Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2022/01122/И |
Дугаар | 210/МА2023/00559 |
Огноо | 2023-03-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2023/00559
2023 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2023/00559 |
“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03074 дугаар шийдвэртэй,
“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Б-” ХХК, “Б- медикал” ХХК-д тус тус холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,714,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
“А-” ХХК нь "Б- медикал" ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А/25-260 тоот "Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ"-г байгуулан хамтран ажиллаж байсан. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 10,476,134 төгрөгийн авлагатай болсон.
Иймд хариуцагч "Б- медикал" ХХК, "Б-" ХХК-аас "Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ"-ний үүргийн төлбөр болох 10,476,134 төгрөг, гэрээнд заасан алданги 5,238,067 төгрөг, нийт 15,714,201 төгрөгийг гаргуулж "А-" ХХК-д олгож өгнө үү.
2. Хариуцагч “Б-” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч "А-" ХХК, хариуцагч "Б-" ХХК нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А/25-260 тоот "Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээ" байгуулагдаагүй, харин гэрээг “Б- медикал” ХХК-тай байгуулсан байна. Манай хувьд өөрийн авсан эмийн төлбөрийг төлсөн.
3. Хариуцагч “Б- медикал” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Ц- нь “Б- медикал” ХХК-д 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшигч болж байсан бөгөөд тус эмнэлгийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй, ашиг ч хүртэж байгаагүй болно. "Б- медикал” ХХК-ийг үүсгэн байгуулагдсанаас хойш компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д- байсан. Үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа эм бараа худалдах, худалдан авах асуудал үүсэж байсан болон авлага үүсгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Тус нэхэмжлэлийн шаардлага нь “Б-” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарын хооронд хийсэн хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хамаарах гэрээ хэлцэл байгуулсан этгээдээс гарган шийдвэрлэнэ үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Б-” ХХК, “Б- медикал” ХХК-аас нийт 5,133,201 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,581,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 97,081 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хариуцагч “Б- медикал” ХХК-ийг татан оролцуулаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийг бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлсөн байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч “Б- медикал” ХХК-ийг хариуцагчаар татах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс “Б- медикал” ХХК-ийг татан оролцуулж, нэхэмжлэлийг хувьцаа эзэмшигч Ц-т гардуулсан байдаг. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч гэх Ц- нь талуудын маргаж буй гэрээний талаар ямар ч ойлголт мэдээлэлгүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д- нь энэ асуудлыг мэднэ гэсэн утга бүхий тайлбар өгөөд зөвхөн иргэнийхээ хувьд өмгөөлөгч оролцуулсан байдаг. Энэ талаар өмгөөлөгч М.Отгонмаа нь шүүх хурлын үед “энэ шүүх хуралдаанд Ц-ыг төлөөлж оролцож байна” гэсэн бөгөөд хариуцагч “Б- медикал” ХХК-ийг төлөөлсөн этгээд шүүх хуралдаанд оролцоогүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн харилцагчийн дэлгэрэнгүй гэх 2 баримтын нэг нь үгүйсгэгдэж шүүх зөвхөн хариуцагч “Б-” ХХК-ийн дэлгэрэнгүй тайланд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.
Хэрэв хариуцагч “Б- медикал” ХХК-аас албан ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаж байгаа эсэх нь тодорхой болох байсан. Гэтэл энэхүү харилцааг огт мэдэхгүй хувьцаа эзэмшигч иргэн нь шүүх хуралдаанд зөвхөн иргэнийхээ хувь байр сууриа илэрхийлсэн учир хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжийг олгоогүй байна.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан “А-” ХХК-ийн санхүүгийн программд үзлэг хийлгэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
Шүүх үзлэг хийх хүсэлтийг хангаагүй үндэслэл нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжсэн нотлох баримтаа өөрөө бүрдүүлж цуглуулах үүрэгтэй гэсэн. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан үзлэг хийлгэх хүсэлтийг зохигч гаргаж шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээ дэмжиж гэрээ болон харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /2 хариуцагч тус бүр дээр/, уулзалтын тэмдэглэл /хариуцагч компаниудын гүйцэтгэх захирал Д-той уулзаж төлбөрийн үлдэгдэл, тооцоо хийсэн сүүлийн гүйлгээний талаар тайлбар авсан тэмдэглэл/ зэргийг гаргаж өгсөн боловч хариуцагчаар “Б- медикал” ХХК-тай байгуулсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” /тооцоо нийлсэн акт/ байхгүй байгаагаас үүдэн хариуцагч “Б- медикал” ХХК-д хэдэн төгрөгийн эм бараа нийлүүлсэн, үлдэгдэл хэд болох нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийхэд хүргэсэн.
Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч эм бараа нийлүүлэх бүртээ санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын падан бичиж хоёр талын ажилчид гарын үсэг зурдаг боловч энэхүү эх баримт нь үрэгдэж алга болсон, мөн хариуцагч “Б- медикал” ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй эрх бүхий этгээд байхгүйн улмаас тооцоо нийлэх боломжгүй байсан тул арга буюу санхүүгийн программд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан.
5.3. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК, “Б- медикал” ХХК-д тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,714,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаар “Б- медикал” ХХК-ийг тодорхойлж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/08229 дугаар захирамжаар “Б- медикал” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулж, тус компанийг төлөөлөн Ц- нэхэмжлэлийг гардан авч, тайлбар гарган, өмгөөлөгч Ц.Алтанзулыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
“Б- медикал” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д- байх бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ц- нь тус хуулийн этгээдийн 67 хувийн эзэмшигч байна.
Уг бүртгэлд өөрчлөлт орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
3.2. Хариуцагч “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж байгаа тохиолдолд тэрээр хамтран хариуцагч “Б- медикал” ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Б- медикал” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй.
4. Харин нэхэмжлэгч “А-” ХХК-ийн санхүүгийн программд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хангаагүйг буруутгах боломжгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалж байгаа газарт нь шүүх үзлэг хийж, шинжлэн судлах хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийг 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,246 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА