Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00616

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 23 210/МА2023/00616

 

 

Б.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/00129 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Ца

Хариуцагч: А.А

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ы, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б.Ца Н ХХК-аас ХанУул дүүрэг, 0 дугаар хороо, хотхон, дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 54.28 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-БӨ дугаарт бүртгэгдсэн. Гэтэл А.А нь уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлгаж, өмчлөгч миний эрхийг зөрчиж байна.

Иймд дээрх орон сууцыг А.Агийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Н ХХК-тай Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, хотхон, дугаар байр, 00 тоот орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг гэрээний дагуу Ш ХХК-д төлж барагдуулсан. Гэвч Н ХХК-нь Ш ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэх үндэслэлээр уг орон сууцыг буцаан авах тухай мэдэгдлийг удаа дараа ирүүлэх, бэлэглэх зэргээр шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон захирамжийг шүүхээс өгсний улмаас миний бие шүүхэд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

2.2 Дээрх иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад тус иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд уг орон сууцыг бусдад худалдан борлуулах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байхад шүүгчийн захирамжийг албажихаас өмнө Б.Цын нэр дээр шилжүүлэн өгч, Голомт банк ХХК-ийн барьцаанд тавьсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, улсын бүртгэлийн Ү-БӨ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр / гудамж, байрны 00 тоот хаягт байрлалтай, 54.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч овогт Ө А / /-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 А.А нь Н ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20/05/57 дугаартай Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, хотхон, дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 54,28 м.кв талбай бүхий орон сууцыг 116,702,000 төгрөгөөр худалдах, уг төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дэмж инвестмент партнес ХХК болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 20/Р-13 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлэх шатахууны төлбөрт тооцохоор тохиролцсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. А.А нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг тус шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гарган уг хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32021/02584 дугаар захирамж гарсан. Гэтэл тус компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад битүүмжлэгдсэн орон сууцыг хууль зөрчин нэхэмжлэгч Б.Цад уг орон сууцыг худалдсан. Энэ тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй.

Шүүх хариуцагч талыг өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бас хүлээн аваагүй зэрэг нь шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх зарчим алдагдаж, хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд давуу байдал олгож шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаан болсон боловч шүүхийн шийдвэр албажин гарсан огноо нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэж буруу он, сартай гарсан. Сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь мөн яг адилхан он, сар зөрүүтэй гарсан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Шүүх хуралдааны өдөр хариуцагч Н ХХК болон П.Ца нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан. Тухайн нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй тул шүүх хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй.

5.2 2022 оны 10 дугаар сард нэхэмжлэлээ гаргаж, үүнээс хойш өмгөөлөгч авах хангалттай боломжит хугацаа байсан. Уг шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй.

5.3 Шүүхийн шийдвэрийн огноо буруу бичигдсэн нь техникийн алдаа. Энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөх хэмжээний зөрчил биш гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Ца нь хариуцагч А.Ад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Б.Ца нь тухайн орон сууцыг Н ХХК-аас худалдан авсан... гэж тодорхойлжээ.

2.2 Хариуцагч татгалзлын үндэслэлээ А.А нь Н ХХК-тай тухайн орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг гэрээний дагуу Ш ХХК-д төлж барагдуулсан. Гэвч Н ХХК нь Ш ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэх үндэслэлээр уг орон сууцыг Б.Цын нэр дээр шилжүүлэн өгсөн гэж үгүйсгэн маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2023/00999 дугаар захирамжаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх боловч уг сөрөг нэхэмжлэл нь хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг өмчлөгч хэрэгжүүлэхийн тулд тэрээр тухайн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу олж авсан буюу хууль ёсны өмчлөгч байх, түүний эрхийг хөндөж буй этгээд нь шударга бус эзэмшигч байхыг шаардана. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Н ХХК-аас орон сууцыг худалдан авсан гэж тайлбарладаг боловч энэ нь дан ганц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр бүрэн нотлогдохгүй. /хх3/ Нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Уг үйл баримтыг анхан шатны шүүх тодруулаагүйгээс зохигчид энэ талаар бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй.

5. А.А нь Н ХХК-д холбогдуулан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Н ХХК нь А.Ад холбогдуулан тухайн орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01144 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01172 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх13-20/

5.1 Анхан шатны шүүх дээрх маргаан нь А.А болон Н ХХК-ийн хооронд орон сууцны өмчлөлтэй холбоотой үүссэн байхад уг үйл баримтыг энэхүү маргаанд шууд хамааруулан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, дахин нотлохгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/00129 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН