Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 637

 

Н.Б-, Э.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар магадлалтай, Н.Б-, Э.А- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгэлгүй, Б овогт Н-н Б-,

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгэлгүй, З овогт Э-н А-.

Н.Б-, Э.А- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь “**” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх шүүгдэгч Н.Б-, Э.А- нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Б-, Э.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Н.Б-, Э.А- нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Б-ын “Хьюндай портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5, Иргэний хуулийн 125, 126, 129 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-ын өмчлөлийн “Хьюндай портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийн Н.Б-, Э.А- нарт тус тус ногдох 500,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай...гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А- гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ манай гэр бүлийн дундын өмчийн Хьюндай портер маркийн 31- 27 УНХ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь эрүүгийн хариуцлага тухайн этгээдийн үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзэж уг тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахгүйгээр шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхийн тээврийн хэрэгслийн үнийг манай гэр бүлийн 7 гишүүнд хуваан хувь тэнцүүлэн Н.Б- бид хоёроос тус бүр 500,000 төгрөг гаргуулах шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б-, Э.А- нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийн Н.Б-, Э.А- нарт тус тус ногдох 500,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу.

Иймд тээврийн хэрэгслийн үнийг бүхэлд нь шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.А-ын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-, Э.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Б-, Э.А- нар бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь “**” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Н.Б-, Э.А- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Н.Б-, Э.А- нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Б-, Э.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа ашигласан зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Харин шүүгдэгч нарын унаж явсан “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь тогтоогдсон гэх дүгнэлт болон түүнийг улсын орлогод шилжүүлэхгүй байх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл, түүнчлэн уг тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн зохих хэсгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны онцлог нь газрын хэвлийг хөндөж, хөрсийг хуулж, зөөвөрлөх үйлдлүүд багтдаг бөгөөд гол төлөв тухайн уул уурхайн чиглэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд тусгайлан зориулагдсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, багаж хэрэгслийг ашиглаж үйлдсэн байдаг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хууль бус ашигт малтал олборлоход “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийг ямар байдлаар, хэрхэн  ашигласан талаар ямар нэгэн нотлох баримтыг шинжлэн судлаагүй, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэлгүйгээр, өөрөөр хэлбэл, уг тээврийн хэрэгслийг ердийн нийтлэг зориулалтаар нь, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд тухайлан ашигласан эсэхийг бүрэн нотлолгүйгээр өрөөсгөл дүгнэлт хийсэн, улмаар давж заалдах шатны шүүх төлбөрийн зарим хэсгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.                

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.А-ын гаргасан “...магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН