Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0091

 

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0091 

Улаанбаатар хот

 

“З” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 1, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.5 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/18 тоот захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан

Энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын "Захирамжид өөрчлөлт оруулах тухай” 2018 оны 3 сарын 16-ны өдрийн А/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бөгөөд эл захиргааны акт хууль ёсны эсэх асуудлаар талууд мэтгэлцсэн.

Ингэхдээ нэхэмжлэгч талаас газар эзэмших эрх олж авах үндэслэл болсон газрын үнийг төлөх боломж олголгүйгээр шийдвэр гаргасан хэмээн маргасан бол хариуцагч талаас газрын үнийг төлөх боломж олгосоор атал төлөөгүй, гэвч үл хөдлөх эд хөрөнгө бий болгосон байдлыг нь харгалзаж үзээд энэ хэмжээгээр анх олгохоор шийдсэн газрын хэмжээг багасгаж олгосон хэмээн маргасан.

Гэтэл шүүх энэхүү хэрэгт хамаарах захиргааны актаас тусдаа захиргааны акт болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын засаг даргын “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай" 2014 оны 05 сарын 16-ны өдрийн А/90 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор тус сумын Засаг даргаас баталсан "төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг”-т хамаарах асуудал болох "газрын үнэ" тогтоож сонгон шалгаруулалт явуулсан нь хууль ёсны байсан эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч "газрын үнэ” тогтоосон нь хууль ёсны байсан эсэх талаар талуудаас асууж хариулт авснаас өөрөөр мэтгэлцээн явагдаагүй, баримт нотолгоо бүрдээгүй, шаардлага, тайлбар гаргаагүй юм.

Нэхэмжлэгч талаас төсөл сонгон шалгаруулалт явуулахдаа “газрын үнэ” тогтоосон нь хууль бус байсан талаар шаардлага гаргаж маргаагүйн зэрэгцээ эл асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дугаартай магадлалд тодорхой дүгнэлт хийсэн.

...Шүүх "газрын үнэ" хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр магадлал байсаар атал үл хэрэгсэн өөрийн санаачлагаар, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын эсрэг дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасан “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” байх зарчмыг зөрчсөн үйлдэл болсон.

2. Төсөл сонгон шалгаруулалтын болзолд “газрын үнэ” төлөхөөр заасан нь хууль ёсны эсэх асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Газар эзэмших эрх олгох асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн тухайд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 9-д "төсөл шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ", 5 дугаар зүйлд "эзэмшүүлэх тухайн газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах зар мэдээнд заавал тусгана” гэсэн заалтуудаар тодорхойлогдсон зохицуулалт үйлчилж байна.

Эдгээр зохицуулалтаас харахад төсөл сонгон шалгаруулалт явуулахдаа “газрын үнэ" төлөх нэмэлт болзол тавьсныг буруутгах үндэслэл байхгүйн зэрэгцээ хэрэв эл нөхцөл хууль бус гэж үзвэл тухайн шалгаруулалт явагдахаас өмнө оролцогчид гомдол гаргах ёстой юм.

Сонгон шалгаруулалтад оролцсон ‘'З” ХХК-ийн хувьд эл нөхцөлийг хүлээн зөвшөөрч шалгаруулалтад оролцсоноор зогсохгүй “төлөх эсэх”-д маргахгүй “төлөх ёстой” гэдгээ байнга илэрхийлдэг. Хэрэв сонгон шалгаруулалтын эл нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл шалгаруулалт явуулахгүй, газар эзэмших эрх олгохгүй байх эрх хэмжээ ч хариуцагчид бий. Гэтэл сонгон шалгаруулалт явуулах үндэслэл болсон эл нөхцөлийг хууль бус гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь “З” ХХК 631.7 га газрыг эзэмших эрхийг шударга бусаар олж авах үр дагаврыг үүсгэж байна.

Нөгөө талаас дээрх асуудлаар шийдвэр гаргахдаа шүүхийн хэрэглэсэн Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд заасан “төлбөр”-ийн зохицуулалт нь энэ маргааны тухайд хэрэглэгдэх үндэслэлгүй бөгөөд маргааны талууд ч газрын төлбөрийн зохицуулалтыг хэрэглэх талаар мэтгэлцээгүй байдаг.

3. “Сонсох ажиллагааг явуулаагүй” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч “З" ХХК нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг байрлах уурхайд үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хот дахь хаягаа сумын засаг, захиргаанд үнэн зөв мэдээлдэггүй.

Тус компани олон янзаар хаягаа мэдүүлдэгээс тодорхойгүй байдаг учраас сонсох ажиллагааны талаар компанийн уурхайд төлөөлөн ажиллаж буй ажилчдад биечлэн захирал Т.Э-д утсаар мэдэгдсэн байдаг. Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан "эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд" гэдэг бол "З" ХХК болохоос тус компанийн захирал, удирдлагыг хэрэгжүүлж буй хувь хүн биш.

Гэтэл хуулийн уг зохицуулалтыг "сонсох ажиллагаа”-ны талаар заавал захиралд мэдэгдэх ёстой мэтээр хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн сонсох ажиллагааны тухай "мэдэгдээгүй”, ажилчдад мэдэгдсэн нь буруу талаар нэхэмжлэгч маргаагүй, захиралд нь утсаар мэдэгдсэн талаар хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг няцаагаагүй байхад "... нэхэмжлэгчийн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар “З” ХХК-д 631,78 га газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлж мөн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон 2014 оны А/138 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг.

Улмаар тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос хойш буюу 2017 оны 07 сарын 19-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 405 дугаар шийдвэрээр “И” ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдсон. Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 492 дугаар шийдвэрээр “И” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 20865Х дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК хуулийн дагуу шилжүүлэн авсан байдаг. Тиймээс тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө “З” ХХК-ийн газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, талуудын маргаагүй захиргааны акт болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийн талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” зөрчилд хамаарна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “З” ХХК-аас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх “захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсний төлөө төлбөр ногдуулахдаа газрын үнэ гэх 606,508.8 төгрөгийн үнэлгээг төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгээр урьдчилан тогтоож  хуулиар тогтоосон журмыг зөрчсөн атлаа дахин шинэ захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийг газрын үнэ төлөөгүй гэх үндэслэлээр газрын хэмжээг багасгаж өөрчилсөн нь хуульд нийцээгүй” гэх маргааны гол үйл баримтад хамааралгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, талууд төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт 606508,8 төгрөгийн газрын үнэ тогтоосон үндэслэл болон үнийг төлөх эсэхтэй маргаагүй, харин захиргааны байгууллага нэхэмжлэгчид уг газрын үнийг төлөх боломжийг олголгүйгээр маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газрын хэмжээг багасгасан үйл баримттай маргажээ.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар газрын үнэ 606,508.8 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр “З” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар 631,78 га газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

“З” ХХК-аас уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 654 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрыг нь хамруулан төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалт зарласан энэхүү бодит факт гэрээгээр төлбөр төлөхөөр тохиролцсон цаг хугацаатай ийнхүү давхцаж байхад нэхэмжлэгчийг төлбөрөө хугацаанд нь төлсөнгүй гэж буруутгах нь зохимжгүй, ...нэг талаас нэхэмжлэгчийн маргаан бүхий актын үндэслэл болсон газрын төлбөрийг төлөхөд бэлэн гэх тайлбар, нотлох баримтууд, нөгөө талаас төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг тус тус харгалзан” хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас магадлалд дурдсан хугацаанд “З” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжид өөрчлөлт оруулахаар тухайн газарт оруулсан хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах газарт хэмжилт хийж, бусдын газартай давхцалгүйгээр газар эзэмшүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Дорнод аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан 631,78 га газрын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компани магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”-өөр заасан газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй байх бөгөөд ийнхүү газрын төлбөрийг төлөөгүй үндэслэлээ “удаа дараа албан бичгээр хандахад захиргааны байгууллагаас газрын үнийг төлөх дансны дугаараа өгөөгүй” гэж тайлбарлаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал гэж үзэхээргүй байна.

Учир нь хариуцагч нь захиргааны байгууллага болохын хувьд газрын төлбөрийг хүлээн авах данс нь иргэн, хуулийн этгээдэд нээлттэй бөгөөд нэхэмжлэгчийн газрын төлбөрийг төлөх дансны дугаарыг авахаар явуулсан албан бичигт хариу өгөөгүй хэдий ч өөр бусад байдлаар төлбөрийг шилжүүлэх боломжтой байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27.4.4-д сонсох ажиллагааг “утсаар санал авах” арга хэлбэрээр явуулж болохоор тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “З” ХХК-ийн захиралд шийдвэр гаргах талаар утсаар холбогдож хэлж байсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартай нэхэмжлэгчээс маргаагүй, захирамжид өөрчлөлт оруулахаар нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газарт хэмжилт хийхдээ тус компанийн нэр бүхий ажилтнуудыг оролцуулсан болох нь баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх хариуцагч нь сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болон магадлалд дурдсаны дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар шаардлагатай хэмжилт, судалгааг хийсний эцэст тус компанийн газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд “В” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                   ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН