Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Адъяа даргалж,

              Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

              Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

              Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1819002600128 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Монгол улсын иргэн, 1995 оны 12-р сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар баг Сэнж гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б, /РД:ЕУ95122515/

 

              Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

              Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр Викториа баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.С-н эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…Викториа баар ороод хоёр, хоёр

пиво уусан. П.С намайг чи яв, бид 3 явлаа гэхээр нь намайг орхиж явах гэлээ гээд маргасан. Нэг мэдсэн намайг хананд шахаад жавьж руу цохисон. Нэг хүн ирээд салгаад дараа нь дахиж ирээд миний зүүн тал руу гараараа цохихоор нь би боолттой гарнаас нь барьж байгаад мушгисан чинь П.С толгойгоороо хана мөргөхөөр нь би газар унагаад толгой руу нь нэг удаа өшиглөөд гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон…” гэв.

 

              Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 09-р сарын 12-ны өдөр…, …Викториа баарны хойд талд би П.С-той зодолдож байсан ба П.С-г унагаад би гараараа толгой руу нь цохиж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

  

             Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..., …П.С бид хоёр маргалдаж байгаад П.С намайг хананд шахаж боогоод миний зүүн тал руу гараараа цохихоор нь би боолттой гарнаас барьж байгаад мушгисан чинь П.С толгойгоороо хана мөргөхөөр нь би газар унагаад дээрээс толгой руу нь нэг удаа өшиглөөд гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

 

             Хохирогч П.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би бүжиглэж байсан чинь Б гаръя гээд гараад хойшоо яваад чи юундаа томроод байгаа юм бэ гэхээр нь би яасан юм бэ? гэсэн чинь намайг цохиод хавирч унагаад боогоод тэгээд би газар хэвтэж байсан чинь дээрээс цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

 

            Шинжээчийн 2018 оны 09-р сарын 14-ний өдрийн 294 дугаартай: “...П.С-н биед баруун нүдний дотор салстын цус харвалт, дээд уруулын дотор салтстын шарх, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух, зүүн шууны цус хуралт, баруун чих, зүүн шанаа, зүүн шууны зулгаралт, дух баруун нүд, дээд уруул, зүүн хацар шанаа, зүүн шуу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.С-н биед учирсан баруун нүдний дотор салстын цус харвалт, дээд уруулын дотор салстын шарх, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн шууны цус хуралт, баруун чих, зүүн шанаа, зүүн шууны зулгаралт, дух баруун нүд, дээд уруул, зүүн хацар шанаа, зүүн шуу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр Викториа баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.С-н эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Б.Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан, түүний орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч Б.Б-н сарын орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахыг үүрэг болгох нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.С-д гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал болох хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудаст авагдсан 133 250 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч Б.Б нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал 1000000 төгрөг төлөхөөр хохирогчтой эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 

         4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Б.Б нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал 1000000 төгрөг төлөхөөр хохирогчтой эвлэрсэн болохыг дурдсугай.

 

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА