Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1321

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03625 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

“ХХХ” үйлчилгээний төвийн ХХ давхарын ХХХХ тоот лангууны хууль ёсны эзэмшигчээр тогтоож, эзэмшилд шилжүүлэн, ХХ, ХХХ нарын хооронд байгуулсан гар утасны худалдагчид талбай түрээслүүлэх тухай Е1/3-ын 2 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэл,

ХХХын Хд холбогдуулан гаргасан “ХХХ” үйлчилгээний төвийн ХХ давхарын ХХХХ тоот лангууны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

хариуцагч ХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие 2005 онд "ХХХ" үйлчилгээний төвийг ашиглалтад орох үед тус төвийн ХХ дүгээр давхарт ХХХХ тоот лангууг е1/3-2 тоот гэрээгээр түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүй байсан учраас мөнгө хүүлэгч ХХгөөс 5-8 хувийн хүүтэй мөнгө зээлж 25 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Тухайн үед ХХ нь “чи надад лангуугаа түр хугацаагаар барьцаалчих тэгээд үлдэгдэл 25 000 000 төгрөгөө төлж дуусахаар чинь лангууг буцаагаад нэр дээр чинь шилжүүлж өгнө” гээд байхаар нь эргэлтийн хөрөнгөтэй болохын тулд ХХХХ тоот лангуугаа 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр түр хугацаагаар шилжүүлсэн. Мөнгөө төлж дуусгах хүртэл чинь би чиний энэ лангууг өөрийнхөө нэр дээр байлгаж байя гэж амаар тохиролцсон байсан. Ингээд 2012 оны 12 сард үлдэгдэл 25 000 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж дуусгаад ХХХХ тоот лангуугаа эргүүлж авах гэсэн боловч надад мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлсэн байсан. 2005 оноос 2013 оны 9 дүгээр сарыг хүртэл буюу ХХ миний лангууг бусдад шилжүүлэх хүртэл "ХХХ" үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарын ХХХХ тоот лангууны түрээсийг би төлж байсан. Миний эзэмшлийн "ХХХ" үйлчилгээний төвийн ХХ дүгээр давхарт ХХХХ тоот лангууг хууль бусаар бусдын нэр дээр шилжүүлсэн учир би 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт шалгуулахаар гомдол гаргасан. Тухайн үед миний гомдлын дагуу иргэн ХХгөөс мэдүүлэг авч шалгасан боловч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 5/501 тоот албан бичгээр иргэний шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Энэ хэрэгсэхгүй болгосон хэргийн материалд ХХ мөнгөө авч дууссан болохоор лангууг нь шилжүүлж өгнө гэсэн мэдүүлэг нь байдаг. 

Иймд ХХгийн хууль бусаар бусдад шилжүүлсэн "ХХХ" үйлчилгээний төвийн ХХ дүгээр давхарын ХХХХ тоот лангууг миний эзэмшилд шилжүүлж, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дах хэсэгт зааснаар тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдан бие даасан шаардлага гаргасан ХХХыг хариуцагчаар татаж, нэхэмжлэгч Х, хариуцагч ХХ, ХХХ нарын хооронд тус тус байгуулагдсан гap утасны худалдагчдад талбай түрээслүүлэх тухай" Е1/3-ын 2 тоот  хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

 

Хариуцагч ХХгийн шүүхэд гаргасан тайлбарт:

Х нь "ХХХХХ" ХХК-ийн түрээсийн гэрээний 3.5, 6.3.8 заалтыг үндэслэн надад өөрийн хүсэлтээр өргөдөл гарган 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уг лангууг шилжүүлэн өгсөн. Энэ өргөдлийг "ХХХХХ" ХХК хүлээн авч гэрээний 8.1, 8.3-ыг тус тус үндэслэн миний нэр дээр шилжүүлсэн түрээсийн гэрээг хуулийн дагуу байгуулж хийсэн. Х нь 2013 оны 10 сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт уг асуудлаар гомдол гаргасан боловч 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Х болон түүний эхнэр ХХХХХХХ нар нь надаас бага хэмжээний мөнгө авч эргүүлэн өгсөөр миний итгэлийг олж авсан. ХХХ төвийн ХХ давхарт ХХХХ тоот лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Анх эхнэр, нөхөр 1 лангуу биш 2 лангуу түрээслэсэн бөгөөд нэг нь 2 давхарын гap утас худалдааны лангуу, нөгөө нь засварын /06-07/ лангуу байсан. Х өөрөө гар утас оруулж ирдэг байсан. Энэ хоёрт эргэлтийн мөнгө нь засварын лангуунд биш гар утас худалдааны шинэ лангуу, гap утас нэмж худалдан авах наймаагаа шинээр эхлэхэд хэрэг болсон юм.

Миний нэр дээр лангууг 2006 оны 7 дугаар сарын 20-нд шилжүүлж өгөхөд манай дүүгийн 10 000 000 төгрөг болон уг мөнгөний хүүгийн хамт өгөх надад өртэй байсан. Харин Монгол шуудан банкаас 2006 оны 7 дугаар сарын 25-нд хамтран зээлдэгчээр 2 өрөө байрыг минь барьцаанд тавиулж надаар 13 000 000 төгрөгийн зээл авахуулсан. 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол шуудан банктай 31741 тоот зээлийн гэрээ байгуулж 13 000 000 төгрөг, сарын 3.05 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай өөрийн нэр дээр авч, хамтран зээлдэгчээр Х гэрээнд гарын үсэг зурсан. Эхний 2 сарын зээлийн хүүг тэр 2 төлөөд утсаа авахгүй алга болж, банкнаас зээл төлөхийг шаардаад байхаар нь дүүгээсээ мөнгө олж зээл төлсөн.

Х, ХХХХХХХ 2 “надад таныг ингэж хохироосон юм чинь лангуугаа таны нэр дээр шилжүүлье” гэж өөрсдийн хүсэлтээр шилжүүлсэн.. Би банкны зээл, дүү нарын мөнгө гэх мэт бүх мөнгийг өөрөө төлөх нь тодорхой болсон. Миний бие 2007 оны 1 дүгээр сарын байдлаар 31 000 000 төгрөгийг 2012 оны 5 cap хүртэл ямар ч хүүгүй цувуулан авсан.

Мөнгө төлөх зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож өөрсдөд нь байгаа 25 000 төгрөгт тааруулж 25 000 000 төгрөгөөр гэрээ хийж, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд төлбөрийг төлж барагдуулна, барагдуулаагүй тохиолдолд шүүхэд хандахаар бичүүлж авсан.  

Х нь 2006 оны 7 дугаар сард өөрөө хүсэлт гаргаж зөвшөөрсний улмаас "ХХХХХ" ХХК, Хтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, надтай хуулийн дагуу түрээсийн гэрээг байгуулсан болно. 2006 оноос одоог хүртэл түрээсийн гэрээний талаар ямар нэгэн маргаан гаргахгүй байж байгаад 8 жилийн дараа гэнэт түрээсийн гэрээний талаар маргаан гаргаж байгаад гайхаж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээг миний бие “ХХХХХ” ХХК-тай хуульд заасны дагуу байгуулсан. Би "ХХХХХ" компанитай түрээсийн гэрээ байгуулсан болохоос биш Хтэй түрээсийн гэрээ байгуулж түүний зөвшөөрлөөр лангуугаа өөр хүнд дамжуулан түрээслэх үйл ажиллагааг огтхон ч хийгээгүй.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Хийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 7 сарын 20-ны өдрийн Х, ХХ нарын хооронд байгуулагдсан Е1/3-2 тоот эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хийгдсэн ХХХ үйлчилгээний төвийн ХХ давхарт байрлах ХХХХ тоот лангуу буюу талбайг түрээслэх тухай “ХХХХХ” ХХК, ХХХ нарын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн талбай түрээслэх эрхийг хариуцагч ХХХаас шилжүүлэн нэхэмжлэгч Хд олгож, ХХХ үйлчилгээний төвийн ХХ давхарт байрлах ХХХХ тоот лангуу буюу талбайг хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч ХХХын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Х болон хариуцагч ХХ, түрээслэгч “ХХХХХ” ХХК-ийн хооронд 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хийн байгуулсан F1/3-2 эрх шилжүүлэх нэмэлт гэрээ байгуулагдсан гэдгийг шүүх анхаараагүй байна. “ХХХХХ” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна.

Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл байгуулагдаагүй, харин 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Шуудан банкнаас ЗГ-41 дүгээр зээлийн гэрээний дагуу ХХ, Х хамтран зээл авч ХХ өөрийн орон сууцыг барьцаалсан. Зээлийн харилцааны талаар зохигчид хоорондоо ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй байхад шүүх барьцааны гэрээ байгуулагдах ёстой байсан мэтээр хийсвэрлэн үзсэн нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр хэргийн хөөн хэлцэлцэх хугацаа дуусгавар болсон байхад шүүх хэргийн хэлэлцэх хугацааг 2012 оноос тоолсон нь үндэслэлгүй байна.

2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "Иргэн Хийн байгуулсан F1/3-2" эрх шилжүүлэх нэмэлт гэрээ байгуулагдсан үеэс шууд тоолж эхлэн 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох журамтай. Гэтэл Монгол Шуудан банкинд хариуцагч зээлийг төлсөн, сүүлд хариуцагч зээлийг төлж нэхэмжлэгчээс буцаан авсан үйл баримт нь нэхэмжлэгч Х болон хариуцагч ХХ, түрээслэгч “ХХХХХ” ХХК нарын хооронд 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "F1/3-2" эрх шилжүүлэх нэмэлт гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болж байгаа нь үндэслэлгүй байна.

ХХ нь лангуу шилжүүлсний төлбөрийг нэхэмжлэгчээс аваагүй, Монгол Шуудан банкнаас авсан зээлээ нэхэмжлэгч төлсөн байхад шүүх гуйвуулан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын ноцтой алдааны талаар:

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага ХХХ үйлчилгээний төвийн ХХ давхарт байрлах ХХХХ тоот лангуу буюу талбайг хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Х, ХХ, ХХ, ХХХ нарын хооронд байгуулагдсан Гap утасны худалдагчдад талбай түрээслүүлэх тухай Е1/3-2 тоот лангуу түрээслэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Х болон хариуцагч ХХ, түрээслэгч “ХХХХХ” ХХК-ийн хооронд 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан F1/3-2 эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай" гэж шийдвэрлэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэх нь хууль зөрчсөн, төдийгүй хэт нэг талыг барьж, хариуцагч нарын эрх ашиг сонирхолыг хохироож байгаа нь харагдаж байна.

F1/3-2 эрх шилжүүлэх нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага байхгүй байхад шүүх дур мэдэж, нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон.

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16410 дугаартай шүүгчийн захирамжаар ХХХХХХХХХХас 2005 онд Х ХХХХХХХХХХтай байгуулсан түрээсийн гэрээг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг гэрээг гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн процессын ноцтой алдааг гаргасан байна.

Шүүх ХХХ, “ХХХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцжээ. Нэхэмжлэгч нь ХХХ, “ХХХХХ” ХХК-тай болон ХХХ, “ХХХХХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар ямар ч шаардлага гаргаагүй учир “ХХХХХХХ” XXK-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч ХХХын гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг шүүх хүчин төгөлдөр бусд тооцож байгаа нь “ХХХХХХХ” XXK-ийн эрх ашиг сонирхолыг хөндөөд зогсохгүй, талуудын тэгш эрхийн зарчим, гэрээний халдашгүй байдлыг зарчмыг зөрчсөн шийдвэр нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэсэн эсэх, яагаад хүчин төгөлдөр бусд тооцож байгаа эсэх талаар хуулийн үндэслэл байхгүй, үргэлжилсэн үгийн шинжтэй бичжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлээс өөр хуулийн зүйл иш татаагүй байж, гэнэт дүр үзүүлж хийсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ давж заалдах гомдолдоо:    

ХХХ үйлчилгээний төвийн ХХ давхарт байрлах ХХХХ тоот лангууны жинхэнэ өмчлөгч болох "ХХХХХ" ХХК-ийн өмчлөх эрх болон хууль ёсны шударга эзэмшигч болох ХХХын лангуу эзэмших эрхэнд ноцтой халдаж нотлох баримтаар өгсөн гэрээнүүдийг үнэлэлгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Х, ХХ нарын хооронд үүссэн зээлийн харилцаа болон түүнээс үүссэн маргааны талаар ХХХ юу ч мэдэхгүй, түүнд ямарч хамааралгүй маргаан байхад жинхэнэ өмчлөгчтэй нь байгуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцон түүний эзэмшиж буй лангууг нэхэмжлэгч Хд олгон шийдвэрлэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Иргэн нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй байхад нэхэмжлэгч Хийн ямар ч эрх зөрчигдөөгүй, зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Х зээлийн барьцаанд түрээсэлж байсан лангуугаа шилжүүлж хориглосон үйлдэл хийсэн бол түүнийхээ үр дагаварыг өөрөө хариуцах ёстой. Түүний хориглосон үйлдлээ халхавчлах гэсэн үйлдлийн улмаас ямар ч хамааралгүй ХХХын эзэмших эрх зөрчигдөх ёсгүй.

ХХХХХХХХХыг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “ХХХХХ” компанийн ХХХ үйлчилгээний тевийн ХХ давхарт байрлах ХХХХ тоот лангууг ХХгөөс шилжүүлж авахад ХХ нь “ХХХХХ” компанитай хууль ёсны дагуу талбай түрээслэх гэрээтэй байсан. ХХХтай хамаатан садан байсан учир лангуу түрээслэх эрхээ шилжүүлэх хүсэлт тавьсны дагуу “ХХХХХ” компани нь 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Талбайн түрээсийн 4F/6-7 тоот гэрээг 2014 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сарын 351 000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр байгуулсан. Энэ гэрээ дуусгавар болж түрээсийн төлбөр нэмэгдэж 405 000 төгрөг болж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Талбайн түрээсийн гэрээг 2015-01-01-ний өдрөөс 2015-12-31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Энэхүү гэрээний хугацаа дуусахад дахин шинээр гэрээ байгуулсан. Ийнхүү ХХгөөс гэрээ шилжүүлэн авснаас хойш 3 удаа шинээр гэрээ байгуулсан байдаг. Шүүхийн шийдвэрээр чухам энэхүү гэрээнүүдийн аль гэрээг нь хүчин төгөлдөр бус гэж тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. ХХгөөс шилжүүлэн авсан Талбайн түрээсийн гэрээ бол 2014 оны 9 дүгээр сарын 02-нд байгуулагдаад 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоод лангууг нэхэмжлэгчид олгоод байгаа нь үндэслэлгүй. Уг гэрээ дуусгавар болоод 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний тодорхой нөхцөл байдал өөрчлөгдөж, шинэчлэгдсэн гэрээг байгуулсан. Энэ гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, аль нэг талаас цуцалсан, дуусгавар болсон зүйл байхгүй учир ХХХ лангууг нэхэмжлэгчид олгох ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ маргаж буй лангууг Хд олгох үндэслэлтэй гэвэл дээр дурдсан түрээсийн гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр бусд тооцогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ХХХын “ХХХХХ” компанитай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргаж, хөндлөнгөөс өмчлөгч, эзэмшигчийн эрхэнд халдсанд гомдолтой байна.

Эзэмших эрхээ сайн дурын үндсэн дээр шилжүүлээд 9 жилийн өмнө лангууг түрээслэх эрх нь дуусгавар болсон Хийг шударга эзэмшигч гэж үзсэн нь гэрээ, хэлцлийг хамааралтай талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоол нь ИХШХШТхуулийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ХХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

          

             Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдуулан Хээс-ХХд, ХХөөс-ХХХт шилжүүлсэн “гap утасны худалдагчдад талбай түрээслүүлэх тухай" Е1/3-2 тоот лангуу түрээслэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ХХХ үйлчилгээний төвийн ХХХХ тоот лангууны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, өөрийн эзэмшилд шилжүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, ХХХХ тоот лангууны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

            Нэхэмжлэгч Х маргаан бүхий лангууны эзэмших эрхийг зээлийн барьцаанд ХХгийн эзэмшилд шилжүүлсэн, зээл төлөгдөж дууссаны дараа буцаан шилжүүлэхээр тохирсон гэж тайлбарласан бол хариуцагч ХХ лангууг зээлийн өрөнд өөрийнхөө хүсэлтээр миний эзэмшилд шилжүүлсэн гэж маргасан байна.  

  

            Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар Х, ХХ нарын хооронд зээлийн харилцаа байсан, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Х ХХХХ тоот лангууг эзэмших эрхээ “гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх” гэрээний үндсэн дээр ХХд шилжүүлэн өгсөн, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр уг лангуу ХХгөөс ХХХын эзэмшилд шилжсэн үйл баримт тогтоогдсон боловч ХХХХ тоот лангууны хууль ёсны эзэшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой биш байх тул шүүх маргааны үйл баримтад эрх зүйн талаас дүгнэлт хийх боломжгүй байна.

 

            Хариуцагч ХХХ нь 06-07 тоот лангууг түрээслэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “ХХХХХХХ” ХХК-тай, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “ХХХХХХХХ” ХХК-тай тус тус байгуулан эзэмшиж байгаа талаар “ХХХХХХХХ” ХХК-ийн тодорхойлолт хэрэгт авагдсан байхад шүүх лангууны өмчлөгч хэн болох, тухайн маргаан нь гуравдагч этгээдийн эрх ашигт нөлөөлөх эсэхийг анхаарч үзэлгүй 2006 оны 7 сарын 20-ны өдрийн Х, ХХ нарын хооронд байгуулагдсан Е1/3-2 тоот эрх шилжүүлэх тухай гэрээ, “ХХХХХ” ХХК, ХХХ нарын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, талбай түрээслэх эрхийг хариуцагч ХХХаас шилжүүлэн нэхэмжлэгч Хд олгож, ХХХ үйлчилгээний төвийн ХХ давхарт байрлах ХХХХ тоот лангуу буюу талбайг хууль ёсны эзэмшигчээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

2006 оноос хойш ХХХХ лангууг хэн ямар гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа, уг лангууны өмчлөгч буюу гэрээний талууд хэн болох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэл нь өмчлөгчийн эрх ашигт нөлөөлөх эсэх талаар тодруулах шаардлагатай юм.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр холбогдох газраас нотлох баримт шаардсан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.    

 

            Тухайлбал тус шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18972 тоот захирамжаар “ХХХХХХХ” ХХК-иас, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/09303 тоот захирамжаар “ХХХХХХХХХХ” ХХК-иас Хийн 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ХХд түрээсийн гэрээ шилжүүлэх тухай өргөдөл, үүнтэй холбоотой гарсан тушаал шийдвэрийг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 102/Ш32015/16410 тоот захирамжаар Хийн “ХХХХХХХХХХ” ХХК-тай 2005 онд байгуулсан түрээсийн гэрээ, 2006 оноос хойш, маргаан бүхий лангууг хэдэн удаа хэнд түрээслүүлж байсан талаар болон лангуу түрээслэх журам зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч шүүх дээрх захирамжуудын биелэлтийг хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн хэрэгт ач холбогдолтой байж болох хариуцагч ХХХын  2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ХХХХ тоот лангууг “ХХХХХХХ” ХХК-тай, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “ХХХХХХХХ” ХХК-тай тус тус байгуулсан гэрээ, бусдыг залилан мэхэлж “ХХХХХХХ” ХХК-ийн өмчлөлийн лангууг шилжүүлсэн гэх гомдолтой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын хуулиар тавьсан шаардлагыг хангаагүй байна.

 

Дээр дурьдсан зөрчлийг арилгахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                                     ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                                         А.МӨНХЗУЛ