Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 26

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч М.Идэрхангай

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805051341065 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “............д диспичер ажилтай гэх, ам бүл 3; эцэг, эхийн хамт ............... дүүргийн .... дүгээр хороо, .............. дугаар гудамж, ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

урьд; 1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай магадлалаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 2 жил хорих ял болгосон,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэнийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дүйцүүлэн 11 сар 2 хоног болгож өөрчилсөн.

................. дугаарын регистртэй, Б овогт Г У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.У хохирогч С.Тд Чех улсын визний ярилцлагын цаг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн гэрээ хийж 600.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5100228006 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би виз гаргаж өгнө гэж хүн залилаагүй, визэнд орох ярилцлагын цаг авч өгнө гэж хэлсэн. Миний фэйсбүүк хаяг руу хохирогч Т өөрөө орж ирээд цаг авч өгөх боломж байгаа эсэхийг лавласан. 3 хоногийн дараа хөдөөнөөс ирчихлээ гэсээр 600.000 төгрөг өгсөн. 6 дугаар сарын 14-ний өдөр дахин 500.000 төгрөг өгсөн. Эхний 600.000 төгрөгийг нь визний цаг авахад зарцуулах байсан. Ер нь бол тэгж, мөнгөөр цаг авдаг юм. Харин 500.000 төгрөгийг нь би өөртөө хэрэглэсэн.

Надад Чех Улсын Элчин сайдын яаманд таньдаг хүн байсан. Өмнө нь би бас хүнд цаг авч өгч байсан юм. Томаш гэж чех байж байгаад нутаг буцчихсан байна лээ. Гэхдээ Томаш надаас мөнгө мөнгө нэхээгүй, мөнгө хэрэгтэй гэж надад хэлж байгаагүй.

Хохирогч Тгаас авсан 1.1 сая төгрөгийг буцааж бүрэн төлсөн гэв.  

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Уыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллажээ.

 

Онолын хувьд “Залилах” гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг нь өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагддаг онцлогтой.

 

2015 оны Эрүүгийн хуульд “Залилах” гэмт хэргийн обьектив талын нэмэгдэл шинж болох үйлдлийн аргыг гэмт хэргийн үндсэн шинж болгож диспозицид /заах хэсэгт/ дэлгэрэнгүй заасан байгаа нь уг гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгах ач холбогдолтой юм.

Тухайлбал; 2002 оны Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан ...” гэж тодорхойлсон бол

2015 оны Эрүүгийн хуулиар залилах үйлдлийн аргуудыг нэг бүрчлэн задлан тоочиж тухайн гэмт хэргийн үндсэн шинжид нь оруулж (гэмт хэргийн бүрэлдэхүүн болгож) хуульчилсан байдаг.

 

Түүнчлэн онолын хувьд “залилах” гэмт хэргийн хуурах арга нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

“идэвхтэй” хэлбэр нь өмчлөгч буюу эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлж үйлдэгддэг бол

“идэвхгүй” хэлбэр нь хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдлээр илэрхийлэгддэг.

 

Цаашлаад хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурагдаж өөрийн эд зүйлс, хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа өмчийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

 

Шүүгдэгч Г.Уын үйлдсэн “залилах” гэмт хэргийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.У нь хохирогч С.Тд Чех улсын визний ярилцлагын цаг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн гэрээ хийж 600.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5100228006 дугаарын дансаар шилжүүлэн авч залилжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Сономцэрэнгийн Т “… чи өөрийн нөхөр Баттулгын хамт Чех улсад ажиллах зорилгоор 2017 оны 2 дугаар сард байх, ямартай ч өвлийн улирал байсан, өөрсдийн бичиг баримтаа бүрдүүлээд хувь хүнээр дамжуулан Чех улс руу явуулсан. Тэгээд 2018 оны 2 дугаар сард байх манай танилын хүн болох Отгонсүрэн эгч Чех улсад ажиллах, амьдрах гэрээ хийгээд хувь хүнээр дамжуулан Чех улсаас нөхөр бид хоёрт явуулаад энэ гэрээг Чехийн элчин сайдын яаманд өгөөд  визэндээ орно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Чех улсын элчин сайдын яаманд Отгонсүрэн эгчээс ирсэн гэрээгээ өгөхийн тулд эхлээд цаг авч байгаад уулзаад гэрээ болон бусад бичиг баритаа өгөх ёстой байсан. Цаг авахын тулд 7 хоногийн 5 дахь өдрийн 13 цаг 30 минутаас хойш цаг авах боломжтой гэсэн журамтай юм байна лээ. Яг тэр өдөр тэр цагт нь залгахаар огт утсаа авахгүй, маш олон хүн залгаж байгаа гэсэн хариулт өгдөг байсан. Тэгээд фэйсбүүк дээр би “Чех дэх монголчууд” гэсэн групп дээр “цаг авч чадсангүй” гээд сэтгэгдэл бичсэн байхаар нь би доор нь харин тийм ээ, найдвартай цаг аваад өгөх хүн байхгүй юм байх даа гэж сэтгэгдэл бичсэн чинь доор нь “цаг найдвартай гаргаж өгнө шүү 80403003” гэсэн дугаар бичсэн байсан. Tэгээд манай нөхөр бид хоёр гэртээ байхдаа манай нөхөр өөрийн 88973919 дугаараас 80403003 дугаар руу залгаад Чехийн элчинд найдвартай цаг гаргаж өгнө гэсэн хүн мөн үү гэж асуухад “Тиймээ найдвартай, Чехийн элчинд таньдаг хүн байгаа, нэг хүний 600.000 төгрөгөөр цаг авдаг юм гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр дахиад холбогдоё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2-3 хоногийн дараа 80403003 дугаараас өөрөө над руу залгаад энэ долоо хоногт цаг гарах боломжтой болчихлоо, та урьдчилгаа мөнгө өгөөч, өнөөдөр уулзах боломж байна уу гэж надаас асуухаар нь би завтай байна, хаана уулзах уу гэж асуухад хорооллын Модны 2-т хүрээд ир гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр хорооллын Модны хоёрт уулзсан. Тухайн үед надтай уулзахдаа өөрийгөө найдвартай гаргадаг, Чехийн элчинд нэг чех хүнийг таньдаг, 14 хоногийн дотор найдвартай гаргаад өгнө, хэрэв цаг гаргаж өгч чадахгүй бол мөнгийг чинь буцаагаад өгнө, урьдчилгаа нэг хүний 300.000 гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хүнээс за би чамд мөнгө өгчихлөө гэж бодъё, яаж баталгаажуулах юм бэ гэж асуухад тэгвэл нотариат ороод нөхөр болон өөрийнхөө урьдчилгаа мөнгө гэж 600.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулаад хойшоо зам гараад Түмэн плазагийн АТМ-ээс өөрийн данс 5096049493 данснаад 5100888006 дугаартай Ганбаатарын У гэсэн хүний данс руу шилжүүлсэн. 14 хоног өнгөрөхөөр нь би У руу залгаад нөгөө цаг авах зүйл юу болсон бэ гэж асуухад би одоо Чехийн Элчин сайдын яаман дээр таны цагийг авах гээд хөөцөлдөж байна. Нөгөө Чех хүн маань дахиад 500.000 төгрөг нэмж нэхээд байна. Яг одоо найдвартай гаргачихна, та нэмж мөнгө шилжүүлээч гэхээр нь би нөхөртэйгөө ярилцаж байгаад болъё гэж хэлээд утсаа тасалсан. У дахин дахин залгаад таны цаг яг гарах гээд байна шүү дээ та нэмээд 500.000 төгрөг шилжүүлчихээч ээ гэж надаас байн байн залгаад байхаар нь би итгээд нөгөө өмнө нь өгсөн данс руу нь 500.000 төгрөг шилжүүлэхэд 7 хоногийн дараа та бүх бичиг баримтаа аваад Чехийн элчин дээр хүрээд ир гэж хэлсэн. Би 7 хоногийн дараа Чехийн элчин дээр очсон чинь У ирээгүй. Дараа нь Улаанбаатар зочид буудлын урд уулзаад эгчээ би таны бичиг баримтыг бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй байна гэж хэлээд бичиг баримт үзчихээд аан за за бүрэн юм байна гэж хэлэхээр ньь би гэнэт худлаа ярьж байгааг нь мэдээд мөнгөө авъя гэж хэлэхэд үгүй эгч, найдвартай удахгүй гаргана гэж хэлээд алга болсон. Тэгээд дараа нь удаа дараа залгаад мөнгөө авъя гэж залгахаар за эгчээ маргааш өгнө, нөгөө чех хүнээсээ авч байгаад өгнө гэж хэлээд алга болсон. Одоо ямар ч холбоо байхгүй байгаа. Анх бол У надад хэлэхдээ дүү нь хувиараа тоглоомын газар ажиллуулдаг юм. Өдөрт 1.000.000 төгрөгний орлого ордог. Тийм учир санаа зоволтгүй. Хэрэв цаг авч өгч чадахгүй бол танд мөнгийг чинь буцаагаад өгнө, та санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд эхний удаа АТМ-с шилжүүлсэн.

Бас алтны уурхайтай, хувь нийлүүлсэн компанитай гэж хэлсэн. Нөхөр Баттулга бид хоёрыг Чехийн элчин дээр нэг ч удаа дуудаагүй. Утай холбогдохоор яг маргааш бүтэх гээд байна, мөнгө нэмээд өгчих, яг болох гээд байна, гэсэн шалтгаан хэлдэг байсан. Нэг ч удаа Чехийн элчин дээр дагуулж очоогүй. Энэ хүн ер нь анхнаасаа л залилан хийх санаатай байсан байна лээ. Маш олон удаа худлаа ярьж хүлээлгэсэн. Энэ хүнээс мөнгөө олж авмаар байна. Хүнд худлаа хэлж хүний мөнгийг авсан.

У надад учруулсан хохирлоо бүрэн бол барагдуулаагүй байгаа. Гэхдээ өнөөдөр 200.000 төгрөг өгсөн. Ирэх долоо хоногт зээлсэн мөнгөө өгч барагдуулна гэж надад хэлсэн. Надаас үндсэн мөнгө гэж 1.100.000 төгрөгийг авсан юм. Үүнээс 400.000 төгрөгийг өгсөн байгаа. Үндсэн мөнгөнөөс одоо 700.000 төгрөг үлдсэн байгаа. Анх эхлээд өгсөн 200.000 төгрөгийг бол өөрөө хэлж өгөхдөө та эхлээд түр авч байгаарай. Энэ таниас авсан мөнгөний хүүний мөнгө гэж хэлж авсан. Одоо үлдсэн мөнгөө авчихвал надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 13-14, 15/ гэж,

гэрч Жүлтэмсүрэнгийн Баттулга “... би өөрийн эхнэр Тгийн хамт 2017 оны 2 дугаар сард байх, танил эгч Отгонсүрэн эгчээр дамжуулан Чех улсад ажиллаж амьдрахыг хүссэн хүсэлт явуулсан. 2018 оны 2 сард Чех улсаас ажиллаж амьдарч болно гэсэн ажлын гэрээ ирсэн. Бид хоёр уг гэрээгээ аваад Чехийн элчинтэй уулзах гэхээр уулзалтын цаг нь олдохгүй байсан. Учир нь гэвэл Чехийн элчин нь зөвхөн 5 дах өдрийн 13 цаг 30 минутаас хойш хүмүүсийг зөвхөн утсаар хүлээн авдаг гэж хэлсэн. Яваад очихоор цаг дууссан. Нэг бол утсаар ярихаар өнөөдөр боломжгүй гээд олон удаа хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд манай эхнэр “Чех улсад ажиллаж амьдардаг монголчууд” гэсэн групп рүү ороод нэг “цаг авах гэсэн чадахгүй байна” гэсэн сэтгэгдлийн доор найдрвартай цаг гаргаад өгөх хүн байна уу гэсэн сэтгэгдэл бичсэн чинь доор нь нэг хүн “цаг найдвартай гаргаж өгнө шүү 80403003” гэсэн дугаар бичсэн байсан. Тэгэхээр нь би нөгөө дугаар луу нь өөрийн гар утсаараа залгаад Чехийн элчинд цаг гаргаж өгөх юм уу гэж асуухад миний урдаас тиймээ ах найдвартай гаргана. Чехийн элчинд таньдаг хүн байгаа, нэг хүний 600.000 төгрөгөөр цаг авдаг юм гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа 80403003 гэсэн дугаараас өөрөө манай  эхнэр рүү залгаад энэ долоо хоногт цаг гаргах боломжтой болчихлоо, та урьдчилгаа мөнгө өгөөч, Чехийн элчинд нэг чех хүнийг таньдаг юм, 14 хоногийн дотор найдвартай гаргаад өгнө, хэрэв цаг гаргаж өгч чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө, нэг хүний урьдчилгаа нь 300.000 болно гэж хэлсэн гэж манай эхнэр надад хэлсэн. Манай эхнэр тэр хүнтэй уулзаад мөнгө төгрөгөө өгсөн байсан. 14 хоног өнгөрсөн боловч цаг авсан үгүй нь тодорхойгүй. Тэгэхээр нь эхнэр нөгөө хүн рүү залгаад цаг авсан уу, юу болсон юм бэ гэж асуухад одоохон болох гээд байна. Та нэмээд 500.000 төгрөг өгчих. Цаад хүн нь нэхээд байна гээд байна. Тэрийг нь өгчихвөл бараг цаг чинь гарах гээд байна гэж нөгөө хүн байн байн залгаад байхаар нь манай эхнэр өөрийн данснаас нэмээд 500.000 өгөхөд 7 хоногийн дараа Чехийн элчин дээр уулзъя гэсэн боловч өөрөө ирэхгүй удаад байхаар нь удаа дараа залгаж байж нэг юм ирээд “Бичиг баримтыг чинь үзэх гэсэн юм. Нөгөө хүн нь арай болоогүй байна” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр худлаа яриад байгааг нь ойлгосон. Удаа дараа загаад мөнгө, төгрөгөө авъя гэж залгахаар за маргааш яг өгнө, одоо өглөө, нөгөө Чех хүнээсээ авч байгаад өгнө гэх мэт шалтаг хэлээд өгөхгүй утсаа унтраагаад өнөөдрийг хүрсэн байна. Манай эхнэр Ганбаатарын У гэх хүнд өгсөн. Эхлээд эхнэр бид хоёрын урьдчилгаа гээд 600.000 төгрөг, дараа нь эхнэрээс 500.000 төгрөг авсан. Ингэж авахдаа зээлийн гэрээ хийсэн байгаа” / хх-н 19-20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Г.У нь хохирогч С.Тд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ут ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал шүүгдэгч Г.У “Залилах” гэмт хэргийг үйлдэхдээ Чех улсын визийн ярилцлагад орох цаг авч өгнө хэмээн дипломат дархан эрх бүхий гадаад улсын өмнөөс үйл ажиллагааг зохицуулагч мэтээр бусдыг хуурч залилсан нь зөвхөн хохирогч хувь хүн гэлтгүй, гадаад улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байгаа нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг илэрхийлнэ.

 

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Г.У урьд өмнө “Залилах” гэмт хэрэгт хоёр ч удаа ял шийтгүүлсэн байх ба үйлдлийн арга нь мөн л гадаад улсын буюу Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээжээ.

Хэдийгээр урьд ял шийтгүүлсэн дээрх байдлаар нь түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй боловч тухайн хувь хүн өөрийн буруутай үйлдэлдээ хэр зэрэг дүгнэлт хийж хүмүүжсэн бэ?, хийж байгаа вэ? гэдгийг харуулах үзүүлэлт юм.

 

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг.

 

Иймд шүүгдэгч Г.Ут оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.У цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Ганбаатарын Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Уыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Г.У цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүний “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГазрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсугай.

 

5. Г.У бусдад төлбөх төлбөргүй, хохирогч С.Т нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Уыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ