Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00693

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 31 210/МА2023/00693

 

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00604 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Х ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээнээс татгалзан, 82,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэнпунцагт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц.Б нь Х ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 21/39 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 1.2, 2.1, 2.2-т зааснаар Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, А хотхонд байрлах, 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 3 дугаар давхрын 53,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 82,000,000 төгрөгөөр захиалан бариулах, төсөл хэрэгжүүлэгч Х ХХК нь орон сууцны барилгыг 2021 оны 04 дүгээр улиралд батлагдсан захиалагч талд хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн.

1.2 Нэхэмжлэгч Ц.Б гэрээний үнэ 82,000,000 төгрөгийг Хаан банк дахь Ч.ийн 000000000 дугаар данс руу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч нь 2021 оны 04 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч үр дүн гараагүй.

Иймд хариуцагчтай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзаж, 82,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Барилга барих явцад барилгын материалын үнэ урд өмнө байгаагүйгээр өссөний улмаас санхүүжилт зогоссон. Мөн корона-19 цар тахлын улиаас барилгын ажил зогоссон. Барилга ашиглалтанд ороогүй нь газрын эзэмшигч Э ХХК-тай холбоотой ба тус компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн.

2.2 Манай компани А, Б, В гэсэн 3 блок барилгыг барьсан ба ажлын хөлсөнд Э ХХК-аас А блок болон Б блокийн зарим хэсгийг бартераар шилжүүлэн авсан. Ч. нь манай компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээний төлбөрт 48,758,500 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгө барилгад хөрөнгө оруулалт болсон. Үүнээс хойш тэрээр орон сууцаа Ц.Бт 82,000,000 төгрөгөөр худалдсан ба уг төлбөр манай компанийн дансанд ороогүй.

Орон сууцны анхны үнэ 48,758,500 төгрөгийг Ц.Бт хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар 205.1-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 82,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Х ХХК-аас 638,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, Тус шүүхийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 28414 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Х ХХК-ийн банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 82,000,000 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Х ХХК нь Ч.тэй 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын 19/17 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний төлбөр 48,478,500 төгрөгийг захиалагч Ч. нь манай компанийн дансанд тушаасан. Гэтэл Ч. нь уг захиалгын дагуу орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Бт 82,000,000 төгрөгөөр худалдсан ба төлбөрийг Ч.ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн.

4.2 Орон сууц захиалгын өртөг 48,478,500 төгрөг байхад Ц.Б нь 33,521,500 төгрөг нэмж худалдан авсан, уг мөнгө нь манай компанийн дансанд ороогүй тул Х ХХК төлөх үндэслэлгүй. Орон сууцны анхны үнэ 48,478,500 төгрөгөөс илүү төлсөн Ч., Ц.Б нарын гэрээ хэлцлийн журмаар хийгдсэн, иргэд хоорондын асуудал.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 33,521,500 төгрөгийг хасаж шийдвэрлэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Анх нэхэмжлэгч нь орон сууц захиалах гэж Х ХХК дээр очиход гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар санал болгож, гэрээний үнийн дүн 82 000,000 төгрөг гэж санал болгосноос биш тухайн орон сууцыг Ч. 48,478,500 төгрөгөөр захиалсан гэх үнийн талаар мэдээгүй. Шүүхэд хариуцагчийн гаргаж өгсөн орон сууц захиалах гэрээгээр 48,478,500 төгрөгөөр захиалсан болохыг мэдсэн.

Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.2, 2.2, 3.1, 3.2-т тус тус зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож 82,000,000 төгрөгөөр захиалан бариулах, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах этгээдийг тодорхойлсон.

5.2 Хоёр талын байгуулсан гэрээний 3.1-т орон сууцны төлбөрийг дараах хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн доорхи харилцах данснуудын аль нэгэнд саадгүй шилжүүлнэ. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ч.тэй орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн ба Ц.Бт худалдаж байгаа тул гэрээний төлбөр болох 82,000,000 төгрөгийг гэрээний 3.1-т байгаа Ч.ийн дансанд бүрэн төлж барагдуулахаар тус тус зааснаар гэрээний төлбөрийн үүргийг гэрээнд заасан Ч.ийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж 82,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 48,758,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Х ХХК нь Ч.тэй 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч Х ХХК нь Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар А хотхонд байрлах, 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 3 дугаар давхар, 53,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь байрны нийт төлбөр 48,478,500 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээний дагуу Ч. нь 48,478,500 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй./хх 28-29/

3.1 Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. /хх 4-6/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Гэрээгээр нэхэмжлэгч нь дээрх орон сууцны төлбөрт 82,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх, хариуцагч нь орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

4. Хариуцагч Х ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1 Гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцлийг хариуцагч болон Ч. нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх 19/17 дугаартай гэрээний захиалагч Ч. нь захиалагчийн эрхийг нэхэмжлэгчид худалдаж байгаа үндэслэлээр гэрээний төлбөр 82,000,000 төгрөгийг Ч.т төлөхөөр заасан, нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 82,000,000 төгрөгийг Ч.т шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан байна. /хх 8/

Хэдийгээр гэрээний 3.2-т гэрээний үнэ 82,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Ч.т төлөхийг хариуцагч зөвшөөрсөн байх боловч гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн 82,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар бодитоор хүлээн авсан гэрээний гүйцэтгэлийг гэрээний нөгөө талд буцаан олгодог. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үнэ 82,000,000 төгрөгийг бүхэлд нь буцаан шаардах үндэслэл тогтоогдоогүй.

4.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 48,758,500 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн тул зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон байх тул уг заалтыг хассан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 48,758,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,241,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 638,150 гэснийг 471,942 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х ХХК-аас төлсөн 325,560 төгрөгийг буцааж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 100 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН