Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00591

 

 

 

 

 

 

2023 03 20 210/МА2023/00591

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00223 дугаар шийдвэртэй,

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК, Ч ХХК, А.А , Б.Б нарт холбогдох

зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,453,387,044 төгрөгийг хариуцагч М ХХК, Ч ХХК-уудын батлан даалтын хөрөнгө, А.А , Б.Б нарын барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэл, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагч М ХХК, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н ХХК болон М ХХК-ууд нь 2017 оны 05 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, М ХХК 2,800,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн эхний 2 жилийн хугацаанд хүүгүй, 3 дахь жилээс сарын 1 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан.

Уг зээлийн гэрээний дагуу Н ХХК нь 2,800,000,000 төгрөгийг М ХХК-д гэрээнд заасан хугацаанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч М ХХК нь нийт зээлийн төлбөрөөс 1,951,345,455төгрөгийг зээлдүүлэгч Н ХХК-д төлсөн.

М ХХК зээлийн гэрээний дагуу хамгийн сүүлд 2019 оны 09 сарын 04-ний өдөр 70,700,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй.

1.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 сарын 05-ны өдөр дуусгавар болгосон бөгөөд М ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 848,645,545 төгрөг, зээлийн хүү 126,391,400 төгрөг, алданги 478,341,099 төгрөг нийт 1,453,387,044 төгрөгийг төлөөгүй тул М ХХК-аас гаргуулна гэжээ.

1.2. Нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 31-ний өдөр А.А , Б.Б нартай барьцааны гэрээ байгуулж, 18 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Мөн Ч ХХК нь М ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Иймд хариуцагч М ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцааны болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

2. Хариуцагч Ч ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай банк М ХХК-тай батлан даалтын зээлийн гэрээ байгуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй бол гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжтой. Тэрнээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжтой байхад бид ямар нэг үүрэг гүйцэтгэхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2017 оны 05 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа гэрээний Б.Б гийн хөрөнгө 2.2.3-д тусгагдсан боловч Б.Б уг хөрөнгийг барьцаалах эрх, итгэмжлэлийг А.А эд өгөөгүй. Гэтэл Б.Б гэдэг хувь хүнийг төлөөлж А.А гээд гарын үсэг зурсан.

Иймд Б.Б гийн хувийн өмчөөр М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэжээ.

 

4. Хариуцагч М ХХК, А.А нар тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хууль 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 1,453,387,044 төгрөг гаргуулж, Н ХХК-д олгож,

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан

а/.Улсын бүртгэлийн Ү-00001 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000217675 дугаартай, Ц ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо ойн АОС гудамж 0 тоот хаягт байршилтай, АОС, 3-н давхар, зоорьтой 001 мкв талбайтай, 450,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,

б/.Гэрчилгээний 000002 дугаартай, Ц ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 000-р хороонд байршилтай, АОС зориулалттай 001 мкв газар, 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,

в/.Улсын бүртгэлийн Ү-00003 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 00003 дугаартай, А.А ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 01-р хороо Хөх тэнгэр цогцолборд байршилтай, Орон сууцны зориулалттай, 002 мкв талбайтай, 600,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,

г/.Улсын бүртгэлийн Ү-00004 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 00004 дугаартай, М ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 00/1 байр 01 тоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 0000 мкв талбайтай, 31,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,453,387,044 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч Б.Б гийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо Ойн гудамж 00-Б тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-00005 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 00005 дугаартай, 01 мкв талбайтай, 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК зээлийн гэрээний үүрэг 1,453,387,044 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээлгэж, уг төлбөрийг Чингис хаан банк ХХК-ийн батлан даалтын хөрөнгөөс гаргуулж, Н ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 2020.09.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /7,424,885.22 төгрөг+70,200 төгрөг/ нийт 7,495,085.22 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ХХК-аас 7,495,085.22 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. 2017 оны 05 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдах үед өөрийн өмчлөлийн газрыг барьцаалуулах саналыг Б.Б гаргаж, нэхэмжлэгч Н ХХК-ийн захиралд газрын гэрчилгээг эх хувиар нь өгсөн. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд газрын гэрчилгээг эх хувиар нь авч гэрээнд заасан барьцаа хөрөнгө тус бүрд тэмдэглэгээ хийлгэсэн бөгөөд одоо Б.Б гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ Н ХХК-д хадгалагдаж байна.

Б.Б нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь өөрт нь хадгалагдахгүй болсон үеэс эхлэн барьцааны гэрээ байгуулагдсан талаар мэдэж байсан атлаа газар эзэмших эрхтэй холбоотой барьцаа бүртгэсэн улсын бүртгэл хууль бус талаар ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан. эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасны дагуу эрх шилжүүлэгч Б.Б нь барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй тул түүний өмчлөх эрхтэй холбоотой барьцааны гэрээний заалт, барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэл нь үнэн зөв юм.

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааасны дагуу бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд гэрээ байгуулагдах үед гэрээний оролцогч талууд нь бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, бүхэлдээ хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч Б.Б гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Ойн гудамж, 00-Б тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-00005 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М ХХК, Б.Б , А.А нарын тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.2.3-т заасныг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь зөв.

Шүүх хуульд заасан эрх, үүргийн дагуу гэрээний хүчин төгөлдөр эсэхэд зөв дүгнэлт хийсэн. Учир нь барьцааны гэрээний тус хэсэг нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу хуульд заасан хэлбэр зөрчсөн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үзэхэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь уг хөдлөх хөрөнгийг барьцаалуулах зөвшөөрөл өгсөн талаар нотлох баримт байхгүй. Гэрээнд Б.Б гийн гарын үсгийн оронд А.А гэж гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч талаас газрыг чөлөөлөх болон Б.Б гээс уг газрыг бусдад түрээслүүлэх, барьцаалах, худалдах үйлдэл гараагүй учраас барьцаалсан эсэх талаар мэдээгүй гэжээ.

 

8. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга:

8.1. Н ХХК болон М ХХК-уудын хооронд 2017 оны 05 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, түүний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийн хугацааг 2017 оны 07 сарын 05-ны өдрөөс 2020 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл хүү 56,885,469 төгрөг байхаар тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч тал гэрээгээ зөрчиж, зээлийн хүүг үндэслэлгүйгээр 69,505,931 төгрөгөөр нэмэгдүүлсэн байхад шүүхээс үүнийг гэрээнд зааж тохирсон хүү шаардах эрхийн хүрээнд тодорхойлсон зөв тооцоолол гэж дүгнэсэн байна. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийж чадаагүй бөгөөд шүүгчийн тус дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, М ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

8.2. Мөн зээлийн гэрээний 3.5-д Алданги нь эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 8 дахь хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.2% гэж заасан ба зээлийг төлөх хугацаа 2020 оны 06 сарын 05-ны өдөр бөгөөд нэхэмжлэгч 2020 оны 09 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад Н ХХК алдангийг үндэслэлгүйгээр 478,341,099 төгрөгөөр тооцоолсон.

Энэ тооцооллыг шалгаж өгөхийг хүссэн боловч шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан бодит дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн, алдангийн хэмжээг дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүү 69,505,931 төгрөг, алданги 478,341,099 төгрөг нийт 547,847,030 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хариуцагчтай ярилцахад төлбөрийн нэхэмжлэлийн хэмжээнд маргаагүй. 2,800,000,000 төгрөгийг зээлээд хүү төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 жил нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас зайлсхийж мөн хүү төлөөгүй.

Гэрээнд алдангийн талаар тодорхой заасан ба хариуцагч тал хүүгийн хөнгөлөлт, төлбөрийн хөнгөлөлт авсан. Иймд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг талаар тайлбар гаргаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль болон гэрээнд заасан журам үндэслэлийн дагуу зөв тооцсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зохигчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК, Ч ХХК, А.А , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,453,387,044 төгрөг гаргуулах, барьцаа болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч ХХК, Б.Б нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч М ХХК, А.А нар анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Н ХХК, М ХХК-уудын хооронд 2017 оны 05 сарын 31-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Ц ХХК, Б.Б , А.А , М ХХК, Л ХХК болон Д ХХК-ийн эзэмшлийн нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус 2017 оны 05 сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. /1хх 32-36/

 

3.1. Хариуцагч Б.Б нь дээрх нэр бүхий 18 үл хөдлөх эд хөрөнгөөс өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамж 00-Б тоотод байрлах 525,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эс зөвшөөрч маргасан ба шүүхийн шийдвэрээр энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргажээ.

 

3.2. Хэрэгт Ц ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-00001 дугаарт бүтгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн АОС гудамжны 0 тоотод байрлах амины орон сууцны зориулалттай 01 м.кв талбайтай, зоорьтой гурван давхар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ авагдсан боловч бусад барьцаа хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар баримт авагдаагүй байна.

 

3.2. Энэ тохиолдолд зохигчдын маргаж буй Б.Б гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар давж заалдах шатны шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй байна.

 

4. Дээрх байдлаар нэхэмжлэлийн үндэслэлийг дүгнэх, улмаар хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Н ХХК-ийн 70,200 төгрөг, хариуцагч М ХХК-ийн 2,897,185 төгрөгийг урьдчилан төлсөн 224,800 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ