Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 Н.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 09-р сарын 01-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумын 5-р багийн нутагт оршин суух иргэн Н.Д-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2069000 төгрөгийн хохирол, мөн Мандах сумын .... тоотод оршин суух иргэн Б.Б-ын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2715000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй...” гэв.

 

     Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Мандах сумын сургуулийн баруун хойд талд эзгүй гадна талаасаа цоожтой айл байхыг хараад гэрийн нь гадаа очиж үзтэл гэрийн ойр орчмоор мөр байхгүй хүн ойрд ирээгүй бололтой байсан... Тухайн үед гадуур явж байгаад эзгүй айл тааралдахаар нь хулгай хийж амар хялбар аргаар мөнгө олох санаа төрөөд айлуудыг очиж үзэж гадуур нь мөр байгаа эсэхийг үзэж судалсан юм... 2018 оны 08 дугаар сарын 31-нээс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад буудлаас гарч ирээд эхний айл болох гэртэй айлд очиж хаалганы цоожийг даруулга хэсгээр нь муруйлган тухайн айлд асаагуурын гэрэл асаан орж гэрийн баруун хойд талд байсан авдарыг нээж 3 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг гинжний хослол авсан тэгээд зүүн хойд талын шүүгээнд дээрээс хар өнгийн хар өнгийн хятад утас аваад зуухны хойд хэсэгт ил байсан мөнгөн аягыг авсан, унинд хавчуулсан байсан хэтэвч авсан. Гэрийн баруун урд талын шүүгээнээс түлхүүр авч гадаах амбаарын цоожийг нээж ороод 15 ширхэг мөнгөн аяга, гутал хулгайлан авсан. ...Хулгай хийсэн зүйлээ авч явахдаа өдөр үзэхэд эзгүй байсан байшинтай айлын гадаа ирж хуучин хагархай байсан цонхоор нь орж гэр дотроос орос дуран 1 ширхэг, хятад дуран 1 ширхэг, мөнгөн эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг тус тус хулгайлсан... Би өөрийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас/

 

        Хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 06-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэлчихсэн гэрийн эд зүйлийг онгичиж хамаг зүйлийг гаргачихсан байсан... Би Дорноговь аймгийн Мандах сумын 5 дугаар багт байх өөрийн гэрээс алдагдсан эд зүйл болох том мөнгөн аяга 4 ширхэг, дунд мөнгөн аяга 9 ширхэг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн гинж, бөгжний хослол үүнд бөгж 3 ширхэг, зүүлт 1 ширхэг, хятад гар утас 1 ширхэг, хар цэнхэр өнгийн хэтэвч 1 ширхэг, хүрэн өнгийн түрийтэй гутал 1 хос зэргийг цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээн авлаа...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 33, 40-41-р хуудас/

 

      Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 06-ны өглөө гэртээ орж ирэхэд манай гэрийн хамаг эд хогшлыг ухчихсан хүн орж ирсэн байдалтай байсан юм... Би гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзэхэд гар хийцний мөнгөн хэрэглэлтэй түрүү үеийн эмээл, хулсан ташуур, орос дуран зэрэг зүйлс алдагдсан байсан... Би Дорноговь аймгийн Мандах сумын 5 дугаар багт байх өөрийн гэрээс алдагдсан эд зүйл болох 12 цагаантай эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг, орос дуран 1 ширхэг, хятад дуран 1 ширхэг тус тус цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39, 49-50-р хуудас/

 

     Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2018 оны 08 сарын 31-ний өдөр Богд мандах хоршоон дээр ажил дээрээ байхад 15 цагийн үед үл таних залуу манай буудалд 1 хоног амарчихаад маргааш өглөө нь Дундговь руу ажлаар явах гэж байгаа тухай хэлж байсан... Манайд ирэхдээ цэнхэр өнгийн хятад мотоцикль уначихсан ганцаараа ирсэн юм... Тэр хүн нэг шуудайтай зүйл аваад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/

 

     Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай хашаанд ирээд мотоциклио янзалж байхдаа авч явсан 2 ширхэг цагаан шуудайтай зүйлээ манай хашаанд байсан хуучин машины кабинд хийсэн надад хэлэхдээ манай аавын эмээл мөн найранд хэрэглэх мөнгөн аяга байгаа юм гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/

 

     Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай аавын хэрэглэж байсан эмээл байгаа юм гээд 12 цагаантай мөнгөн эмээл үзүүлээд Тулга ахтай Мустанг маркийн мотоциклиор нь солихоор болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/

 

     Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай аавын хэрэглэж байсан эмээл байгаа юм гээд 12 цагаантай Монгол эмээл гаргаж ирээд энэ эмээлээр мотоциклийг чинь солье гэж хэлсэн тэгээд бид 2 наймаа тохиролцсон сольсон ....Надад нэрээ худлаа хэлсэн болохоор наймаа хийсэн эмээл нь хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод эмээлийг авч очоод өөрийн мотоциклио эргүүлж авсан... Надтай наймаа хийж байхдаа мөнгөн аяга сонирхохгүй биз байна шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/

 

     Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Б гэх залуу Мустанг 5 маркийн шинэвтэр мотоцикльтой явж байсан мотоциклийнхоо ард 2 шуудайтай зүйл даруулсан байсан бөгөөд уг шуудайтай ачааг нүдээр үзэхэд 16 ширхэг мөнгөн аяга, хүрэн өнгийн түрийтэй гутал, хулсан ташуур, 2 нүдний дуран 2 ширхэг, мөнгөн гинж бөгж, зүүлт зэрэг эд зүйл байсан би Н.Б гэгчийг түр саатуулаад аймгийн цагдаад хүлээлгэж өгсөн. Н.Б гэгч нь манай сумын Тулга гэх залуутай 12 цагаантай мөнгөн эмээлийг Мустанг 5 мотоциклиор сольсон байсан гэж Тулга гэх залуу эмээлийг буцааж авчирч өгөөд мотоциклио авч явсан... Н.Б өөрөө надад Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас дүүгийнхээ найранд явж байна. Дүүгийнхээ найранд хэрэглэх мөнгөн аягыг авч явж байна гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

 

    Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ6/18-002 дугаартай үнэлгээний: “...Том мөнгөн аяга /цул/ 2 ширхэг 600.000 төгрөг, том мөнгөн аяга /хээтэй/ 2 ширхэг 220.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг 900.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг 204.000 төгрөг, гутал 50.000 төгрөг, мөнгөн бөгж, гинжний хослол 50.000 төгрөг, хятад гар утас 35.000 төгрөг, түрийвч 10.000 төгрөг нийт 2.069.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-80-р хуудас/

 

   Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ6/18-003 дугаартай үнэлгээний: “...12 цагаантай мөнгөн эмээл 2.500.000 төгрөг, хулсан ташуур 35.000 төгрөг, орос дуран 100.000 төгрөг, хятад дуран 80.000 төгрөг, нийт 2.715.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-86-р хуудас/

 

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11- 13, 17-20-р хуудас/

 

  Эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-16, 21- 23-р хуудас/

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 09-р сарын 01-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумын 5-р багийн нутагт оршин суух иргэн Н.Дгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч том мөнгөн аяга 4 ширхэг, дунд мөнгөн аяга 9 ширхэг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн гинж, бөгжний хослол, үүнд бөгж 3 ширхэг, зүүлт 1 ширхэг, хятад гар утас 1 ширхэг, хар цэнхэр өнгийн хэтэвч 1 ширхэг, хүрэн өнгийн түрийтэй гутал 1 хос зэрэг эд зүйл хулгайлж 2 069 000 төгрөгийн хохирол, мөн Мандах сумын .... тоотод оршин суух иргэн Б.Бын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч 12 цагаантай эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг, орос дуран 1 ширхэг, хятад дуран 1 ширхэг эд зүйл хулгайлж 2 715 000  төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х шүүгдэгч Н.Бын сэтгэцийн байдлыг тодорхойлуулах нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 09-р сарын 08-ны өдөр З.А өмгөөлөгчтэй гэрчээр өгсөн мэдүүлэг, 2018 оны 09-р сарын 28-ны өдөр Ю.Н өмгөөлөгчтэй яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2012 оны 06-р сарын 05-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолын биеийн байцаалтад ухаан мэдрэл бүрэн, 2013 оны 03-р сарын 22-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын биеийн байцаалтад ухаан мэдрэл бүрэн, 2016 оны 05-р сарын 09-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын биеийн байцаалтад ухаан мэдрэл бүрэн гэж тусгагдсан, илтэд сэтгэцийн байдал эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй зэргээр няцаагдаж байна.  

 

            Иймд шүүгдэгч Н.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...өөрийн гэрээс алдагдсан эд зүйл болох том мөнгөн аяга 4 ширхэг, дунд мөнгөн аяга 9 ширхэг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн гинж, бөгжний хослол үүнд бөгж 3 ширхэг, зүүлт 1 ширхэг, хятад гар утас 1 ширхэг, хар цэнхэр өнгийн хэтэвч 1 ширхэг, хүрэн өнгийн түрийтэй гутал 1 хос зэргийг цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээн авлаа. Надад одоо хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй...”, хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...өөрийн гэрээс алдагдсан эд зүйл болох 12 цагаантай эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг, орос дуран 1 ширхэг, хятад дуран 1 ширхэг тус тус цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА