Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00884

 

 

Б.Галымбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00050 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Галымбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Галымбекийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн. Улаанбаатар хотод Монголын Үндэсний дээд сургуульд багш, 2010 оноос одоо хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор тасралтгүй 7 жил ажиллаж байна. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. Ажилласан хугацаанд ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаагүй. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалаар Б.Галымбек намайг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Азинагүлийн оронд байнгын ажлын байранд томилсон билээ.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн даргын 235 тоот тушаалаар Сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот албан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалт, Сум дундын шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 тоот шийдвэр, Нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222 тоот тушаалыг тус тус үндэслэн А.Нурзияг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлангаар томилж, намайг чөлөөлжээ. Уг тушаалыг би мэдээгүй бөгөөд Нэгдсэн эмнэлгийн даргын 256 дугаар тушаалаар Б.Ууганбаатар гэгчийг томилсон 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Көгершингээс гардан авсан юм. Нэг ч өдөр Нэгдсэн эмнэлэгт болон төрийн байгууллагын нягтлангаар ажиллаагүй хүнийг томилсон нь илт хууль зөрчиж байна гэж үзэж байна. Б.Галымбек намайг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг баримталж тушаал гаргах ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй явдал нь мөн хуулийг зөрчсөн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтад эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан эрхийн актыг өөрөө хүчингүй болгох тухай зохицуулалт байхгүй байтал Б.Галымбек намайг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224-р тушаалыг хүчингүй болгосон тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235-р тушаалын нэг дэх заалт нь хууль зөрчсөн заалт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл ажил олгогч болох Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан нь Б.Галымбек намайг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон 224 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 тоот тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулан өгсөн ба тэр өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын 256 тушаалаар Б.Ууганбаатар гэгчийг томилсон байх юм. Уг тушаал нь Б.Ууганбаатарыг томилсны дараа гарсан тушаал гэж ойлгогдохоор байна. Б.Нурзия нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан тул түүний ажлын байр нь байнгын бөгөөд сул орон тоо байна. Иймээс Б.Галымбек миний бие туслах нягтлан бодогчоор ажиллаж байгаад ерөнхий нягтлан бодогчоор дэвшин ажиллаж байна.

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т аймаг нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн нягтлан бодогчийг аймаг нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж чөлөөлнө гэж заасан. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалын хавсралт болох Төсвийн Ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.3-т Төсвийн Ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахал нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү төрийн сангийн газар хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх. Мөн журмын 3.1.10-т ...Төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөнө гэж заасан. Б.Ууганбаатар нь эдгээр шалгууруудын аль алийг ч хангахгүй. Харин миний бие Б.Галымбек нь эдгээр хууль, журмын шаардлагыг хангаж байгаа бөгөөд мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Авлигатай тэмцэх газар, аймгийн засаг дарга нарын зөвшөөрсөн албан тоотыг нэгдсэн эмнэлгийн даргад хүргүүлсэн болно. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчоор томилох тушаал гарсан нь үнэн боловч А.Нурзиягийн гаргасан гомдол, түүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд болон Эрүүл мэндийн яамнаас өгсөн даалгавруудыг үндэслэн Б.Галымбекийг өмнө хийж байсан ажилд нь эгүүлэн томилж, Б.Бейсений гаргасан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар тоот тушаалыг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг томилж Ерөнхий нягтлан бодох орон тооны дагуу А.Нурзиягийн ажиллагаа явуулах эрхийг нь сэргээж өгсөн болно.

Б.Галымбект Ерөнхий нягтлан бодогч хийх тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, ажил хүлээлцэн өгөх комисс томилогдоогүй. Хуулийн зүйл заалт, нэгдсэн эмнэлгийн даргын тушаалуудыг тус тус үндэслэн А.Нурзияг Ерөнхий нягтлан бодогчоор томилсон билээ. А.Нурзияг Ерөнхий нягтлан бодогчоор томилохдоо, Ерөнхий нягтлан бодогч хийж байсан Ш.Азинагүлийг чөлөөлж, Б.Галымбекийг эргүүлэн нэгдсэн эмнэлгийн санхүү тооцооны нягтлангаар томилсон. Тухайн үед Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг Ш.Азинагүлээс А.Нурзияд шилжүүлэн хүлээлгэн өгөх тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын 238 тоот Ажил хүлээлцэх тухай комиссын бүрэлдэхүүн гарч Ерөнхий нягтлан бодогч Ш.Азинагүл нь А.Нурзияд ажил үүргээ шилжүүлэн өгсөн, тухайн үед ажил хүлээлцэх комиссын гишүүнээр Б.Галымбек өөрөө биечлэн оролцож байсан ба эргээд санхүү тооцооны нягтлангаар томилогдсон болохыг мэдэж байсан. Б.Ууганбаатар нь өндөр насны тэтгэвэрт гарч буй А.Нурзиягаас ажлаа хүлээж авсан болно.

А.Нурзияг шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн тогтоосон тул Б.Галымбекийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу санхүү тооцооны нягтлангаар эгүүлэн томилсон болно. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралт болох Төсвийн Ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.3-д Төсвийн Ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх гэсэн шалгуурыг Б.Галымбек нь хангахгүй байна. Нийт Нэгдсэн эмнэлэгт 6 жил ажиллаж байгаа төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг хийж байгаагүй зөвхөн нэгдсэн эмнэлгийн санхүү тооцооны нягтлангаар ажиллаж байсан тул дээрх шалгуурын аль алийг бүрэн хангахгүй байгаа болно. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ахлах нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй болно.

Монгол Улсын Сангийн яам Улсын Байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот Зөрчил дутагдлыг арилгуулах тухай албан шаардлагын 2-т Санхүүгийн албаны дарга бөгөөд төрийн сан хариуцсан ахлах нягтлан бодогч ба ерөнхий нягтлан бодогч гэсэн давхар орон тоог бий болгон ТҮ-8-аар цалинжуулж байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Засгийн Газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон болно. Иймд Б.Галымбекийн шүүхэд гаргасан гомдол нь хууль журамд нийцэхгүй бөгөөд Ерөнхий нягтлан бодогчид тавигдах шалгуурыг хангахгүй байгаа тул гомдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Галымбекийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг Ш.Азинагүлийн ажиллаж байсан орон тоонд ерөнхий нягтлан бодогчоор томилсон тухай 224 дугаартай тушаал гаргасан учраас би ажиллах ёстой гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг түүнийг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалаар маргаан бүхий орон тоонд томилсон тухай тушаал авагдсан байгаа боловч бодит байдал дээр энэхүү тушаал нэг ч өдөр хэрэгжээгүй байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон тоонд өмнө нь ажиллаж байсан иргэн А.Нурзияг хууль бусаар чөлөөлж оронд нь Ш.Азинагүл гэдэг хүн томилдог ба А.Нурзия шүүхэд хандаж, улмаар шүүхээс түүнийг хуучин ажиллаж байсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон тухай шийдвэр гарч байжээ.

Гэтэл тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бейсен шүүхийн шийдвэрийг үл биелүүлээд явж байсан байна. Ингэснээр иргэн А.Нурзия Эрүүл мэндийн яам болон бусад газарт гомдол гаргаад явж байсан байж. Тэгж байтал эмнэлгийн дарга солигдож Т.Серикжан гэдэг хүн томилогдсон. Шинэ дарга өмнө ийм асуудал байгааг мэдэлгүйгээр маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилсон тухай тушаал гаргасан байхад Эрүүл мэндийн яам болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шинээр томилогдсон даргад үүрэг болгосон. Ингэснээр шинэ дарга Т.Серикжан шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага гарч маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилсон тухай шийдвэрийг хэрэгжиж эхлээгүй байхад /хөдөлмөрийн гэрээ байгуулахаасаа өмнө/ өөрөө хүчингүй болгож, шүүхийн шийдвэрээр орох ёстой А.Нурзияг хуучин ажиллаж байсан орон тоонд томилжээ. Ингэхдээ нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ажил хүлээлцэх тухай 238 дугаар тушаал гарч, ажлын комисс Ш.Азинагүлийн ажлыг А.Нурзияд хүлээлгэн өгсөн байна. Тухайн ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Б.Галымбек байсан бөгөөд өөрийг нь тус албан тушаалд томилсон шийдвэр хууль бус болохыг мэдсэн юм. Дараа нь А.Нурзия өндөр насны тэтгэвэрт гарснаар миний бие аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаар тушаалаар түүний орон томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байна.

Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь томилсон тухай тушаал хүчингүй болсныг мэдсээр байж маргаан бүхий орон тоонд ажиллах ёстой мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ш.Азинагүлийн ажлыг А.Нурзияд хүлээлцэх комисс-д ажиллаж байсан хүний хувьд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Хэрэв нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байсан бол уг гомдлын гуравдагч этгээд нь би биш А.Нурзия гэдэг хүн байх байсан. Харин А.Нурзиягийн хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу орсон хүн байсан тул үүнд ямар нэгэн маргаан гарах ёсгүй байсан. Харин нэхэмжлэгчийн маргаж байгаа явдал нь сул гарсан орон тоонд заавал намайг томилж өгөх ёстой хэмээн маргаж байна. Энэ нь ажил олгогчийн эрхэд халдаж байгаа явдал хэмээн ойлгож байна. Үүнийг шүүх анхаарна гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаар Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн нэгдсэн эмнэлгийн төсвийн ерөнхийлөн захирагч Эрүүл мэндийн сайд ба нэгдсэн эмнэлгийн дарга төсвийн шууд захирагч юм. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх тухай журам-ын 2.1.5-д зааснаар тухайн маргаан бүхий орон тоонд заавал мэргэшсэн нягтлан бодогч ажиллуулна гэсэн зохицуулалт байхгүй байна. Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогчийг томилохдоо хэн нэгэн этгээдтэй зөвшилцөн томилно гэсэн хуулийн заалт байхгүй юм.

Миний хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор буюу мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан тул тухайн маргаан бүхий оронд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Харин энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан Ерөнхий нягтлан бодогч гэдэг нь зөвхөн нэршлийн асуудал болохоос биш жинхэнэ утгаар нь энэхүү ажлын байр нь ахлах нягтлан бодогч гэсэн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл төсвийн Ерөнхий нягтлан бодогч гэж хэн бэ? энэхүү маргаан бүхий ажлын байр Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр мөн үү? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байх. Мөн ижил төвшний байгууллагууд болох аймгийн Засаг даргын дэргэдэх бусад агентлагуудын нягтлан бодогч нарын ажлын байрны тодорхойлолтуудтай харьцуулан судалж үзэх хэрэгтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд би хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байна. Миний ажиллаж байгаа орон тоо ямар ч маргаангүй сул орон тоо байсан. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоо юм. Намайг ажилд авахдаа ажил олгогч хуулиар олгосон өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд зохих шийдвэрээ гаргаж томилсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЭ87121231 Хурман овогт Болатын Галымбекийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00050 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Б.Галымбекийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бологчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Галымбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянаж байгаа гэдэг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний эрх ашиг сонирхлыг дордуулж, хэт нэг талыг хамгаалж шийдвэр гаргалаа. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан ажил олгогчийн нийтлэг эрх үүрэг талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь ажил олгогчийн үүрэг болохоос ажилтны буруу биш. Шүүх дүгнэхдээ ажил олгогчоос нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан-бодогчоор томилогдож байсан             Б.Галымбектэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогчийн үүрэгт хамаарах учраас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны хувьд Б.Галымбектэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсантай адилтгаж үзнэ гэжээ. Шүүх бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 24.1-ыг тайлбарлан хэрэглэхдээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан ч амаар тохиролцож болохоор адилтган үзэхээр хэрэглэсэн нь өөрөө хууль зөрчсөн асуудал болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг буруутгахдаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнтэй адилхан байна. Учир нь Б.Галымбек би шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эгүүлэн тогтоосон А.Нурзиятай маргаагүй. Салбар хууль болгоноор өөрийн салбараа зохицуулсан онцлогтой. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын даргын тушаал, шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтан Б.Галымбек миний гомдлыг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн зөв шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй буруутгасан. Хөдөлмөрийн харилцааг зохицуулах өөрийн онцлог нь Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлтонд тавигдах шаардлагыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгасан нь хуулийг нэг талаасаа л ойлгосонтой адил болсон гэж үзнэ. Тухайлбал төрийн тусгай албан тушаалтанд тавигдах ажлын онцлог шаардлагыг хангаагүй хүнийг томилсон бол хуулийн шаардлага зөрчсөнтэй адилхан ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах чухал шаардлагыг хангаагүй хүнийг Ерөнхий нягтлан бодогчоор томилсон, Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал нь өөрөө хууль бус байсан бөгөөд үүнийг нэгдсэн эмнэлгийн дарга бөгөөд хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрөө хүлээн зөвшөөрч давж заалдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсныг шүүхэд тайлбарлан хэрэглэхдээ иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээлэх шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглсэн үндэслэл болно. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх нь эдийн бус буюу хөдөлмөрийн харилцааны эрх зөрчигдсөн эрхийг сэргээлгэхэд хамаарахгүй гэж үзнэ. Учир нь Б.Галымбек би Ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаар шүүхэд маргааны талаар гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эрхээ эдэлж шүүхэд гомдол гаргасан. Ажлын байрны тодорхойлолтонд заасан онцлог шаардлагыг болон бусад асуудлыг харгалзахгүй юм бол мэргэжил, мэргэшил эзэмших шаардлага юунд хэрэгтэй юм бэ, Болат овогтой Галымбек миний бие Баян-Өлгий аймгийи Нэгдсэн эмнэлэгт 8 дахь жилдээ тооцооны нягтлангаар ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 224 тоот тушаалаар тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон юм.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 07 өдрийн 256 тоот тушаалаар Б.Ууганбаатарыг нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлангаар давхар томилуулан ажилуулсан. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б.Ууганбаатарыг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон тухай 256 тоот тушаал нь дараах үндэслэлүүдээр хууль зөрчсөн эрхийн акт болох нь Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 тоот шийдвэрээр нотлогдож байна. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон Б.Ууганбаатар нь Монгол дээд сургуулийн “Банкны менежер” мэргэжлээр төгссөн. Бизнес удирдлагын баклавар зэрэгтэй болох нь 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0200707429 дугаартай дипломоор нотологдож байгаа бөгөөд төгссөнөөс хойш төрийн байгууллагад огт ажиллаагүй бөгөөд 2008 оноос энэ ажилд томилогдох хүртэл хувийн хэвшил аж ахун нэгж болох “Уурхай” ХХКампанд тооцооны нягтлан бодогчор ажиллаж байжээ. Гэтэл Б.Ууганбаатар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан мэргэжлийн, эсвэл мэргэшсэн нягтлан бодогч байна гэсэн заалт, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаар тушаалаар баталсан төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох чөлөөлөх журмын 2-р зүйл, Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д мэргэшсэн нягтлан бодогч гэж мэргэжлийн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг хэлэх бөгөөд уг журмын 2-р зүйлийн 2.1.3-т Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч, буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү төрийн сангийн газар хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй болохыг шүүх нотлон тогтоосон байна.

Түүнчлэн АТГ-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчилөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зүйлд заасны дагуу АТГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай 05/394 тоот албан бичгээр нэр дэвшигч Б.Ууганбаатар нь ажлын байрны тодорхойлолтонд заасан мэргэшсэн нягтлан бодогч байх гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй гэжээ. Б.Ууганбаатар ажлын байрны тодорхойлолтонд заасан ерөнхий шаардлагыг хангаагүй болохыг аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн аймгийн нэгдсэн эмнэлгийн даргад хүргүүлсэн 41 тоот албан тоотоор давхар нотлогдож байна. Мөн хувийн ашиг сонирхолын урьдчилан сэргийлэх мэдүүлэг гаргаагүй байхад томилсон нь холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвэээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, уг үнэлгээнд тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрлөх харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Галымбекийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Магадлалд заасан зарим дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна. 

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Нэхэмжлэгч Б.Галымбек нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ...ажил олгогч 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тушаалаар намайг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон атлаа мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаалаар 224 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь  буруу болохоос гадна тушаалыг тухайн үед мэдэгдээгүй, миний бие ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангасан, аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн сангаас дэмжсэн байхад Б.Ууганбаатарыг уг ажилд томилсон нь хууль зөрчсөн ...” гэсэн агуулгатай байна.

Нэхэмжлэгчийг тус байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор томилсон ажил олгогчийн тушаал гарсан хэдий ч Б.Галымбек нь уг албан тушаалд огт ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс гадна Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 дугаар шийдвэрээр А.Нурзияг дээрх албан тушаалд эгүүлэн тогтоосон байсан тул нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилсон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тушаал үндэслэлгүй, уг тушаалаа хүчингүй болгосон ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаал хууль зөрчөөгүй байна.

 Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Галымбек тус эмнэлгийн ерөнхий нягтлан  бодогчоор ажиллаж байгаагүй байна. Уг албан тушаалд өмнөх ажилтанг эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ёстой байхад Б.Галымбекийг  томилсон ажил олгогчийн тушаал үндэслэлгүй, нэхэмжлэгч ерөнхий нягтлан бодогчоор ажиллаагүй тул нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг шаардах эрхгүй юм. Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэхдээ Б.Галымбекийг тухайн албан тушаалд ажиллаагүй, ажиллах боломжгүй талаар зөв дүгнэсэн атлаа ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаалыг гарсан өдөр нь мэдсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй гэж дүгнэсэн нь зөрчилтэй болжээ.

 Ажил олгогч  235 тоот тушаалыг 1 сар 12 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан нь хуульд нийцэхгүй боловч энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаагүй байна. Нөгөө талаар ажил олгогчийн энэ буруутай үйлдэл нь нэхэмжлэгчийг эрхэлж байгаагүй ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлийг бий  болгохгүй болно.  Нэхэмжлэгч  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаалыг мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд Б.Галымбек байсан хэдий ч ажил хүлээлцэх үед байсан эсэх, ажил хүлээлцсэн акт байхгүй тул тушаалыг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй байжээ.

Нэхэмжлэлийн нэг үндэслэл болох гуравдагч этгээд Б.Ууганбаатар мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагын хувьд ажлын байрны шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч нь мэргэшсэн нягтлан бодогч болохоос гадна Авлигатай тэмцэх газар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын даргын зүгээс өөрийг нь санал болгосныг ажил олгогч харгалзаагүй гэх үндэслэл нь  ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Сул орон тоонд тэнцсэн хэд хэдэн этгээдээс сонгож, ажилд авах нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарна. 

Иймд ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.Галымбекийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00050 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА