Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 858

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч С.Намжилмаа

хохирогч С.O

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805019140870 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 4-нд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мөнхзогсоол” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6; 02-09 насны таван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 378 Д тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, О овогт Б.Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Г 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “ЛМ” нэртэй караокед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.O ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд эхнэр O ыг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шалтгаан нь бид хоёр байнгын таарамжгүй харьцаатай байдаг байсан. 3 дугаар сарын 7-ны өдөр эхнэртэй эвлэрэх гэж уулзсан. Гэтэл хоорондоо маргалдсан. Одоо миний асрамжинд 5 хүүхэд, манай аав, ээжийн хамтаар амьдарч байгаа гэв.

 

Хохирогч С.O  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Г болсон асуудлыг худлаа яриад байна. Тэр өдөр уучлалт гуйна гэж намайг дуудаад бааранд хамт орсон. Г тэгэхэд согтуу байсан. Бааранд орсон хойноо миний огт танихгүй, өөрийнхөө дагуулж ирсэн гэх найз залуутай хардаж намайг зодсон.

Нэгэнт болоод өнгөрсөн юманд гомдол санал гэх юм одоо юу байхав дээ, гомдолгүй. Харин зодуулсаны улмаас 24 хоног ажилгүй байсны цалин гэж 800.000 төгрөг, томограф үзүүлсэн зардал 350.000 төгрөг тус тус нэхэмжилмээр байна. Гэхдээ эдгээртэй холбоотой баримтуудыг авчраагүй.

Хүүхдүүд хадмынд, аавтайгаа хамт байгаа. 5 хүүхэд тавуулаа Г бид хоёрын дундаас гарсан гэв.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С.O  “… Г бид хоёр хамтран амьдраад 8 жил болж байгаа бөгөөд бидний дундаас 5 хүүхэд төрсөн. Сүүлийн нэг жил орчим тусдаа амьдарч байгаа ба өмнө нь манай нөхөр намайг зодоод, өөр эмэгтэйтэй яваад байхаар нь би салсан. Саяхан манай нөхөр 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гэрт ирээд одоо амьдралаа бодъё, буцаж нийлье гээд байхаар нь би хүүхдүүдээ бодоод сүүлийн 3 хоног хамт амьдарсан. Өнөөдөр буюу 3 дугаар сарын 6-ны орой Г-ий найз А  бид гурав Модны 2-ын дунд замд байрлах караоке пабад орсон. Тэнд ороод намайг манай нөхөр архи уу гэхээр нь би архи уухгүй байгаа, эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн чинь намайг өөр хүнтэй явалдаад үр зулбуулсан юм уу, эсвэл хүүхдээ авхуулсан юм уу гээд доромжлоод найзынхаа нүдэн дээр намайг зодсон. Би нөгөө кораоке баарны хүнийг цагдаа дуудаад өг гэсэн чинь надад цагдаа дуудаж өгөөгүй. Тэгэхээр нь би нөхрийнхөө утсыг булааж аваад цагдаа дуудсан чинь манай нөхөр ээж рүүгээ залгаад ээж нь ирээд аваад, ээжийнхээ хажууд намайг маш их доромжилсон. Ээж нь ямар нэг зүйл хэлээгүй аваад явсан. Би харин цагдаад хандаж байна.

Г миний толгой руу цохисон. Миний толгой эргээд унасан чинь миний дээрээс цохиод байсан. Үүнээс болж миний баруун гар хавдсан. Толгойны баруун талны хэсэг нь зовиуртай байна. Өмнө  нь Г намайг зодож байсан. Би Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдөл гаргаж байсан. Сүүлд зодохдоо миний зүүн гарын чигчий хурууг хугалж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Энэ хүнээс айж байна. Энэ хүн намайг удаа дараа зодож байгаа бөгөөд цагдаад хандахаар хэрэг нь хаагдаад байгаа юм. Тийм учраас хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна.

2018 оны 3 дугаар сарын 7-ны оройн 21 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах ЛМ кароакед нөхөр Г , түүний найзын хамт орж үйлчлүүлсэн. Нэг шил архи мөн пиво авч уусан. Би бол огт уугаагүй. Гэтэл найзтай юм ярьлаа гээд ширээн дээр байсан пивоны шилийг аваад шидсэн. Барьж аваад үсдээд толгой руу хөлөөрөө дэвссэн. Хамт байсан найз нь болиулахгүй байсан. Харин кароакены зөөгч эрэгтэй болиулсан. Гэтэл чи энэнтэй яасан юм, чи яасан зэвүүн пизда вэ гэж хэл амаар доромжилсон. Зөөгч залуу цагдаа дуудлаа гэж хэлэн өрөөнөөс гараад явсан. Г цагдаа дуудлаа, ирж ав гэж ярьсан. Ээж нь ирээд Г-ийг авсан, харин би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж өргөдөл бичиж өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би Г тэй 2008 оноос хойш хамт амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Таван хүүхэдтэй, хоёр эрэгтэй, гурван эмэгтэй хүүхэдтэй. 2009 оны хоёр ихэр хүүхэд, 2011 оны охин, 2013 оны хүү, 2016 оны хүү.  Тусдаа амьдарч байгаа, хоёр хүү аав дээрээ байгаа. Би гурван охинтойгоо хамт амьдарч байгаа. Хамт амьдрах хугацаанд байнга л зоддог, толгой руу цохиж, хоёр давхараас чирж байсан. Энэ үед миний хажууд хадам ээж, аав хоёр байсан. 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зодохдоо пивоны шилээр зүүн мөрөнд цохиж, толгойноос үсдэж, хөлөөрөө толгойруу өшиглөсөн. Энэ үед хажууд Г-ий найз байсан. Нэрийг нь сайн санахгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. 20 гаран хоног ажилдаа яваагүй. Цалин 800,000 төгрөг нэхэмжилж байна” /хх-н 9-10, 12-13/ гэж,

гэрч Ж.Б “… 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зодоон цохион болсныг мэдээгүй. Миний бэр O ын хувьд сайн охин. Гэхдээ түргэн зантай, огцом ууртай. Миний хүү Г-ий хувьд их тайван зантай хүн. Найман жил амьдрах хугацаанд O , Г хоёр хувийн харилцаа эвтэй л байсан. Нуудаг байсан юм уу, би мэдэхгүй байна. Миний хажууд бол зодоон цохион болж байгаагүй. O  одоо өөрийн төрсөн ээжтэйгээ хамт амьдардаг. Г эхнэр бид хоёртой хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд амьдарч байгаа. Хүүхдүүд нь одоо эхнэр бид хоёр дээр байгаа” /хх-н 20/ гэж,

гэрч Г.Д “… 8 жилийн өмнөөс Г , O  хоёртой хамт амьдарсан. Энэ хоёрын дундаас гарсан таван хүүхэд байдаг. Тухайн зодоон, цохион болохоос өмнө үл ойлголцоод тусдаа амьдраад O  тусдаа байр түрээслэн амьдарч байсан. Миний хүү Г O ын түрээсийн байранд очоод хамт амьдарсан юм байна лээ. Тухайн өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зодоон болсон талаар огт мэдээгүй. Найман жил хамт амьдрах хугацаанд эвтэй байсан. Миний хүү Г төлөв даруу зантай, хүнтэй их эвтэй байдаг. O тай хар нялхаасаа сууж таван хүүхэдтэй болсон. Миний хүү Г ажил хийж түүний цалингаар тавын таван хүүхдийг нь хувцаслаж, хооллож амьдардаг. Найман жил амьдрах хугацаанд O , Г хоёрын хувийн харилцаа эвтэй л байдаг байсан. Хааяа нэг ам мурийх зүйл гарч байсан байх. Хүүхдүүд нь одоо нөхөр бид хоёр дээр байгаа” /хх-н 22-23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч С.O-ын гэмтэлтэй холбоотой “O ын биед зулайн хуйх, баруун чих, баруун хацар, баруун шанаа, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-н 25/ гэсэн 11065 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.O  “... ажилгүй байсан хугацааны цалинд 800.000 төгрөг, эмчилгээний зардалд 350.000 төгрөг тус тус нэхэмжилнэ ...” гэх боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэх боломжгүй байна.

Иймд хохирогч С.O  нь нотолох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ жич гаргах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. О овогт Б.Г-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Г торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч С.O  нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

          

 

                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   О.ЖАНЧИВНЯМБУУ