Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 108

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Ж.С,

Хариуцагч: Оюуны, өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ХХК-ийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Х-аас Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах,  “Х” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Х-аас Н.С-т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Иргэн Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК-ийг 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Х-аас Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэст 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хувьцааг шилжүүлэн өөрчлөн бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байгаа юм.

Бид Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргад хандан 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Х” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 8/3938 дугаартай албан бичгээр бидний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн агуулга бүхий хариу ирүүлсэнийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад нэхэмжлэл гаргаж байна. 

Нэг. Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэлийн талаар: 

Миний хань, бидний аав Н-ийн Х нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Нас барахаасаа 7 хоноогийн өмнө буюу 2008  оны 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийн охин болох Х.С-тэй “Компаний эрх шилжүүлэх гэрээ” байгуулан ************* тоот улсын бүртгэлийн дугаартай, ******** тоот регистрийн дугаартай “Х” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг түүнд шилжүүлсэн байдаг.

Гэтэл Х.С нь “Х” ХХК-ийн эд хөрөнгийг ганцаараа захиран зарцуулдгаар барахгүй хувьцааг нь хууль бусаар өөртөө шилжүүлсэн байна.

“Х” ХХК-ийг нөхөр бид 2 олон жилийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон учраас Иргэний хуульд заасны дагуу эхнэр Ж.С, хүүхдүүд болох Х.З, Х.И, Х.Б бид нар бүгд хууль ёсны өв залгамжлагч мөн.

Иймээс хууль бусаар буюу хуурамч баримт бичиг бүрдүүлж улмаархувьцааг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлснийг улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, өөрсдийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалахын тулд ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Хоёр. Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх үндэслэлийн талаар:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн “23 дугаар зүйлийн  23.4-т Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана. Тус хуулийн 16.1-т Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараахь этгээд гаргана.

16.1.1 хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага,

16.1.2 хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч,

16.1.3 хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,

16.1.4 хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга,

16.1.5 итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд гэж хуульд тодорхойлжээ.

Дээрхээс харахад 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө “Х” ХХК-ийн оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Н.Х өөрөө байсан юм.

Н.Х нь өвчний улмаас Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2008 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмчилгээгүйн улмаас ар гэрийн хүсэлтээр эмнэлгээс гарсны дараа 10-аад хоногийн дараа буюу 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Иймээс Н.Х нь өөрөө компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлэх ямар ч боломжгүй байсан.

“Х” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөл гаргаж буй хүн нь Н.Х-аас заавал итгэмжлэл авсны үндсэн дээр уг эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болох боловч Н.Х-аас хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй юм. Ийнхүү улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан эрх бүхий этгээд биш хүний хүсэлтийг үндэслэн хувьцааг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэн хууль зөрчжээ.

2. 2008 оны 7 дугаар сарын 14- өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу компанийн үүсгэн байгуулагч Н.Х-аас Н.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлсэн байдаг. Уг гэрээнд Н.Ст хувьцааг шилжүүлнэ гэсэн утга агуулга бүхий үг өгүүлбэр байхгүй байхад Н.С нь хувьцааг эзэмшиж, улмаар “Х” ХХК-г “Х” ХХК \гхо\ болгон өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлсэн байхад улсын бүртгэлийн байгууллага хувьцааг шилжүүлснээр бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр хувьцааг Н.Х-с Х.С-т шилжүүлснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бүртгэснийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ж.С нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус байгууллагад холбогдуулан гаргасан байна. Үүнд:

“Х” ХХК-ийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Х-аас Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр  2008  оны 7 дугаар сарын 23–ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах.

Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Х” ХХК-ийн 100%-ийн хувьцааг Н.Х-аас Х.С-т шилжүүлэн бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна. 

Үүнд:

• УБ-05 маягт

• Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас 

• Татварын байгууллагын тодорхойлолт

• Компанийн эрх шилжүүлэх гэрээ

• Х ХХК-ийн хүсэлт

• “Х” ХХК-ийн хурлын тэмдэглэл

• “Х” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол

• “Х” ХХК-ийн шинэчилсэн дүрэм

Тухайн үед “Х”ХХК-ын хувьцаа эзэмшигчийг өөрчлөн бүртгэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн актуудад нийцүүлэн бүртгэсэн байна.“ гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Талийгаач Н.Х нь амьд сэрүүн байхдаа компанийн эдийн болон эдийн бус эрх үүргийг шилжүүлэх гэрээг өөрийн охин болох Х.С-т 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн, 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Х өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт тухайн өөрчлөлтийг бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хууль бусаар бүртгэсэн гэж төрийн байгууллагыг гүтгэсэн. Төрийн байгууллага нь хуулийн дагуу бүрдсэн материалыг бүртгэсэн ба талийгаач Н.Х гуай өөрөө амьд ахуйдаа хүсэлтээ гаргасан нь хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй, өөрөө хүсэлт гаргасан учраас хэн нэгэнд итгэмжлэл өгөх шаардлага байхгүй. 

3. Ж.С нь хууль ёсоор компанийн эдийн болон эдийн бус эрх шилжсэнийг маш сайн мдэх бөгөөд “хувьцаа эзэмшигч”, “өв залгамжлагч” биш гэдгээ мэдэж байсан учраас тухайн үеээ С-ээс компанийг худалдаж борлуулбал ашгаас нь хувь хүртэх хүсэлт тавьж байсан нь нотлох баримтаар батлагдана. 

4. “Х ХХК” “Х” ХХК болгон өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Компанийн эдийн болон эдийн бус эрхийг шилжүүлсэн байхад улсын бүртгэлийн байгууллага хувьцааг шилжүүлснээр бүртгэсэн хууль бус гэж үзэж байна. 

Гэсэн нь: Х.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 170 дугаар зарлигаар Монгол Улсын харъяатаас гарж Бүгд НайрамдаХ Улсын иргэн болсон. Ийм учраас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чехийн хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгон өөрчлөн хууль ёсны дагуу бүртгүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 

Нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

1. “Х” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Х-с Н.Ст шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

2. 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 

“Ж.С миний бие Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлж байна. 

1.Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу компанийн үүсгэн байгуулагч Н.Х-с Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлж, улмаар бүртгэлийн байгууллага “Х” ХХК-ийн хувьцааг шилжүүлснээр бүртгэсэн байдаг. Гэтэл компанийн эрх шилжүүлэх гэрээ болон тухайн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь хууль бус гэж үзэж байна. 

Иймд “Х” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Хас Н.Ст шилжүүснийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. 

2.Нэхэмжлэгчийн зүгээс “Х” ХХК-ийн хувьцааг Н.Х-с Х.С-т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэж байгаа билээ. Ийнхүү хууль бус бүртгэлийн үндсэн дээр Н.С нь тус компанийн хувьцааг өөртөө шилжүүлэн авч, улмаар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр” Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай "Х" ХХК болгон өөрчлөн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

Иймд хууль бус бүртгэлийн үндсэн дээр хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгон өөрчилснийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Нэхэмжлэгч Ж.С-н 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

1. Үүсгэн байгуулагч Н.Х-аас Х.С-т компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлснийг тухайн үед үйлчилж байсан хууль, дүрэм журмын дагуу бүртгэлийн байгууллага бүртгэсэн. 

2. Нэгэнт хуулийн дагуу бүртгэлийн байгууллага бүртгэсэн тул компанийн нэршлийг өөрчлөх үндэслэл нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ерөнхийлөгчийн 170 дугаар тушаалаар Монгол улсын харьяатаас гарч Бүгд найрамдах улсын иргэн болсон Х.С-ийн эрхийн асуудал тул өөрчлөн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч Ж.С  нь “Х” ХХК-ийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Х-аас Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр  2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах, 

“Х” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Х-аас Н.С-т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 

2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Уг захиргааны хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн дараах нөхцөл байдлыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ************* дугаартай, ******** регистрийн дугаартай, 1 гишүүнтэй, “Х” ХХК-ийн ерөнхий захирал Н-ийн Х-ын 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлт , 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, тогтоол , компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ,  тус компанийн дүрэм  болон Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл УБ-05 тоот маягт  зэргийг үндэслэн “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлтийг бүртгэжээ. 

Уг бүртгэсэн бүртгэлийг нэхэмжлэгч Ж.С болон түүний өмгөөлөгчөөс эс зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт ”...тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зохицуулалт нь өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд энэ нь тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, үүсгэн байгуулагчдын аль нэг хүн, итгэмжлэл олгогдсон бусад этгээд байна гэж заасан. Гэтэл улсын бүртгэлийн хувийн хэрэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад дээрх зохицуулалтыг зөрчиж улсын бүртгэлийн байгууллага өргөдлийг хүлээж авсан байна. 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх шаардлагатай. Гэтэл нягтлан бодогч гарын үсэг зурсан итгэмжлэл байхгүй.

Үүнээс харахад иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна.

Анхнаасаа өргөдөл гаргах журмыг зөрчиж гаргасан өргөдлийг үндэслэж хийсэн бүртгэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага хүчингүй болгох үндэслэлтэй...” гэж маргажээ. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг гаргах эрхтэй этгээдийг, 16 дугаар зүйлийн 16.3-т “...Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл цахим шуудангаар буюу баталгаат илгээмжээр хүргүүлж болно...”гэж заасан байх бөгөөд Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1-д ”Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” зэрэг баримтуудыг үндэслэн хуулийн этгээдийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдахаар хуульчилжээ. 

“Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Х нь 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр  “Х” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдааныг хийж, 01 тоот тогтоолыг гаргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”, 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, хуралдаанаас гарсан 01 дүгээр тогтоол, мөн өдрийн 10 тоот “Х” ХХК-ийн холбоотой “өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлт, Үндэсний татварын албаны тодорхойлолт, компанийн шинэчилсэн дүрэм, УБ-05 тоот маягт буюу өргөдөл  иргэн Х.Сийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг тус тус үндэслэн “Х” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэснийг буруутгах үндэслэлгүй байна

Тодруулбал нэхэмжлэгчийн маргаж буй хуулийн этгээдийн өөрчлөлт оруулан бүртгэхэд үндэслэл болсон “Х” ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд хувь нийлүүлэгч Н.Х гарын үсгээ зурсан болох нь баримтаар тогтоогдож  байх тул нэхэмжлэгчээс “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9-т ...эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлт, мөн 5 дугаар зүйлийн 5.4.12, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 15, 19 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр албан тушаал зэргийн бүртгэлийг хөтлөхдөө, Компанийн үүсгэн байгуулагчаас эрх, үүрэг, хариуцлагаа өөр иргэнд шилжүүлсэн шийдвэр, компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн шинэ гэрээ, дүрэм, шинээр хөрөнгө нэмж оруулсан иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулсан зэрэг нотлох баримтуудыг огт байхгүй байхад, Улсын бүртгэл хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь талийгаач Н.Хын амьд сэрүүн байхдаа үйлдсэн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 3.1-д “ компанийн эрх хүлээн авсан өдрөөс өмнөх захиран зарцуулах, удирдах, төлөөлөх зэрэг эрхийг эдэлнэ” гэж компанийн эрх хүлээн авагч болох Х.С-т компанийг төлөөлөх эрхийг олгосон.

Өөрөөр хэлбэл “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Хын  тухайд өөрийн компанийг том охин болон Х.С-т шилжүүлэх хүсэл зориг байсан  бөгөөд  энэхүү шийдэл санаагаа хэрэгжүүлэхийн тулд  компанийхаа эрхийг бүхэлд нь одоогийн эзэмшигч Х.С-т шилжүүлсэн, үүнийгээ хууль ёсны болгохын тулд эрх шилжүүлсэн гэрээг хөндлөнгийн этгээд болох нотаритчаар гэрчлүүлж, хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлтийг хийлгэх эрхийг Х.С-т олгож, өөрөө өргөдлийн маягтад гарын үсгээ зурсан гэж дүгнэхээр байна. 

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зохицуулалт нь өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд энэ нь тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, үүсгэн байгуулагчдын аль нэг хүн, итгэмжлэл олгогдсон бусад этгээд байна гэж заасан. Гэтэл улсын бүртгэлийн хувийн хэрэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад дээрх зохицуулалтыг зөрчиж улсын бүртгэлийн байгууллага өргөдлийг хүлээж авсаныг буруу гэх үндэслэл нь дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахад нөлөөлөхуйц үндэслэл биш байна. 

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэгч “Х” ХХК-ийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл хуульд харшлаагүй, хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул үүний дараа хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах бүртгэл нь хуульд нийцсэн гэж дүгнэхээр байна. 

Харин нэхэмжлэгчээс 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай” гэрээг гэрчилсэн  нотариатч Б.Э-ын үйлдлийг хүчингүй болгосонтой  холбогдуулан энэ талаар эрх бүхий байгууллагад хандахад энэхүү шийдвэр хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлий 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн “Х” ХХК-ийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Х-аас Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр  2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Х-аас Н.С-т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.БАТБААТАР