Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/0020

 

...” ХХК-ийн гомдолтой,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын

 Геологи уул, уурхайн хяналтын улсын

 байцаагчид холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                Х.Батсүрэн,

                                                М.Батсуурь,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага:Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч ...ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063521 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03ы өдрийн 128/ШШ2020/0559 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 572 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч ..., гомдол гаргагчийн өмгөөлөгч ..., хариуцагч ... нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03ы өдрийн 128/ШШ2020/0559 дүгээр шийдвэрээр: 1. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 47 дугаар зүйлийн 47.11-т заасныг баримтлан ... ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч ...д холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч ...ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063521 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 572 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 47 дугаар зүйлийн 47.11” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0559 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 572 дугаар магадлалыг доор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0559 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт /хуудас 7/ “...хуулийн дээрх заалтаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлолт хийсэн эсэхээс үл хамааран худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээний тайланг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хүргүүлэхийг үүрэг болгосон тул гомдол гаргагчийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-020726 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийгээгүй учир тайлан хүргүүлээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна...” гэжээ.

5. Гомдол гаргагчийн зүгээс тухайн талбайд олборлолт хийгээгүй тул тайлан гаргах үүрэггүй гэж огт маргасан зүйл байхгүй. Харин холбогдох хууль тогтоомж нь өөрчлөгдсөн байтал тухайн тушаал, маягтаа хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэх, мөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байж дагаж мөрдүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийг захиргааны байгууллага дагаж мөрдсөнгүй хэмээн маргасан болно.

6. Тодруулбал Ашигт малтмалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ” гэсэн зохицуулалтыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар 47.11 Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.” гэж өөрчилсөн.

7. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар дээрх хэсэгт 47.11 Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.” гэсэн өөрчлөлт орсон байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгтээ “...маягт-1 “Тайлант хугацаанд борлуулсан бүтээгдэхүүн” хэсэгт болон Маягт-2, Маягт-З-ын дагуу тайлагнах боломжтой байжээ.” гэж дүгнэсэн. Гэтэл төрийн захиргааны байгууллага нь манай компани шиг өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлож борлуулаагүй, нөхөрлөл, хувь хүний олборлосон жоншийг худалдан авч борлуулсан аж ахуйн нэгж хэрхэн тайлан гаргахыг зөвлөж, тусалж чадахгүй байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх чухам юуг, хэрхэн үндэслэл тайлангийн маягт-1, Маягт-2, Маягт-З-ын дагуу бөглөх ёстой байжээ гэж дээд шатны захиргааны байгууллага шиг захиргааны албан тушаалтанг зөвтгөж, хамгаалаад байгааг ойлгохгүй байна.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.

9. Шүүх тайлан гаргах үүрэг бүхий этгээдийн хүрээ эрс өөрчлөгдөөд байтал мөн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотой шинэ тайлангийн маягт гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлага нэгэнт бий болсныг анхаарч үзсэнгүй. Хууль зүйн яам гэсэн нэртэй байгаад Хууль зүй, дотоод хэргийн яам нэртэй болсон хэрнээ хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг шинээр гартал Хууль зүйн яам гэсэн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг ашиглах нь зөв гэсэнтэй адил дүгнэлт хийж байна.

10. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаал батлагдсанаас хойш хуульд 2 удаа эрс өөрчлөлт орсон байтал, холбогдох тушаал, маягтаа хуульд нийцүүлээгүй батлаагүй мөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байсан, хариуцагчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараас харахад гомдол гаргагч нь төрийн захиргааны байгууллагын гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгээд маягт, хүснэгтийг өөрөө зохиогоод, төсөөтэй байдлаар хэрэглээд өгөх ёстой байжээ. Гомдол гаргагчийн зүгээс төрийн байгууллагын дээрх хандлага, харьцаанд нь гомдолтой байгаа болно.

11. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж захиргааны хэм хэмжээний актыг хуульчилсан.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 ...мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу ... дотор тус тус ирүүлнэ” гэсэн зохицуулалтын дагуу захиргааны байгууллага болох мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан дүрэм, журам батлах гэсэн ерөнхий зохицуулалтаас илүү нарийн, тодорхой хуульд тусгайлан зааж эрх олгосон ба энэхүү хэм хэмжээ нь зөвхөн манай компанид зориулагдахгүй, нийт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчдөд чиглэсэн, улирал тутам, жил бүр байнга давтан үйлчилж байх Захиргааны ерөнхий хуулийн 59.1 дэх шинжийг бүрэн хангасан захиргааны хэм хэмжээ акт гарцаагүй болно.

13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 572 дугаар магадлалын Хянавал хэсэгт: “... Түүнчлэн, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж заасныг тодорхой эрх зүйн үр дагавар бий болгосон эсвэл тогтоосон, эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон албадлагын шинжийг илэрхийлсэн, нийтээр дагаж мөрдөх нийтлэг шинж бүхий шийдвэр гэж ойлгох бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй, татварын байгууллага маягтаа шинэчлэн баталж хэм хэмжээний актаар бүртгүүлсэн, мэргэжлийн хяналтын байгууллага сүүлд шинэчлэн гаргаж хэм хэмжээний актаар бүртгүүлсэн үйл баримт нь А/125 дугаар тушаалыг хэм хэмжээний актад тооцох үндэслэл болохгүй...” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Ойлгохгүй байх учир шалтгаан нь хууль тогтоогч захиргааны байгууллагын дур зоргыг хязгаарлах, хүнд суртал, чирэгдэлгүй, үр нөлөөтэй байх зорилгын хүрээнд зөвхөн тайлангийн маягт гэсэн баримт бичгээр дамжуулан хуульд заасан мэдээллийг гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдэд үүрэгжүүлсэн. Харин захиргааны байгууллага тайлангийн маягтыг батална, хэрхэн баталж, мөрдүүлэх талаар нарийвчилсан харилцааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байдаг.

14. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3ахиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. мөн хуулийн 67.3.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэсэнтэй адил агуулга бүхий заалтууд Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журамд байсан, тийм ч учраас 2010 оноос хойш хэрэгжүүлээд хэвшсэн зүйлийг хариуцагч мэдэх ёстой, Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж, бүртгүүлээгүй тайлангийн маягтаар хууль заасан мэдээллийг авах гээд байна уу, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг авах гээд байна уу гэсэн зүй ёсны шаардлага гаргасан.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасны дагуу Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/164 дугаар тушаалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

16. Харин харамсалтай, анхан шатны шүүх хуралдаан болсны дараа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/97 дугаар тушаалаар тайлангийн маягтыг баталж, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4873 дугаар бүртгэлээр улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлсэн байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, ардын багш Б.Чимид: “Захиргааны хэргийн шүүхийн нийгмийн чиг үүрэг нь нийтийн засгийн, юуны өмнө төрийн захиргааны буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахин хангаж байна уу, үгүй юу гэдэгт хараат бус эцэслэн шийдвэрлэх эрх бүхий хяналт тавьж зөрчил гажуудлыг арилгуулан түүгээрээ засаг захиргааны дураар аашлах явдлаас хүний эрх ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” гэжээ.

17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0559 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 572 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

18. Гомдол гаргагч ... ХХК нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч ...ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063521 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-020726 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийгээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д 2019 онд 2 удаа өөрчлөлт орсон байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаалаа хуульд нийцүүлээгүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй...” гэж маргасан.

19. Маргаан бүхий, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063521 дүгээр шийтгэлийн хуудсаар, ... ХХК-ийг 2019 онд худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан маягтын дагуу гаргаж, ирүүлээгүй буюу ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй зөрчил гаргасан үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасныг үндэслэн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ.

20. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ” гэсэн өөрчлөлтийг оруулжээ. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу гомдол гаргагч “...” ХХК нь олборлолт хийсэн эсэхээс үл хамаарч, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр,  мөн жилийн эцсийн тайланг, тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээсэн байна.

21. Гомдол гаргагч “...” ХХК нь 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй боловч бусдаас /иргэд, нөхөрлөлөөс/ 269,923 кг жонш худалдан авч экспортлосон, гэвч тус компани энэхүү худалдахаар ачуулсан ашигт малтмал /жонш/-ын мэдээ, тайланг батлагдсан маягтын дагуу, хугацаанд нь гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогджээ. Иймд маргаан бүхий 0063521 дүгээр шийтгэлийн хуудсаар “...” ХХК-ийг “...ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасантай нийцсэн, энэ талаар шүүхийн “...“...” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тул хуульд өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран мэргэжлийн хяналтын байгууллагад тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй, хуульд тайлан гаргах үүрэг бүхий субъектийг нэмэгдүүлсэн өөрчлөлт орсноор мэргэжлийн хяналтын байгууллага маягтаа шинэчлээгүй нь гомдол гаргагчийн эрхийг хөндөөгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

22. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй, учир нь уг тушаалаар батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, мэдээний маягтууд нь зөвхөн эрх бүхий байгууллагад ирүүлэх тайлан, мэдээнүүдийн загвар, хүснэгтийг баталсан байна. Иймд гомдол гаргагчийн энэ үндэслэлээр буюу “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 ...мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу ...дотор тус тус ирүүлнэ” гэж заасан. ...энэхүү хэм хэмжээ нь зөвхөн манай компанид зориулагдахгүй, нийт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчдөд чиглэсэн, улирал тутам, жил бүр байнга давтан үйлчилж байх Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан шинжийг бүрэн хангасан захиргааны хэм хэмжээ акт гарцаагүй болно” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

23. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 572 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Ч.ТУНГАЛАГ

                    ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА