Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1322

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/4110 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХнд холбогдох

 

100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжилсэн орон сууцыг эд хөрөнгө битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт:

ХХХХ нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 261 тоот шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолд үндэслэн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. ХХХХны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны шийдвэр гүйцэтгэгч ХХ нь 2016 оны 3 сарын 24-ний өдрийн 01/16 тоот битүүмжлэх акт үйлдэж ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот 3 өрөө орон сууц, ХХ тоот 2 өрөө орон сууцыг үнэлгээ хийлгэх зорилгоор битүүмжилж буйг эс зөвшөөрч гомдолтой байна. ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот нь эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай 3 өрөө орон сууц, ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот нь эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай 2 өрөө орон сууц нь ХХХХ, ХХХХХ, ХХХХХХ, ХХХХХХХ нарын хамтын өмчлөлийн орон сууц юм. Гэтэл эд хөрөнгө хураах 100 000 000 төгрөгийн төлбөрт тооцон битүүмжилж, хурааж байгаа нь бидний өмчлөх эрхэд халдаж байна гэж үзэж байна. ХХХХ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. Иймд төлбөрт хураагдан битүүмжлэгдэж буй ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот 3 өрөө орон сууц, ХХХ тоот 2 өрөө орон сууцыг жагсаалтаас хасаж чөлөөлж өгнө үү. Шүүхээс бичигдсэн гүйцэтгэх хуудсанд энэхүү байрыг заагаагүй байхад ажиллагаа явуулж байгаа нь буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94.1-д битүүмжилсэн актыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ гэсэн боловч хүргүүлээгүй. Шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг нэгтгэн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагаа хийх ёстой байтал хамтран өмчлөгч нарын эрхийг зөрчиж байна. Мөн 37.1-д зааснаар төлбөр төлөгч, авагч нар үнэлгээн дээр тохироогүй бол үнэлүүлнэ гэсэн байхад яаж үнэлгээний талаар санал авах гээд байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХгийн тайлбарт:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолын 4 дүгээр заалт, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 385 дугаар тогтоолоор ХХХХийг 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар шийтгэж, тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд тооцуулахаар ХХХХнд шилжүүлсэн бөгөөд тус албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шүүхийн гүйцэтгэх хуудсанд нэр дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13/31 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор хураах тогтоол үйлдэж хураасан. Өмчлөгч нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө байраа бүхэлд нь 350 000 000-450 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус албанаас шинжээч томилж ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот 3 өрөөг зах зээлийн ханш болох 128 000 000 төгрөг, мөн орон сууцны ХХХ тоот 2 өрөөг 96 000 000 төгрөгөөр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 210 дугаар шинжээчийн тогтоолоор үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө" гэж заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ХХХХэд Хорих 409 дүгээр ангид очиж танилцуулсан ба бусад өмчлөгч нарт мэдэгдлийг гардуулах ажиллагаа зохион байгуулсан боловч хаяган дээрээ байхгүй байсан тул баталгаат шуудангаар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тул энэ талаар дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ХХХХХ 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хорих 409 дүгээр ангид биечлэн очиж ялтан ХХХХэд гардуулж өгсөн бөгөөд Хыг тус албан дээр 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дуудаж мэдэгдэх хуудсуудыг гардуулж өгсөн. Тус албанаас ХХХХэд холбогдох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байхад шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 23307 дугаар захирамжаар "иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн захирамж дуудлага худалдаа явагдсанаас хойш 10 хоногийн дараа ирснийг хүлээн авч, хуульд заасны дагуу гомдол гаргасан болно. Тус албаны гомдлыг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар" ...Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлснээр эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх үр дагавар үүсгэж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэнэ гэж заасан, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалтгүй байна" гэж тус албаны гомдлыг хангаж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 23307 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Иймд тус албанаас дахин албадан дуудлага худалдааг зохион байгуулж 2015 оны 10 дугаар сарын 02-нд зохион байгуулахаар хуульд заасан бүхий л бэлтгэл ажлыг хангаж зарласан байхад тус шүүхээс дахин 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 30681 захирамжаар дуудлага худалдааг хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. 2015 оны 7 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсонги байдалд орсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/01547 шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус албанаас явуулсан шүүхийн тогтоолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. 13/31 тоот тогтоол, 01 тоот хураасан тогтоол, “ХХХХХХ” ХХК-ийн 210 дугаартай үнэлгээ болон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж шүүхийн гүйцэтгэх хуудсанд нэр дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02/16 дугаар тогтоолоор хураах тогтоол үйлдэж хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж хамтран өмчлөгч нараас үнийн санал авч хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад шүүхээс дахин 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32016/15289 захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг хүлээн авах боломжгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 161, 162 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах гомдлыг гаргасан. Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн ялтан ХХХХ нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг одоог хүртэл төлж барагдуулаагүй, шүүх эрх бүхий байгууллагуудад удаа дараа өргөдөл гомдол гаргаж, хугацаа хожих зорилгоор шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 385 дугаар тогтоолоор ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ, ХХХ тоот орон сууцуудыг ХХХХийн 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд тооцуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн шуурхай явуулах боломжоор хангаж өгнө үү.

100 000 000 төгрөг хураах нэмэгдэл ялаар шийтгэсэн Шийтгэх тогтоолд ХХХ болон ХХХ тоот орон сууцыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд тооцуулахаар заасан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад тухайн хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгосон. Улмаар шинээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хугацаа өгч төлбөрөө төлөх тухай мэдэгдэл өгсөн. Энэ хугацаанд төлөөгүй тул дахин хураах ажиллагаа хийгдсэн. Хамтран өмчлөгч нараас үнийн санал авсан. 2016.4.13-нд шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 3 шатны шүүх эд хөрөнгө хураах ялыг ХХХ, ХХХ тоот орон сууцыг тооцож гүйцэтгэхээр заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дуудлага худалдаагаар орон сууцыг худалдаад хамтран өмчлөгч нарт оногдох хэсгийг өгдөг гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн тайлбарт:

Нэхэмжлэгч нь шүүхэд "төлбөрт хураагдан битүүмжлэгдсэн ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот 3 өрөө орон сууц, ХХХ тоот 2 өрөө орон сууцыг жагсаалтаас хасаж чөлөөлөн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хяналтын шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 385 дугаартай тогтоолын 1.8 дахь хэсэгт "... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтын ХХХХийн ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ, ХХХ тоот орон сууцыг... эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон төлбөрт тооцуулахаар ХХХХнд шилжүүлж,..." гэж тус тус өөрчлөн шийдвэрлэжээ. Эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцсэн, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул иргэний хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй билээ. Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу хийж байгаа "орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор битүүмжилсэн" ажиллагааг хууль бусаар хамтын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхэд халдаж байна гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн орон сууц битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу хийгдсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Хын битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ болон ХХХ тоот орон сууцыг хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо:

ХХХХ нь ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот 2 өрөө орон сууц, ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ тоот 3 өрөө ХХХХХ, ХХХХХХ, Х нарын хамтын өмчлөлийн орон сууцыг ХХХХийн 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялын төлбөрт битүүмжилж байгаа нь Иргэний хууль болон ШШГТХ-ийн агуулгад нийцэхгүй, бидний өмчлөх эрхэд халдаж буйд туйлын гомдолтой байна. ШШГТХ-ийн 94.1 битүүмжилсэн актыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ гэсэн боловч хүргүүлээгүй, НШГА нь гүйцэтгэх хуудас, хуулийн дагуу явагдсан эсэх холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, ШШГТХ-ийн 37.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй байхад ШШГТХ-ийн 94.3, 94.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд, эд хөрөнгийн хураах ялын төлбөрт тухайн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон хураан авахаар бичигдээгүй болно. Бидний өмчлөлийн байр худалдан борлогдохгүй бол яах вэ, төлбөрт тооцон авах уу, ШШГТХ-ийн 37.1 зааснаар үнэлгээний талаар санал авах, тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэх "Улсын орлого" гэгч хэнээс санал авах гэх мэтчилэн ШШГТХ, Иргэний хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх боломжгүй түүнчлэн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ/2016/4110 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

           Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХХнд холбогдуулан дундын өмчлөлийн орон сууцыг эд хөрөнгө битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрч, шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолд маргаан бүхий орон сууцыг эд хөрөнгө хураах ялд тооцуулахаар заасан гэж маргажээ.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 385 дугаар тогтоолоор ХХХХийг 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар шийтгэж, ХХХХ нарын дундын өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ хороолол ХХ байрны ХХХ, ХХХ тоот орон сууцыг түүнд оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон төлбөрт тооцуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

ХХХХ 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дээрх 2 орон сууцыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрт маргаан бүхий 2 орон сууцаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелүүлэхийг тодорхой заасан байх тул нэхэмжлэгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд эд хөрөнгө хураах ялын төлбөрт тухайн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон хураан авахаар бичигдээгүй, дундын өмчлөлийн орон сууцыг ХХХХийн 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялын төлбөрт битүүмжилж байгаа нь Иргэний хууль болон ШШГТХ-ийн агуулгад нийцэхгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнийн санал авсан талаар маргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд тухайн орон сууц нь ХХХХ, ХХХХХ, ХХХХХХ, Х нарын дундын өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд хамтран өмчлөгч нарт ногдох хэсгээр эд хөрөнгө хураах ялыг гүйцэтгэхээр явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах үндэслэлгүй гэсэн анхан шатны шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн “гүйцэтгэх хуудсанд уг 2 орон сууцны талаар дурдаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээний талаар хэнтэй тохиролцох ёстой нь ойлгомжгүй“ гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ХХХт итгэмжлэл олгохдоо “Хын нэхэмжлэлтэй” гэхийг “ХХХын нэхэмжлэлтэй” гэж буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх тул шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний зөрчилд тооцохгүй болно.  

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/4110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

 

                                             ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

                

                                                                                                       А.МӨНХЗУЛ