Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 135

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Адъяа даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

            Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

            Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М. Г-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           М.Г

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

           Шүүгдэгч М.Г нь 2018 оны 06-р сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бгийн Хаан банкны виза картыг авч, АТМ-д уншуулан 400000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах Хаан банкны виза картаа өгөөд “Тамхи со” дэлгүүрээс архи аваад ир гэхээр нь би захисан архийг нь аваачиж өгөлгүй цаашаа яваад арын банкин дээр очиж картнаас нь 400000 төгрөгийг нь АТМ дээр зогсож байсан танихгүй хүнийг гуйж авахуулсан. Би уг 400000 төгрөгөөр архи л авч уусан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 24-25-р хуудас/

 

           Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надад Хаан банкны виза картаа өгөөд “Тамхи со” дэлгүүрт орж уншуулаад дахиад нэг шил архи аваад ир гэж хэлээд явуулахаар нь би картыг нь авч яваад АТМ орж мөнгө авах гэж байсан хүнийг гуйж картнаас нь 400000 төгрөг авахуулсан…, Б ахын картыг авч яваад хүн гуйж 400000 төгрөг авахуулж байснаа санаж байна..., ...өмнө нь Б ах 20.000 төгрөг аваад ир гээд нууц дугаараа хэлж байсан болохоор би тухайн үед картны нууц дугаарыг нь мэдэж байсан..., ...би картнаас нь мөнгө авах зорилготой л авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

 

           Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкны салбарт ирж иргэний үнэмлэхээ үзүүлээд визаа картаа шалгуултал 420000 төгрөг байснаас 400000 төгрөгийг нь 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн 16 цаг 20 минутын орчим авсан байна гэсэн. Хаан банкны ажилтнаас камер шалгаж өгөөч гэтэл арын Хаан банкны салбар дээр очоод камер шалгуул гэсэн. Тэгээд очоод камер шалгуулахад камерт төв Хаан банкны салбараас Г нэг хүүхэнтэй АТМ-ээс мөнгө авч байгаа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

 

           Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад учирсан хохирлын мөнгө болох 400000 төгрөгийг М.Г нь 2018 оны 09-р сарын 10-ны өдөр өгч миний хохирлыг барагдуулсан надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

 

           Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б бид хоёр Хаан банк орж камерийн бичлэг шүүлгэхэд Г Хаан банкны АТМ-ээс нэг эмэгтэй хүнээр мөнгө авахуулж байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

 

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 57, 58-р хуудас/

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч М.Г нь 2018 оны 06-р сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бгийн Хаан банкны виза картыг авч, АТМ-д уншуулан 400000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч М.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгч М.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болон хувийн байдал, гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр анх удаа үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

         Шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

         Хавтаст хэргийн 34-р хуудаст хохирогч Д.Б нь “...надад учирсан хохирлын мөнгө болох 400000 төгрөгийг М.Г 2018 оны 09-р сарын 10-ны өдөр өгч миний хохирлыг барагдуулсан, надад одо о ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч М.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч М.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт

зааснаар М.Гт үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                  Н.АДЪЯА