Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1305

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Хэ, түүний өмгөөлөгч ХХХХ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие “ХХ” ХХК-тай нягтлан бодогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ямар нэгэн зөрчил, доголдол гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 16/02 дугаартай "ХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанид ажиллаж байсан Хэ, ХХХХХ, ХХХХХХ, ХХХХХХХ, ХХХХХХХХ нарын 5 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бөөнөөр ажлаас халсан. Ингэж ажлаас халах болсноо Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт, Компанийн дотоод журмын 17.1.3 дах заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 14.1.1 дэх заалт болон Компанийн хувьцаа эзэмшигчийн 001/15 тоот шийдвэрээр дээрх ажилтануудын албан тушаалыг орон тооноос хассан болохыг гүйцэтгэх захирлын тушаалд дурдсан байна. Ажил олгогчийн зүгээс ажилтныг бөөнөөр халсан гол үндэслэл болох компанийн хувьцаа эзэмшигчийн 001/15 тоот шийдвэрийн утга, агуулгыг танилцуулаагүй, мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажилтнуудад албан ёсоор танилцуулаагүй гэж бидний зүгээс үзэж байна. Ажил олгогчийн зүгээс ажилтнуудыг халах болсон шалтгаанаа "компанийн хөрөнгө оруулагчийн зүгээс Монгол дахь санхүүжилтээ тодорхойгүй хугацаагаар зогсоохоор шийдвэрлэж, компанийн тодорхой орон тоог хасах шийдвэрийг гаргаад байна" гэж зарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь "ХХ" ХХК-ийн хөрөнгө оруулалт бөгөөд тухайн компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагааг хэд хэдэн этгээдэд хариуцуулан өндөр төлбөр бүхий гэрээг байгуулж, үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр явуулж байна. Жишээлбэл санхүү, татварын ажлыг "ХХХХ" ХХК-д хариуцуулж ажиллахаар гэрээ байгуулсан.

Ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо ажилтнуудаас хүсэлтийг хүлээн аваагүй. 2015 оны 12 сард ажилтны төлөөлөгчид ажил олгогч “ХХ” ХХК-ийн удирдлагад ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээгээр хэлэлцэх хүсэлтээ и-мэйл хаягаар илгээсэн боловч хариу өгөлгүйгээр 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар тэтгэмжийн хэмжээг ажил олгогч тогтоосон байна. Дээрх үндэслэлүүдээр ажил олгогчийн зүгээс ажилтнуудыг бөөнөөр халах, орон тооны цомхотгол хийх үндэслэл бүрдээгүй байхад ажлаас халсан, хуульд заасан журмыг зөрчиж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг дордуулсан гэж үзэж байна. Иймд Хийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг "ХХ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХ” ХХК-ийн тайлбарт:

"ХХ" ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, зуучлал, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн газар, хуулийн этгээдийн 2014.12.22-ны өдрийн бүртгэлээр Компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр Их Британийн Виржин Арлуудад бүртгэлтэй "ХХХХХ" гэх хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бөгөөд тус хуулийн этгээдийн зүгээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон бизнесийн цар хүрээнд гарсан өөрчлөлт зэргийг харгалзан Монголд үйл ажиллагаа явуулдаг “ХХ” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 001/15 тоот дугаар бүхий хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан болно. Ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаан нь компанийн одоогийн эзэмшиж байгаа хайгуулын лицензүүд нь ypт нэртэй хуулийн үйлчлэлд орсон бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд урт нэртэй хуулийн шаардлагын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалд орсон. Лицензийн асуудлаар төрийн байгууллагуудтай харилцаж байгаа боловч энэ нь нааштай шийдэгдэх эсэх нь тодорхойгүй, хөрөнгө оруулагчийн зүгээс цаашид компанийг санхүүжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул эхний ээлжинд орон тоо хасах шийдвэр гаргаж, цаашлаад компанийн эд хөрөнгийг худалдах зэрэг ажиллагааг хийж дууссаны дараа татан буулгах ажил хийгдэх юм. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд 2-р сарын эхээр компанийн оффисын байрыг худалдаад байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт "ХХ" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын Хонг Конгийн Тусгай бүсийн иргэн ХХХХ\2Би Dong\ нь 2015 оны 2 сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байна. Хуулийн этгээд үйл ажиллагаагаа нэг цаг хугацаанд бүхэлд нь зогсоох боломжгүй учраас явуулж буй үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих бодит нөхцөл байдал бий болсон тул гүйцэтгэх захирал ХХХХ нь хасагдсан ажил албан тушаалын орон тоонд хамаарах ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 17.1.3, хөдөлмөрийн гэрээний 14.1.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн цуцалсан зэргээс үзэхэд ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуулиар зөвшөөрөгдсөн үндэслэл нь бодитой бий болсон гэж дүгнэхээр байна.

“ХХ” ХХК-ийн бүх орон тоог хасах тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс 2015 оны 12 сарын 07-ны өдөр нийт ажилтнуудын хурлыг хийж Хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг амаар болон бичгээр танилцуулсан. Харин компанийн ажилтнуудын зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахтай холбоотой мэдэгдэлд гарын үсэг зурахыг хүсээгүй болно. Ажилтнуудын зүгээс тэтгэмжийн хэмжээтэй санал нийлэхгүй байсан бөгөөд энэ талаараа өөрсдийн санал хүсэлтийг бичгээр буюу и-мэйлээр ирүүлж, нэхэмжлэгч Хэтэй 2016 оны 12-р сарын 14-ний өдөр уулзалт хийж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр удирдлагын зүгээс тэтгэмжийн хэмжээг 2 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр болгож нэмэгдүүлсэн болно. Дээрх тохиролцооны дагуу 2016.01.07-ны “ХХ” ХХК болон Өмгөөллийн "ХХХХ" ХХК-ийн хооронд байгуулагдсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр хуульч ХХХХХ компанийн гүйцэтгэх захирлын ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, ажлаас халагдсаны тэтгэмжийн 2 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй болгон нэмэгдүүлсэн талаар танилцуулж, тушаалын нэг хувийг ажилтнуудад хүлээлгэн өгсөн. Бүх ажилтнуудад ажлаас халагдсаны тэтгэмжийг 2016 оны 1 сарын 07-ны өдөр цалингийн дансанд шилжүүлсэн бөгөөд тэтгэмж цалингийн дансанд ормогц татаад авсан байдаг.

Ажил олгогч нь хувьцаа эзэмшигчийн Монгол дахь компанийг зогсоож, ажил албан тушаалын орон тоог хассан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуулиар урьдчилан тогтоосон процессын шинжтэй журмыг мөрдөж ажилласан тул Хэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 16\04 тоот Гүйцэтгэх захирлын тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм. Иймд Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн  69.1-д зааснаар нэхэмжлэгч Хийг “ХХ” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 6 387 489 төгрөгийг хариуцагч “ХХ” ХХК-иас гаргуулж  нэхэмжлэгч Хэд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Хийн дээрх олговроос шимтгэл тооцож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “ХХ” XXК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Хэ нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “ХХ” ХХК-иас 117 150 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

Хувьцаа эзэмшигчийн 001/15 тоот шийдвэрээр компанийн үйл ажиллагааг зогсоож, орон тоог хасах шийдвэр гаргасан байдаг.

Хувьцаа эзэмшигчийн дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс компанийн үйл ажиллагааг явуулж байсан 400 м.кв талбай бүхий оффисын байрыг худалдаж, компанийн лицензүүд болон уурхайн бусад эд хөрөнгүүдийг худалдан борлуулах, шилжүүлэх ажиллагаа хийгдэж дуусах хүртэл 20 м.кв талбай хүрэхгүй оффис түрээслэн ажиллаж байгааг нэхэмжлэгч хүртэл мэддэг бөгөөд энэ талаар маргадаггүй.

Компанийг татан буулгах эсхүл үйл ажиллагааг зогсоох орон тоог хасах зэргээр ямар шийдвэр гаргах нь Компанийн тухай хуульд зааснаар тухайн компанийн хувь нийлүүлэгчийн бүрэн эрхийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох ХХХХХийн зүгээс 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байгаа, алдагдал эрсдэл ихтэй компанийн эд хөрөнгө лицензүүдийг орхиод татан буулгах шийдвэр гаргах эсхүл үйл ажиллагааг нь хумих, зогсоох шийдвэр гаргаад байгаа эд хөрөнгүүд, лицензүүдийг шилжүүлэх, худалдах замаар бага ч гэсэн зардлаа нөхөн шийдвэр гаргаад ажиллаж байна.

“ХХ” ХХК нь 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш уул уурхайн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд одоогоор хайгуулын 3 лиценз эзэмшдэг, эдгээр лицензүүд нь "Гол мөрний урсац бүрэлдэн эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, тус хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015.02.18-ны өдрийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015.12.09-ний өдрийн 05\7698, 05/7697 тоот албан бичиг, кадастрын зурагуудаар нотлогддог. Тус албан бичгүүдэд дурьдагдсанаар компанийн эзэмшлийн лицензүүд дээрх хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай гэж тодорхойлсон байдаг. Мөн үүнтэй холбоотойгоор компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч 2010 оноос эхлэн 2015.12.31-нийг хүртэл сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлангаар 24 900 360 төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан болох нь санхүүгийн шинжээч “ХХХХХХ” ХХК-иас гаргаж өгсөн 2016.04.11-ний өдрийн албан бичиг, хэрэгт авагдсан санхүүгийн тайлангуудаар нотлогддог.

Үйл ажиллагаа зогсонги байдалд орсон дээрх хугацаанд хөрөнгө оруулагч болох ХХХХХ компанийн зүгээс ажилтнуудын цалин хангамж, ypcгал зардал, лицензүүдийн төлбөр, болон бусад шаардлагатай санхүүжилтүүдийг тасралтгүй оруулж, лицензүүдийн асуудлыг шийдвэрлэгдэхийг хүлээсэн. Нэгэнт ашгийн төлөө компани учраас ХХХХХ нь өөрийн хөрөнгө оруулалтаа Монгол Улсаас татах, “ХХ” ХХК-иас илүү ашигтай бусад орны төсөлд хөрөнгө оруулж “ХХ” кампанийн үйл ажиллагааг хумих, цаашлаад компанийг болон компанийн хөрөнгийг шилжүүлэх шат дараалласан үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, эхний ээлжийн арга хэмжээг авахаар 2015.10.28-ны өдөр 001/15 тоот шийдвэрийг эрх бүхий этгээд ХХХХ гаргасан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбараа хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс "...байгууллагын орон тоо хасагдах тухайн үед орон тоо хасагдах талаарх шийдвэр гараагүй болох нь тогтоогдсон" гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Хоёр. Нэхэмжлэгч Хэ нь тус компанид нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийнх нь эрхэлж байсан ажил үүргийг бүхэлд нь “ХХХХХХ” ХХК-иар эрхлэн гүйцэтгүүлж байгаа гэж маргадаг.

“ХХХХХХ” ХХК болон “ХХ” ХХК-иудын хооронд 2015.10.16-ны өдрийн 15\06 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээний ажлын цар хүрээг харахад компанийн санхүүгийн үйл ажиллагаанд урьдчилсан дүн шинжилгээ хийх, нягтлан бодох үйлчилгээг хүлээлгэн өгөх ажил үүргийг гүйцэтгэхээр талууд харилцан тохирсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ "...нэхэмжлэгч Хийн ажил үүргийг хариуцагч тал одоо өөр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж байгаа болох нь 2015.10.10-ны өдрийн хурлын тэмдэглэл, хариуцагч байгууллагын зүгээс “ХХХХХХ” ХХК-тай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрч ХХын мэдүүлэг зэргээр нотлогдож байна ..." гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж дүгнэжээ.

Хууль буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан талаар. Ажил олгогчийн зүгээс хувьцаа эзэмшигчээс гарсан "Орон тoo хасах тухай" шийдвэрийг ажилтнуудад мэдэгдэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхдээ 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг биелүүлж зохих ёсоор мэдэгдсэн болох нь 2015.12.07-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс "...мэдэгдэлд гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байх тул хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Хэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй..." гэж дүгнэж байгаа нь ажил олгогчийг мэдэгдэл гардуулахдаа хүчээр ч хамаагүй гарын үсэг зуруулж авах байсан гэсэнтэй утга нэгэн буй бөгөөд ийнхүү анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101\ШШ2016\03888 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Хэ ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Хариуцагч “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 16/02 тоот тушаалаар тус компанийн нягтлан бодогч Хэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ “Компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр нягтлан бодогчийн албан тушаалыг орон тооноос хассан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан цуцалсан байна.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцалж байгаа тухайгаа хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн ажилтнуудын хурал дээр мэдэгдсэн нь хэргийн 37-38 дугаар талд авагдсан хурлын тэмдэглэл, 39 дүгээр тал дахь “хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн, ажлаа хүлээлгэн өгсөн нөхцөлд 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох” тухай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл зэргүүдээр тогтоогдлоо.

 

 Дээрх байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт буруу байна.

 

Ажилчдын хуралдаан дээр орон тоо хасах тухай болон түүний үндэслэлийн талаар компанийн зүгээс мэдэгдсэн байх тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа заавал бичгээр мэдэгдэл өгч, гарын үсэг зуруулсан байх шаардлагагүй болно.

 

Хариуцагч тал ажилтны орон тоог цөөрүүлэх, хасах болсон шалтгаанаа “компани сүүлийн 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалд орсон, хөрөнгө оруулагчийн зүгээс цаашид компанийг санхүүжүүлэх боломжгүй” гэж үзсэн тул эхний ээлжинд орон тоо хасах шийдвэр гаргасан гэж тайлбарласныг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

     

 “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “ХХХХХ” хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ХХХХ, ХХХХХХ нар байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “ХХХХХ”-ийн захирал ХХХХХХ нь “ХХ” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, цаашид татан буулгах асуудлыг шийдвэрлэх зөвшөөрлийг тус компанийн захирал ХХХХд олгосон нь хэргийн 93-96 дугаар талд авагдсан батламж гэрчилгээ, зөвшөөрлийн бичиг, 201-203 дугаар тал дахь “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн “2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр нь тус компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч “ХХХХХ”-ийн албан ёсны шийдвэр мөн болох”-ыг баталсан баримт авагдсан байх тул тус компанийн хувьцаа эзэмшигч “ХХХХХ”-ийг төлөөлөн ХХХХ-ы 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/15 дугаартай компанийн үйл ажиллагааг зогсоож орон тоо хассан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байхын зэрэгцээ компани үйл ажиллагааны төлөвлөгөө болон бизнесийн хүрээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан нь буруу биш юм.  

 

Хариуцагч “ХХ” ХХК 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “ХХХХХХ” ХХК-тай “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж нягтлан бодох бүртгэл, цалингийн тооцоо, татварын тайлан гаргах зэрэг ажлыг сар тутамд 400 ам доллараар гүйцэтгүүлж байх ба  тус компаниар “компанийн санхүүгийн үйл ажиллагаанд урьдчилсан дүн шинжилгээ хийх, нягтлан бодох үйлчилгээг хүлээлгэн өгөх ажил үүргийг гүйцэтгүүлж байгаа” гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах хуулийн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03888 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    А.МӨНХЗУЛ