Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 892

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

 

                   

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Онон

шүүгдэгч Ж.Ч, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705013850890 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, эгч, ахын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 18 дугаар байр, 20 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Ж овогт Ж.Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.Ч 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Коко банана” гэх нэртэй баарны үүдэнд хохирогч Д.Тыг “шүргэлээ” гэсэн шалтгаанаар маргалдан зодож, биед нь зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, буйлны цус хуралт, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун дээд шүдний паалангийн эмтрэл, баруун чихний омогний зулгаралт, зүүн өвдөгний шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд үйлдсэн хэргийнхээ талаар маргах зүйлгүй. Тиймээс дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролд 2 сая төгрөг төлсөн. Миний төрсөн эцгийн нэрийг Г гэдэг. Сүүлд солонгос хүнээр овоглох болсон гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д.Т “… 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчим найз Ө, түүний найз охин, мөн С нартай хамт “коко банана” бааранд ороод бид нар Ивок 0.75 л хэмжээтэй архи авч уусан. 03 цагийн орчим баарнаас гарцгаасан. Ө, найз охинтойгоо, мөн С нар таксинд суучихсан. Би утсаа мартчихаад буцаж орох гэтэл хаалганы орчим 2-3 залуу байсан. Тэдгээрийн нэг залуу нь мөрлөөд намайг цохиод унагаачихсан. Гэтэл цаанаас манай найзууд ирээд хамгаалагч нартай хамт намайг салгасан. Бид нар цагдаа дуудтал нөгөө хэдэн залуучууд яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад очиж өргөдөл гаргаж өгсөн юм.  Намайг зодсон хүмүүсийг өмнө нь харж байгаагүй. Сүүлд сураг сонсоход манай найз Өын найз охинтой үерхэж байсан Ч гэх залуу байсан. Утас нь 88109593 гэсэн дугаартай гэсэн. Залгахаар утсаа авахгүй байсан. Харсан хүмүүс нь Ч гэдэг нь чамайг цохисон гээд байсан.

Миний нүүр рүү Ч гэх залуу нэг удаа цохих үед нэг шүд унаж нэг шүдний паалан эмтэрсэн. Мөн араас зуурч татах үед чих зулгарсан. Миний хойноос түлхэж газар унахдаа өвдөглөж унасан. Хажуугаар зөрж гарахдаа би уг залууг хальт мөрлөснөөс болоод маргаан эхэлсэн. Манай найз нараас гэмтсэн хүн байхгүй. Ямар нэг харилцан зодоон болоогүй. Ч гэх залуу нь намайг зодож гэмтээсэн. Хувийн эмнэлэгт 1.800.000 төгрөгөөр импелант шүд хийлгэсэн. Баримтаа хайгаад олохгүй байгаа. Ч надаас уучлалт гуйж, миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулан бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна. Надад цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 24, 27/ гэж,

гэрч Б.Б “… 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Коко банана” бааранд найз Ч, Б нарын хамт 0,75 литрийн нэг шил архи уугаад бүжиглэж байгаад гадаа гарч тамхилаад зогсож байтал Ч эрэгтэй эмэгтэй холилдсон 4-5 залуучуудтай маргалдаад байхаар нь очоод боль гээд зарим залуучуудыг нь таксинд суулгаж өгч байгаад эргээд иртэл Ч одоо гомдол гаргасан гэх залуутай хоорондоо цохилцож байхаар нь би Чийг татаж салгаад аваад явж байтал урдаас Б ирж байхаар нь дагуулаад гурвуулаа гэр рүүгээ такси бариад харьцгаасан. Ч хохирогч хоёр нүүр рүүгээ цохилцсон байх. Би хоорондоо зууралдсан байхад нь очоод салгасан. Зууралдаж байсан залууг нь найз нь эсвэл хамгаалагч цааш нь татаад авсан. Яг хаана яаж цохиж байхыг хараагүй. Намайг Чийг салгаж байх үед хохирогч гэх залуугийн амнаас цус гарчихсан байсан. Мөрөлцсөн юм уу нэг эвгүй үйлдлээс нь л болж маргалдсан байх. Яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Нөгөө залуучууд нь хэрүүл өдөөд байхаар нь би зодоон болох нь гэж бодоод больчихооч гээд зөндөө хэлсэн боловч миний үгийг сонсохгүй согтуу хүнийг өдөөд байсан. Хоорондоо харилцан зодолдсон зүйл байхгүй. Би Чийг аваад хэрүүлийг нь болиулах гээд дундуур нь ороод одоо больчих гэж хэлэх үед хамт явж байсан хоёр залуу нь над руу дайраад шанаа руу ганц нэг удаа хальт цохьсон. Ч нэлээн согтсон байсан. Б бид хоёр нилээн халсан байсан ч миний хувьд юу болж байгааг ойлгох чадвартай байсан учир асуудал үүсгэгчихгүйхэн шиг салгах гэж зөндөө оролдсон. Б болсон асуудлыг бараг мэдэхгүй байх” /хх-н 28/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Д.Т-н гэмтэлтэй холбоотойгоор Дын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал угийн буйлны цус хуралт, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2 дугаар шүдний паалангийн эмтрэл, баруун чихний омогны зулгаралт, зүүн өвдөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэсэн 13520 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байх бөгөөд /хх-н 30/ дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Ж.Чийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Харин “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба

мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ж.Ч-н 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Т гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Жон овогт Ж.Ч-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Ж.Ч-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Ж.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Ч-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ