Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 127

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Б.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Нэхэмжлэгч Б.А-гаас “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 тоот захирамжийг хүчингүй болгох, хуучин эрхэлж байсан Хууль зүйн үйлчилгээний референтийн албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, 2016 оны ээлжийн амралтын тооцоог бүрэн хийлгэх зэрэг арга хэмжээг авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Миний бие Монгол улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референтээр, ажилласан байгаад энэ байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон Ц.Ц гэдэг хүний шийдвэрээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 тоот захирамжаар уг албан тушаалаас хууль бусаар халагдлаа. Би төрийн албаны мэргэжлийн сонгон шалгаруулалтад орж өрсөлдөж ажил, албан тушаал эрхлэх болзол хангасан учраас анх энэ байгууллагад 2013 оны 01 дүгээр сард орж ажилласан. Энэ хугацаанд үйл ажиллагаа мэргэжлийн түвшингийн үнэлгээ, үр дүнгийн гэрээгээр тогтмол амжилттай сайн дүн үзүүлж байсан учраас шинжээч, референт зэрэг албан тушаалд дэвшсэн, тангараг өргөсөн мэргэшсэн төрийн албан хаагч мөн. Гэтэл намайг ажлаас халах болсон шалтгаанаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт буюу Төрийн албанд мэргэжлийн шалгалт өгөөгүй орсон гэсэн үндэслэл дурдсан байна. 2013 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зохион байгуулсан Төрийн албаны мэргэжлийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн баримт миний хувийн хэрэг дотор байсаар атал Төрийн албаны зөвлөлийн саналыг аваагүй байна гэх шалтгаан заасан нь надад холбогдолтой асуудал биш хэрвээ энэ байгууллага ийм бичиг баримт шаардлагатай гэж үзвэл Төрийн албаны зөвлөлтэй харьцаж байгаа хүний нөөцийн ажилтнууд нь авч материал бүрдүүлэх ёстой болохоос би өөрөө хөөцөлдөх учиргүй. Харин энэ шийдвэрийг улс төрийн шалгуураар авч үзэж 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг хавчиж байгаа нь хууль бус үйл ажиллагааны нэг илрэл гэж дүгнэж байна. 

Улсын Их Хурлын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн захирамжид намайг анх ажилд авсан тушаал, дэвшин ажилласан тушаалыг тус тус хүчингүй болгож захирамжаас үүсэн гарах хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан нь энэ дарга удирдах албаны ажлын туршлага, хууль хэрэглэх чадвар хэр зэрэг  хүн бэ? гэдгийг харуулж байгаагийн нэг тод жишээ гэж үзэж байна. Намайг ажлаас халснаас хойш сүүлийн сарын ажилласан цалинг олгоогүй, тэр ч байтугай Төрийн ордонд орж ажил төрөл цэгцлэх бололцоогоор хязгаарлалаа. Иймд шүүхэд хандаж доорхи шаардлагыг тавьж байна. 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 тоот захирамжийг хүчингүй болгох, хуучин эрхэлж байсан хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референтийн албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, 2016 оны 09 дүгээр сарын цалинг болон ээлжийн амралтын тооцоог бүрэн хийлгэх зэрэг арга хэмжээ авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.

Ажлаас үндэслэлгүйгээр халсан энэ асуудлыг шийдвэрлэн өгөхийг Төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 09-ний 1156 дугаар өргөдлийн хариунд Шүүхийн байгууллагад хандана уу гэсэн байна. Иймд та бүхнийг миний ажлаас үндэслэлгүйгээр халагдсан дээр дурдсан асуудлуудыг түргэн шуурхай, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.” гэжээ. 

Хоёр. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Базарваань овогтой Агаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Б.Аг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 дугаар захирамжийг хүчингүй болгох, хуучин эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, 2016 оны 09 дүгээр сарын цалинг болон ээлжийн амралтын тооцоог бүрэн хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Улсын Их Хурал /цаашид “УИХ” гэх/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Бын “Б.Аг ажилд томилох тухай” 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар захирамж, “Б.Аг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 676 дугаар захирамж нь эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болох тухайд.

Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын Тамгын газарт Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, шалгалтын дүнгийн илтгэх хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гарган, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 941 дүгээр албан бичгээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц-д ирүүлсэн байдаг. 

Дээрх илтгэх хуудасны 2 дугаар талд байгаа “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй иргэнийг төрийн захиргааны албанд томилсон талаар:” гэсэн хэсэгт “УИХ-ын Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаа албан хаагчдын хувийн хэргийг нягтлан үзэхэд дараахь нэр бүхий албан хаагчдын хувийн хэрэгт мэргэшлийн шалгалт өгсөн тухай баримт бичиг болон Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тухай шийдвэр байхгүй байна. Үүнд Эрх зүйн экпертийн албаны референт Б.А.” гээд  4-өөс 5 дугаар талд байгаа “Цаашид анхаарах зүйлүүд:” гэсэн хэсгийн 4-т “Албан хаагчдын дунд тангараг өргөсөн хуудас байх боловч төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн шалгалтын материал хавсаргаагүй, өөр байгууллагад шалгалт өгөөд, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргалгүй томилогдсон ажилтнууд байх тул албан хаагч бүрийн материалыг нягтлан хянаад хууль, дүрэм, журамд нийцүүлэх”-ийг зөвлөмж болгосон. 

Энэхүү зөвлөмжийн хүрээнд холбогдох судалгаа холбогдох судалгаа хийхэд 

Б.Аг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай томилон ажиллуулсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай томилон ажилуулсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б-ын 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөн боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж заасныг зөрчсөн байсан. 

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн даргын 2013 оны 18 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.” заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2003 оны 02 дугаар сарын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 2-т заасан “Төрийн албан мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна.” гэснийг зөрчсөн. 

Учир нь Б.А-г 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар туршилтын хугацаагаар томилох үед Б.А нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан. Энэ нь “Яамны хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх, нөөцөд бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9/426 тоот албан бичгээр нотлогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дахь заалтад “...Б.А нарыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тухайн хэлтсийн даргын албан тушаалын нөөцөд бүртгэсүгэй.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамж гарсан өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан тул УИХ-ын Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн 17.4-т заасны дагуу “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад хүргүүлээгүй, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Үүнд: 

-17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

- 17.3 Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлттэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 35.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхийболон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ. 

Мөн Б.Аг Хууль зүйн Үйлчилгээний хэлтсийн шинжээчийн ажилд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 676 дугаар захирамжаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагаас дүгнэлт аваагүй байна. 

Нэхэмжлэгч Б.А нь дээрх асуудлыг тодруулах зорилгоор тухайн үед Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Хүний нөөцийн албанд хадгалагдаж байсан өөрийн хувийн хэрэг, УИХ-ын Тамгын газрын архивт байгаа Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн бичиг, Ерөнхий нарийн бичгийн даргын 2013, 2016 оны захирамжийг шүүж үзсэн боловч Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт байгаагүй. 

Иймд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Бын “Б.Аг ажилд томилох тухай” 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар болон “Б.Аг ажлаас чөлөөлж, ажилд томилох Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх болгосон эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно. 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж тус тус заасны дагуу “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт” болно. 

Хоёр. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон тухайд.

“Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох харилцааг зөвхөн Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байх ба уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1 хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж тус тус заасан.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, 48.3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 941 тоот албан бичгээр ирүүлсэн илтгэх хуудас, дүгнэлт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн гарсан бөгөөд өмнө нь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон хууль ёсны захиргааны акт юм. 

Иймд Нэхэмжлэгч Б.Агийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Б.Аг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 дугаар захирамжийг хүчингүй болгох, хуучин эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, 2016 оны 09 дүгээр сарын цалинг болон ээлжийн амралтын тооцоог бүрэн хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн  төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А-гаас тус шүүхэд “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 тоот захирамжийг хүчингүй болгох, хуучин эрхэлж байсан Хууль зүйн үйлчилгээний референтийн албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, 2016 оны ээлжийн амралтын тооцоог бүрэн хийлгэх зэрэг арга хэмжээг авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 635 дугаар захирамжаар  тус газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн экспертийн албаны референт Б.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны Зөвлөлөөс “...хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг зөрчсөн эсэхтэй холбогдон гарсан маргаан хамаардаггүй болно... шүүхийн байгууллагад хандаж асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэж хариуг өгсөн  тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захирамжийг “...Төрийн албаны зөвлөлийн саналыг аваагүй байна гэх шалтгаан заасан нь надад холбогдолтой асуудал биш хэрвээ энэ байгууллага ийм бичиг баримт шаардлагатай гэж үзвэл Төрийн албаны зөвлөлтэй харьцаж байгаа хүний нөөцийн ажилтнууд нь авч материал бүрдүүлэх ёстой болохоос би өөрөө хөөцөлдөх учиргүй. Харин энэ шийдвэрийг улс төрийн шалгуураар авч үзэж 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг хавчиж байгаа нь хууль бус үйл ажиллагааны нэг илрэл...”гэж маргажээ.

Харин хариуцагчаас “...Нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамж гарсан өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан тул УИХ-ын Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн 17.4-т заасны дагуу “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад хүргүүлээгүй, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Мөн Б.Аг Хууль зүйн Үйлчилгээний хэлтсийн шинжээчийн ажилд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 676 дугаар захирамжаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагаас дүгнэлт аваагүй байна...” гэж  635 дугаар захирамжийн үндэслэлээ тайлбарлан үгүйсгэжээ.

Нэг. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 635 дугаар захирамжийг хүчингүй болгож, хуучин эрхэлж байсан Хууль зүйн үйлчилгээний референтийн албан тушаалд эргүүлэн  тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар захирамжаар  Улсын Их Хурлын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын  туслахаар 3 сарын хугацаатай /туршилтын хугацаагаар /томилогджээ.

Тэрээр уг албан тушаалд томилогдохтойгоо зэрэгцэн 3 хоногийн дараа буюу 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Сав газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаал буюу ТЗ-10 ангилал зэрэглэлд Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцон нийт 65 оногоор тэнцэж , яамны хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх, нөөцөнд бүртгэгджээ. 

Мөн энэ хугацаанд ажил олгогч Улсын Их Хурлын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас Авлигатай тэмцэх газарт хандан “Хувийг ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай” албан бичиг хүргүүлэхэд “...Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Аг ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдохгүй болно...” гэх хариуг ирүүлсэн байна .

Улмаар түүнийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 171 дугаар захирамжаар Улсын Их Хурлын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд /жинхэлэн/ томилсон байна .

2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 676 дугаар “ Б.А-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар  Б.А-г Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын үүрэгт ажлаас  2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн шинжээчийн ажилд томилогджээ. 

Уг албан тушаалыг хашиж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болсон байна .

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 241 дүгээр захирамжаар Б.Аг Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн экспертийн албаны референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ . 

Энэ цаг хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 635 дугаар захирамж гартал тэрээр тогтвор суурьшилтай Төрийн албанд буюу Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн экспертийн албаны референтээр ажиллаж байжээ.

Ажиллаж байх хугацаандаа ажил олгогчтой үр дүнгийн гэрээ байгуулж, 2013 оны жилийн эцэст 85 оноо буюу “Сайн” ,  2014 онд 90 оноо буюу “Маш сайн” , 2015 оны жилийн эцэст 90 оноо буюу “Маш сайн”  үнэлгээ өгсөн болох нь Үр дүнгийн гэрээний биелэтийг дүгнэх  хуудсаар тогтоогдож байна. 

  Хариуцагчаас уг маргаан бүхий 635 дугаар тушаалыг гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 941 тоот албан бичгээр ирүүлсэн илтгэх хуудас дүгнэлт, Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх зөвлөлийн  хуралдааны шийдвэр ...” зэргийг үндэслэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заажээ.

Гэвч энэ тохиолдолд хариуцагчаас Төрийн албаны тухай  хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд буюу Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Б.Аг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд туршилтын хугацаатай томилсоныг буруутгах боломжгүй байна.

Учир Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан. 

Харин нэхэмжлэгч Б.А нь төрийн албан хаагч болсоноос хойш  өөрийн эрхэлсэн ажилтайгаа холбогдсон чиг үүргээ маш сайн хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэдлэг чадвар, чадавхи сайтай төрийн захиргааны алба хаагч болохоо батлан харуулсан болох нь дээр дурдсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн дүгнэлтүүдээс харагдаж байна.

Дээрхээс үзэхэд Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтаны гаргасан алдаатай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хуулиар олгосон  хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэж шүүх  үзлээ.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа  албан хаагчдын хувийн хэрэгт төрийн албаны шалгалт өгсөн тухай баримт бичиг болон Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тухай шийдвэр зэргийг албажуулах нь хариуцагчийн хийх ёстой ажил байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийг буруутган үл ялих зүйлээр шалтаглан ажлаас чөлөөлж байгаа нь буруу байна. 

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт Б.Аг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй юм. 

Гэхдээ Улсын Их  Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 635 дугаар захирамж гарсан огноогоор Б.Аг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг мөн өдрөөс эхлэн тооцож нийт 123 хоног ажиллах ёстойгоос 98 хоногийн ажилласанд тооцон олгохоор шийдвэрлэлээ.   

Гурав:  “2016 оны ээлжийн амралтын тооцоог бүрэн хийлгэх тухай” 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улсын Их Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар  захирамжаар тус  газрын ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Агийн ээлжийн амралтыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногоор амрахаар тооцон мөнгийг нь бүрэн олгосон байх тул  түүний ээлжийн амралтын тооцоо бүрэн хийгдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 635 тоот захирамжийг хүчингүй болгож, Б.А-г Хууль зүйн үйлчилгээний референтийн албан тушаалд эргүүлэн тогтоосугай.        

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар тус тус баримтлан Б.А-д ажилгүй байсан 5 сарын хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.735.312 /гурван сая долоон зуун гучин таван  мянга гурван зуун арван хоёр / төгрөгөөс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Нэхэмжлэгч Б.А-гийн “2016 оны ээлжийн амралтын тооцоог бүрэн хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР