Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00588

 

  

Т.Аын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00202 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Аын хариуцагч Э.Н, Э.Х нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А, хариуцагч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т.А 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Э.Н, Э.Х нарт 2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөр 1,280,000 төгрөг болсон. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Алданги 1,640,000 төгрөг болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг төлөөгүй. Иймд Э.Н, Э.Х нараас нийт 4,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Хгийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.Ааас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээл авч өмнөх зээлийн үлдэгдэл 180,000 төгрөгийг суутгаж 1,820,000 төгрөгийг н.Ичинхорлоогийн дансаар шилжүүлэн авсан. Зээлийн төлбөрийг өдөр бүр бэлнээр төлж хар дэвтэрт тэмдэглэдэг байсан гэжээ.

 

3.Хариуцагч С.Энхцэцэгийн тайлбар татгалзлын агуулга:

Т.Ааас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлж аваагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Хадам эх Э.Х зээл авсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н, Э.Х нараас 4,920,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ат олгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н, Э.Х нараас 93,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ат олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Э.Хгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Т.А, Э.Х нар гэрээг байгуулсан. С.Энхцэцэг энэ хэрэгт хамааралгүй. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Т.Ааас 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй буцаан төлөхөөр тохиролцож байсан. н.Ичинхорлоо өдөр бүрийн орлогоос зээлийн төлбөрийг бэлнээр болон дансаар төлж байсан. Бэлнээр төлсөн төлбөрийг зарлагын дэвтэрт ... мотор Дариа, Цэцэг, Тамир... гэх мэт бичиж байсан. Хайлаастын хуучин эцэст 84-ын буудалд моторын тос, мод зардаг н.Дариад өгч тэмдэглүүлж гарын үсэг зурдаг байсан. н.Ичинхорлоо бэлнээр болон дансаар 3,386,000 төгрөг төлсөн. Т.А, н.Дариа нараас хар дэвтрийг гаргуулах шаардлагатай гэжээ.

 

6. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Э.Н, Э.Х нарт 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, 1,810,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Мөнгө авсны дараа Коронавирус гарч лангуу нь ажиллаагүй. Утсаар холбогдож байсан боловч сүүлдээ гар утсаа авахаа больсон. Хэрэв мөнгө төлсөн бол хариуцагч нарыг гүтгэхгүй. Өмнө нь мөнгө авч, өгч байсан зүйл байсан. Тухайн үед мөнгөө төлж дуусахаар нь хар дэвтрийг хаядаг байсан. Хар дэвтэр байхгүй. Хариуцагч анх тайлбартаа Т.Ааас мөнгө аваагүй гэж, шүүх хуралдаанд мөнгийг авч охиндоо өгсөн гэж зөрүүтэй тайлбар гаргасан. Хариуцагч зээлийн төлбөрийг төлсөн баримтгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянахад, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

 

1. Нэхэмжлэгч Т.А хариуцагч С.Энхцэцэг, Э.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хариуцагч Э.Х зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Т.Ат бэлнээр төлснийг нотлохоор хар дэвтрийг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/00794 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

3. Мөн хэрэгт Хаан банк ХХК дахь С.Энхцэцэгийн эзэмшлийн 5028142552 тоот дансны хуулга нотлох баримтаар авагдсан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Хэдийгээр хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах, зөрчил бүхий ажиллагаанд үндэслэж хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ