Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бууралшагай овогт Боргилын Б.Г-д холбогдох эрүүгийн 1719001160105 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сумын хэсгийн цагдаа ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1-р баг, 36-р байрны 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын цагдаагийн байранд хохирогч Ц.Д-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй гэв...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад иргэн Ц.Д нь баруун нүдний доор хөхөрсөн хувцас хунар нь тоос шороо болчихсон согтуу орж ирсэн. Анх орж ирэхдээ төлөөлөгчийг асууж орж ирсэн.. Та яав ийв гээд юу болсныг асуухад, би хүнд зодуулчихлаа гэсэн утгатай юм ярьсан байгаа. “Та хэнд зодуулав” гэж асуухад, танд хэлэхгүй төлөөлөгчтэй харьцана гэсэн. За ярих боломжгүй бол нэгдүгээрт согтуу байна, хоёрдугаарт юм ярих боломжгүй байна. Өглөө хүрээд  ир, өглөө шийдэж өгье  хэсгийн байцаагчаасаа асууя гэхэд үг авахгүй өөдөөс би монголын цагдаа офицер байсан хүн чамтай харьцахгүй гээд агсараад байсан. Тухайн үед би, “та харьж амар, яваач” гэж зөндөө хэлсэн, гуйсан, аргадсан байгаа. Сүүлдээ болохгүй болохоор нь таныг саатуулна шүү гээд  яг гавлах гээд байж байхад гаднаас төлөөлөгч орж ирсэн төлөөлөгч яасан гэж асуухад би бүх болсон процессуудыг хэлсэн. Төлөөлөгч тэгэхэд энд хэрэггүй машинд оруулаад гавалчих гэсэн тэгээд машинд оруулж гавалсан. Тэгээд байж байгаад 1 цагийн дараа гарч харахад байхгүй, явсан байхаар нь эгээд гэртээ харьсан байх гэж бодсон. Гэртээ амраад байж байхад  шөнийн 3 цагт манай хаалгыг хүн тогшоод онгойлгоод өгөхөд иргэн Ц.Д, дүү Б, иргэн У нарын хамт орж ирсэн. Тэгээд иргэн Ц.Д нь чи намайг 2 цаг зодсон гэж агсараад байсан тухайн үед би гавтай гарнаас нь барьсан  гавыг маань эвдчихсэн ангайсан байсан гаваа үзэх гээд барьсан чинь дүү Б нь миний нүүрэн тус газар цохьсон. Би манарлын байдалтай байхад бөөнөөрөө дайрсан. Би биеэ хамгаалсан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Ц.Д гэх хүн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтолоо согтчихсон орж ирээд ... би монголын цагдаад офицер байсан хүн, сумын төвд хүнд зодуулчихлаа, чи тэр хүнийг барих ёстой гэхээр нь хэнд зодуулсан юм бэ гэхэд надтай хамт архи ууж байсан хүмүүс намайг зодчихсон гэхээр нь та эрүүл болчихоод өглөө хүрээд ир, та одоо согтуу байгаа учраас таны үгэнд цагдаа хөтлөгдөж хүний араас хөөцөлдөнө гэж байхгүй гэж аргадсан байдалтай хэлэхэд агсарч надруу дайраад чам шиг муу цагдаатай харцахгүй гээд дайраад байхаар нь гавалж саатуулж байгаад эрүүл болохоор нь явуулъя гэж байтал хэсгийн төлөөлөгч гаднаас орж ирээд ... Ц.Д-ийг машин дотор нь суулгаж байгаад хаалганы дээд талд нь байдаг бариулаас нь гавалж орхичихоод гэртээ ороод унтсан. .... шөнө 03 цагийн үед хэн нэгэн гэрийн хаалга тогшихоор нь сэрээд хаалгаа онгойлготол Ц.Д гаднаас 2 залуугийн хамт орж ирээд намайг чи гавласан, хатаж үхэх шахлаа, чи намайг 2 цаг зодсон гэж орилж хашхирсан. ... би та юу яриад байна вэ, таныг согтуу ирээд агсам согтуу тавиад байхаар нь гавласан шүү гээд гавнаас татахад Ц.Д-той хамт орж ирсэн 2 залуугийн нэг нь шууд намайг цохьсон. Мөн Ц.Д ч намайг цохиж авч тэр жижигхэн өрөөнд бужигнаан болсон. Ц.Д, Б, У нар дайрахаар нь би биеэ хамгаалсан. Тэр үед Л босч ирээд нэг залууг нь надаас салгаж авсан. Түүнтэй зэрэгцээд хэсгийн төлөөлөгч Ганбаатар гаднаас орж ирсэн. Ц.Д манайд орж ирэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтолоо согтсон байдалтай, мөн баруун талынх нь нүд хөхөрч хавдсан байдалтай орж ирсэн. ...Ц.Д агсам согтуу тавихаар нь харьж амар гэж аргадан олон хэлсэн боловч хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь л аргагүй эрхэнд гавласан .... Ц.Д мал алдсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй.... гэсэн мэдүүлэг / хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цагдаагийн байр гэрэлтэй байхаар төлөөлөгчтэй уулзах гэж очсон. Тэгээд цагдаагийн дүрэмт хувцастай залуу бас энгийн хувцастай залуу 2 байсан. Төлөөлөгч байхгүй байсан. Тэгээд гараад явсан чинь харанхуй шөнө хаачих гэж байгаа юм бэ? гэхээр нь би төлөөлөгчтэй уулзана гэж хэлсэн. Тэгээд энэ залуу үүдэнд намайг зодсон. Нөгөө залуу гарч ирээд цуг зодсон. Тэгээд  гэртээ оруулаад зодсон. Би Б дүүгээрээ хүргүүлсэн. Дүү намайг удах байх гээд явчихсан гэж байсан. Манай ээж хөдөө байдаг. Нэг жил нь 50 хонь, дараа жил нь 30 хонь алдаад арга хэмжээ аваагүй байсан. Тухайн өдөр хөдөөнөөс дүү хонь дутсан гэж утсаар ярьсан. Г-д тэрийг хэлэх гэж очсон. Тэгээд гадаа машинд намайг гавлаад гэрчгүй, чамайг алсан ч болно хохь нь, чи өөрөө өөрийгөө зодсон биз дээ гэж хэлсэн. Тэгээд би согтуу хүмүүс зодоод алчих байх гэж айгаад машиныхаа бариулыг нь эвдээд явсан. Эмнэлэг рүү очиж яваад гаваа суллуулах гээд очоод дахиад зодуулсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Г, Л нар намайг мал алдлаа гээд дуудлага өгөх гээд очиход Б.Г гэрт халамцуу сууж байсан. Би тухай үед төлөөлөгч Г-г асуучихаад гараад явтал миний араас эхлээд Б.Г гарч ирсэнээ хөөе чи согтуу юм уу, амралтын цагаар гэрээр ирлээ гэхээр нь би Б.Гд чи өөрөө согтуу байна гэж хэлтэл араас ирээд зүүн чамархайруу цохиод авсан. Миний толгой эргээд чих шуугиад аманд цус амтагдаад унах гээд байхаар нь Б.Г-г бариад авсан. Гэтэл дотор байсан Л гарч ирээд миний зүүн хөлийн гуяруу өшиглөөд намайг хамтдаа гэр лүүгээ чирээд орсон. ...Б.Г дотор оруулаад газар хэвтүүлээд өшиглөөд цохиод байсан. Тэгсэнээ намайг гаргаад машинаас гавласан. ... машины бариулыг салгаад гэртээ гарандаа гавтай очсон. Манай дүү Б, Улаанбаатарын хамт эмнэлэгт үзүүлье гээд дагуулж явах замдаа гаваа салгуулахаар цагдаагийн кобон ортол төлөөлөгч Ганбаатар ирчихсэн байсан. Б.Г цаад өрөөнөөсөө яасан овоо п...вэ гээд орилж бархираад гарч ирсэнээ миний гавтай гарнаас дугтраад хавирга руу өшиглөж унагаад, унасаны дараа толгой дээр дэвсээд нүд рүү өшиглөсөн.  ... Б.Г намайг зодож миний хавиргыг хугалсан, эмнэлэгт үзүүлэхэд нойр булчирхай бөөр доргисон байна гэсэн. Баруун нүд рүү өшиглөөд гэмтэл учруулсан. Анх очиход Б.Г нь нүүрний зүүн чамархай руу хүчтэй цохисны улмаас шүд унасан, тархи доргисон. Зүүн тал тэр чигтээ хавдсан байсан тул эрүү зуураад юм ярьж чадахгүй болсон байсан. Урьд жилүүдэд манайх 30, 50 хонь алдсан байсан. Би цагдаагийн хэсэг орж хэлчихээд ирье гээд ээж, дүүдээ хэлээд ганцаараа явсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  гэсэн мэдүүлэг /хх-33, 41-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12915 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Ц.Д-ийн биед баруун доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, гуя, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, доод үүдэн баруун 1-р шүд унасан, зүүн 8-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 5% нөлөөлнө гэжээ. /хх-36/,

 

Шинжээч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 1. Ц.Дийн биед баруун доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, гуя, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, доод үүдэн баруун 1-р шүд унасан, зүүн 8-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-ээс  дээж удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 5% нөлөөлнө гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

 

Гэрч Б.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед дэлгүүрээс 500 граммын архи аваад Б.Г ахын гэрт очсон. Одоо ууж болохгүй гэж байсан. Тэгээд 22 цаг 30 минутын үед  Б.Г ах гадуур эргүүл хийж ирээд гайгүй юм шиг байна гээд архинаас  хоёр, хоёр хундага уусан байсан. Ц.Д гэдэг хүн Г төлөөлөгчийг асууж орж ирсэн. Гал тогооны өрөөнөөс том өрөө рүү орж ирээд цуг суусан. Би архи хийж өгсөн. Нүд нь хөхөрсөн архи уусан хүн байсан. Явган яриа ярьж байгаад сүүлдээ дуу нь чангараад ирсэн. Ганбаатар төлөөлөгч ирсэн байсан юм байна лээ. Г ах ирээд урьд нь цагдаад ажиллаж байсан ах байна гээд тайвшруулах гээд байсан болохгүй болохоор нь машинд нь гавалсан гээд орж ирсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад амарсан. Тэгээд унтаж байхад Б.Г ах Лхагва гээд хашхирсан. Тэгээд гал тогооны өрөө рүү ороход Ц.Д, Б.Г хоёр зууралдаж байсан. Тэгээд салгасан. Тэр түчигнээнээр Ганбаатар төлөөлөгч орж ирсэн байсан. Байдлыг намжаагаад амарцгаасан гэсэн мэдүүлэг,

 

  Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Ц.Д ... орж ирээд суухаар нь хартал нилээн согтолттой юм шиг анзаарагдсан. ... би хүнд зодуулчихлаа, гомдол гаргах гэсэн юм гээд байсан. .... удалгүй Б.Г, Г 2 гаднаас орж ирээд машинаас гавалчихлаа гэж байсан. .... Тэгээд шөнө 02-03 цагийн орчимд байх Б.Г Лхагваа гэж дуудахаар нь гал тогооны өрөөрүү нь очиход нөгөө согтуу орж ирдэг залуу 2 залуутай хамт ирчихсэн Б.Г ахтай зодоон цохион хийгээд байсан. Б.Г ахын дээр орж ирсэн хүмүүсийн 2 нь гарчихсан байсан. Би дундуур нь орж салгаад удаагүй байж байтал Ганбаатар орж ирээд учир зүйгээ олцгоосон. ...гаднаас орж ирэхдээ хэсгийн төлөөлөгчтэй уулзах гэж байгаа гэж хэлээд орж ирсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. тэр хүнийг анх орж ирэхэд нь харахад тэр хүний аль нэг нүд нь хөхөрч хавдсан, өмссөн хувцас нь тоос шороо болсон байдалтай орж ирсэн. Тэгээд хэн нэгэнд зодуулсан талаараа яриад байсан ба хэнд зодуулсан бэ гэхэд хэнд зодуулсан талаараа ярихгүй байсан гэсэн мэдүүлэг / хх- 45-46, 81/


            Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би сумандаа 00 цагийн орчимд очиж цагдаагийн кобон руугаа ороод цагдаа  Ган-Эрдэний гэр лүү ороход гэрийнх нь дотор үүдэн хэсэгт нь миний таньдаг Ц.Д гэх хүн гавлуулсан байдалтай байхаар нь ямар учиртай яагаад гавлуулсан талаар асуухад Б.Г надад хэлэхдээ чамаас өмнө манайд орж ирэхдээ чамайг асууж орж ирсэн тэгээд ууж байсан архинаас татсан тэгээд харьж амар гэхэд гэрээс гарахгүй байсан учир гавласан гэсэн .тэгэхээр нь би гавыг нь тайлуулаад гаргаад машиных нь хаалганы дээд талын бариулнаас гавалсан .... гэрт нь орилж хашхиралдаад чанга чанга дуу гараад байхаар нь хувцасаа өмсөөд яваад ортол Б.Г Ц.Д болон 2 залуутай барьцалдаад авчихсан байж байсан. ... Тэр үед Ц.Д их хэмжээний согтолттой байсан. Цохиж зодож хэн нэгэндээ гэмтэл учруулж байхыг нь хараагүй. ... Ц.Д нь энэ асуудал болохоос өмнө шөнийн цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ямар нэгэн шалтгаангүйгээр л гэрт ороод ирдэг байсан. Тэгээд би ямар учраас та орж ирэв гэхээр ахдаа 1 шил архи аваад өгчих, хамт архи уух уу гээд хэд хэдэн удаа орж ирж байсан гэсэн мэдүүлэг / хх-48/,

 

Гэрч Э.Ч-н: ..Ц.Доос өвчний түүхийг нь асуухад урд шөнө хүнд зодуулсан, гэртээ ирээд шууд хэвтсэн. Баруун нүд хөхөрсөн, зүүн талын гуян дээр хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-49/,

 

Гэрч У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 09 сарын сүүлээр Ц.Д нь цагдаад зодууллаа гэж ирсэн. ... цагдаа Б.Г та нар амгалан тайван байдал алдагдууллаа, бөөнөөрөө зодох гэж ирлээ гээд Ц.Дийг гавнаас нь чирээд намайг нэг цохиж аваад, Баянааг хэд хэд цохиод авсан... Баянаагийн биед гэмтэл болоогүй. Миний хувьд ямар нэгэн гэмтэл учраагүй. Дашка ахыг их зодсон байсан гэсэн мэдүүлэг /хх-52/,

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... манай хөдөө амьдардаг дүү хөдөөнөөс хонь дутчихлаа гэж ирэхээр нь ах Ц.Д цагдаад мэдэгдэе гээд намайг дагуулаад машинтай явсан. Ц.Д ах цагдаагийн байрлуу ороод удаад байхаар нь би хүлээж байгаад машинаа орхиод  гэр лүүгээ харьсан. Би ахыг ороод яриад суучихаж гэж бодоод харьсан. Шөнийн 02 цаг өнгөрч байхад ах орж ирсэнээ цагдаад зодууллаа гээд өрөөсөн гарандаа гавтай байсан. Улаанбаатарыг дагуулаад эхлээд ахын гавыг нь салгуулая гээд цагдаагийн байранд очтол цагдаа яах гэж ирж байгаа юм гэснээ шууд ахыг гавтай гараас нь гэдэсрүү нь өшиглөөд татаж унагаагаад цээж нүүр лүү нь өшиглөж зодсон. ... гэсэн мэдүүлэг /хх-53/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын цагдаагийн байранд хохирогч Ц.Д-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Д-д гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, хавтаст хэргийн 55 дугаар хуудаст хохирогч Ц.Д “...Б.Г-с эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авч хохирлоо барагдуулсан нь үнэн..., ...гомдол саналгүй...” гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА