу Б-гөөс Л-т 95,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, мөн өдрөө Л- уг автомашиныг хүлээж авснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн байна.

 

3.4. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Ж- болон Б- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан  орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүсэл зориг илэрхийлэгдсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцлийн талууд уг хэлцлээс гарах үр дагавар бий болгохыг хүсдэггүй, хэлцэл хийх зорилгогүй байдаг. Өөрөөр хэлбэл, хэлцлийн талууд бодит байдал дээр гэрээний үүргийг биелүүлдэггүй, биелүүлэхгүй гэдгээ мэддэг байна.   

Харин Ж- болон Б- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу үр дагавар бодитоор бий болсон буюу Б-гийн өмчлөлд гэрээний зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, Ж- нь төлбөрийг хүлээн авсан гэдгийг бүрэн илэрхийлжээ.

 

4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн хувьд хэлцэл хийгч хийсэн хэлцлийн дагуу үүрэг хүлээхгүй бөгөөд халхавч болж хийсэн хэлцлийн дагуу үүссэн үүргийг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн, уг үүргийг гүйцэтгэсэн байна.

Харин Ж- болон Б- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан шинж агуулагдаагүй буюу халхавч болсон хэлцэл байхгүй байна.

 

4.3. Анхан шатны шүүх гэрч Д-, Л- нарын гаргасан  мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Гэрч Д-ын мэдүүлэгт “М-тай уулзаагүй хэсэг хугацаа өнгөрсөн. 2019 оны 10 дугаар сарын эх орчмоор ... уулзаад кино үйлдвэрт байрлалтай 4 өрөө байрыг тухайн үед зах зээлийн ханш нь 160,000,000-180,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан байрыг 150,000,000 төгрөг орчимд борлуулах шаардлагатай. Дотор заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эргэлтийн хөрөнгийн хомсдолтой, мөнгөний хэрэг байна. ... Найздаа туслах үүднээс худалдаж авч магадгүй 2, 3 хүнд үзүүлсэн. Тэдгээр хүмүүсийн дунд нь Л- байсан. Л- нь таатай нөхцлөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах сонирхолтой байгаагаа надад хэлж байсан учраас би Л-ыг авч очиж үзүүлсэн. ... Л- нэг хүнээс ланд 200 машин зээлээр худалдаж авах гэж байна. Худалдаж авах процесс маань тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаа шаардлагатай байна. ... танай найзын чинь байрыг ... баталгаанд түр байршуулъя. Тэгээд ланд-200 машиныг зээлээр худалдаж аваад борлуулсны дараа 2 сарын дотор үйлдвэрийнхээ эргэлтийн хөрөнгө хэлбэрээр хөрөнгийн баталгаа гаргасан 4 өрөө байрыг би худалдаж авах буюу хөрөнгө хэлбэрээр борлуулж өгье гэсэн санал тавьсан. ... энэ хоёр хүнийг би хооронд нь уулзуулсан. ... нэг өдөр М- над руу утсаар холбогдоод худалдан авах гэрээ байгуулаад өгөөч гээд байна, болох юм уу, би одоо зөв юм хийж байна уу гэж асуусан. Тухайн үед би цаад хүн чинь найдвартай хүн байгаа учраас юу нь дээр гарын үсэг зур гэнэ тэр дээр нь зураад өгчих гэж хэлсэн...” гэснийг,

гэрч Л-ын мэдүүлэгт: “М-тай тохироод байрыг нь барьцаалахаар ... байрны түлхүүрийг би авч байсан. ... Яаралтай мөнгө хэрэг болсон учраас барьцаанд тавъя гээд машин зардаг найздаа хэлтэл Б-, нөхөр хоёртой нь холбогдоод Б-, нөхөр хоёрт нь байрыг үзүүлсэн. Байраа барьцаанд шилжүүлж өгөөд Б-гөөс ... ланд-200 маркийн автомашиныг 100,000,000 төгрөгөөр ... хугацаа тохироод худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Б-тэй 3 сарын хугацаа тохирч авсан. 2 сарын хугацааны хүүг нь төлсөн. Дараа сараас нь ажлын нөхцөл боломж болохоо больж Б- төлж чадахаа больсон. Тэгээд л Б- энэ байрыг зарлаа шүү гэсэн. Тэгээд би байж байгаач гээд хэсэг гуйж байгаад орхисон” гэснийг Л- болон Б- нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 6.7-д нэмэлт нөхцөлд барьцаа байхгүй гэж тохиролцсонтой харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хэлцлийн доголдолтой гэж дүгнэхээргүй байна.

 

4.4. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг зохих ёсоор үнэлээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.  

 

5. Зохигчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах тухай хүсэлтийг гаргаагүй, гуравдагч этгээдээс өөрөөс нь хүсэлт ирсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүх  гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах юм. Иймд гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/00349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                 Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА