Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 136

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.А даргалж

              Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

              Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

              Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Өт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

             Г.Ө

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 08-р сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Үын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

                 Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр ажлынхаа хүнтэй ар Шанд орох гээд явж байхад музейн хойд талын төв зам дээр гарцгүй газраар модон дотроос согтуу хүн гарч ирээд гуйвж дайваад дөхөхөөр нь дайруулах гээ юу гэж хэлчихээд зүүн тийшээ явж байсан чинь араас машин дагаад байх шиг байна гэж хамт явсан Батням

хэлэхээр нь зүүн талд байдаг төмөр замын гарам дөнгөж гараад зогссон. Ард нөгөө машин

зогсохоор нь би машинаа унтраагаад цонхоо доошлуулаад бүсээ тайлах гэтэл хохирогч ирээд шууд цохихоор нь яаж байгаа юм бэ гэсэн чинь чи яахаараа намайг хэл амаар доромжилдог юм бэ гээд байсан. Намайг машинаас буухад дахиад цохихоор нь би бултаад та яагаад байгаа юм бэ гээд шуугаараа нүүр рүү нь цохисон. Тэр үед хохирогч доошоо суусан. Амнаас нь цус гарсан байсан...” гэв.

 

               Шүүгдэгч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дугуйны нөхөөс

болох гэсэн юм уу гэж хэлчихээд зүүн тийшээ явж байсан чинь араас машин дагаад байх

шиг болохоор нь зүүн талд байдаг төмөр замын гарам дөнгөж гараад зогссон ард нөгөө

машин зогсохоор нь би машинаа унтраагаад бүсээ тайлах гэсэн чинь нөгөө хөгшин ирээд

шууд цонхоор намайг гараараа цохихоор нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь чи яахаараа

намайг хэл амаар доромжилдог юм бэ гэхээр нь би буусан чинь дахиад намайг цохихоор

нь би бултаад та яагаад байгаа юм бэ гээд шуугаараа нүүр рүү нь цохисон чинь тэр өвгөн

амнаас нь цус гараад доошоо суугаад шүлсээ хаяхаар нь ...яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг

/хх-ийн 38-р хуудас/

 

              Шүүгдэгч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтанговийн тэнд гарцгүй газраар урдуур нэг хөгшин хүн гарахаар нь би дугуйны нөхөөс болох гэсэн юм уу гэж хэлчихээд ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан чинь Батням ах араас машин дагаад байна гэхээр нь юун машин билээ гээд төмөр замын гарам гараад зогсоод суудлын бүсээ тайлсан чинь Алтанговийн урд машины урдуур гарсан ах ирэхээр нь би яасан ах гэсэн чинь намайг нүүр рүү гараараа цохихоор нь би машинаас буугаад нөгөө ахыг та яагаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь тэр намайг дахиад цохихоор нь би бултангуутаа тэр ахын нүүр рүү гарынхаа шуугаар нэг удаа цохисон чинь тэр ах доошоо суугаад өгсөн. Батням ах, тэр ахтай цуг ирсэн машины жолооч ах 2 бууж ирээд салгасан. Тэгсэн нөгөө надад цохиулдаг ах амнаас цус гараад байна гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би Батням ахтай машиндаа суугаад ар явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/

 

              Хохирогч Л.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08-р

сарын 14-ний өдрийн 02 цагийн орчим... аймгийн музейн явган хүний гарцан дээр ... улсын дугаартай Соната-6 маркийн мөнгөлөг саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл намайг дайрах гээд тулж ирээд жолооч нь цонхоор хөгшин төгцөг минь замаас зайл гэхээр нь би замаас холдсон чинь араас Хонда фит маркийн ... улсын дугаартай А гэдэг жолоочтой такси ирээд тэгээд би тэр таксинд суугаад нөгөө машины араас яваад зүүн талд байдаг “Петровис” шатахуун түгээх станцын тэнд зогсохоор нь би зогсоод нөгөө ... улсын дугаартай машины жолоочийг чи хүн дайрах шахлаа гээд тэр залууг гараараа нэг удаа алгадсан чинь... жолооч дахиад миний нүүр рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

 

             Хохирогч Л.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолооч нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд би унаад босоод ирсэн чинь миний амнаас цус гарсан... дахиад цохих шиг болсон. Тэгэхээр нь болъё гээд тулаад очоод чи ахынхаа шүдийг хардаа гээд хэлсэн чинь уучлаарай ахаа одоо таныг эмнэлэгт хүргэж өгөөд эмнэлгийн тусламж

үзүүлье гээд явсан...” гэв. /хх-ийн 32-р хуудас/

 

            Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2018 оны 08-р сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Өтой таараад Өын машинтай морь барианы тэнд хүнтэй уулзах гээд явж байсан чинь Алтанговийн гурван замын уулзвар дээр тормослоод зам гарцаараа гар гээд чанга дуугаар яриад тэгээд цаашаа үргэлжлүүлээд явж байгаад “Сод Монгол” шатахуун түгээх станцын тэнд явж байсан чинь араас машин дагаад сигналдаад байхаар нь төмөр замын гарам гараад зогссон чинь жолоочийн талаас нэг хүн ирээд та гээд нэг юм хэлээд тэгээд Өын нүүр рүү гараараа цохиод тэгснээ Өыг дахиад цохих гээд цонхоор гараа хийсэн чинь Ө гараараа хаагаад тэр хүн арагшаа болсон чинь Ө буусан чинь тэр хүн Өыг та нар шиг бацаан ингэдэггүй юм гээд байхаар нь машинаас буугаад би боль гэж хэлээд арын машины урд талд нь нэг хүн зогсож байхаар нь би очоод энэ хүнээ салгаж аваач ээ юу болсон юм бэ гэсэн чинь юм хэлэхгүй байхаар нь цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь Ө нөгөө хүн хоёр салсан байхаар нь би явъя гээд Өоо та нар хүн андуураад байна гээд машиндаа суугаад Ө бид

хоёр явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/

 

            Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ү миний машинд суугаад энэ урд явж байгаа машинтай уулзъя гэж хэлсэн, тэгээд би хойноос нь яваад Сайншанд сумын зүүн гарам өнгөрөөд тэр машин өөрөө зогссон. Тэгээд Ү миний машинаас буугаад тухайн машины жолооч тал дээр нь очоод цонхоор

нь хүн алгадах шиг болсон..., ...жолооч залуу Үын нүүрэн тус газар нь нэг удаа

цохисон..., ...тэр хоёр залуу эмнэлэг оръё гэж хэлсэн. Ү миний машинд суугаад

эмнэлэг рүү явж байтал тэр хоёр залуу алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

 

            Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ү нүүр нь цус болоод эрүү хэсгээрээ халцраад, баруун, зүүн хацар нь хавдсан байхаар нь..., ...маргааш өглөө нь яасан юм бэ гэсэн чинь нэг залуу дайрах шахаад тэгэхээр нь цонхоор нь гараа оруулаад цохисон чинь намайг бууж ирээд цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг

/хх-ийн 67-р хуудас/

 

            Шинжээчийн ... дугаартай: “...Л.Үын биед баруун, зүүн гайморын хөндийн хана, тагнай яс хамар ясны хугарал, дээд зүүн 2 дугаар шүдний хугарал, дээд уруулан дотор салстын шарх, зүүн бугалганы цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл

нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

            Л.Үын биед учирсан баруун, зүүн гайморын хөндийн хана, тагнай ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээд уруулан дотор салстын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

              Дээд зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

             Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 08-р сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Үын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

             Шүүгдэгч Г.Ө-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогчид

цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн нь хохирогч Л.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машины жолоочийг чи хүн дайрах шахлаа гээд тэр залууг гараараа нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолоочийн талаас нэг хүн ирээд та гээд нэг юм хэлээд Г.Ө-н нүүр рүү гараараа цохиод...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Ү миний машинаас буугаад тухайн машины жолооч тал дээр нь очоод цонхоор нь хүн алгадах шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу дайрах шахаад тэгэхээр нь цонхоор нь гараа оруулаад цохисон чинь намайг бууж ирээд цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн сарын цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Шүүгдэгчийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн

хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй.

 

              Хохирогч Л.Ү нь шүүгдэгч Г.Ө-с 2018 оны 08-р сарын 16-өдөр “Дашваанжил” АХЦС-с худалдан авсан авто газны үнэ 70000 төгрөг /хх-ийн 8-р хуудас/, 2018 оны 08-р сарын 22-ны өдөр “Дашваанжил” АХЦС-с худалдан авсан авто газны үнэ 70000 төгрөг /хх-ийн 9-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр IT лабораториор үйлчлүүлсэн төлбөр 123500 төгрөг /хх-ийн 10-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр IT лабораториор шинжилгээ хийлгэсэн төлбөр 46500 төгрөг /хх-ийн 11-р хуудас/, Эрүүний ясны титан ялтас төмөрний үнэ 55000 төгрөг, эрүү хоншоорын хугарлын энгийн болон түгжигддэг шурагны үнэ 99000 төгрөг, эрүү хоншоорын хугарлын энгийн болон түгжигддэг шурагны үнэ 8250 төгрөг, эрүү хоншоорын хугарлын энгийн болон түгжигддэг шурагны үнэ 8250 төгрөг, эрүү хоншоорын хугарлын энгийн болон түгжигддэг шурагны үнэ 8250 төгрөг /хх-ийн 12-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүү, нүүр, нүд, ерөнхий мэс засал хийлгэсний төлбөр 507960 төгрөг /хх-ийн 13-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр “Хийлс-Эйд” ХХК-д толгойн зураг авахуулсан төлбөр 80000 төгрөг /хх-ийн 14-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр IT лабораторит Ro цээжний шинжилгээ хийлгэсэн төлбөр 25000 төгрөг /хх-ийн 15-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр IT лабораторит “ЭКГ” шинжилгээ хийлгэсэн төлбөр 8000 төгрөг /хх-ийн 16-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр IT лабораторит “GPG” шинжилгээ, Ro цээжний шинжилгээ хийлгэсэн төлбөр 47000 төгрөг /хх-ийн 17-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр IT лабораторит “OPG” шинжилгээ хийлгэсэн төлбөр 22000 төгрөг/хх-ийн 18-р хуудас/, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр “Тэнгэр плаза” худалдааны төвөөр үйлчлүүлсэн 4330 төгрөгийн баримт /хх-ийн 19-р хуудас/, 2018 оны 08-р сарын 20-ны өдөр “Мөнхийн Тун Мед” ХХК-иас худалдан авсан диклоденк эмийн үнэ 6000 төгрөг /хх-ийн 20-р хуудас/, 2018 оны 08-р сарын 19-ний өдөр “Мөнхийн Тун Мед” ХХК-иас худалдан авсан диклоденк ретард эмийн үнэ 4000 төгрөг /хх-ийн 21-р хуудас/, 2018 оны 08-р сарын 20-ны өдөр “Мөнхийн Тун Мед” ХХК-иас худалдан авсан диклоденк эмийн үнэ 6000 төгрөг /хх-ийн 22-р хуудас/, 2018 оны 08-р сарын 16-ны өдөр “Мөнхийн Тун Мед” ХХК-иас худалдан авсан Kleenex Soo&Soo нойтон салфетканы үнэ 4500 төгрөг /хх- ийн 23-р хуудас/, 2018 оны 08-р сарын 20-ны өдөр “Мөнхийн Тун Мед” ХХК-иас худалдан авсан Отривин хамрын дусаалганы үнэ 13500 төгрөг /хх-ийн 24-р хуудас/, “Сансар” худалдааны төвөөр үйлчлүүлсэн 8290 төгрөг /хх-ийн 25-р хуудас/, нийт 1.224.170 /нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун дал/ төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

             Үүнээс 2018 оны 08-р сарын 17-ны өдөр “Тэнгэр плаза” худалдааны төвөөр үйлчлүүлсэн 4330 төгрөгийн баримт /хх-ийн 19-р хуудас/ гэмт хэргийн улмаас учирсан зардалд хамаарахгүй, 2018 оны 07-р сарын 23-ны өдөр “Сансар” худалдааны төвөөр үйлчлүүлсэн 8290 төгрөгийн баримт /хх-ийн 19-р хуудас/ цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарахаас өмнөх үеийн баримт, 2018 оны 08-р сарын 17-ны өдөр IT лабораториор шинжилгээ хийлгэсэн төлбөр 46500 төгрөгийн баримт /хх-ийн 11-р хуудас/ засвартай байх

тул шүүх нийт 59120 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцон хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ө нь хохирогч Л.Үд гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд 1166210 төгрөгийг 2018 оны 10-р сарын 10-ны өдөр төлж барагдуулсан тул шүүгдэгч Г.Өыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

             Хохирогч Л.Ү нь гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

             Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD, рентген зургийг хохирогч Л.Үд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Шүүгдэгч Г.Өыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин

мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

             3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 

             4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD, рентген зургийг хохирогч Л.Үд буцаан олгосугай.

 

             7. Хохирогч Л.Ү нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Н.А