Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00676

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00676

 

 

 Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03198 дугаар шийдвэртэй Д.Б-гийн нэхэмжлэлтэй Д.О-д холбогдох ногдох хөрөнгө болон хохирол 24,327,556 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 36,507,758 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Д.О-тай 2019 онд МДЦ ХХК-ийг үүсгэн байгуулж ээж, хүүхдийн хөгжлийн төв чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Би МДЦ ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг, Д.О 60 хувийг эзэмшдэг. Бид харилцан тохиролцож компанийхаа нэр дээр ээж, хүүхдэд зориулсан төвийг хамтран байгуулж, үйл ажиллагаагаа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс албан ёсоор эхлүүлэн Д.О гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж, миний бие үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан болно. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Д.О нь МДЦ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг хамтран эзэмшигч надад болон гэрээт байгууллагуудад хэлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МПМ комплексоос шөнийн 23-06 цагийн хооронд бүлэг хүмүүстэй нууцаар зөөн хувьдаа авч явсныг манай компанийн ажилчид болон миний бие 11 дүгээр сарын 04-ний өглөө 9 цагт ажилдаа очих үедээ мэдсэн. Үүнээс хойш миний бие компанийн эд хөрөнгийг хууль бусаар авч явсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч миний хувийн эд хөрөнгө хэмээн худал мэдүүлж, улмаар тус хэргийг бүрэн шалгалгүй цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэлгүй татгалзаж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр гомдлыг хүлээн аваагүй болно.

Миний бие Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч мөн бөгөөд компанийн харилцах дансаар үйл ажиллагаа явуулсны үр дүнд худалдан авсан эд хөрөнгө болон хэвийн үйл ажиллагааг сэргээх гэсэн боловч илүү олон хувьцаа эзэмшиж байгаа хүний өмнөөс ямар нэг арга хэмжээ авч чадахгүй хохироод байна. Д.О-гийн хувьдаа завшсан компанийн эд хөрөнгүүдийг доорх эх үүсвэр болох компанийн нэр дээр хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу хүлээн авсан төлбөрүүд бөгөөд компанийн дансны хуулгатай тохирч байгаа. Үүнд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ГГИ ХХК-аас 15,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГГИ ХХК-аас 12,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр БИ ХХК-аас 10,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А ХХК-аас 5,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ГГИ ХХК-аас 3,000,000 төгрөг болно. Мөн Д.О-гийн зүй бус үйлдлээс шалтгаалан хэвийн явагдаж байсан сургалт цуцлагдсанаас болж А жолооны курст хувиасаа төлсөн 989,333 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан байр талбай болох МПМ комплексоос эд хөрөнгө зөөх явцдаа байр талбайд учруулсан гэмтлийг засаж янзлахад 3,398,731 төгрөгийг миний бие гуравдагч талуудад хувиасаа төлж барагдуулсан болно. Д.О компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө, тавилга эд хогшлыг авч явснаас одоог хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх байгууллагууд болон миний хувиасаа оруулсан хувьцаанд ногдох хөрөнгийг гаргуулан хохиролгүй болгох шаардлагатай байна.

Иймд Д.О-гаас МДЦ ХХК-ийн хөрөнгөөс тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч надад ногдох хувь 19,939,492 төгрөг, дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан А жолооны курс болон МПМ комплекст учирсан эд хөрөнгийн хохирлыг хувийн хөрөнгөөр төлсөн 4,388,064 төгрөг, нийт 24,327,556 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 492, 497 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлд хавсаргасан хөрөнгийн жагсаалт болон Богд банк, Хаан банкны дансны хуулгууд нь хамтран ажиллах гэрээний дагуу орсон орлогоос авсан хөрөнгүүд гэж тайлбарласан боловч хэзээ, ямар компанитай байгуулсан гэрээ болохоо нотлоогүй бөгөөд ГГИ ХХК, БИ ХХК, А ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу МДЦ ХХК ямар үйл ажиллагаа явуулсан, тухайн компаниудаас орж ирсэн мөнгөнд тооцогдох үйл ажиллагааг хэн хэрхэн хэрэгжүүлж дүгнэсэн, тэр нь компанид оруулсан хувь хөрөнгийн хэдэн хувьд яаж ногдох талаарх санхүүгийн баримт байхгүй. Мөн хөрөнгүүд нь МДЦ ХХК-ийн санхүүгийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, компанийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулагдсан, тайланд хэрхэн тусгагдсан талаарх баримтгүй байхад зөвхөн банкны дансны хуулгаар компанийн хөрөнгө гэдгийг нотлох гэж байгаа нь үндэслэлгүй. Зарим дансны хуулгад МДЦ ХХК-аас нэхэмжлэгч Д.Б-гийн хувийн данс руу орсон байхад компаний хөрөнгө гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Бодит байдалд Д.Б нь компанийн санхүүг хариуцаж байсан бөгөөд санхүүгийн зөрчил илрэхэд миний зүгээс компанийн санхүүгийн тайлан, тооцоог хөндлөнгийн нягтлан бодогчоор шалгуулах гэтэл Д.Б нь санхүүгийн тайланд нэвтрэх кодыг өөрөө өөрчлөн ажлаа хаяж явсны улмаас Д.О нь дээрх компаниудтай байгуулсан гэрээний төлбөрт ногдох үйл ажиллагааг өөрөө хэрэгжүүлэн тооцоо дуусгасан. Компанийн тухай хуульд компанид оруулсан хөрөнгө, түүнд ногдох хувь, компанийн үйл ажиллагааны зардал нь санхүүгийн тайлангаар нотлогддог учраас энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч компанийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан гаргаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй, нотлогдоогүй. Мөн Д.О-гийн зүй бус үйлдлээс шалтгаалж хэвийн явагдаж байсан сургалт цуцлагдсанаас А жолооны курст төлсөн 989,333 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан МПМ комплексоос хөрөнгө зөөх явцад байр талбайд учруулсан гэмтлийг засаж янзлахад 3,398,731 төгрөгийг хувиасаа төлж барагдуулсан гэсэн боловч тухайн хохирсон байгууллагуудаас гаргасан нэхэмжлэл, сургалтын гэрээ, сургалт цуцлагдсан тухай мэдэгдэл, байр талбайд хохирол гэмтэл учирсан талаарх нэхэмжлэл, нотолсон баримтгүй, энэ талаарх асуудлыг гүйцэтгэх захирлын хувьд өөрөө хариуцан төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: МДЦ ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Д.О- 60 хувийг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж, Д.Б 40 хувийг эзэмшиж үйл ажиллагаа хариуцсан захирлаар буюу өөрөө мэргэшсэн нягтлан бодогч тул компанийн бүх санхүү хариуцан ажиллаж байсан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг ГГИ ХХК-аас, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр БИ ХХК-аас 10,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А ХХК-аас 5,000,000 төгрөг, хамтран ажиллах гэрээний төлбөр гэж нийт 45,000,000 төгрөг орж ирсэн. Гэтэл Д.Б нь Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар дээрх мөнгийг компанийн хөрөнгөд бүртгэж, санхүүгийн бичиг баримтанд тусгаагүй мөртлөө компаний хөрөнгө гэж Д.О-гаас нэхэмжилсэн. Нэхэмжлэлээ нотлох зорилгоор МДЦ ХХК-ийн данснаас хувийнхаа данс руу шилжүүлэн авч, Д.Б-гийн данснаас төлөгдсөн банкны гүйлгээний баримтууд гаргаж өгсөн боловч дээрх хуулиудын дагуу компаний хөрөнгөд авсныг нотолж байна гэж үзэх боломжгүй.

Компаний үйл ажиллагаа Компаний тухай хуульд заасны дагуу явагддаг учраас орж ирсэн мөнгө, эд хөрөнгө компаний санхүүгийн бүртгэлд бүртгэгдэж, компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан тайлан тооцоонд тусгагдаж байж компаний хөрөнгө болохоос хэн нэгний хувийн данс руу орсон мөнгийг компаний хөрөнгө гэж үзэх нь хуульд нийцэхгүй. Мөн дурдсан 3 компанитай хийсэн гэрээний төлбөрийг би хувиасаа төлж барагдуулсан.

Ийм учраас Д.Б нь МДЦ ХХК-ийн санхүүг хариуцаж, бүх гүйлгээг захиран зарцуулж байсан мөртлөө тухайн мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар санхүүгийн тайлан бүрдүүлээгүй, татварт бүртгүүлээгүй, зарцуулалтын талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй, дээрх компаниудаас орж ирсэн мөнгийг компанид хэрхэн зарцуулсан нь нотлогдохгүй байх тул 36 507 758 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга: Д.О- нь манай компанийн авсан санхүүжилт болох 3 компанийн 45,000,000 төгрөгөөс и-баримтын системд 2020 оны жилийн эцсийн тайланд шивэгдсэн 8,492,242 төгрөгийг хасаж үлдэгдэл 36,507,758 төгрөгийг нэхэмжилжээ. Уг нэхэмжлэл нь бүхэлдээ ойлгомжгүй, хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй, санхүү, татварын албанаас дутуу лавлагаа мэдээлэл авсан, мэргэжлийн бус мэдлэггүй нягтлан бодогчоор дутуу хянуулан гаргасан нэхэмжлэл байх тул дараах байдлаар нотлох баримт, тайлбар гаргаж байна.

Үүнд: Монгол Улсад аж ахуй нэгж байгууллагууд сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргаж татвараа мэдүүлдэг ба төрийн 2 байгууллага болох харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон татварын албанд тайлан мэдээгээ цахимаар илгээдэг. Татварын албанд илгээхдээ цахим татварын систем болох и-баримтаар орлого, зарлагаа баталгаажуулж илгээдэг ч өнөөгийн нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг бүх хувь хүн болон байгууллагууд тус системд бүрэн нэвтрээгүй учраас и-баримт олгодоггүй гАрууд байсаар байгаа. Дээрх 3 компанийн санхүүжилтын гэрээний дагуу бид төвийнхөө засвар тохижилтод зарцуулсан болох нь компанийн дансны хуулгаар нотлогдож байгаа. Засварын ажил хийгдэх явцад зайлшгүй шаардлагатай материалыг 100 айлын барилгын материалын захаас авч эдгээр нь и-баримт авах боломжгүй байсан тул тухай бүртээ Д.О-тай ярилцаж шийдвэрлэж авсан байдаг. Мөн и-баримтгүй худалдан авалт хийлээ гээд энэ нь компанийн санхүүгийн тайланд тусгагдахгүй гэсэн үг огт биш бөгөөд санхүүгийн тайландаа тайлагнаж болно, харин зөвхөн татварын тайланд татвар ногдох орлогоос л хасагдахгүй зардлаар тайлагнадаг юм. Миний бие нэхэмжлэлдээ дээрх 3 компанийн санхүүжилтээс худалдан авсан МДЦ ХХК-ийн хөрөнгийг 60 хувийн хувьцаа эзэмшдэг Д.О нь ямар нэгэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр гэнэт дур мэдэн шөнийн цагаар зөөж, хувьдаа завшсан үйлдлийн гэм хорыг тогтоолгохоор шаардлагатай бүх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаад байгаа. Д.О- ч өөрөө тайлбар мэдүүлэгтээ хөрөнгүүдийг зөөснөө үгүйсгээгүй, 3 компанийн санхүүжилтээр авснаа ч дурдсан байдаг. Д.О нь авсан 45,000,000 төгрөгийн санхүүжилтээс зөвхөн и-баримтын 8,492,242 төгрөгийг хасаад үлдэгдэл дүнг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй хийсвэр дүн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө бүх хөрөнгө зөөхдөө компани дээр байсан бичиг баримт, нотлох баримтуудын хамт авч явсан байтлаа намайг санхүүгийн тайланд тусгаагүй, компанийн хөрөнгө гэдгийг нотлох боломжгүй гэж байгааг нь санаатай үйлдэл гэж харж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-10.3 дугаар заалтад заасны дагуу тайлангаа 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх байсан боловч компанийн тайланд тусгагдах хөрөнгө 11 дүгээр сарын 3-4-нд алдагдаж тооллого тооцоо хийх боломжгүй болж хязгаарлагдмал нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сарын 10-нд тайлангийн хугацаанд тайлан мэдээгээ илгээх ёстой байсан тул миний бие и-баримтын системд байгаа анхан шатны баримтыг үндэслэн тайланг илгээсэн байдаг. Гэхдээ энэхүү 8,492,242 төгрөг нь зөвхөн зардалд тооцогдох дүн байсан бөгөөд нийт и-баримтын дүн 27,460,615 төгрөгийн худалдан авалт шивэгдсэн байдаг. Зөрүү дүн нь и-баримтгүй худалдан авалт болон цалин зэрэг бусад зардал байсан нь компанийн дансны хуулгаар бүрэн нотлогдоно. Д.О нь тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ намайг санхүү хариуцаж тайлан гаргах ёстой гэх боловч өөрөө гүйцэтгэх захирал байсан хэрнээ надтай ямар нэгэн санхүү, татварын тайлан гаргах гэрээ хэлэлцээр хийгээгүй миний бие тайлан гаргаж баримт бүрдүүлэх үүрэг хүлээгээгүй байсан. Мөн компанийн данснаас ямар ч гүйлгээ хийж байгаагүй гэдэг худал бөгөөд олон гүйлгээг хийж байсны нэг нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн танил Х.Н гэх хүнд нягтлан цалин гэж шилжүүлсэн байсан нь Д.О-г худал ярьж буйг нотолж байна. Дээрх нотлох баримтыг үндэслэн Д.О нь шүүхэд санаатайгаар худал мэдүүлж, өөрийн зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөхгүй хэрнээ санаатайгаар намайг гүтгэж байгааг судлан үзэж сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан ногдох хөрөнгө болон хохирол 24,327,556 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Д.О-гийн нэхэмжлэгч Д.Б-д холбогдуулан гаргасан 36,507,758 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,588 төгрөг, хариуцагч Д.О-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,488 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие Д.О-тай 2019 онд "МДЦ" ХХК-ийг үүсгэн байгуулж, ээж хүүхдийн хөгжлийн төв чиглэлээр үйл ажиллагаа явуулж, би компанийн 40 хувийг, Д.О 60 хувийг тус тус эзэмшдэг. Бид харилцан тохиролцож компанийнхаа үйл ажиллагаагаа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс албан ёсоор эхлүүлэн Д.О гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхлэж, би үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж байсан болно. Д.О-гийн зүй бус үйлдлээс шалтгаалан хэвийн явагдаж байсан сургалт цуцлагдсанаас болж А жолооны курст хувиасаа төлсөн 989,333 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан байр талбай болох МПМ комплексоос эд хөрөнгө зөөх явцдаа байр талбайд учруулсан гэмтлийг засаж янзлахад 3,398,731 төгрөгийг миний бие гуравдагч талуудад хувиасаа төлж барагдуулсан тул нийт 4,388,064 төгрөгийн хохирол учирсан болно. Д.О- компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий хөрөнгө, тавилга эд хогшлыг дур мэдэн авч явснаас одоог хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх байгууллагууд болон миний хувиасаа оруулсан хувьцаанд ногдох хөрөнгийг гаргуулан хохиролгүй болгох шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн боловч татгалзсан тул Иргэн Д.О-гаас "МДЦ ХХК-ийн хөрөнгөөс тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б надад ногдох хувь болох 19,939,492 төгрөг, дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан "А" жолооны курс болон МПМ комплексд учирсан эд хөрөнгийн хохирлыг хувийн хөрөнгөөр төлж барагдуулсан 4,388,064 төгрөг нийт 24,327,556 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 492, 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй ба шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт бичихдээ "Иймд Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар нь компанийн бусдад учруулсан буюу хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэхээр байна" гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бүрэн үндэслэлгүй байна. Учир нь миний бие "МДЦ" ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ "МДЦ" ХХК-тай хамтран ажилладаг гуравдагч компани, хуулийн этгээдүүдэд ямар нэгэн хохирол учруулаагүй байж хариуцагч Д.О-гийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, мөн өөрийн хувьцаанд оногдох хөрөнгийг бусад этгээдэд үндэслэлгүйгээр алдах боломжийг бий болгосон хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр боллоо гэж миний бие үзэж шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Компанийн хөрөнгийг бүртгэсэн тайланд тусгасан зүйлгүй. Д.О өөрийн хөрөнгөө авч явсан. Хөрөнгө гэж үндэслээд байгаа нь хамтын ажиллагааны гэрээний дагуу үүссэн. Компанийн тухай хуулиар хөрөнгийн талаар нарийвчлан заасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлд 2020 оны гэрээнээс үүссэн мөнгө гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Компанийн хөрөнгө болон хамтын ажиллагааны гэрээний дагуу орж ирсэн хөрөнгө хоёр хоорондоо ялгаатай зүйл. Уг компанийн хөрөнгө авсан талаар нотолсон санхүү бүртгэлийн тайлан баланс байхгүй. Гэрээний дагуу орж ирсэн мөнгөнүүдийг Д.О-гаас нэхэмжилсэн. Түүнийг Д.О өөрт нь ногдох хувиа төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчил тогтоогдохгүй байна, иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан гэж үзэж хэрэг үүсэхээс татгалзсан тогтоол хэрэгт авагдсан. Уг асуудал Компанийн тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстой. Тухайн үед нягтлан бодогч гэж нэхэмжлэгч санхүүгийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бол тэр талаар мэдэж байх ёстой. Гэтэл санхүүгийн баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д.О-д холбогдуулан "МДЦ" ХХК-ийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан тул ногдох хувь 19,939,492 төгрөгийг, мөн бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул 4,388,064 төгрөгийг тус тус гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч компани үйл ажиллагаа явуулснаас олсон орлого 45,000,000 төгрөгөөс 36,507,758 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

 3.а. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ" гэж, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ" гэж тус тус заасан.

Иймд зохигч компанийн эд хөрөнгө, үйл ажиллагааны орлогоос ногдох хувь шаардах эрхтэй эсэх талаар талуудыг мэтгэлцүүлж тодруулах шаардлагатай.

 3.б. Зохигчийн хооронд үүссэн маргаан нь компанийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхийн асуудал байх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд МДЦ ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайланд 17,867,100 төгрөгийн үндсэн хөрөнгө бүртгэгджээ.

 Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хөрөнгө үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн эсэх, түүнчлэн дээрх тайланд тусгагдсан 17,867,100 төгрөгийн үндсэн хөрөнгөд ямар эд хөрөнгө бүртгэгдсэн зэрэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,588 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БЯМБАСҮРЭН