Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 890

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч П.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805052381078 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч мэргэжилтэй, “Намуун” пабд зөөгч ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13-53 А тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, И овогт П.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч П.Б  2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Намуун” пабад хохирогч Л.М тай “согтуу хүнд үйлчлэхгүй” хэмээн маргалдаж, улмаар түүнийг зодож баруун 11 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч П.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэдгийг би ойлгохдоо хохирогчийн хохирлыг төлсөн, тэгээд надад эрүү үүсгэхгүй торгох юм байна гэж ойлгосон. Гэхдээ надад маргах ямар нэгэн зүйл байхгүй. Ар гэрийн хувьд би ам бүл дөрвүүлээ амьдардаг. Бага хүүхэд маань төрөөд удаагүй байгаа. Иймд прокуророос санал болгож байгаа надад оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэв.   

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Л.М  “… 2018 оны 10 дугаар сарын 6-ны оройн 21 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах пабад үйлчлүүлж хоол идэх гэж ороод 00-н өрөөнд бие засаж байтал зөөгч гэх залуу орж ирээд та нар шиг архичин юмнуудад үйлчлэхгүй гээд түлхэж гаргаад шат руу түлхэж унагаад цээж рүү 2 удаа өшиглөсөн. Дахиад өшиглөх гэтэл би хөлнөөс нь зуураад авсан. Ингээд Намуун паб руу орсон. Би цагдаа дууд гэж хэлсэн. Нөгөө залуу цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн. Та яасан бэ гэж асуусан. Хавирга сонин байна. Хугарчих шиг боллоо гэж хэлсэн. Намайг дагуулж гараад такси бариад Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүл гэж хэлсэн. Би такси бариад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Цээжний зураг авахуулахад хавирга хугарсан байна гэж хэлсэн. Хоёр хоног Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гурав дахь хоногийн дараа цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Намуун пабын зөөгч залуу хэл амаар доромжлоод шатны уруу түлхэж унагаад цээж рүү 2 удаа өшиглөсөн. Үүний улмаас миний баруун талын нэг хавирга хугарсан. Дотроо шингэнтэй байна гэж хэлсэн. … хоёр хоног эмчилгээ хийлгэсэн. Би Намуун пабын зөөгч гэх залууг зүс танина. Намайг шатны уруу түлхээд цээж рүү хоёр удаа өшиглөсөн. … гэмтлийг Б  гэх залуу учруулсан. Тухайн үед миний хажууд Г гэх найз маань байсан. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой” /хх-н 7-8/ гэж,

гэрч Л.Ц “... 2018 оны 10 дугаар сарын 6-ны оройн 21 цагийн үед гаднаас 50 гаруй насны, 30 гаруй насны биеэ авч явах чадваргүй согтуу хоёр эрэгтэй хүн орж ирсэн. 00-н өрөөнд хамт ороод манай үйлчилгээний ажилд саад учруулсан. Үйлчлүүлж байсан хүмүүс 00 орох гэсэн чинь орох боломжгүй болгосон. Ингээд зөөгч Б  хүрч очиж зохих ёсны шаардлага тавин гаргахад маргаан үүссэн. Бид нар үйлчлүүлэх гэж орж ирсэн гэхээр нь согтуу хүнд үйлчлэхгүй гэж зөөгч хэлэхэд бид нар байнга үйлчлүүлдэг, согтуу гэж доромжиллоо гэж хэлсэн. Ингээд зөөгч хаалгаар гаргатал буцаж орж ирээд хэрүүл маргаан хийж хэл амаар доромжилсон. 102 дугаарын утас руу залгаж цагдаа дуудсан. 3-4 удаа заал руу орж ирж орилсон. 1 цагийн дараа цагдаа дуудсан. М  гэх залуу цагдаа ирсэний дараа зөв зүгээр хаалгаар цагдаа дагаад гарсан. Тухайн орой нь манай байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Би М  гэх хүнийг танихгүй. Нарлаг их дэлгүүрийн гадна зогсож монгол хувцас зардаг хүмүүс манай байгууллагад орж ирж хоол идээд гардаг. Гэтэл 00-н өрөөнд хоёр хоёроороо орж архи уугаад маргаан байнга үүсдэг. М , Б  хоёрын хооронд зодоон бол огт болоогүй. Зааланд орилохоор нь би очиж шаардлага тавьсан. Орилоод байхаар нь би цагдаа дуудсан. Хөдөлж чадахгүй байна гээд шатан дээр М  гэх хүн суугаад байсан. Цагдаа ирэнгүүт юу ч болоогүй юм шиг дагаад явсан” /хх-н 12/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор ... М ын биед баруун талын 11 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 12205 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 16/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч П.Б ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Б т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал; тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл /архидан согтуурсан/ гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаалсан зэргийг харгалзсан болно.

 

Шүүгдэгч П.Б  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Л.М  “... миний бие эмчилгээний зардал 200,000 төгрөг авсан. Цаашид миний бие гомдол, санал байхгүй ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 54/ гэжээ.

 

Шүүгдэгч П.Б  “... бага хүүхэд маань төрөөд удаагүй байгаа. ... прокуророос санал болгож байгаа торгох ялыг хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Б цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. И овогт П.Б ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. П.Б т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. П.Б  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. П.Б  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.М  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Б т урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ