Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0678/З |
Дугаар | 221/МА2019/0217 |
Огноо | 2019-04-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0217
2019 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2019/0217 | Улаанбаатар хот |
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Д.О, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуунмод, Зуунмод-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол улсын Засгийн Газрын 2010 оны 299 тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4.2-т хэсэгт зааснаар жагсаалт өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэнээс хойш 30 хоногийн дотор өргөдөл гаргах журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зууны мэдээ сонинд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын жагсаалт хэвлэгдсэнээс хойш 8 сарын дараа Монгол Улсын Засгийн Газрын “Хилийн зааг тогтоох” 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол гарч, манай компанийн эзэмшиж байсан ХV-008480, ХV-008492 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд ойн сан, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсаныг тогтоосон байхад эрх зүйн хувьд ач холбогдолгүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаар манай эзэмшиж байсан хайгуулын талбайг хориглосон хил заагтай давхцалтай байгаа эсэхийг маргаангүйгээр тогтоосны дараагаар нөхөн олговор авах эсэх талаар холбогдох газарт өргөдөл гаргасан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Манай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2012 оны 04 сарын 28-ны өдөр, 2013 оны 09 сарын 05-ны өдөр, 2013 оны 09 сарын 20-ны өдрүүдэд нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан ч хариу өгөөгүй.
Манай компанийн 2014 оны 08 сарын 19 өдрийн 1/08 тоот бичигт Ашигт малтмалын газраас 2014 оны 09 сарын 12-ны өдөр 5147 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ манай компанийн эзэмшдэг ХV-008480, ХV-008492 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг хориглосон хилийн заагтай давхцалтай болохыг, мөн 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4.2-т хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй учир тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговор авах асуудлыг хүлээж авахгүй гэх хариуг ирүүлсэн.
Ашигт малтмалын газраас 2014 оны 09 сарын 12-ны өдөр 5147 тоот албан бичиг баримтыг үндэслэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 07 өдрийн 3810 тоот захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарч уг захирамжид гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 03 өдрийн Дугаар 221/ШТ2018/0461 тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй болохыг шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад журамд заасан хугацааны дотор хүсэлт гаргаагүй гэх үндэслэл зааж хэргийн хэрэгсэхгүй болгосон нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.
Манай компанийн 2014 оны 08 сарын 19-ний өдрийн 1/08 тоот албан бичгийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газраас 2014 оны 09 сарын 12-ны өдрийн 3-5147 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй гэж мэдэгдсэн нь худал мэдээлэл болохыг шүүхэд ирээд мэдсэн. Өөрөөр хэлбэл энэ жагсаалт 2011 онд гарсныг бид мэдээгүй, сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах гэж байгаагаа хариуцагчийн зүгээс бидэнд мэдэгдсэн эсэхийг шүүх тодруулаагүй нь буруу гэж үзэж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар манай компанийн эзэмшиж байсан XV- 008480, ХV-008492 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор ойн сан, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсан, тухайн талбайд үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжгүй болж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдсэн.
Тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацаа бодит байдал дээр биднээс шалтгаалан хүчингүй болж, дуусгавар болсон зүйл байхгүй харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор ойн сан, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсан тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан харилцаа байсныг шүүх баримтын хүрээнд хуульд үндэслэж дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4.5-д “Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасны дагуу нөхөн төлбөр авахын тулд 8 жилийн турш хүлээсэн ч нөхөн төлбөрийн асуудал өнөөдрийг хүртэл төсөвт суугаагүй. Цаашид нөхөн олговор авах эсэх маань эргэлзээтэй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт, малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “... тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор”-ыг олгох харилцааг зохицуулсан.
Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөн олговор олгоогүй атлаа кадастрын хэлтсийн мэдээллийн санд цуцлагдсанаар бүртгэж, ХV-008480, XV-008492 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусаж цуцлагдсан гэж буй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.3-д заасны дагуу “....тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болох, 14 дүгээр зүйлийн 14.4-д “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн заалттай тул хариуцагч нь нөхөх олговор манай компанид төлөх үүрэгтэй.
Манай компанийн эзэмшиж байсан ХV-008480, ХV-008492 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгохдоо нөхөн олговор олгох эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар шийдвэрлэх боломжтой байтал нэхэмжлэгчийн нөхөн төлбөр авах талаарх хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу шийдвэрлээгүй нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “М” ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуунмод, Зуунмод-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-008480, XV-008492 дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн хувьд тус компанийн эзэмшиж байсан ХV-008480, XV-008492 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах эрх нь хориглогдож, Засгийн газраас тогтоосон хилийн заагт хамрагдсан байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгогдох хуульд заасан нөхцөл, шаардлага, үндэслэл бий болоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зохицуулалтаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төр мэдэлдээ шилжүүлэн авсан тохиолдолд нөхөх олговрын асуудлыг уг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр олгож болох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ХV-008480, XV-008492 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг энэ үндэслэлээр төр мэдэлдээ авсан гэж үзэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “Хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө...” хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 /тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан/-д заасан үндэслэлээр ХV-008480, XV-008492 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь дуусгавар болсон байна.
Иймд тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр бус компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт хэрэглэгдэхгүй, өөрөөр хэлбэл түүнийг тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж үзэж нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, агуулгаас үзвэл нэхэмжлэгчээс “нөхөх олговрыг авах” хэлбэрээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу “урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбайг олгохыг даалгах” гэж тодруулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нөхөх олговрыг зардлын төрлөөр тооцож олгохтой холбоотой журам буюу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын холбогдох заалт зөрчигдсөн эсэхтэй холбоотой гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Ганбатаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН