Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 143

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгч Б.С,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Б.С, Б.Г нарт холбогдох эрүүгийн 1819002040101 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

      Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Викториа клубд ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдалын гудамж, 122 дугаар байр, 4 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Э

 

     Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт дагалдагч, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн гудамж, 12-16 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.С

 

    Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ИЗОУИС-ийн эрх зүйн ангийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зуун гудамж, 28 дугаар байрны 24 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

     Шүүгдэгч Б.Э, Б.С нар бүлэглэн 2018 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 07-р сарын 06-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны орцонд хохирогч Ш.Г-д хүч хэрэглэн довтолж түүний 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-4 маркийн гар утсыг дээрэмдсэн,

     Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 07-р сарын 06-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны урд талын засмал зам дээр хохирогч Х.Н-д хүч хэрэглэн довтолж, түүний 50.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа СЗ маркийн гар утсыг дээрэмдсэн,

     Шүүгдэгч Б.Э, Б.Г нар бүлэглэн 2018 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 07-р сарын 06-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойд талд хохирогч Д.М, Х.Э нарт хүч хэрэглэн довтолж, Д.М-н 180.000 төгрөгийн үнэ бүхий Ай поне 5 эс /I Phone 5S/ маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө бид хэд шүүхийн шийдвэрийн тэнд явж байтал 4 хүн хашхираад байхаар нь яасан юм бол гээд Б.Э бид хоёр очиход муудах гээд байсан. Нэг ах над руу далайхаар нь зайгаа аваад Даатгалын тэнд байж байгаад хойшоо харахад Б.Эыг туугаад явж байсан. Б.Э удахгүй нэг минутын дараа ирээд офицерын тийшээ явсан. Тэр үед утас авсан талаар би мэдээгүй...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

          Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...64 айлын хойд талын явган хүний замаар бид 3 алхаж байсан. Б.Г байхгүй байсан. Хаашаа явсан талаар би мэдээгүй. Бид гурвыг явж байтал Б.Э араас нь дагаад орц руу орох шиг болсон. Пижгэнэхээр нь зодоон болоод байна гэж бодоод орц руу ороход нэг хүнтэй мөргөлдсөн. Тэр өдөр орц харанхуй, гадаа тас харанхуй байсан болохоор хэнтэй мөргөлдсөнөө мэдээгүй, зодоон болоод байна гэж бодоод тэр ахын араас нь бариад авахад Б.Э гаръя гэж хэлсэн. Гараад Монос эмийн сантай тал руу гараад гүйсэн...” гэв.

 

    Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Самсунг Эс-4 би авсан юм. Намайг 64 айлын орон сууцны орцонд тэр өвгөнтэй байж байхад манай найз Б.С нь араас орж ирээд тэр хүнийг цохисон байх...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

    Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...64 айлын голоор алхаж байтал нэг ах гарч ирээд орц руугаа орж байсан. Тэгээд Б.Э араас нь тэр ахыг дагаад орц луу орсон. Тэгээд би орц луу орж байтал өөдөөс Б.Э гарч ирээд явья гэж хэлээд бид 2 Монос тал руу буюу ертөнцийн зүгээр зүүн тийшээ гүйсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

    Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг согтуу эрэгтэй хүн цаана утсаар яриад явж байсан. Тэгсэн чинь манай найз Б.Э гүйж очоод хүзүүгээр нь тэврээд дэгээдэж унагаагаад цаашаа гүйхээр нь Содбаяр бид 1 түрүүлж гүйгээд 64 айлын голоор ороод цаашаа гүйсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/

 

      Хохирогч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....64 дүгээр байрны 1 дүгээр орц руу орох гээд орцны харалдаа ирэхэд миний араас 180 см орчим өндөртэй, туранхай богино халимаг үстэй, бараан өнгийн подволктой, 18-20 орчим настай гэмээр залуу ирээд миний хажууд зогсоод “өвөө утсаа өгч байгаач” гэхээр нь би түүнд “өвөөгийнх нь утас цэнэггүй болсон байна” гэж хэлтэл тэр залуу миний гар утсаа барьсан байсан баруун гарын шуунаас 2 гараараа барьж авсан. Ингээд гараас бариад авахаар нь айж сандраад гараа тавиулах гэсэн боловч дийлэхгүй байсан бөгөөд тэр хүн намайг 64 дүгээр байрны 1 дүгээр орц руу татаж, гулдчиж байгаад чирээд орсон. Би нилээн айсан байсан болохоор тэр үедээ юу ярьснаа ч одоо санахгүй байна. Гэхдээ би тэр хүнтэй зууралдаж байхдаа барьсан байсан гар утасныхаа товчлуурыг санамсаргүй дараад утасны дэлгэцний гэрлийг нь асаасан тул тэр залуугийн царайг харж амжсан. Тэр хүн дугариг цайвар царайтай, бараан өнгийн подволктой хүн байсан. Намайг чирж орц руу оруулсан залуу миний гарнаас бариад 1 давхрын шатны талд нь харин би орцны гарах, орох хаалганы талд нь чирэгдээд явж байхад араас өөр нэг хүн орц руу орж ирээд гараараа миний хүзүүгээр уургалж, араас хоолой боосон. Би өөрөө 170 см орчим өндөртэй, гэтэл миний араас хоолой боосон хүн надаас лав өндөр, эрэгтэй хүн байсан. Ойролцоогоор 175 см орчим өндөр байсан байх. Тухайн үед намайг тэр хүмүүстэй дээр хэлсэнчлэн байдлаар зууралдаж ноцолдож байхад миний гартаа барьсан гар утасны товчлуур нь дарагдаад утасны дэлгэцний гэрэл ассан байсан, тэр үед нь би хажуу тийш хүзүүгээрээ эргээд харахад намайг араас боосон хүн хүрэн өнгийн подволктой, мөн л 18-20 орчим настай бордуу царайтай залуу байх шиг байсан. Энэ хооронд нөгөө гараас барьсан байсан 180 см орчим өндөр залуу нь гараас минь Самсунг Глакси Эс-4 маркийн гар утсыг маань мулт татаж аваад орцноос гараад зугтсан. Араас нь намайг хүзүүгээр гараараа ороогоод боож байсан залуу нь ч гэсэн намайг орхиод орцноос гараад зугтсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-17 дугаар хуудас/

 

         Яллагдагч Б.С-ын гэрчээр мэдүүлсэн: “...бид 4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хойно алхаж байхад танихгүй 2 ах, 1 эгч хашгирч байсан. Тэгсэн манай Б.Э, Ганбаа гэх 2 найз маань очоод тэр хүмүүстэй муудалцаад байсан. Тэгэхэд Содоо бид 2 төв замын урд талд зогсоод харж байсан. Удалгүй Б.Э, Ганбаа бид 2 дээр ирж ийшээ гүй гээд офицер тал руу буюу ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйсэн. Тэгээд Мау музыкийн харалдаа зогсоход Б.Э ийм утсыг нь авчихлаа гээд цагаан өнгийн Ай Поне 5 Эс /I РПопе 53/ маркийн 358805055891592 гэсэн 1МЕ1 дугаартай гар утас надад гэрлийг нь унтраачих гээд өгөхөөр нь үүрч явсан цүнхэндээ хийгээд өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэртээ хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125-127 дугаар хуудас/

 

         Хохирогч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 05-наас 2018 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед машинаас гараад такси барих гээд 64 айлын урд талын замаар 4 зам чиглэлд утсаар яриад явж байсан чинь өөдөөс 4 залуу гарч ирсэн. Зөрөх гэж байна гэж бодоод өөдөөс нь алхсан чинь миний урдаас надаас өндөр махлагдуу залуу хоолойгоор тэврээд ард хөлөө тавиад түлхээд унагаасан. Тэгээд газар ойчсон чинь унагадаг залуу шууд цээж рүү дэвссэн. Би дуугарч чадахгүй 5 минут болоод араас нь гүйсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/

 

       Хохирогч Д.-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э ах, эхнэр Б, найз нь болох С бид дөрөв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хойд талын харанхуйгаас гарч байтал урдаас 4 залуу гараад ирсэн. Харанхуй байсан болохоор зүс, хувцас нь харагдахгүй байсан. Тэгээд хөөш, нааш ир гээд орилоод байсан. Э ах “яасан дүү нар гэсэн” чинь яадын гээд л өөдөөс нь 2 залуу яваад очсон. Тэгээд би Э ах руу харахад 2 залуу очоод цохих шиг болсон. Тэгээд Э ах газар ойчсон. Би Э ахын хажууд байсан 2 залууг нь хараагүй. Би утасны гэрлээ асаагаад арагшаа болоод миний урдаас ирж байсан 2 залуу руу гэрэл тусгасан, гэрэлд /цагаан бөөрөнхий царайтай, 178 см өндөртэй, махлаг залуу харагдсан, хар майктай байсан, майк дээр нь улаан бичигтэй байсан/ хартал гар цохиод гэрэл ассан гар утас минь гарнаас мултраад ойчсон. Гар утсаа авах гэтэл нэг нь хажуунаас өшиглөсөн. Би гар утсаа авч чадаагүй зугтаасан. Миний араас 2 нь хөөсөн, би шууд цагдаагийн байгууллага руу зугтаасан тэгээд араас наадахаа бариад ав, ална гээд чарлаад байсан, тэр хэд халамцуу байсан. Би тэгээд хамт явж байсан хүмүүсээ яаж тэд нараас салсныг нь мэдээгүй, шууд цагдаагийн байгууллага дээр ирсэн болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/

 

     Иргэний нэхэмжлэгч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...3-4 залуу бид нарын урдаас алхаж байсан. Миний нүүр лүү гар чийдэнгийн гэрэл тусгаад байсан. Тэгэхээр нь би та нар яагаад гэрэл тусгаад байгаа юм бэ гэсэн чинь миний өөдөөс хараалын шинжтэй үг хэлээд байсан. Тэгээд үгийн зөрүүгүй намайг нэг залуу нь өшиглөж унагасан, харанхуй байсан учраас тэр залууг сайн харж чадаагүй. Намайг босоод ирэхэд 2 залуу байх шиг харагдсан ...шөнө тэр залуус над руу дайрч намайг өшиглөж унагаасан. Тэгэхэд миний гар утас гэмтсэн болно...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

     Гэрч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...My music баарны зүүн талд найз Б.Э нэг согтуу хүнийг боож, дэгээдэж унагаагаад муудалцаад тэр залуугийн гарт байсан утсыг нь Б.Э авахыг би хараад Б.Э түрүүлээд гүйхээр нь Б.Э-ыг дагаад Б.Г, Б.С бид 3 хойноос гүйж байгаад Мөнгөн-Эрдэнэ гэх дэлгүүрийн хойно зогссон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/

   

      Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ойролцоо явж байтал 2 согтуу эрэгтэй болон 2 эмэгтэй хүн явж байсан. Тэгсэн манай найз Б.Э, Ганбаа 2 очсон Б.С бид 2 хойно үлдсэн. Тэгээд бид 2 хараад зогсож байтал тэр 2 залуутай Б.Э, Ганбаа 2 муудалцаад цаашаа харанхуй хэсэг рүү ороод харагдахгүй болчихоор нь би Б.Стай очиход нэг эмэгтэй хүн та нарыг танина гэж хэлээд гэрэл миний нүүр лүү тусгаад байсан. Тэгэхээр нь Б.Э, Ганбаа хоёрыг явъя гэж хэлээд Б.С бид 2 түрүүлээд офицер чиглэл рүү зам дагуу алхсан. Тэгээд Б.Э, Ганбаа 2 хойноос гүйж ирээд Б.Э Ай Поне 5 Эс /I РИопе 53/ маркийн гар утас гаргаж ирээд утсыг нь авчихлаа гэж хэлээд халаасандаа хийсэн...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 132-133 дугаар хуудас/

 

     Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 4 Болороо эгчийн гэр лүү явья гээд замаа дагаад засмал зам руу алхаж байхад бид нарын өөдөөс гар чийдэнгийн гэрэл тусгаад байсан. Би тог тасарсан болохоор яг хэдэн хүн байгааг харж  чадаагүй, миний өөдөөс нэг нь гэрэл тусгасан. Тэгэхээр нь гэрлээ унтраа гэсэн өөдөөс юм яриад байсан, тэгээд нэг залуу нь Энхбат ахыг цохисон. Тэгээд өшиглөөд унагаасан. Тэгээд бужигнаад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/

 

     Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..тэгэхээр нь бид нар болиоч гэсэн чинь тэр залуучууд өөдөөс нь элдвийн муухай үг хэлээд ууралцгаагаад байсан юм. Тэгтэл тэр залуучуудаас /2 нь билүү 1 нь бил үү яг санахгүй байна/ манай нөхрийн найз Мөнх-Эрдэнийг дагуулаад явж байгаа харагдсан ба үлдсэн хэсэг залуучууд нь манай нөхөр Энхбатын /яг хайшаа гэдгийг нь санахгүй байна/ 2 удаа нүүр хэсэг рүү нь цохиод өшиглөж байгаа бололтой манай нөхөр унаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 155-156 дугаар хуудас/

 

    Гэрч Р.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Б.С 20 настай...би хувцсыг нь угаахдаа байнга л халаасанд нь юу байна гэж үздэг байсан. Тэгээд наадмаас өмнө 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цүнхийг нь үзсэн чинь цагаан өнгөтэй нимгэн ухаалаг гар утас байсан. Би гар утасны марк мэдэхгүй тэгээд энэ юун гар утас, хэнийх юм гэж асуухад хүүхдийн гар утсаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/

       

    Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би одоогоос хориод хоногийн өмнө Виктория бааранд ди жи ажилтай Б.Э гэх залуугаас 70.000 төгрөгөөр хар өнгийн гэртэй Самсунг маркийн дэлгэц дээрээ зурагдсан гар утас худалдаж авсан. Би Б.Эоос авсан утасны гадна гэрийг нь солиод шаргал өнгийн гэр авч хийсэн. Сольсон гэр нь одоо манай гэрт байгаа..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

    Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шөнө 01 цаг 30 минут болж байхад би унтаж байхад манай аав болох Ганхүү нь их сандарсан байдалтай айсан орж ирсэн. Тэгээд намайг Чимгээ, Чимгээ гэж дуудсан юм. Тэгээд би яасан бэ гэсэн чинь аав нь утсаа дээрэмдүүлчихлээ гэсэн. Манайх 64 дүгээр байрны 4 давхарт амьдардаг..."гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

    Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/ 

    Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/

    Гар утсанд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6-~ дугаар хуудас/

    Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/

    Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДГО 85 дугаартай хохирлын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

     Шүүгдэгч Б.Э, Б.С нар бүлэглэн 2018 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 07-р сарын 06-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны орцонд хохирогч Ш.Г-д хүч хэрэглэн довтолж түүний 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-4 маркийн гар утсыг дээрэмдсэн,

    Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 07-р сарын 06-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны урд талын засмал зам дээр хохирогч Х.Н-д хүч хэрэглэн довтолж, түүний 50.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа СЗ маркийн гар утсыг дээрэмдсэн,

Шүүгдэгч Б.Э, Б.Г нар бүлэглэн 2018 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 07-р сарын 06-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойд талд хохирогч Д.М, Х.Э нарт хүч хэрэглэн довтолж, Д.М-н 180.000 төгрөгийн үнэ бүхий Ай поне 5 эс /I Phone 5S/ маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э, Б.Г нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд “Б.Э, Б.Г нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй учраас урьдчилан үгсэн тохиролцоогүй, хохирогч Х.Н утсыг Б.Э авсан нь дээрмийн гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан байна, хохирогч нарт хүч хэрэглэж гэмтэл учруулсан зүйл байхгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр харагддаг...” гэсэн нь шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-ын өгсөн “...Б.Э-ыг хүнтэй муудаж байгаа юм байх гэж бодоод тэр хүний араас нь тэвэрч авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойно хүмүүс муудалцаад байж байсан, Б.Э бид 2 тэр хүмүүс рүү очоод бас муудалцсан. Б.Э нэг залууг нь алгадахаар нь би хавираад унагах гэсэн чинь унаагүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.С гэнэт орж ирээд цохьсон, тэр хөгшин хүн хөршүүд ээ гээд чарлаад Б.С-ын гарнаас бариад орилоод байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар бүлэглэн тухайн үйл явдалд оролцсон болох нь тогтоогдож, өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

 

Дээрмийн гэмт хэрэг нь өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл хамаарч хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Дээрмийн гэмт хэргийн довтолгоон хохирогчид мэдэгдэхгүйгээр хийж болдог бөгөөд Б.С нь хохирогч Ш.Г-г араас нь боох, Б.Э нь утсыг авч зугатаах, шүүгдэгч Б.Г нь хохирогчийн гар руу цохиж утсыг газар унагаснаар Б.Э уг утсыг аваад бүгдээрээ зугатаах хэлбэрээр үйлдэж байгаа нь дээрмийн гэмт хэргийн довтолгоон бөгөөд хүний эд юм болох утсыг шууд өөрийн болгон авч байгаа шунахай сэдэлттэй идэвхтэй үйлдлээр бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Х.Н-г хавирч унаган утсыг дээрэмдэж авснаа хүлээн зөвшөөрч, харин Б.С нь хохирогч Ш.Г-г боогоогүй, Б.Э-тэй зодолдож байна гэж ойлгоод салгах гээд араас нь тэвэрч авсан мэтээр мэдүүлж байгаа нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...араас нэг нь боох үед гар утасны дэлгэцийн товчлуур санамсаргүйгээр дарагдаж гэрэл нь асах үед намайг боосон залуугийн хувцас болон царайг харж амжсан...” гэсэн мэдүүлгийг шүүгдэгчийн талаас няцаагаагүй ба хохирогчийн энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны явцад Б.С-ыг шууд таньсан нь давхар нотолж байна.

 

Харин Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойно хүмүүс муудалцаад байхаар нь Б.Э бид 2 очсон, би өшиглөөгүй гэх боловч мэдүүлэгтэй холбогдуулан яллагчийн асуултанд болон хохирогчийн мэдүүлгийг уншин сонсгоход өшиглөснөө хүлээн мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгээ үнэн гэж зөвшөөрсөн, хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг залуу нь миний гар руу өшиглөж гар утас газар унахаар нь би зугатаагаад цагдаагийн газар руу гүйсэн ба миний араас хөөсөн боловч намайг гүйцээгүй..., ...5 орчим минутын дараа ирэхэд тухайн газар миний утас байгаагүй...” гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр давхар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э, Б.С нар нь үйлдлээрээ нэгдэж хохирогч Ш.Г-гийн утастай гартай ноцолдох үед Б.С нь хохирогчийн араас боож утсыг дээрэмдэх гэмт хэргийг хамтран үйлдсэн,

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Х.Н-г довтолж гар утсыг дээрэмдэхдээ түүнийг боож түлхэн унагааж утсыг дээрэмдсэн,

Шүүгдэгч Б.Э, Б.Г нар нь хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Н.Э нар руу довтолж, Д.М-н утастай гарыг цохиж утсыг газар унасан үед авч зугатаан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Э, Б.С, Б.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзсэн болно.

 

      Шүүгдэгч нар нь 18, 19, 20 настай бөгөөд 21 нас хүрээгүй тул ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, цаашид сурч боловсрох нөхцөл, бололцоог хангах, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

  Хохирогч Ш.Г, Х.Н, Д.М нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Э, Б.Г нарын буруутай үйлдлийн улмаас Иргэний нэхэмжлэгч Х.Э-д гэмт хэргийн улмаас 450.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Б.Э, Б.Г нар хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э, Б.Г нарт гэмт хэргийн хор уршиг болох иргэний нэхэмжлэгч Х.Э-д учруулсан 450.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Б.С-д тодорхой ажил гүйцэтгэхийг тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Г, Б.Э, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э, Б.С, Б.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 3 жил, Б.С-г 2 жил, Б.Г-г 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

       

           3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй, Б.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй, Б.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.         

 

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г, Б.Э, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.С, Б.Г нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э, Б.Г нарт гэмт хэргийн хор уршиг болох иргэний нэхэмжлэгч Х.Э-д учруулсан 450.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах талаар арга хэмжээ авахыг, шүүгдэгч Б.С-д тодорхой ажил гүйцэтгэхийг тус тус үүрэг болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан Б.Э, Б.Г, Б.С нарт Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихыг даалгасугай.  

  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.Э, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               

 

                               ДАРГАЛАГЧ                          Н.АДЪЯА