Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 865

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч С.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805049931016 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, “Тавантолгой” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 4; эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 134 Намуун паворт, 4-13 тоотод оршин суух, ялгүй, УП89060771 дугаарын регистртэй, Б овогт С.Б 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Б  2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Цаашид ийм байдал гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч М.Б   “… би 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим гэртээ ортол Б хүүгийн хамт байсан бөгөөд надад өөрийгөө ажилд явлаа замын зардал гэхээр нь мөнгө байхгүй, тэгээд чамайг ажилд явахаар хүүхэд харах хүн байхгүй, цэцэрлэгт өг гэхэд тэр ээжээрээ харуулчих гэхээр нь яахаараа дандаа манай ээж хардаг юм бэ, танай ээж хүүхэд цэцэрлэгт оруулчихна гээд бэлэн яриад байсан яасан бэ гэтэл ээж рүүгээ залгаад хүүг цэцэрлэгт оруулна гэсэн яасан гэнэ ээ энэ тэр гээд утсаар яриад байсан. Тэгж байснаа бид хоёр хэрэлдээд намайг янхан гичий гээд байхаар нь би уурандаа тэгвэл танай ээж чинь янхан биз дээ гээд хэлтэл миний толгой руу хоёр удаа алгадахаар нь чиний гарт үхэж байхаар өөрийнхөө амийг хорлочихъё гээд эм аваад уух гэтэл Б   намайг тэнэг юм уу, мэдрэл юм уу гээд нүүр рүү 2, 3 алгадаад дээрээс дарснаа босч яваад ээжтэйгээ дахиад утсаар ярьж байгаад гэрээсээ гараад явсан. Үүнээс өмнө хамт амьдардаг байхдаа Б   хааяа нэг гар хүрдэг байсан боловч би тухайн үед цагдаад ханддаггүй байсан. Гэмтлийг хамтран амьдрагч Б   2018 оны 9 дүгээр сарын 20-ны орой Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20-109 тоотод түр амьдарч байхдаа гараараа цохиж учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй” /хх-н 6/ гэж,

гэрч Д.Ц “… 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б   Б   нарын хооронд болсон асуудлын талаар мэдсэн. Яаж мэдсэн гэхээр өмнөх өдөр нь Б-ын ажлынхан хотод ирээд хүү маань тэр хүмүүстэй уулзаад шоудсан гэсэн. Тэгээд тэр үед нь Б хүү рүү залгатал цаана нь эмэгтэй хүн дуугараад байна гээд над руу залгасан. Маргааш өдөр нь би гэртээ иртэл Б манай гэрт унтаж байсан. Тэгэхээр нь би хүүгээ гэр рүүгээ яв эхнэр чинь газын пилеткээ асааж чадахгүй байна гээд гэрт нь хүргэж өгөөд буцсан. Тэгээд та хоёр маргалдав аа, шоуны дараа та нар дандаа маргалддаг шүү гээд анхааруулаад явсан.  Тэгтэй орой нь Б манайд ирэхээр нь яасан бэ гэтэл Б бид хоёр маргалдаад би түүнийг нэг алгадчихлаа гэхээр нь би нэг их юм хэлээгүй унтчихсан.  Маргааш нь ажилдаа явсан. Хүү гэрт үлдсэн бөгөөд өдөр нь залгаад “Б сая над руу залгаад хараалгана гэнэ ээ, цагдаа шүүхээр явна, сална, явахыг чинь харна гэнэ, тантай уулзана” гэнээ гэхээр нь би гэртээ иртэл гэрийн гадаа ах дүү нар нь ирсэн байсан бөгөөд Б  ийн эгч дүү нар нь ирчихсэн байхаар нь уулзтал тал талаас шаагиад байхаар нь би гэр бүлийн хооронд болсон асуудал, та нар дандаа маргалддаг байж одоо хүүхдээ чирээд хаачих гээд байгаа юм гэж хэлчихээд би хүүдээ “Чи ямар ч эмэгтэй хүний буруу байсан гар хүрч болохгүй гэдгийг хэлсэн биз дээ гэж хэлчихээд би явсан. Тэгээд Б   намайг элдвээр хэлээд янхан гичий гэх мэтээр доромжлоод байхаар нь тэсээгүй гэж хэлсэн. Тэр үед Б   бас Б   руу хутга бариад өөр рүүгээ ойртуулахгүй гээд савчаад байсан гэсэн. Тэгээд биеийг нь хартал хэвлий хэсгээр нь зулгарсан маажсан юм шиг болчихсон байсан” /хх-н 12/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч М.Б  ийн гэмтэлтэй холбоотойгоор ... Б  ийн биед баруун нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хуагцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн 11519 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 14/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С.Б-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-т оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал үүсээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч М.Б “... нөхөртэйгөө эвлэрч учраа олсон, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-н 39/

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б  цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Б  шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт С.Б-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. С.Б  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. С.Б  бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Б   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ