Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 893

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Онон

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ц.Амар

хохирогч Б.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805044710966 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 11-нд Хөвсгөл аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 7 дугаар гудамж 7 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, М овогт А.Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Н 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвийн автобусны буудлын орчим хохирогч Б.Цыг зодсон буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад энэ хүнийг зодох шалтгаан байгаагүй. Хархорин зах дээр хүний бараа хараад зогсож байтал ээмэгний өрөөсөнг гартаа барьж байгаад нөгөөхийг нь бариад авахаар нь наадахаа болиоч хулгайч юм уу гэж би хэлсэн. Гэтэл намайг хулгайч гэж хэллээ гэхээр лангуу руу хавсарч түлхсэн. Бид хоёр хоорондоо буруу ойлголцсоноос болсон. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 188.000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш 14 цагийн үед Хархорин зах орж юм авсан. Гарах явцдаа ээмэг энэ тэр зарж байхаар нь ач охиндоо ээмэг авдаг юм билүү гэж бодогдоод нэг ээмэг авч үзсэн. Гэтэл түгжээ нь эвдэрсэн байхаар нь нөгөөхийг нь аваад үзэх гэтэл энэ эмэгтэй лангууны багана налаад зогсож байснаа өө, энэ хулгайч авгайг хараарай, хулгай хийх гэж байна гэж орилсон. Тэгэхээр нь би “би хулгай хийчихмээр харагдаад байна уу, би тийм хүн биш” гээд очиж түлхэхэд ширээ мөргөхөд 2 шил унасан. Энэ хүн хулгайч шүү гэхээр нь би шоконд ороод юу ч хэлж чадаагүй. Тэгэхэд энэ хүн хараарай балмагдаад юу ч хэлж чадахгүй байна гээд орилоод байсан. Би 2 настай жаахан хүүхэд гартаа хөлтөөд явж байсан учраас хүнтэй хэрэлдэж чадахгүй. Шилийг нь унагачихаад өөрөө уучалт гуйгаад авч өгсөн. Намайг явахад араас энэ хулгайчийг хараарай гэж орлисон. Энэ хүн миний нүүр рүү гараа атгаж байгаад маш хүчтэй цохисон. Би 83 дугаар сургуульд насаараа багшилсан учраас тэр хавьд байсан хүмүүсээс ичиж, санаа зовсон. Миний нүүр рүү цохисон талаар байцаагчид хэлсэн. Мөн 2 жилийн өмнө хийлгэсэн хиймэл шүд маань голоороо цуурсан талаар хэлсэн. Байцаагч та шүдээ наалгачих, тэгээд наалгасан мөнгөө төлүүлж ав гэж хэлсэн. Одоо миний толгой байнга өвддөг болсон. Хохиролд 188.000 төгрөг авсан. Нэмж 40.265 төгрөг нэхэмжилж байна. Үүнд хиймэл шүдээ наалгасан зардал, эм худалдаж авсан баримтууд орж байгаа гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.Ц “… 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээ хүү Т-г /8 настай/ дагуулаад Хархорин зах ороод махны тасаг орж мах аваад, зээ хүүдээ хичээлийн хэрэгсэл аваад захаас гараад 32-ын автобусны буудлын орчимд явж байхад автобусны буудлын ойролцоо гадаа лангуун дээр ээмэг бөгж тавьсан байсан. Хүмүүс ээмэг бөгж тавьсан лангууг тойроод үзээд зогсож байхаар нь би очоод нэг жижиг улаан шигтгээтэй шар ээмэг байхаар нь сонирхоод үзэж байтал миний үзсэн ээмэгний түгжээ эвдэрсэн байхаар нь дахиад нөгөө өрөөсөн ээмгийг нь үзэх гээд лангуун дээр байсан ээмгийг таттал хажууд зогсож байсан нэг эмэгтэй шууд энэ авгай хулгай хийж байна, энэ хулгайч авгайг хар гээд орилсон. Би тухайн үед балмагдаад юу ч дуугарч чадаагүй. Жоохон амьсгаа аваад нөгөө эмэгтэйд энийг чинь хүн үзэж байж авдаг юм байгаа биз дээ гэж хэлсэн. Миний гарт байсан миний сонирхож байсан ээмгийг миний гараас нөгөө эмэгтэй шууд татаж аваад “хулгайч авгай хулгай хийж байна” гээд дахиад орилохоор нь би чимээгүй хажуугаар нь гарах гэхэд нөгөө эмэгтэй намайг “хулгайч энэ хулгайчийг хараарай” гээд орилсон. Тэгэхээр нь би эргэж хараад гараараа баруун талынх нь мөр лүү түлхсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй гараараа миний нүд хацарны хавьцаа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь “Чи яагаад хүн зодож байгаа юм. Чамд хүн зодох эрх байгаа юм уу” гэхэд “Битгий солиороод бай хулгайч минь” гэхэд нь би тэр эмэгтэйд “Чи бид хоёр үг хэлээ ололцохгүй юм байна. Цагдаа дуудъя” гэсэн чинь “Чаддаг юм бол тэг, цагдаа нар чинь яадаг юм” гэхээр нь цагдаа дуудсан. Бид хоёрыг маргалдаад зогсож байхад тэр лангууны эзэн бололтой залуухан эмэгтэй ирж “юу болоод байна яагаад байна” гэж асуухаар нь “энэ хүн намайг хулгайч гээд байна” гэхэд яг тан шиг хулгай хийдэг авгай байдаг юм гэж надад хэлсэн. Ийм л асуудал болсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хар хорин захын хажууд байдаг 32-ын автобусны буудал дээр наймаа хийдэг Н гэж эмэгтэй учруулсан. Би зарж байсан ээмгийг нь үзэхэд намайг хулгайч авгай гэж хэлснээс болж маргалдсан. Би эхлээд түлхсэн. Тэрнээс өөр зодолдсон зүйл байхгүй. Томографик зураг 120,000 төгрөгөөр авахуулсан. Гэмтлийн эмнэлгийн эмчийн бичиж өгсөн жорын дагуу нийт 90,000 төгрөгний эм тариа хэрэглэсэн. Бүгдэнгийнх нь баримт байгаа. Нааш цааш эмнэлэг орох гэж явахдаа байнга такси барьсан. Энэ асуудлаас болж даралт ихсэж, толгой маш их өвддөг болсон. Толгойгоо бариачаар 2 удаа бариулсан. Намайг цохих үед миний хиймэл шүд голоороо хугарсан. Шүүх эмнэлгийн эмч энэ тухайгаа байцаагчдаа хэлээрэй гэж надад хэлсэн. Хиймэл шүдээ 2016 онд 257,000 төгрөгөөр хийлгэж байсан. Захын үүд байсан болохоор худалдаа хийх гэж явсан хүмүүс маш их байсан. Би тэдгээр хүмүүсийг огт танихгүй. Би өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Маш их гомдолтой байна. Н гэх эмэгтэй надаас уурандаа ийм зүйл хийчлээ ч гэдэг юм уу, хүнд нэг үг байдаг даа, тийм зүйл огт байхгүй. Над руу дайрч доромжилж зодсонд гомдолтой байна. Тэр эмэгтэй намайг хулгайч гэж орилж гүтгэсэн. Энэ эмэгтэй намайг цохисноос болж би бие сэтгэл, эдийн засгаар маш их хохирсон. Энэ бүх хохирлоо барагдуулж, тухайн эмэгтэйд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Харж байхад би ч биш надаас өөр олон хүнийг ингэж доромжилж гүтгэж байсан байх” /хх-н 18-20/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Цын гэмтэлтэй холбоотойгоор Цын биед хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн 10454 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байх бөгөөд /хх-н 30/ дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Нийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Нт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч А.Нт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу шүүгдэгч А.Н нь нийт 188.000 төгрөгийг хохирогч Б.Цд өгчээ.

Харин өнөөдрийн шүүх хуралдааны явцад хохирогч Б.Ц нэмж 40.265 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хохирогчийн нотлох баримтаар гаргаж өгсөн зарим баримтууд нотолгооны шаардлага хангахгүй, тухайлбал уг гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацааны буюу 2018.07.07, 2018.07.25 гэсэн огноотой баримтуудыг өгсөн байхаас гадна, нэр бүхий эм тариа худалдаж авсан гэх баримтууд нь ямар эмчийн заавраар худалдаж авсан, цаашлаад тухайн өвчтөний үзлэг хийлгэсэн талаарх амбулторын картын хуулбар хэрэгт авагдаагүй зэрэг болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн нотлох баримтууд нь өөр байдлаар давхар нотлогдох ёстой.

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвээс шүүгдэгчийн зүгээс энэ гэмт хэрэгтэй холбоотой хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн хиймэл эд эрхтэний /хиймэл шүдний/ зардлыг бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч А.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. М овогт А.Н-н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Н-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. А.Н торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. А.Н хохиролд 188.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Цын нэхэмжилсэн 40.265 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. А.Н цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Нт урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ