| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2018/0611/З |
| Дугаар | 221/МА2019/0118 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0118
| 2019 оны 02 сарын 27 өдөр | Дугаарh221/МА2019/0118 | Улаанбаатар хот |
Б.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ө.А нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Х-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг зөвхөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
Хэрэв Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан тохиолдол гарвал дүүргийн Засаг даргын орлогч нь нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, хариуцлагыг нь хүлээх ёстой.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/178 дугаартай “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” илт хууль бус захирамжаараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх төрийн улс төрийн шинэ албан тушаалыг бий болгож, тухайн албан тушаалдаа Т.Баясахыг томилсон байдаг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх Т.Баясахад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжид заасан хууль зүйн үндэслэлээр захиргааны актыг гаргах бүрэн эрх холбогдох хууль тогтоомжоор олгогдоогүй болно.
2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Х-д холбогдох хэсгүүд нь Монгол Улсын хот төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг /Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/-ийн 8.1.1-т заасан “хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг /Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно/-ийн 24.1.1-т заасан "хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”, 24.1.5-т заасан "холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх”, 24.2 дахь хэсэгт заасан "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно", Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл /Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага/-ийн 31.2 дахь хэсэгт заасан "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Авто замын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг “Засгийн газар авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/, 9.1.3-т заасан “авто замын үндэсний сүлжээг хөгжүүлэх бодлогыг батлах”, 9.1.8-д заасан "тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам батлах”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг /Авто замыг зориулалтаар нь доор дурьдсанаар ангилна/-ийн 15.1.2-т заасан “улсын чанартай авто зам”, 15.1.4-т заасан "нийслэлийн авто зам”, 15.1.5-т заасан “тусгай зориулалтын авто зам”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг /Авто зам нь дараах хэсгээс бүрдэнэ/-ийн 16.1.4-т заасан “авто замын зурвас газар”, 16.2 дахь хэсэгт заасан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна”, 16.6 дахь хэсэгт заасан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох бөгөөд газар түр эзэмшүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ”, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг /Эрчим хүчээр хангагч нь энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй/-ийн 29.1.7-т заасан “хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах”, 33 дугаар зүйл /Шугам сүлжээний хамгаалалтын зурвас/-ийн 33.1 дэх хэсэгт заасан “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дах хэсэг /Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно/-ийн 21.3.1-т заасан “хуурамч баримт бичгийг гэрчлэх”, 21.3.2-т заасан “баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэх”, 21.3.3-д заасан “нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх”, 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг /Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана/-ийн 31.1.1-т заасан “үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал” гэснийг тус тус зөрчсөн байна.
...Маргаан бүхий газрууд дээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай “Гудамж төслийг батлах тухай”, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 244 дугаартай “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаартай “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаартай “Гудамж төслийн нэгжийг татан буулгаж, Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийг баталж, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай”, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаартай “Хурдны зам баригдах талбайн солбицол батлах тухай” тус тус тогтоолууд, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Магадлан итгэмжилсэн 1037/2014 дугаартай Нарийвчилсан зураг төсөл бүхий Туулын хурдны хатуу хучилттай авто зам болон түүний үргэлжлэл Туулын хурдны замын эхлэлээс Улаанбаатар-Налайх чиглэлийн зам хүртэлх 2.09 км зам тавигдахаар төлөвлөгдсөн.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай тогтоолоор 31 дүгээр нэгж хороолол, түүний доторх хатуу хучилттай авто замууд баригдахаар төлөвлөгдсөн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжид тусгагдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчоо 5 дугаар гудамжинд байрших хаяг бүхий 18655307395661, 18655307358653, 18655307392624, 18655307377639 нэгж талбарын тус тус дугаартай газруудын дээгүүр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн Зуслан фидерийн тулгуур 34-36 дугаартай 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, түүний хамгаалалтын зурвас дайран өнгөрдөг.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оюунбаяр нь Б.Х, Б.Дө нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр байгуулагдсан 18655307377639 нэгж талбарын дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үнэн зөвийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрчилж, бүртгэлийн 974 дугаарыг, мөн Б.Х, Б.Д нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр байгуулагдсан 18655307358653 нэгж талбарын дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний үнэн зөвийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрчилж, бүртгэлийн 973 дугаарыг тус тус олгосон.
Гэтэл Б.Х-тай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулсан Б.Дө, Б.Д нар нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн Са-902 дугаарын аяллын онгоцоор хилийн Буянт-Ухаа боомтоор хамгийн сүүлд Монгол Улсаас гарснаас хойш 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр буцаж ороогүй нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/10551 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн Б.Б-н нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох "... 20,000,000.00 /хорин сая/ төгрөгийг гаргуулах... мөн Б.Х-н “Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусаар тооцуулах, тухайн гэрээний дагуу төлсөн 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэрэгт цугларсан Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2-5а/6217 дугаартай албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2-5а/б583 дугаартай албан бичгүүдээр хангалттай тогтоогдсон байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/30 дугаартай захирамжаар Б.Д-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 18655307358653 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, Б.Д-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 18655307377639 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайн хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшүүлсэн.
Гэвч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гаргах цаг хугацаанд Б.Д, Б.Дө нар нь Монгол Улсад байхгүй байжээ.
Б.Х нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин гарсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар эзэмших эрхийг шилжүүлэн авсан дээр дурдагдсан газруудаа ямар нэгэн зориулалтаар хэзээ ч ашиглаж чадахгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаартай шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж”-ийн Б.Х-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.Х “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...тус захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн газрууд нь хатуу хучилттай автозамын болон 10 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трасстай давхцалтай тул зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй, хуулиар эрх олгогдоогүй этгээд уг захирамжийг гаргасан...” гэсэн үндэслэлүүдээр маргажээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/178 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргыг зохих журмын дагуу шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг эдэлж, хариуцлагыг хүлээлгэхээр Т.Баясахыг тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ба уг захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй гэж хүчингүй болгосон эсхүл өөрчилсөн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/23 дугаар захирамжаар Б.Д, Б.Б, Б.Дө, Я.О нарын эзэмшлийн тус бүр 700 м.кв газрын эзэмших гэрчилгээг Б.Х-д шилжүүлж Газрын тухай хуульд заасан дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...” болохоор, 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргахдаа хавсаргах баримтуудыг тусгайлан заажээ.
Нэхэмжлэгч Б.Х хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж гаргасан хүсэлтдээ Б.Д, Б.Б, Б.Дө, Я.О нарын Баянзүрх дүүргийн Товчооны 5 дугаар гудамжинд байрлах тус тус 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр байгуулсан гэрээ, эзэмших эрх шилжүүлэгч нарын хүсэлт, газрын кадастрын зураг, гэрчилгээ болон газрын төлбөр төлсөн баримтуудыг хавсаргасан байна.
Улмаар хариуцагч уг хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1 /энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх/, 38.3.2 /шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх/, 38.3.3 /эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх/-д тус тус заасныг тодруулж, мөн зүйлийн 38.4 /...хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана/-д заасны дагуу Б.Х-н хүсэлтийг шийдвэрлэсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжаар түүнд эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн газрууд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 63 дугаар тогтоолоор батлагдсан 31 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн цахилгаан түгээх 10 квт-ын агаарын шугам болон Туулын хурдны замын трасстай давхацсан тул уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй гэж маргаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, захиргааны байгууллагаас эдгээр газарт эзэмших эрх олгосон нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн хуулийн 106 дугаар 106.3.1-д зааснаар маргаан бүхий захирамж хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг захирамжийг хүчингүй болгох учиртай.
Энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/23 дугаар захирамж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан, эрх зүйн зөрчилгүй захиргааны акт байх бөгөөд түүнийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгчээс газрын эрхийг шилжүүлэх хүсэлтдээ хавсаргасан гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх болон гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар харьяалах байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болно.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН