Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00692

 

2023 03 31 210/МА2023/00692

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/05242 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Ө ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б ХХК нь Ө ХХК-тай 2016 оны 10 сарын 11-ний өдөр 0332 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Б ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалттай, 3,400 м.кв талбайтай газрыг болон орон сууцны зориулалттай, 1,500 м.кв талбайтай газрыг бусдад худалдахад зуучлах ажиллагааг Ө ХХК гүйцэтгэхээр тохирсон.

Гэрээний төлбөрт Б ХХК-ийн захирал Д.Иийн данснаас Ө ХХК-ийн захирал Н.Хий дансанд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөг шилжүүлсэн. Э ТББ-тай холбож өгсөн боловч зуучлалын гэрээний 3.1-т заасан үүргээ Ө ХХК биелүүлээгүй.

Иймд Ө ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээ хэрэгжээгүй тул зуучлалын хөлсөнд төлсөн 17,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Б ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэгт байрлах, 1,500 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай газрыг зуучлан борлуулахаар Ө ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээнд 1,500 м.кв талбайтай газрыг 1,200,000,000 төгрөгөөр зуучлан борлуулах, зуучлан борлуулсны хөлсөнд 3,5 хувийн урамшуулал олгохоор тохиролцсон. Тухайн үед зуучлагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж, гэрээнд заасан зар сурталчилгаа нийтэд зарлан борлуулах ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд Э ГҮББ-тай Д.Иыг холбож зуучлан өгсөн.

2.2 Тухайн үед Д.И, Э ГҮББ-ын хооронд газрын эрх шилжүүлсэний урьдчилгаа төлбөр 400,000,000 төгрөгийг бэлнээр Д.Иын дансанд орж, газрын эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Үүний үр дүнд гэрээний үүрэг тодорхой хэмжээнд биелэгдсэн гэж үзэн зуучлуулагч талаас 17,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл зуучлалын хөлсийг газрын үлдэгдэл төлбөр 800,000,000 төгрөгийг төлсний дараа өгөхөөр тохиролцсон. Үүнээс хэсэг хугацааны дараа талууд наймаа буцсан талаар мэдэгдсэн. Уг буцсан асуудал нь зуучлагчаас шалтгаалаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 410.1-т заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-аас 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас 245,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтэрсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2 Н.Х нь Д.Ит 8,750,000 төгрөгийг буцаан төлөх агуулга бүхий баримтад хуулийн этгээдээс авсан төлбөрөө хуулийн этгээдийн хувьд төлөх агуулга тусгагдаагүй. Иргэн Д.Иийн Хаан банк дахь данснаас иргэн Н.Хий Хаан банк дахь данс руу мөнгө шилжсэн. Гэтэл анхан шатны шүүх уг баримтад дурдсан агуулгыг хуулийн этгээдийг төлөөлж үйлдсэн мэтээр үндэслэлгүй дүгнэсэн.

4.3 Хариуцагч Н.Х иргэний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа гаргасан тайлбарыг хариуцагч солигдсон байхад ашиглаж байгаа нь үндэслэлгүй.

4.4 Хариуцагчийн зуучлалын үр дүнд нэхэмжлэгчийн дээр дурдсан эзэмшил бүхий газрын эзэмших эрх Э ТББ-ийн эзэмшилд шилжсэн. Гагцхүү үндсэн гэрээ буюу газар эзэмших эрх шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээг тус тус зуучлуулагч Б ХХК болон Э ТББ-ын хооронд байгуулагдсан. Үндсэн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэхээс үл шалтгаалан зуучлагчид хөлс төлөх үүрэг зуучлуулагчид үүснэ. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлагч нь зуучлуулагчийг үндсэн гэрээнд төлөөлөх үүрэггүй байхад тийнхүү үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч н.Х мэдүүлэхдээ ...Н.Хээр зуучлуулан гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг нэхэмжлэгч талаас шилжүүлж авсан гэж, мөн Нийслэлийн газрын албаны газрын хувийн хэргийн хуулбараар тогтоогдож байхад ...эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээ хийлгэсэн гэх мэтээр хууль болон гэрээнд тусгагдаагүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

4.5 Ө ХХК нь Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, М 000 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байхад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ийнхүү хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан харьяаллыг ноцтой зөрчиж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б ХХК болон Ө ХХК-ийн хооронд 2016 оны 00 дугаар сарын 11-ний өдөр ГХ-03/32 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Ө ХХК нь Б ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 000000000 дугаартай, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, Тарема нийгэмлэгийн баруун тайлд байрлах, 0000 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, нэгж талбарын 00000000000000 дугаартай, 1500 м.кв талбайтай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 1,200,000,000 төгрөгөөр худалдах зуучлагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, хэлцэл хийхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, зуучлуулагч нь зуучлалын үйлчилгээний хөлсөнд тухайн зуучлуулж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнийн дүнгээс 3,5 хувиар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх 4-6/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

4. Гэрээний дагуу Б ХХК-ийн захирал Д.И нь Ө ХХК-ийн захирал Н.Хд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. /хх7-9/

Ө ХХК зуучлалын гэрээний дагуу Э нийгэмлэг ГҮТТБ-тай зуучилж өгсөн, урьдчилгаа 400,000,000 төгрөгийг Д.Ит хүлээлгэн өгсөн талаар талууд маргаангүй.

5. Б ХХК-ийн захирал Д.И 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр Баянгол дүүрэг, 00 дугаар хороо,  байрлах, нэгж талбарын 000000000000000 дугаартай, 1500 м.кв талбайтай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийг 2 талын хооронд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 0177 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрх шилжүүлэн авагч талд шилжүүлэхээр тохиролцсон байна. /1хх 202/ Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/487 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг Э нийгэмлэг ГҮТТБ-д эзэмшүүлжээ. /1хх 156-157/

6. Гэрээний 2.3-т гэрээнд заасан бүх нөхцөлүүд биелэгдсэнээр гэрээ дуусгавар болохоор заасан бөгөөд 3.1-д зуучлагчийн үүрэг гүйцэтгэх үе шатыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний 3.1-д заасан үүргээ үе шаттайгаар хэрэгжүүлсэн нөхцөлд түүнийг гэрээний үүргээ биелүүлсэнд тооцохоор зохицуулжээ.

6.1 Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, Тарема нийгэмлэгийн баруун тайлд байрлах, нэгж талбарын 18640310729941 дугаартай, 1500 м.кв талбайтай газрын эзэмших эрх нь Э нийгэмлэг ГҮТТБ-ын үүргийн гүйцэтгэлийн барьцаанд шилжсэнийг хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд гэрээний 1-д зааснаар хариуцагч нь хэлцэл хийхэд нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд хариуцагчийг гэрээнд заасан зуучлалын үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гэрээний үүргээ биелүүлсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.2 Ө ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Н.Х нь Д.Иаас авсан 17,500,000 төгрөгийн 8,750,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр багтаан түүнд буцаан өгөх талаар 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баримт үйлдсэн байна. /1хх 10/

Анхан шатны шүүх Н.Хий үйлдсэн дээрх баримтыг маргааны үйл баримтад хамаатуулж, хариуцагчийг тухайн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг зөвшөөрсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ө ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Н.Х, нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Д.И нар улсын бүртгэлд тус тус бүртгэлтэй байх тул гэрээний нэг тал болох Ө ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд уг баримтыг үйлдсэн гэж үзнэ. /1хх 144-146, 2хх 28-29, 45-46/ Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...хуулийн этгээдээс авсан төлбөрөө хуулийн этгээдийн хувьд төлөх агуулга огт тусгагдаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, Д.Иаас Н.Хд гэрээний төлбөрт 17,500,000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгч Б ХХК-аас хариуцагч Ө ХХК-д төлсөн гэж үзэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэн маргаагүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...хуулийн этгээдийн данснаас хуулийн этгээдийн данс руу төлбөр шилжсэн үйл баримт байхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гарган мэтгэлцээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Хийг Ө ХХК-аар сольсон. Хариуцагч Ө ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан харьяаллыг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ө ХХК-аас 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлбөрт төлсөн 17,500,000 төгрөгийг буцаан шаардсан буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 410.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байх тул зөвтгөж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/05242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...400 дугаар зүйлийн 410.1 гэснийг ...205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН