Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Б.Баярсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.Баярсайханы өмгөөлөгч Ш.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,          

                                                                                                                                                                                 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 5ы өдрийн 31 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулгын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/04 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201601080143 дугаартай Б.Баярсайханд холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаан туг овогт Батаагийн Баярсайхан, 1969 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 24 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УЕ69030875/;

 

Б.Баярсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 56-19 тоотод иргэн Э.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар ямар ч шалтгаангүйгээр цохиж, түүний бие махбодид “...зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан шарх үүсгэснээс зүүн нүдний алим авах мэс засал хийгдэж, хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулсан...” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Б.Баярсайханд холбогдох хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тухайн хэрэг болсон газар, цаг хугацаанд байсан хохирогч, гэрч, шүүгдэгч нар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, нэмж тодруулах шаардлагатай дараах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна гэж дүгнээд;

1. гэрч Т.Лхагвасүрэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн “...манай гэрийн баруун талд гараад Цагаанбаяр Бат-Эрдэнэ 2 барилцаж аваад цохилцсон, гэтэл хажуугаас нь Жоноо буюу Баярсайхан ороод Бат-Эрдэнийн нүд рүү гараараа цохиод авахад нүдний шил нь газар унаад Бат-Эрдэнэ орилоод доошоо нүдээ дараад суучихсан, энэ үед нүднээс нь цус гарсан. Цагаанбаяр Бат-Эрдэнийн толгой руу өшиглөөд авсан. ...Эмнэлэг дээр байж байхад Жоноо буюу Баярсайхан ирэхэд Бат-Эрдэнэ “чи миний нүд рүү цохьчихсон тийм биз дээ, Лхагваа” гэхээр нь би “тийм” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон доо. ...Намайг харж байхад Цагаанбаяр, Бат-Эрдэнэ 2 барилцаж аваад сүйдтэй цохилцож барьсан зүйлгүй, харин Бат-Эрдэнийг нүдээ гараараа дараад суухад нь Цагаанбаяр толгой руу нь өшиглөсөн. ...Бат-Эрдэнэ тухайн үед харааны нүдний шилтэй байсан ба Баярсайхан цохиход шил нь газар унасан, би авахад шил нь хагараагүй байсан, өөрт нь өгсөн...”,

            мөн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “...Цагаанбаяр, Бат-Эрдэнэ 2 барилцаад авчихсан байхад Бат-Эрдэнэ нүдний шилтэйгээ байсан. Харин Баярсайхан ах Бат-Эрдэнийн нүүр лүү гараараа цохиод нүдний шил нь газар унаад Бат-Эрдэнэ нүдээ дараад орилоод доошоо суусан юм. Тэгэхэд нь би нүдний шилийг нь газраас авсан. Тухайн үед би хажууд нь хараад зогсож байсан...”,

            мөн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “...Тэгээд тэр 2-ыг гараад удаагүй байхад араас нь Баярсайхан гарахаар нь би араас нь гартал Бат-Эрдэнэ, Цагаанбаяр 2 зодолдох гээд зууралдаад нэг нэгийгээ заамдалцаад байж байхаар нь очоод салгах гэхийн завдалгүй Баярсайхан очоод Бат-Эрдэнийг гараараа нүүр лүү нь нэг удаа цохиход нүдний шил нь газар унаад Бат-Эрдэнэ өөрөө нүд гээд орилоод доошоо суусан. Тэр үед нь хажуунаас Цагаанбаяр Бат-Эрдэнийг өшиглөсөн. Миний харснаар бол нэг удаа өшиглөсөн. Нэг нэгнийгээ зодож цохихыг нь бол хараагүй. Бат-Эрдэнэ, Цагаанбаяр 2-ын хувьд нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Гадаа Баярсайхан цохисоны дараа л Цагаанбаяр нэг удаа өшиглөсөн...” гэж мэдүүлсээр байхад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 5/41 дугаартай тогтоолоор эрүүгийн 201601080143 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр догшин авирлан танхайрсан гэх яллагдагч Б.Цагаанбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл...”-ийг шалгаж тогтоогоогүй.

            Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярсайхан, гэрч Т.Лхагвасүрэн, хохирогч Э.Бат-Эрдэнэ нар нь “Б.Цагаанбаяр, Э.Бат-Эрдэнэ нар нь хоорондоо зодолдсон, Б.Цагаанбаяр Э.Бат-Эрдэнийн толгой руу өшиглөсөн, мөн Э.Бат-Эрдэнэ, Б.Цагаанбаяр нар нь хоорондоо толгойгоороо мөргөлдөөд байсан” талаар мэдүүлсээр байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон буюу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр догшин авирлан танхайрсан яллагдагч Б.Цагаанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хохирогч Э.Бат-Эрдэнэд учирсан гэмтэл нь хэний буруутай үйлдлийн улмаас учирсан болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч нарт хүлээлгэсэн байдаг. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйл юм.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө” гэж зааснаар Б.Цагаанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Б.Цагаанбаярт танилцуулж гарын үсэг зуруулсан атлаа хохирогч Э.Бат-Эрдэнэ, яллагдагч Б.Баярсайхан нарт танилцуулаагүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно” гэж хуульчилжээ.

            Гэтэл прокуророос зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан өдрөө буюу 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Б.Баярсайханд холбогдох хэргийг шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлсэн нь уг хуулийн заалт болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан гомдол гаргах эрхийг хохирогч болон яллагдагч нарт эдлүүлээгүй гэж үзнэ.

            Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            2. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Лхагвасүрэнгийн “Б.Цагаанбаяр, Б.Баярсайхан, Э.Бат-Эрдэнэ нар “ганц шил архи ууя” гэж манайд орж ирсэн. Б.Цагаанбаяр, Э.Бат-Эрдэнэ хоёр маргалдахаар нь би “гэрт маргалдахгүй шүү, гараарай” гэж хэлсэн. Тэгээд гадаа маргалдахаар нь очиж салгах гэхэд “нүд” гэж орилоод газар суусан. Тэгээд Б.Цагаанбаяр Э.Бат-Эрдэнийг өшиглөсөн. Цагдаа ирсэн. Би Б.Баярсайхан ах тэр хоёрын хажууд зогсож байсан. Гэхдээ би хэн цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн, хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн зэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг шалгах.

            3. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Бат-Эрдэнийн биед “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” гэмтэл учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн өмгөөллийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг “хохирогч Э.Бат-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ганболдын Энхтайванд зодуулж биедээ “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” гэмтэл авсан гэх шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлттэй эрүүгийн хэрэг шийдэгдсэн гэж хэлсэн бөгөөд уг гэмтэл нь 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ганболдын Энхтайванд зодуулсны улмаас үүссэн, эсхүл 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нүд рүүгээ цохиулсны улмаас болон толгой руу нь өшиглөхөд үүсэх боломжтой эсэхийг шалгаж тогтоох, гэмтэл хэзээ учирсан, уг гэмтэл нь энэ хэрэгт хамааралтай эсэх талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулан тодорхой болгох шаардлагатай гэж үзлээ.

            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, хэргийг яаж үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хөдөлбөргүй, нэг мөр тогтоох шаардлагатай байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Дээр дурдсан ажиллагаануудыг нэг мөр шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Б.Баярсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт очтол Б.Баярсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Төмөртулга бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Баярсайханы үйлдлийн улмаас хохирогч Э.Бат-Эрдэнийн биед хүнд гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдсон. Тухайлбал хохирогч Э.Бат-Эрдэнийн “...Цагаанбаяр бид 2 барилцаж аваад намайг цохих гээд чадаагүй ингээд байж байтал миний зүүн талаас Жоноо буюу Баярсайхан ирэхээр нь би Цагаанбаяр бид хоёрыг салгах гэж байна гэж дотроо бодоод байж байтал шууд миний нүдний шилтэй зүүн талын нүд рүү гараараа цохиод авсан энэ үед миний зүүн нүд юу ч харахгүй харанхуй болоод юм урсаад би доошоо тонгойход цустай шингэн зүйл гоожоод нөгөө нүднээс нулимс гараад сайн харагдахгүй би орилоод байж байхад Цагаанбаяр миний толгой уруу хальт 2-3 удаа өшиглөхөд Лхагваа ирж салгаад намайг нүдээ дарж байхад гаднаас эмэгтэй цагдаа орж ирсэн ба энэ үед Баярсайхан зугтаагаад явчихсан байсан. Надаас хэн нүд рүү чинь цохисон юм бэ гэхэд би Баярсайхан гэж хэлсэн... Миний зүүн талын нүд таг сохорсон. Миний нүдний шилтэй нүд рүү Баярсайхан гараараа цохиж миний нүдийг хараагүй болгосон... Баярсайханд цохиулаад нүдээ дараад тонгойгоод сууж байхад Цагаанбаяр толгой уруу өшиглөсөн нүд рүү өшиглөөгүй, ...Миний зүүн талын нүд дахиж хэзээ ч хараа орохгүйгээр бүрэн сохорсон, энэ гэмтлийг Жоноо буюу Баярсайхан надад учруулсан. Maш их гомдолтой байна хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдчихаад байна...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Лхагвасүрэнгийн “...Бат-Эрдэнэ, Цагаанбаяр хоёр хоорондоо барилцаад авчихсан байхад Баярсайхан хажуугаас нь очоод Бат-Эрдэнийн нүүр рүү нь цохисон тэгтэл нүдний шил нь газар унаад нүдээ дараад орилоод доошоо суухад зүүн талын нүднээс цус гоожиж байсан Баярсайханы цохилтоос болоод нүд нь эвгүй болчихсон...”, “...би гэрт муудахгүй шүү гарч муудаарай гэж хэлэхэд Бат-Эрдэнэ, Цагаанбаяр хоёр заамдалцаад гарсан. Тэгээд тэр хоёрыг гараад удаагүй байхад араас нь Баярсайхан гарахаар нь би араас нь гартал Бат-Эрдэнэ, Цагаанбаяр хоёр зодолдох гээд зууралдаад нэг нэгнийгээ заамдалцаад байж байхаар нь очоод салгах гэхийн завдалгүй Баярсайхан очоод Бат-Эрдэнийг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход нүдний шил нь газар унаад Бат-Эрдэнэ өөрөө нүд гээд орилоод доошоо суусан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 08 шэ/169 дүгээр дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэлд “...Энэ гэмтэл нь нүдний шилний нуух хэсгийн ир ирмэг зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг,

яллагдагч Цагаанбаярын “...Бат-Эрдэнэ байнга нүдний шилтэй явдаг тэр өдөр ч нүдний шилтэйгээ явж байсан тухайн үед нүдний шил нь газар унасан байсныг нь Лхагвасүрэн авсан. Шар рам хүрээтэй харааны шил байсан. Гэхдээ шил нь хагараагүй байсан... Надтай барилцаж авах үед Бат-Эрдэнэ нүдний шилтэйгээ байсан. Харин Жоноо ахыг цохиход Бат-Эрдэнэ нүүрээ дараад суусан тэгэхэд нүдний шил нь унаад Лхагваа тэрийг нь авсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Б.Баярсайхан нь хохирогч Э.Бат-Эрдэнэд хүнд зэргийн гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Харин Б.Цагаанбаяр тухайн үед хохирогчийг 1 удаа өшиглөсөн талаар гэрч Лхагвасүрэн мэдүүлсэн ба түүний энэ үйлдлийн улмаас бусдын биед гэмтэл учраагүй, мөн өөр байдлаар догшин авирласан болон Баярсайхантай бүлэглэн танхайрсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт оролцсон болох нь нотлогдоогүй, харин хохирогчийг өшиглөсөн үйлдэл нь жижгээр танхайрсан захиргааны зөрчлийн шинжтэй гэж үзэж прокуророос өөрийн эрх хэмжээний хүрээнд яллагдагч Б.Цагаанбаярын үйлдэл холбогдлыг хзрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон талаар оролцогчдоос ямар нэгэн гомдол гараагүй байна.

2. Хохирогч З.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт түүнд учирсан гэмтэл нь яллагдагч Б.Баярсайханы цохилтын улмаас үүссэн болохыг тууштай мэдүүлдэгээс гадна тухайн хэрэг учрал болох үед байсан гэрч Лхагвасүрэн нь мөрдөн байцаалтын шатанд 3 удаа гэрчээр байцаагдахдаа “...Бат-Эрдэнэ, Цагаанбаяр хоёр хоорондоо барилцаад авчихсан байхад Баярсайхан хажуугаас нь очоод Бат-Эрдэнийн нүүр рүү нь цохисон тэгтэл нүдний шил нь газар унаад нүдээ дараад орилоод доошоо суухад зүүн талын нүднээс цус гоожиж байсан Баярсайханы цохилтоос болоод нүд нь эвгүй болчихсон...” хэмээн удаа дараа мэдүүлж байсан, энэ мэдүүлэг нь хохирогч болон Б.Цагаанбаярын өгсөн мэдүүлэгтэй тохирдог, харин шүүх хурлын шинэчилсэн байцаалтын үед шүүхээс хууль сануулсаар байтал өмнөх мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгснийг тусад нь шалгах боломжтой бөгөөд Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж гэрчээр өгсөн мэдүүлгийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийж, нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

3. Хохирогч Бат-Эрдэнийн гэмтэл юуны хүчин зүйлээс хэзээ үүссэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 08 шэ/169 дүгээр дүгнэлтэд тодорхой зааж өгсөн бөгөөд шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байх ба шинжээчийн дүгнэлт дутуу гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдааны явцад шинжилгээ хийлгэхээр асуулт тавьж дүгнэлт гаргуулах ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх боломжтой гэж заасан учраас захирамжийн энэ заалт нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. Мөн хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр Э.Бат-Эрдэнийн зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан шарх, зүүн нүдний алим авагдсан гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр буюу Баярсайханд цохиулсны улмаас үүссэн нь тогтоогдсон байна.

Харин 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт дүгнэлтэнд тусгагдсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Э.Бат-Эрдэнэ 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г.Энхтайванд зодуулсны улмаас үүссэн бөгөөд, энэ хэрэг нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн, энэхүү 55 дугаар шийтгэх тогтоолд Бат-Эрдэнийн биед учирсан гэмтлийн зэрэг, шинжээчийн мэдүүлэг зэргийг дурдаж, шүүгдэгч Г.Энхтайванд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Иймд шүүхийн шинэчилсэн байцаалтын явцад хохирогч болон шинжээч нараас энэ талаар тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж яллагчийн зүгээс үзлээ. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Баярсайханы өмгөөлөгч Ш.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Баярсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгүүдийн зөрүү арилаагүй. Хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэрлэх боломжгүй. Б.Баярсайхан хохирогчид учирсан гэмтлыг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоогоогүй бөгөөд мөрдөн байцаагч гэрч, хохирогч, сэжигтэн нараас байцаалт авахдаа хөтөлж асуусан байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдээгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ:

 

            1. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зүүн нүдгүй болох хүнд гэмтэл, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Энхтайванд зодуулж зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн гэмтэл учирсан үйл явдал болсон байхад 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр тус тусдаа 2 гэмтлийг “...зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан шарх, зүүн нүдний алимыг авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна...” гэж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний бүрэлдэхүүнтэй хийсэн 1134 дугаартай  Шинжээчийн дүгнэлтээр мөн адил “...дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд  үүссэн байх боломжтой...” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг тогтооход эргэлзээтэй байдлыг үүсгэж байх тул дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            2. Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байх тул түүнийг үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах,

            Б.Цагаанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолд гомдол гаргах хохирогч, бусад яллагдагчийн эрхийг хангаагүй талаар тус тус хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй.

            Түүнчлэн, Б.Цагаанбаярын үйлдэлд бүлэглэж танхайрсан шинж байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар нэмж шалгах шаардлагатай.

 

            3. Хохирогч Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Эмнэлэгт хэвтээд яг гарахдаа тархины зураг эмнэлгийн өөдөөс харсан газарт авахуулсан....” мэдүүлгээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зүүн нүдгүй болох хүнд гэмтэл, толгойд өшиглүүлсэн үйл явдлын үеэр хохирогч Бат-Эрдэнийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд дутуу байх тул түүний толгойд нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр учирсан гэмтэл байгаа эсэх талаар дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

           

            Б.Баярсайханд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолын “...хохирогч Э.Бат-Эрдэнэд учирсан гэмтэл нь хэний буруутай үйлдлийн улмаас учирсан болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна...”  гэсэн  хэсэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,

            эсэргүүцлийн бусад үндэслэлүүдийн талаарх бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй шүүхийн тогтоолд болон энэхүү магадлалд дурдсан ажиллагаануудыг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийлгэхээр Б.Баярсайханд холбогдох хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 31 дүгээр шүүхийн тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүхийн тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж,

прокурор Т.Төмөртулгын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/04 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авч, бусад заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Б.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

  

                       ШҮҮГЧИД                                                           Б.ЗОРИГ

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ