Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 891

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Л.Амартогос

хохирогч Ш.А

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705009560916 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 8 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газар ажилладаг, ам бүл 5; эхнэр, охин, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3 дугаар гудамж, 92 А тоотод оршин суух,

ял шийтгэл: 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр суллагдсан, ВЖ62082517 дугаарын регистртэй, Сүрьяатайж овогт Зургаанжингийн Ж

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч З.Ж согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Номин” их дэлгүүрийн автобусны буудлаас автобусанд суусан хохирогч Ш.Аыг 3 дугаар эмнэлгийн автобусны буудал орчим зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч З.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн хүүхдээрээ далимдуулж сандал авах гээд, намайг гудамжны хог цэвэрлэдэг гэж хэлээд байсан. Би жаахан согтуу байсан. Гэхдээ мэдэж байгаа. Хохиролд мөнгө төгрөг төлөөгүй ээ. Уг нь тухайн үед ингээд салъя гэж хэлээд би 40.000 төгрөг өгсөн. Гэтэл энэ мөнгийг аваагүй гээд байгаа юм. Би 400.000 гаруй төгрөгтэй явсан хүн. Хохирлыг нь төлж барагдуулах болно. Цагдаа дээрээс хойш энэ хүнтэй дахиж тааралдаагүй. Байцаагчаас асуухаар та хүлээж бай гээд байдаг байсан.

Би хохирогчид 300.000 төгрөг өгөх саналтай байна. Сарын эхний цалин дээрээс 200.000 төгрөг, дараагийн цалингаас 100.000 төгрөгийг нь өгье гэв.

 

Хохирогч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ асуудал болоод бүтэн нэг жил өнгөрч байна. 2017 оны 10 дугаар сарын 6-ны орой 18 цаг 40 минутын үед би 6 настай хүүгийнхээ хамтаар Цамбагаравын замын урд талын Номингийн буудлаас Зунжин-ТЭЦ 4 гэсэн чиглэлийн автобусанд суусан. Гэтэл энэ хүн автобус дотор орилоод нэг эмэгтэйтэй маргаад, янз бүрийн үг хэлээд ... та нарын дамскыг цэвэрлэдэг энэ тэр гээд байхаар нь би та жаахан соёлтой яваач ах минь гэж хэлтэл 3 дугаар эмнэлгийн харалдаа явж байхад намайг цохиод шүд хугалсан. Автобуснаас буухаар нь араас нь хөөж барьж авсан. Тэгээд цагдаа ирээд Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү очих хооронд энэ хүнийг зүгээр явуулчихсан байна лээ. Яагаад зүгээр явуулдаг юм бэ. Намайг 6 сарын дараа цагдаагаас дуудсан.

Миний хувьд энэ хүнд зодуулаад бариачид бариулсан. Тухайн үедээ 500.000 төгрөг өгчих, өгвөл гомдолгүй гэдгээ хэлсэн. Тэр 40.000 төгрөг надад өгсөн гэдэг бол худлаа. Худлаа ярьж байна.

Өнөөдөр 300.000 төгрөг өгөхөөр санал болгож байгааг зөвшөөрч байна. Хэн аль нь ядарсан хүмүүс. Надад гомдол байхгүй гэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ш.А  “… 2017 оны 10 дугаар сарын 6-ны оройны 19 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагаравын автобусны буудал дээрээс өөрийн хүү 6 настай А-н хамт Зунжин чиглэлийн автобусанд суугаад голын хаалганы хажууд өөрийн хүүтэйгээ хамт зогсож байтал хот тохижуулахын хувцастай 50 орчим насны ах хүн нэг эмэгтэйг  “би чиний алны чинь дамскыг цэвэрлэдэг биз дээ” гээд нөгөө хүүхнээ түлхээд нуруу руу нь ёвроод дээрэлхээд байхаар нь би тэр ахад хандаж “та хот тохижилтын газрын ажилтан байж адилхан үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байж зөв боловсон байгаач” гэж хэлтэл тэр ах “би ажлаа хийгээд амьдрах гээд ядаад явж байна” гэж хэлэнгүүтээ миний зүүн талын шанаа руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд заамдаад автал дахиад миний эрүүн тус газар нэг удаа цохьсон. Тэр үед миний зүүн доод талын шүд хугарч унасан. Тэр үед тэр автобус хойшоо Гэмтлийн эмнэлэг рүү эргээд 3 дугаар автобусны буудал дээр автобус зогсонгуут урд талын хаалгаар тэр ах үсрээд буучихсан. Би араас нь бууж байгаад тэр ахын хувцаснаас зуурч байгаад цагдаа дуудсан байсан учраас зууралдан хүлээж байхад миний зүүн шанаа, зүүн нүд хэсэгт 2 удаа баруун гараа атгаж байгаад цохьсон. Хувцаснаас нь зуурсаар байгаад ирсэн цагдаагийн авто эргүүлийн алба хаагч нарт тэр ахыг хүлээлгэн өгсөн. Тэр ахыг цагдаа нар авч яваад намайг хэлтэс дээр ирж өргөдлөө бичиж өг гэж хэлсэн. Би өнөөдөр 17 цаг 30 минутанд найз Даваадэлгэртэй хамт хоёулаа 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй шар айраг хувааж уусан байсан. Тэр ах харин нэлээн согтуу байсан. Тэр ах надаас зугатаагаад 5-6 алхаад зам дээр 2 удаа өнхөрч унаад байсан. Би тэр ахыг намайг зодлоо гээд тэр ахыг цохиж зодоогүй. Харин зугатаалгахгүй гээд хувцасных нь энгэр заам, шар хантаазнаас нь заамдсан. Миний нэг шүд унасан. Нэг шүд хөдөлгөөн орсон байна. Зүүн шанаа хавдсан, толгой өвдөж байна” /хх-н 7-8/,

“… 6 настай хүү А-г дагуулаад нөгөө гартаа цахилгаан дрилл барьсан явж байсан. Уг автобусанд нэг согтуу хүн пиздануудаа гээд орилоод агсраад яваад байхаар нь би тэр хүнд хандаж та настай хүн байж соёлтой яваач хүн амьтан доромжлоод байх юм, чимээгүй яв гэж хэлсэн. Гэтэл тэр хүн юу гэнэ ээ гээд над руу хүрч ирээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тухайн үед би нэг гартаа хүүхэд хөтөлсөн, нөгөө гартаа цахилгаан багаж барьсан байсан учир би эсэргүүцэж чадаагүй. Тэр хүн намайг цохиод амнаас цус гараад шүд унасан байсныг хараад 3 дугаар эмнэлгийн хороолол руу өгсдөг автобусны буудал дээр үсрээд буусан. Тэгэхээр нь би зогсоорой гээд орилж байгаад автобуснаас буугаад араас очиж барьж аваад цагдаагийн 102 дугаартай утсанд дуудлага өгөөд тэр хүнийг цагдаагийн Хөдөлгөөнт эргүүл ирээд аваад явсан. Тэр хүн надаас зугтах гэхээр нь би арай гэж зулгааж барьж аваад цагдаад өгсөн. Цагдаа нар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр өргөдөл өг гээд би ирж өргөдлөө гаргаж өгсөн. Тэр хүн 50 орчим насны ноосон малгай өмссөн, шар алаг өнгийн хот тохижуулахын ажил хийдэг хүмүүс өмсөөд байдаг хувцастай хүн байсан. Тэр хүний өмсөж явсан хувцасны хойд талд хот тохижилт гэсэн бичигтэй байсан. Надад үзүүлж байгаа Зургаанжин овогтой Ж гэх хүний зургийг хараад надад гэмтэл учруулсан хүн мөн байна гэж таньж байна. Уг хүний царайг хараад мөн байна гэж таниад байна. Манай хүү намайг зодуулахыг харсан. Мөн автобусанд үйлчлүүлж байсан зорчигч нар байсан. Би тэр хүмүүсийг бол мэдэхгүй. Би тэр хүнд олон нийтийн газар настай хүн байж соёлтой яв гэж хэлсэн. Түүнээс болоод намайг зодож биед гэмтэл учруулсан. Түүнээс би тэр хүнийг огт танихгүй. Намайг зодож гэмтэл учруулсан хүн нилээд их согтуу байсан. Би 26 дугаартай шар өнгийн Зунжин ТЭЦ-4 гэсэн автобус байсан. Миний хөдөлсөн байсан 2 шүд унасан. Цохиулсан даруй миний нэг шүд унасан. Тархи толгой байнга өвддөг болсон. Нүд бүрэлзэж дайвалздаг. Уг хүн намайг цохиж гэмтэл учруулчихаад нэг ч удаа уулзуулаагүй” /хх-н 12-13/,

“… Ж надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. Би хэрэв мөнгө төгрөг аваад эвлэрсэн юм бол юу гэж цагдаа дуудах юм бэ. Ж надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. Харин би бага насны 6 настай хүүгээ дагуулаад явж байхад зугтаах гээд бид хоёр ноцолдож байх үед надаас зугтаад уруу газар унасан. Тэгээд би гүйцэж барьж аваад тэгээд гарыг нь ард нь очиж дарж байгаад утсаараа цагдаа дуудсан байсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад ямар ч эмчилгээний баримт байхгүй. Шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн чинь хөхөрсөн, шалбарсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 1 шүд хөдөлсөн, 2 шүд хөдөлсөн байсан. Тэр нь яваандаа суларсаар байгаад уначихсан байгаа. Одоо би уг суларсан шүднүүдээ хийлгэж авах хүсэлтэй байна. Миний унасан шүдний хэсэг шүд хийлгээгүй явж байна. Намайг Ж-тай маргалдаад ямар байдалтай байсныг дуудлагаар ирсэн 2 цагдаа харсан байх. Өөр харсан хүн бол байхгүй. Надад одоогоор эмчилгээний зардалд яг хэдэн төгрөг орох талаар мэдэхгүй байна. Би одоогоор судалж ямар нэгэн баримт авсан зүйл алга байна. Надад Ж гуай уулзаад би шүдний чинь хохиролд 500.000 төгрөг өгөөд бид хоёр сайн дураар эвлэрье гэж ярьсан. Тэгтэл одоо чимээгүй болчихлоо. Надад мөнгөө өгчих юм бол өөр гомдол санал байхгүй” /хх-н 15-16/,

“… би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор шүдэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Мөнгө байхгүй учир ямар нэгэн баримт гаргаж өгч чадахгүй байна. Миний хувьд эмчилгээний баримт алга. Мөн Ж-ыг яагаад гэрт нь өгч явуулаад намайг цагдаа руу явуулж өргөдөл гаргуулсан байдаг юм бэ. Яагаад тухайн үед нь Жыг саатуулаагүй юм бэ гэдгийг гайхаж байна. Миний хувьд гомдолтой байна. Баримт гаргаж өгч чадахгүй байгаа ч гэсэн би шүдээ засуулж хийлгэмээр байна. Би 3 шүд хийлгэж авах хүсэлтэй эсвэл шүд хийлгэх мөнгөө авмаар байна. Уг нь Ж надтай уулзаад би шүдний мөнгө гэж 500.000 төгрөг өгнө гэж ярилцсан байсан боловч одоог болтол ямар нэг мөнгө өгөөгүй. Одоо болохоор мөнгө өгч чадахгүй гээд байна” /хх-н 74/ гэж,

гэрч М. Д “… 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр би жолооч цагдаагаар ахлах дэслэгч Д-н хамт үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Миний хувьд үүрэг гүйцэтгэх хугацаанд маш олон хүнтэй харьцдаг, мөн асууж байгаа цаг, тухайн үеийн асуудлыг одоо мартсан байна. Дуудлага мэдээллийн бүртгэлийг үзэхэд А  гэх хүн бусдад зодуулсан гэж дуудлага өгсний дагуу алаг машин дээр үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Д бид хоёр очиж шийдвэрлэсэн байна. Дуудлага мэдээллийн бүртгэлийг харахад Ж гэх холбогдогч нь өндөр настай хүн байсан учир ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Харин хохирогч гэх А  нь эргээд цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандана гэсэн байна. Би одоо уг хүмүүсийг огт танихгүй. Болсон зүйлийн талаар ч санахгүй байна” /хх-н 20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ш.Аын гэмтэлтэй холбоотойгоор ”А ын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт, 43, 44-р шүдний ганхалт, 33-р шүдний ёзоор сулрал, шүдийг авсан байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой” гэсэн 12700 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байх бөгөөд /хх-н 24/ дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч З.Жыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Харин “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба

мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заажээ.

 

Шүүгдэгч З.Ж-н 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч З.Ж, хохирогч Ш.А нар хохирлын 300.000 төгрөг дээр харилцан тохиролцсоныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Ж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрын талаар бичихдээ “... Баянгол дүүргийн 20 дугаар хороо буюу Цамбагаравын автобусны буудлын орчим” гэж Сонгинохайрхан дүүрэгт байрлах Цамбагарав автобусны буудлыг ташаарч бичсэн, хэргийн үйл баримтыг дүгнэхдээ уг автобусны буудал дээр үйлдэгдсэн мэтээр бичсэн зэрэг алдаа гаргасан байна.

 

Цаашид ийм алдаа гаргахгүй байхыг прокурор анхаарвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. С овогт З.Ж-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. З.Ж-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3. З.Ж цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.А гомдолгүй гэснийг, шүүгдэгч З.Ж, хохирогч Ш.А нар хохирлын 300.000 төгрөг дээр харилцан тохиролцсоныг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Ж-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ