| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0179/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/187 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/187
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, шүүгч Д.А, шүүгч Б.Г нарын бүрэлдэхүүнтэй
улсын яллагч, аймгийн ерөнхий прокурор Т.Б,
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
иргэдийн төлөөлөгч Ш.Н,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-О,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С, Т.К,
шүүгдэгч Ж.Сг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогтой Жийн Ст холбогдох 1813000000194 дугаартай, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1978 оны 08 сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, бичиг үсэг мэдэхгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогтой Жийн С, Регистрийн дугаар: БА*****.
Шүүгдэгч Ж.Сгийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Сг нь тус аймгийн А сумын 2 дугаар багийн иргэн малчин П.Г-Оын гэрт түр хугацаагаар ирж гэр орны болон мал маллах ажилд нь тусалж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд хутганд зүсэгдсэн гарынхаа хуруунуудаас гарсан цус тогтохгүй болохоор огцом уурлаж биеэ барих чадваргүй болж тухайн айлд байсан ТОЗ-8 маркийн ангийн буугаар П.Г-Оын эхнэр Ч.Гийн цээжинд 4 удаа буудаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Сг нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн А сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “У” гэх газар байрлах иргэн П.Г-Оын гэрт хутганд зүсэгдсэн гарынхаа хуруунуудаас гарсан цус тогтохгүй байна гэх зүйлээр шалтаглан уурлаж, гэрт байсан ТОЗ-8-01 маркийн ангийн бууг авч, бууны хор /хажуу хэсэгт гар аргаар хийсэн дайз/-нд байсан 1 ширхэг сумыг авч сумлан, амь хохирогч Ч.Гийн зүрхэн хэсэгт нь 2 метр орчим зайтаагаас буудан унагаж, ахин авдраас 3 ширхэг сум аван түүний аюулхай хэсэгт нь 3 удаа тулгаж буудан амь насыг нь хохироосон байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар, /хх-ийн 10-20 дугаар хуудас/,
- талийгаач өөрийгөө буудах боломжгүйг болон гэмт хэргийн байдлыг нотлох “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” /хх-ийн 21-30 дугаар хуудас/,
- Сийн зүүн гарын хуруунууд зүсэгдсэн ба цус гарсныг нотлох “Хүний /Сийн/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 41-42, 48 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ж.Сгийн сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 тоот магадлагаа /хх-ийн 140 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар 13-ны өдрийн 491 тоот дүгнэлтэнд: “Ж.Сгийн зүүн гарын эрхий хурууны өндөгний 1-р үений 1-р шивнүүр зүсэгдсэн, зүүн гарын дунд хурууны 1-р үений 1-р шивнүүр зүсэгдсэн, ядам хурууны 1-р үений 1-р шивнүүрийн үед зүсэгдсэн шархтай, баруун гарын 4-р хурууны 2-р үенд зүсэгдсэн шархтай. Сийн биед үүссэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 145 дугаар хуудас/,
- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт: “талийгаач Ч.Гийн биед галт зэвсгийн гэмтэл, цээжний хөндийд 4 газарт нэвтэрч орж штанц маркын тамгалсан ором дугуй тортогтой хүрээ үүссэн, зүрх, уушиг,элэг болон бөөр, артер, хөх судас буюу вен, зүүн талын 4-5-6-7-8-9 хавиргануудын үзүүр хэсэг хугарч тасарсан,баруун талын 5-6-7 хавиргануудын үзүүр хэсэг нь тасарч хугарсан, өвчүү яс нь гурван газарт нүх үүссэн цооролтгой зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тоггоогдлоо. Талийгаач Ч.Гийн биед үүссэн дээрх олон эрхтний хавсарсан хүнд гэмтэл нь галт зэвсгийн 4 удаагийн үйлчлэлээр үүссэн тулгаж буудагдсан гэмтлүүд байна. Ч.Г нь олон хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид архаг хууч өвчингүй болно. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй тухайн үед эрүүл байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 148-149 дүгээр хуудас/,
- Талийгаач Ч.Гийн цогцост задлан шинжилгээ хийх үед бэхжүүлж авсан фото зургууд /хх-ийн 150-152 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 94 дугаартай “иргэн Ж.Сгээс авсан цус шинжилгээнд тэнцэнэ. иргэн Ж.Сгийн цусанд 0,6% промилль этилийн спирт илрэв. Иргэн Ж.Сг нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 157 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11037 тоот “шилжилгээнд ирүүлсэн амь хохриогч Ч.Гийн баруун болон зүүн гарнаас авсан арчдас, мөн амь хохирогчийн баруун болон зүүн гарнаас авсан хумс, яллагдагч Ж.Сгийн баруун болон зүүн гарнаас авсан арчдас, мөн яллагдагчийн баруун болон зүүн гарнаас авсан цус, Ж.Сгээс хураан авсан /гарын боосон гэх/ бинт, амь хохирогчийн нөхөр болох П.Г-Оын баруун болон зүүн гарнаас авсан арчдаснаас дарь тортгийн үлдэц элементүүд илрэхгүй байна. шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмрөөс авсан арчдас, амь хохирогчийн цогцосны цээжин хэсэгт байгаа шархнаас авсан арчдаснаас дарь тортгийн үлдэц элементүүд илэрч байна. Бууны гол төмрөөс авсан арчдаснаас илэрсэн дарь торгийн агууламж нь амь хохирогчийн цогцосны цээжин хэсэгт байгаа шархнаас авсан арчдаснаас илэрсэн дарь тортгийн агууламжтай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 160-164 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11039 тоот дүгнэлтээр хэргийн газраас хурааж авсан нүүр гарын алчуур 8 ш даавууны хэсэгт илэрсэн цус нь Сийн цус болохыг тогтоосноор /хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11041 тоот дүгнэлтээр хэргийн газраас хурааж авсан хутга, авдарны таг, авдар дотор байсан Ерөөл нэртэй архины шил, ундааны савнаас авсан арчидас,буунаас авсан арчидаснаас илэрсэн цуснууд нь яллагдаг Сийн цусны ДНХ-ийн тоггоцгой тохирч байна гэснээр, /хх-ийн 177 дугаар хуудас/,
- Криминалистикийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6210 тоот дүгнэлтээр хэргийг газраас олдсон буу болон сумны хошуу, хонгио нь сангийн анги Я5820, замаг 29408 тус тус душгаартай ТОЗ-8-01 загварын галт зэвсгээр буудагдсан нь тогтоогдсоноор /хх-ийн 189-190 дүгээр хуудас/,
- Ж.Сгийн биенээс арчидас буюу дээж авсан тэмдэглэл, мөн цусны дээж авсан тэмдэглэл /хх-ийн 43, 46 дугаар хуудас/,
- авдар дотор байсан ТОЗ-8 маркийн бууны сумыг С авч талийгаачийг буудсаныг нотлох “П.Г-Оын гэрийн авдарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” /хх-ийн 49-53 дугаар/,
- уг буугаар гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотлох “Буунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” /хх-ийн 54-57 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоолууд, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 58-69 дүгээр хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-О түүний гэр бүлийн хүмүүсийн иргэний баримт бичгийн хуулбарууд, яллагдагч С түүний гэр бүлийн хүмүүсийн иргэний баримт бичгийн хуулбарууд /хх-ийн 70-77 дугаар хуудас/,
- Гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие уг өдөр орой 16 цагийн үед гэртээ байж байтал П.Г-Оын төрсөн дүү Г ганцаараа хүрээд ирсэн ба надад ёстой муухай юм боллоо гээд уйлахаар нь би юу болсныг асуухад бэргэн Г өөрийгөө хорлосон юм шиг байна, та яваач гэж уйлахаар нь би Гтай хамт талийгаачийн байшинд дөхөж ирээд би даралт ихтэй байшинд орж чадахгүй, чи өндөр настан хүн дууд гэчихээд Гы гэр лүү явсан. С нь Гы гэрт нэлээд хямарсан байдАхоёр гар нь нилдээ цус болчихсон уйлаад сууж байсан. Тэр үед би юу болсон талаар асуухад С надад “Тэр хүн хонио хариулаад гэртээ ирээд өөрийгөө хорооно гээд хутга авах үед би хутгыг нь салгаж авахаар булаацалдахад миний хоёр гарыг хутгаар зүсчихлээ. Тэгээд би эднийд ирээд Бад хэлээд надад хүч өгөлгүй өөрийгөө хорооно гээд байна гэж Быг тэднийх рүү явуулсан” гэж хэлээд уйлаад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр жижиг хүүхэдтэйгээ манайд ирж байрлаж байсан. Тэд манайд ирээд урьдынх шигээ тоглож наадаад байж байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймагт байгаа 2 хүүхэддээ аргал хүргэж өгөх санаатай өглөө 08 цагийн үед өөрийнхөө машинаа унаад аймаг руу гарсан юм. Би гэрээс гарахад манай эхнэр Ч.Г, худ С нар үхрээ саагаад үлдсэн...яг 18 цагийн үед манай дүү Г утсаараа залгаад “та нааш ирэхгүй бол болохгүй нь, бэргэн ухаан алдаад уначихсан” байна гэхээр нь би шууд гараад 20 цаг гэхэд гэртээ ирсэн...надад ТОЗ-8 маркийн ангын буу байгаа. Уг бууг манай аав 2001 онд өөд болоход үлдсэн буу. Тус буунд ямар нэгэн гэрчилгээ байхгүй...7 хоногийн өмнө шөнө хонь үргэхээр нь буугаа авч гараад агаарт нэг удаа хий буудаад буцааж зүүн талд байдаг шар авдрын заагт оруулж тавьсан байсан. Тухайн үед бууны хороонд 1 ширхэг сум байсан...талийгаач болон Сийн хооронд ямар нэгэн хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй...Талийгаач гартаа буу барьж сумлаж байсныг би урд нь хараагүй, буу яаж хэрэглэдгийг мэддэггүй юм... би нийт 1490000 төгрөг нэхэмжилнэ. Миний бие гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-88 дугаар хуудас/,
- Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд үдээс хойш ойролцоогоор 3-4 цагийн үед манай ахын гэрт байсан худ С манайд орж ирсэн. Туайн үед С нь баруун гараа шар даавуугаар ороосон. Нөгөө гар нь зүсэгдэж цус болсон байдАорж ирэхээр нь юу болов гэж асуухад С надад “авгай нь зүрх өвдөж байна, би үхмээр байна гээд хутга авахаар нь би гарт байсан хутгыг нь авахаар булаацалдсан, чи тийш нь очооч” гэхээр нь би угааж байсан хайсаа орхиж хадам ахын гэрт алхаад ирэхэд хадам ахын эхнэр байшин дотроо хаалганы тэнд шалан дээр ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би юу болчихов гэж сандраад талийгаачийн хацрыг нь барьж үзэхэд хацар нь бүлээн байсан ба ямар ч ухаан санаагүй байхаар нь би сандраад гэрээс гараад багийн эмчийг дуудсан. Тухайн үед талийгаачийн зүүн гар талын доод талд шалан дээр буу байсан... тэгээд би байшингаас гараад гэр лүү явж байхад С надтай зөрөөд хадам ахын гэр тийш яваад өгсөн. Би анх ороход худ Сийн хүүхэд орон дээр хэвтэж байсныг харсан ба орой нь нар жаргаж байх үед нөгөө жижиг хүүхдийг авахаар буцаад талийгаачийн гэр лүү ирэхэд хүүхэд урьд байсан орон дээрээ хэвтэж байсан ба би хүүхдийг аваад гарсан. Харин тухайн үед талийгаачийн зүүн талд байсан буу байрандаа байгаагүй ба талийгаачийн баруун мөрний доор урссан цус байхыг харсан тэгээд шууд хүүхдийг өргөөд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
- Гэрч П.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг гэрт ирэхэд эхнэр байгаагүй,.. мотоциклээ унаад дээш явж байтал манай эхнэр Дын гэрээс эхнэрийг нь дагуулсан ирж байхаар нь би тэдэн дээр очиход манай эхнэр надад “манай бэргэн С хоёр болохоо байсан байна. Бэргэн гэртээ ухаангүй хэвтэж байна, хажууд нь буу байна, та нар битгий ойрт” гэж хэлсэн...гэртээ буцаж ирээд багийн эмч рүү залгаад сумын төвөөс эмч, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би анх 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр эзгүй байсан ба С манай ахын гэрийн гадаа явж байсан. Дараа нь би Х бэргэнээ авад ирж байхад С нь манай ахын гэрээс нааш бидний өөдөөс ирж байсан. Тэгээд Стэй тааралдах үед уг хүн нэг гараа боосон нөгөө гар нь цустай байсан ба юу болсон талаар асуухад “тэр хүн хутга аваад дайраад бид хоёр ноцолдоод би хүч хүрэлгүй гараа зүсүүлчихлээ” гэж хэлэхээр нь би уг хүнийг манайх руу очоорой гээд гэр лүүгээ явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
- Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...урд өдөр С талийгаачийн гэрт хүүхэдтэйгээ хамт байсан. П.Г-О ах энэ өдөр аймаг руу явсан байсан гэсэн. С эгчийг хэд хоногийн өмнө туслаарай, манай гэрт ирж байгаарай гэж дуудуулж авсан гэж байсан. Талийгаач болон С нар нэг нэгэндээ туслаад явдаг байсан, ямар нэгэн асуудлаас болж урд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй, талийгаач уурлаж хүнтэй маргалдаж байсныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 дүгээр/,
- Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Г-О болохоор миний дүү Аийн хадам ах болдог юм. Зун эдний гэртэй хамт зусаад цагаан идээгээ авдаг, намар тусдаа зайтай байсан. Манайх малгүй болохоор ах дүү нарын малыг хариулдаг. Долоо хоногийн өмнө П.Г-О талийгаач нар манай эхнэрийг ирээд мал саагаад сүү хөлдөөж ав, цагаан сарын хэвийн ааруулаа хийж аваарай гэхээр нь дүү А мотоциклээрээ хүргэж өгсөн.. С түргэн ууртай, ямар нэг зүйл болоход хурдан уурладаг, их аймтгай, уурлах үед нь урдаас нь үг хэлж хэрэлдэхгүй бол байж байгаад тайвширдаг. Зарим үед огцом түргэн уурладаг, тэр үед нь би урдаас нь үг хэлдэггүй. С урд өмнө өвдөж эмчийн хяналтад орж байгаагүй, сэтгэцийн хувьд ухаан санаа эрүүл. Талийгаач болон П.Г-О С нарын дунд таарамжгүй ямар ч харьцаа гарч байгаагүй...Бид хоёр 2007 онд гэр бүл болсон, одоо 2 хүүхэдтэй, том хүү аймгийн төвд 2 дугаар сургуульд 1 дүгээр ангид сурдаг, 6 настай. Бага хүүхэд нь 5 настай, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
- Гэрч Р.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С нь зан байдлын хувьд даруу төлөв ааштай, номхон томоотой, дуу цөөтэй, хааяа цочмог түргэн ууртай. Өөрийн гэсэн эд херөнгө мал байхгүй. Нөхөр нь бусдын мал маллаж амьдардаг, багийн нэн ядуу өрхийн тоонд ордог. 2017 оны жилийн эцсээр мал тоолуулаагүй. Ч.Г, С нарын дунд ямар нэгэн таарамжгүй асуудал байхгүй. Зуны улиралд хамт хөрш байж С тусалдаг байсан, өөр таарамжгүй харьцаа байхгүй. ...талийгаач хааяа зүрх өвдөж байна гэж надад хэлж байсан, эмчилгээ хийлгэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/,
- Гэрч Р.Уы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ж.Сгийн биеийн байдал нь хэвийн, өөрөө явж ирсэн. Мөн зүүн гарыг нь боосон байдАирсэн. Тэгээд би Сийн зүүн гарын боосон боолтыг нь авч, шархны анхны цэгцлэлт хийгээд зүүн гарын эрхий хуруугаа ороосон байдАзүсэгдсэнийг 5 оёдол тавьж, цусыг нь тогтоосон. Мөн уг гарын дунд болон ядам хуруунуудын өндөгний хэсэгт байсан шарханд нийт 5 ширхэг оёдол тавьж оёсон болно. Ж.Сг нь ирэх үедээ айж сандарсан байдалтай, дагжиж чичирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,
- Гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ж.Сг болон талийгаач нарын хооронд ямар нэгэн таарамжгүй харилцаа байсан талаар мэдэхгүй. Урд нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан талаар сонссон мэдсэн зүйл байхгүй. Би амралтаа аваад аймгийн төвд байсан. Болсон асуудлыг хүмүүсээс сонсож мэдсэн. Өөр тодорхой мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ж.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр: “...тухайн үед бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...өш хонзон, хардалт сэрдэлтийн асуудалгүй,...над руу буу авч дайраагүй,...өөрөө өөрийнхөө амийг хорлоно гэж байсан,...би гараа зүсүүлсний улмаас миний гараас цус гарч би гэнэт огцом уурлаж, шууд бууг аваад талийгаачийг буудсан,...бууг анх би авсан,...талийгаачийг буудсан анхны сум бууны хороонд /дайзанд/ байсан бөгөөд уг сумыг бууны хорооноос аваад буунд хийж сумлаж байсан,...намайг эхний сумыг сумлаж байхад талийгаач зуухны ойролцоо зогсож байсан,...Ч.Гийг нэг удаа зүрхэн тус газар нь ойролцоогоор 2 метрийн зайтай газраас буудсан,...Тэр үед Ч.Г шаланд дээш харж унасан,...Тэгэнгүүт би гэрийн дээд хананд байгаа...авдрыг онгойлгоод бичиг баримт хийж тавьсан байсан уутны дотор байсан хайрцагтай сумнаас 3 ширхэг сум аваад зуухны урд хэвтэж байсан Ч.Гийн цээж хэсэг рүү дахин тулгаж байгаад 3 удаа буудсан...”/хх-ийн 211-218/, болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гар яагаад зүсэгдсэн бэ, хүн зүссэн үү” гэсэн асуултад “дугараагүй”, “Өөр лүү чинь дайрсан уу, дарамталсан уу” гэсэн асуултад “үгүй” гэж хариулсан, эд мөрийн баримтаар хураагдсан бууг үзүүлэн “энэ буугаар буудсан уу” гэсэн асуултад “тийм” гэж, мөн “бууны хажуу хэсэгт байрлах хороон буюу дайзанд /буунд зааж үзүүлэн/ байсан 1 сумыг анх авч буудсан уу” гэсэн асуултанд “тийм” гэж, “авдранд байсан сум мөн үү” гэж хайрцагтай сумыг харуулахад “мөн” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ж.Сг нь ам бүл 4, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү нь аймгийн 2 дугаар бүрэн дунд сургуульд 1-р ангид сурдаг. Бага охин нь 5 настай, төрөлхийн саажилттай бөгөөд босож явж, өөрөө ганцаараа сууж чаддаггүй. Мөн өөрөө хоол цай ууж чадахгүй, авиа гаргаж ярьж чаддаггүй, дөрвөн мөчний саажилттай байнгын хүний асаргаанд байдаг. Том хүү нь мөн 6 нас хүртлээ шууд өмдөө тайлахгүй өтгөнөө гаргаж байсан, бас оюуны хомсдолтой хүүхдийн судалгаанд байсан. Одоо хичээлд ороод яасан эсэхийг мэдэхгүй байна. ...Ж.Сг нь даруухан дуу цөөнтэй, жаахан зөрүүд зантай, гэрийн ажлаа хийгээд явдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн А сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “А сумын 2 дугаар багийн иргэн Ж овогтой С ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй. Нөхөр Б овогтой Б нь нэн ядуу өрхийн доод түвшин буюу амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 200-аас доош оноонд багтаж халамжийн сангаас хүнсний эрхийн бичигт хамрагдаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ий 221 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн А сумын 2 дугаар багийн Засаг даргын “Ж овогтой С нь тус сумын 2 дугаар багт оршин суудаг. Ам бүл 4, Бл овогтой Б болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүү Б.Б нь 7 настай, ЕБС-ийн 1-р ангид суралцдаг. Бага охин Б:Б нь 5 настай, хөгжлийн бэрхшээлтэй учир байнгын бусдын асаргаа халамжинд байдаг. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй, огт малгүй өрх бөгөөд эсгий гэртэй, хашаа байшингүй, ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгөгүй, хүүхдийн эх орны хишиг болох сар бүр 40000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарсны тэтгэмж болох 70000 төгрөг, мөн өрхийн хүнсний талон хөтөлбөрт хамрагдсан учир сар бүр 45000 төгрөгийн хүнсний зүйл авдаг. Б.Б, Ж.Сг нар нь өөрсдийн дүү болох Б.Аийн малыг маллаж амьдардаг бөгөөд хөгжлийн бэрхшээл бүхий өрхийн гишүүнтэй тогтмол орлогогүй нэн ядуу өрх болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 222 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 225 дугаар хуудас/,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1082 дугаартай “Ж овогтой С /БА*****/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 233 дугаар хуудас/,
-2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БА*****, овог:Ц, эцэг /эх/-ийн нэр:Ж, нэр:С, яс үндэс:Урианхай, хүйс: Эмэгтэй, төрсөн огноо: 1978/08/07, төрсөн газар:Баян-Өлгий, А, хаяг:Баян-Өлгий, А *-р баг, У, бүртгэлийн дугаар:*****, хүчинтэй хугацаа:2023/08/07, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 234 дүгээр хуудас/
- Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С түргэн ууртай, ямар нэг зүйл болоход хурдан уурладаг, их аймтгай, уурлах үед нь урдаас нь үг хэлж хэрэлдэхгүй бол байж байгаад тайвширдаг. Зарим үед огцом түргэн уурладаг, тэр үед нь би урдаас нь үг хэлдэггүй. С урд өмнө өвдөж эмчийн хяналтад орж байгаагүй, сэтгэцийн хувьд ухаан санаа эрүүл... Бид хоёр 2007 онд гэр бүл болсон одоо 2 хүүхэдтэй, том хүү аймгийн төвд 2 дугаар сургуульд 1 дүгээр ангид сурдаг, 6 настай. Бага хүүхэд 5 настай, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
- Гэрч Р.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С нь зан байдлын хувьд даруу төлөв ааштай, номхон томоотой, дуу цөөтэй, хааяа цочмог түргэн ууртай. Өөрийн гэсэн эд херөнгө мал байхгүй. Нөхөр нь бусдын мал маллаж амьдардаг, багийн нэн ядуу өрхийн тоонд ордог. 2017 оны жилийн эцсээр мал тоолуулаагүй. Ч.Г, С нарын дунд ямар нэгэн таарамжгүй асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/, болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан чанар, хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, галт зэвсгийн үзлэг тооллогыг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэрэг гарах үед амь хохирогч Ч.Г болон Ж.Сг нараас өөр том хүн байгаагүй болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Сг нь бууг авч бууны хажуу хэсэгт байрлах дайзанд байсан 1 ширхэг сумаар сумлаж, Ч.Гийн зүрхэн тус газар нь буудан цээжний хөндийг нэвтэлсэн шарх үүсгэж дотор эрхтнийг нь гэмтээн, мөн авдар ухаж 3 ширхэг сум авч 3 удаа сумлаж, түүний аюулхай хэсэгт тулгаж байгаад 3 удаа буудаж, цээжийг нь нэвтэрсэн шарх үүсгэж, дотор эрхтнийг нь мөн гэмтээж үүний улмаас Ч.Г нас барсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар, /хх-ийн 10-20 дугаар хуудас/, талийгаач өөрийгөө буудах боломжгүйг нотлох “цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” /хх-ийн 21-30 дугаар хуудас/, Ж.Сгийн биенээс арчидас буюу дээж авсан тэмдэглэл, мөн цусны дээж авсан тэмдэглэл /хх-ийн 43, 46 дугаар хуудас/, авдар дотор байсан ТОЗ-8 маркийн бууны сумыг С авч талийгаачийг буудсаныг нотлох “П.Г-Оын гэрийн авдарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” /хх-ийн 49-53 дугаар/, шинжээчийн дүгнэлтэнд: “..бууны гол төмрөөс авсан арчдаснаас илэрсэн дарь тортогийн агууламж нь амь хохирогчийн цогцосны цээжин хэсэгт байгаа шархнаас авсан арчдаснаас илэрсэн дарь тортогийн агууламжтай тохирч байна” гэх /хх-ийн 160 дугаар хуудас/, шинжээчийн дүгэнэлтэнд: “...Талийгаач Ч.Гийн биед үүссэн дээрх олон эрхтний хавсарсан хүнд гэмтэл нь галт зэвсгийн 4 удаагийн үйлчлэлээр үүссэн ...тулгаж буудагдсан гэмтлүүд байна. Талийгаач Ч.Г нь олон хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач архаг хууч өвчингүй...” /хх-ийн 148-149 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Ж.Сгийн үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүнийг онц харгис хэрцгий” аргаар алсан байна. Учир нь тэрээр бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа Ч.Гийг өөрийнх нь гарыг нь зүссэн гэх хувийн сэдэлтээр шалтаглан, талийгаачийг эхлээд нэг удаа буудсаны дараа айлын авдар уудалж дотроос нь бууны сум гаргаж нэг нэгээр нь сумлан дахин дахин буюу 3 удаа аюулхай руу нь буудсан нь онц харгис хэрцгий /нэг мөсөн алахыг хүссэн/ шинжийг агуулж байна.
Өөрийн үйлдлийн харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, үр дагаврыг нь /эхний сум амь хохирогчийн амин бус хэсэгт оносон, амь аврагдах боломжтой байсан эсэхийг нягтлаагүй, амийг нь аврахыг хүсээгүй, үхүүлэхийг хүсэж ахин дахин буудаж урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин амь насыг хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулан үздэг. Мөн гэмт этгээд амь хохирогчийг нас барсан болохыг мэдээгүй үедээ дээрх үйлдлийг хийснийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж үзнэ.
Шүүгдэгч нь хохирогчийн амийг бүрэлгэхдээ орчин тойрондоо аюултай, хүн амьтныг хөнөөх чадвар өндөр галт зэвсэг хэрэглэж, алах явцдаа хохирогчид олон тооны шарх буюу 4 удаагийн буудалтаар цээжин биеийг нь 4 сум нэвтрүүлэн гаргаж онц харгис хэрцгий аргаар үйлджээ. Шүүгдэгч нь эхний буудалтаар хохирогчийг үхсэн эсэхийг нягтлаагүй бөгөөд эхний буудалтаас сүүлийн буудалт хүртэл алах санаа зорилго тасралтгүй үргэлжилсэн байна. Эхний буудалтын улмаас амь хохирогч газарт унасан болох нь дараагийн 3 буудалтаас үүссэн сумны ором аюулхай хэсэгт 1см-ийн зайтай гарснаар нотлогдоно. Өөрөө хэлбэл дараагийн 3 сумны орсон байдлаас үзвэл босоо байгаа хүнийг тулгаж нэг газар буудах боломжгүй юм. Мөн шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь олон хавсарсан гэмтлийн улмаас үүссэн буюу 4 удаагийн буудалтаас амь хохирогч нас барсныг тогтоосон.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Сгийн үйлдэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь “...тухайн өдөр ... согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэж /хх-213-214/ мэдүүлж байгаа боловч тухайн үед шүүгдэгчээс авсан цусанд шинжилгээ хийж үзэхэд этилийн спирт 0.6 хувь гарсан /хх-157/, дээрхийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт шүүгдэгчийн мэдүүлгээс өөрөөр авагдаагүй учир шүүгдэгчийн мэдүүлэг мөрдөн байцаалтад зарим зүйлийг үнэн зөв тогтвортой өгөөгүй, бусад гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан зэргээс дүгнэн тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.
Амь хохирогч нь өөрийгөө буудах боломжгүй, бусдын гарт хорлогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийн сүүлд талийгаач нь өөрийгөө буудах боломжтой эсэхийг тогтоох зорилгоор 2 гарын уртыг хэмжиж үзэхэд баруун гар нь мөрнөөс гарын хурууны үзүүр хүртэл 69 см, зүүн гар нь мөрнөө гарын хурууны үзүүр хүртэл 69 см урттай байв. Цогцсын цээжин дэх шарханд бууны үзүүрийг тааруулан тавьж, талийгаачийн гар бууны гохонд хүрэх эсэхийг харьцуулж үзэхэд зүүн гарын үзүүрээс бууны гох хүртэл 29 см зайтай байв. Өөрөөр хэлбэл гарын хуруу бууны гохонд хүрэхгүй байв...” /хх-ийн 21/ гэснээр нотлогдоно.
Хэдийгээр амь хохирогч нь архаг хууч өвчингүй, эрүүл мэндийн эмчилгээ сувилгаанд хамрагдаж байгаагүй боловч гэрч Р.О /хх-ийн 114/, шүүгдэгчийн “зүрх өвдөж байна гээд хутга авсан” зэрэг мэдүүлэг болон хүний бие мах бодь байнга хувьсан өөрчлөгдөж байдгийн хувьд тухайн үед амь хохирогчийн зүрх дэлсэх, биеийн байдал хэвийн биш болсныг үгүйсгэх аргагүй юм.
Гэмт хэрэг гарсны дараа буюу 2018 оны 10 дугаар 11-ний шөнийн 02 цагийн үед сумын эмнэлэг дээр шүүгдэгчийг авч ирэн шинжилгээ хийх зорилгоор түүний биеэс цус авсан нь дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.
Шүүгдэгчээс авсан цус нь буу, авдрын таг, авдарт байсан архины шил, ундааны таг зэрэгт илэрсэн цусны шинжилгээтэй тохирч байгаа нь түүнийг уг буугаар буудсан, авдарт байсан сумыг авсан зэргийг нотолно.
Мөн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Энэхүү гэмт хэргийн тухайд амь хохирогч Ч.Г нь шүүгдэгч Ж.Сгт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтандаа оруулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тэд сайн харилцаатай байсан, шүүгдэгч Ж.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр: “...тухайн үед бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...өш хонзон, хардалт сэрдэлтийн асуудалгүй,...над руу буу авч дайраагүй,...өөрөө өөрийнхөө амийг хорлоно гэж байсан,...би гараа зүсүүлсний улмаас миний гараас цус гарч би гэнэт огцом уурлаж, шууд бууг аваад талийгаачийг буудсан,...бууг анх би авсан,...талийгаачийг буудсан анхны сум бууны хороонд /дайзанд/ байсан бөгөөд уг сумыг бууны хорооноос аваад буунд хийж сумлаж байсан,...намайг эхний сумыг сумлаж байхад талийгаач зуухны ойролцоо зогсож байсан,...Ч.Гийг нэг удаа зүрхэн тус газар нь ойролцоогоор 2 метрийн зайтай газраас буудсан,...Тэр үед Ч.Г шаланд дээш харж унасан,...Тэгэнгүүт би гэрийн дээд хананд байгаа...авдрыг онгойлгоод бичиг баримт хийж тавьсан байсан уутны дотор байсан хайрцагтай сумнаас 3 ширхэг сум аваад зуухны урд хэвтэж байсан Ч.Гийн цээж хэсэг рүү дахин тулгаж байгаад 3 удаа буудсан...”/хх-ийн 211-218/ тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлгээр амь хохирогч нь түүний шархыг боож өгсөн байдаг.
Иймээс хохирогч нь шүүгдэгчийн эсрэг халдан довтолсон үйлдэл хийгээгүй, хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл хохирогч нь зүрх өвдөөд байна гэж хэлээд өөрийгөө хутгалах гэж хутга авахад нь хутгыг нь авах үедээ шүүгдэгчийн гарын алга зүсэгдсэн нь хохирогчийн өөрт нь халдан довтолж хүч хэрэглэсэн зүй бус үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Мөн амь хохирогч нь Ж.Сгт болон түүний ойр дотны хүний амь нас, эрүүл мэндэд хууль бус үйлдэл, довтолгоон хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүдийн улмаас гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэлзүйн эмгэгт байдлыг үүсгэж, тийм нөхцөл байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр, эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд хоромхон зуур орж гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч гараа зүсүүлснээс хойш гараа боолгож нэлээн хугацаа өнгөрсөн, уур нь хүрснээс болж бууны хажууд байсан сумыг авч сумлан буудсан, дараа нь авдар ухаж сумыг аваад нэг нэгээр нь сумлаж байгаад 3 удаа тулгаж буудсан зэргээс үзвэл энэ бүх хугацаа нь хоромхон зуур болсон гэж үзэх боломжгүй юм.
Хоромхон зуур гэдэг нь хугацааны маш бага хэмжигдэхүүн бөгөөд хэдхэн секундийн хугацаа байдаг. Өөрөөр хэлбэл дээрх бүх үйл явдал болж, сүүлийн сумыг буудаж дуусах хүртэлх хугацаанд шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд байсан гэж үзэхгүй.
Шүүгдэгч анхны сумаа бууны хажуугаас авч сумласан гэх мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-Оын мөрдөн байцаалтад өгсөн “...7 хоногийн өмнө шөнө хонь үргэхээр нь бууны хороонд /дайзанд/ байсан 2 сумны нэгийг нь авч хий буудах хооронд 1 сум үлдсэн...” гэх, шүүх хуралдаанд эд мөрийн баримт шинжлэн судлах үед энэ талаар өгсөн мэдүүлгээр батлагдаж байна.
Энэ нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн “хохирогч бууг авч өөрийгөө буудах гэхэд булаацалдаж байхад гох дарагдсан” тухай мэдүүлгийг няцааж байна.
Шүүгдэгч Ж.Сгийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдалтай тохирч байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К нь шүүх хуралдаанд: “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хүнийг түргэн хороох зорилгоор ахин дахин буудсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-ээр зүйлчилнэ гэсэн саналыг гаргаж байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд: “...шүүгдэгч нь тарчлаагүй, зүрхэнд буудсанаар шууд нас барсан, үхсэн хүнийг хэд ч буудсан тамлан зовоосон гэж үзэхгүй, иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-ээр зүйлчилж өгнө үү” гэснийг тус тус шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь амь хохирогчийг эхний сумаар зүрхэн хэсэгт нь буудаж унаган газар дээш харан хэвтэж байхад нь ахин 3 удаа тулган буудаж алсан болох нь түүний мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, хохирогчийн цээжний зүрхэн хэсэгт нь 1 сумны ором, харин аюулхай хэсэгт нь ойролцоо 3 газар сум нэвтрэн орсон байдлаар нотлогдоно.
Иймд эхний буудалтаар хохирогч газар унасан ба шинжээчийн дүгнэлтээр уг 4 сумны улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж буй арга, хэрэгсэл, хохирогчийг нэг мөсөн буудаж алах санаа зорилго нь тасралтгүй үргэлжилсэн зэргээс үзэн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Ж.Сгт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч Ж.Сгийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон, түүний улмаас үүссэн үр дагавар болох оршуулгын зардтай холбоотой 1.090.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Харин амь хохирогчийн нөхөр П.Г-О нь өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 400.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно.
Өөрөөр хэлбэл хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт нэхэмжилсэн 1.490.000 төгрөгөөс өмгөөллийн хөлсөнд гарсан зардал 400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар бодит хор уршигт төлбөл зохих 1.090.000 төгрөгийг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 1.090.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Сгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөх талаар санаачилгагүй хандаж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт огт гуйгаагүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө инээсэн байдалтай, хэлээ гаргаж мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Сгт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар ахин дахин буудаж үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй, учруулсан хохирол нь ахин хэзээ ч төлөгдөхгүй хүний амь нас, харин оршуулгын зардалд гарсан хор уршгийг огт төлөөгүй, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлээгүй болон бусад хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 1.090.000 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “онц харгис хэрцгийгээр хүний алах” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ж.Ст ял оногдуулахдаа шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “маш их гомдолтой байна” гэснийг, улсын яллагчаас шүүгдэгчид “13 жилийн хорих ялыг хаалттай дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх сантай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “12 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Сг нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 68 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ж.Сгийн баривчлагдаж, цагдан хоригдсон 68 хоногийг хорих ялын 68 хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ амь хохирогчийн гэрт байсан бууг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг буу нь Д.П.Г-Оынх гэх боловч тэрээр буу эзэмших, өмчлөх эрхгүй, бүртгэл, бичиг баримтгүй буу байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8-01 загварын, Я5820 гол төмрийн дугаартай, 29408 дугаартай замагтай, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, ангийн зориулалттай буу 1 ширхэг, түүний5.6x15 мм калибртай ТОЗ-8-01 загварын бууны сум 23 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон даруйд Цагдаагийн байгууллагад хүргүүлж, Цагдаагийн байгууллага нь буу сумыг худалдан борлуулж, улсын орлогод оруулахыг даалгаж байна. Мөн Цагдаагийн байгууллага энэхүү даалгаврыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар баримтжуулж хэрэгт хавсаргуулах, прокурор үүнд хяналтаа тавих нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр улаан алаг өнгийн иштэй хутга 1 ширхэг, сумны хонгио 3 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, талийгаачийн өмсөж байсан ногоон өнгийн хантааз 1 ширхэг, хүрэн алаг өнгийн цамц 1 ширхэг, хүрэн улаан өнгийн пудволк 1 ширхэг, саарал өнгийн хөхний даруулга 1 ширхэг, 7 арчдас, 2 дээж зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна. Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс хэрхэн устгасан талаар тэмдэглэл үйлдэн, видео бичлэг, фото зургаар баримтжуулан хэрэгт хавсаргуулах нь нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь хохирогчид 1090.000 төгрөгийн төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц овогтой Жийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Сгийг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сгт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сгийн баривчлагдаж, цагдан хоригдсон 68 хоногийг хорих ялын 68 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-Оын 1.490.000 төгрөгийн нэхэмжлэлээс 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Сгээс 1.090.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-Оод олгосугай.
6. Шүүгдэгч Ж.Сгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8-01 загварын, Я5820 гол төмрийн дугаартай, 29408 дугаартай замагтай, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, ангийн зориулалттай буу 1 ширхэг, 5.6x15 мм калибртай ТОЗ-8-01 загварын бууны сум 23 ширхэг зэргийг тус тус улсын орлогод оруулахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр улаан алаг өнгийн иштэй хутга 1 ширхэг, сумны хонгио 3 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, талийгаачийн өмсөж байсан ногоон өнгийн хантааз 1 ширхэг, хүрэн алаг өнгийн цамц 1 ширхэг, хүрэн улаан өнгийн пудволк 1 ширхэг, саарал өнгийн хөхний даруулга 1 ширхэг, 7 арчдас, 2 дээж зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
9. Шүүгдэгч Ж.Сгийн иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Сгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д
ШҮҮГЧИД Б.Г
Д.А