| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2022/02712/И |
| Дугаар | 210/МА2023/00628 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2023/00628
2023 03 23 210/МА2023/00628
С.Чын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00012 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: С.Ч
Хариуцагч: СӨХ
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний хүү унадаг дугуйгаа СӨХ-ны харуулын байрны үүдэнд цоожлоод тавьсан боловч хулгайд алдсан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, хэрэг эзэн холбогдогч нь олдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр уг унадаг дугуйг 800,000 төгрөгөөр үнэлсэн.
Би 2008 оноос харуул хамгаалалтын буюу СӨХ-ны төлбөр байнга төлсөн. Энэ асуудалд СӨХ буруутай байх тул 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Алдсан унадаг дугуйны асуудал нь СӨХ-ны төлбөртэй хамааралгүй. Хувь хүний өмчийг СӨХ болон СӨХ-н харуул харж хамгаалах үүрэггүй бөгөөд уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан бол тэр журмаараа шийдвэрлэгдэх ёстой. Энэ хоёр маргааны үйл баримт нь тус тусдаа шийдвэрлэгдэх учиртай. СӨХ-н эрх үүрэг, хариуцах ажил нь тусдаа дүрэм журмаар зохицуулагддаг. Оршин суугчдын хувийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргийг СӨХ хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар СӨХ-ноос 800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Чад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СӨХ-өөс 35,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Чад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц СӨХ-ны харуулын рапортын дэвтэр /2020-2021/-ийг хариуцагч СӨХ-нд буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн хүүхдийн дугуй алдагдсан үйлдэлд хариуцагч СӨХ-н харуулын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байгаа... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, алдагдсан эд зүйлийг авсан этгээд л төлж барагдуулах ёстой байтал алдагдсаныг нь мэдээгүй, ажлаа хийж байсан харуул хамааралгүй.
Мөн шүүх хариуцагч СӨХ буруутай эсэх, харуул буруутай эсэх хоёр утгатай дүгнэлтийг хийсэн. Дугуй алдагдсан үйлдэлд хариуцагч СӨХ-ны харуулын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа бол СӨХ харуулд ажлын хариуцлага тооцох учиртай болохоос дугуйны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй.
4.2 Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэдийн хувийн өмч хөрөнгийг хамгаалах, харах, хариуцлага хүлээхгүй. Харуулд албан ёсоор эд зүйлээ хүлээлгэж өгсөн тохиолдолд харж хамгаалдаг.
4.3 Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00012 тоот шийдвэрийн дугаар огноотой зөрүүтэй байна. Шүүх хурал 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон. Гэтэл шийдвэрийн огноо нь 23 оноор гарч, шинэ дугаараар дугаарлагдсан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч СӨХ-нд холбогдуулан гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Миний хүү СӨХ-ны харуулын байрны үүдэнд цоожлоод тавьсан байсан унадаг дугуйгаа алдсан. Шинжээч унадаг дугуйг 800,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ асуудалд СӨХ буруутай гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан бол тэр журмаараа шийдвэрлэгдэх ёстой. Оршин суугчдын хувийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргийг СӨХ хүлээхгүй гэж үгүйсгэн маргасан.
4. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр СӨХ-ны харуулын байрны хажууд байрлах унадаг дугуйны зогсоолоос нэхэмжлэгчийн хүүхдийн унадаг дугуй хулгайд алдагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28к1/5819 дугаартай албан бичгээр дээрх унадаг дугуй алдагдсан талаарх хэрэг бүртгэлтийн 211001010 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлжээ. /хх 49/
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй.
5.1 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн унадаг дугуй нь хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас хулгайд алдагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхийн улмаас тухайн унадаг дугуй хулгайд алдагдсан, үүний улмаас хор уршиг учирсан, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм бурууг тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар унадаг дугуйн үнэ 800,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
5.2 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн зорилт нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг нэрлэн заасан. Хуулийн зорилт болон нэрлэн заасан эд хөрөнгөд оршин суугчийн хувийн өмчийн хадгалалт, хамгаалалтын талаар заагаагүй байна.
5.3 Хэрэгт Сууц өмчлөгчдийн холбоо сууц өмчлөгч иргэд хоорондын нийтийн зориулалттай орон сууц ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ /2022/ авагдсан байх бөгөөд гэрээгээр хариуцагч нь сууц өмчлөгчийн хувийн өмчтэй холбоотой харуул, хамгаалалтыг хариуцах талаар заагаагүй байна. /хх 37/ Өөрөөр хэлбэл, гэрээний 1-д ...сууц өмчлөгчдийн өмч болон дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбогдсон харилцааг зохицуулах гэж заасан нь хариуцагч нэхэмжлэгчийн хувийн өмчийг харж, хамгаалах үүргийг хүлээсэн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
5.4 Нэхэмжлэгчээс хариуцагчид сар бүр төлдөг жижүүр 16,000 төгрөг гэх төлбөрийг нэхэмжлэгчийн хувийн өмчийг харж, хамгаалахтай холбоотой төлбөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдээгүй байна. /хх 3/ Өөрөөр хэлбэл, тухайн төлбөрийн үндсэн дээр хариуцагчид нэхэмжлэгчийн хувийн өмчийг харж, хамгаалах үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй.
6. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Анхан шатны шүүх талуудын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул СӨХ-д холбогдох, гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай С.Чын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч СӨХ-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
М.БАЯСГАЛАН