Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 146

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

УлС-н яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Од холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Ц.О  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 08-р сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим хохирогч Э.С Хаан банкны виза картыг авч, Дорноговь аймгийн Хаан банкны АТМ-д уншуулан 380000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

     Шүүгдэгч Ц.О-н: ”...Симба дэлгүүрийн орчимд явж байтал танил Э.С гэх ах надтай таарсан. Би Э.С ахад та надад миний картнаас 100.000 төгрөг аваад өгчих би картаа уншуулж мэддэггүй юм гэж хэлээд Төв Хаан банк орж 100.000 төгрөг авахуулаад Э.С ахаас үлдэгдэл хэдэн төгрөг байна гэж асуутал 284.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.С ахад үлдэгдэл мөнгийг нь аваад өгчих гэж гуйгаад 280.000 төгрөг авахуулсан. Ингээд би Э.С-н ХААН банкны картнаас нийт 380.000 төгрөг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

 

    Хохирогч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...хаан банкны .... дугаартай дансны виза картаа алдаж 380.000 төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

 

     Хохирогч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08-р сарын 25-ны өглөө..., ...би их согтчихсон байсан тэндээ унтаж байгаад 18 цагийн үед сэрж гэртээ хариад Хаан банкны картаа үзсэн чинь алга болчихсон байсан. тэгэхээр нь Хаан банк руу 96064751 дугаараас залгаж өөрийн дансны мэдээллээ асуусан чинь 4000 төгрөг үлдчихсэн миний картнаас мөнгө алга болчихсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

 

     Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд Дорноговь аймгийн Төгөлдөр гэх дэлгүүрийн урд талд намайг явж байхад хойноос нэг хүн дуудахаар нь эргэж хартал Ц.О байсан..., ...Ц.О халааснаасаа ногоон өнгөтэй хаан банкны виза карт гаргаж ирээд 100.000 төгрөг аваад өгөөчээ гээд надад картаа өгөхөөр нь би төв ХААН банкнаас гаргаж өгөх гэхэд надад виза картны кодыг 0925 гэж хэлж өгсөн..., ...дансыг нь шалгаж үзэхэд 384000 төгрөг байсан..., ...100.000 төгрөг аваад ...Ц.О надад “Би ерөөсөө картнаасаа бүх мөнгөө авъя гэхээр нь би Алтанговийн АТМ-рүү очиж гадаа нь Ц.О үлдээд би үлдэгдэл 284.000 төгрөгийг нь авч өгөөд ...явж байхад... дүү гэх хүн рүүгээ ...залгаад ...холбоон дээр хүрч ирээд надаас 100.000 төгрөг аваад хүүхдүүддээ дэвтэр ном ав гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/

 

Хохирогч Э.С-н Хаан банкны .... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-р хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 08-р сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим хохирогч Э.С-н Хаан банкны виза картыг авч, Дорноговь аймгийн Хаан банкны АТМ-д уншуулан 380000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.О-д 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон нийт 28 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

Хохирогч Э.С-д гэмт хэргийн улмаас 380000 төгрөгийн хохирол учирсан  боловч шүүгдэгч Ц.О хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-с 380000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д олгох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.         

          

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-н цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялаас хасаж тооцон нийт ялыг 76 цагаар тогтоосугай.

 

           5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 76 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          6. Шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 76 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-ээс 380000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                    Н.АДЪЯА