Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 218/МА2023/00003

 

 

 

 

Дундговь аймгийн С сумын З газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Т даргалж, шүүгч З.Т, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г даргалж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2022/00544 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын З газрын нэхэмжлэлтэй, хариуцагч И.Шд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 335,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч  Дундговь аймгийн С сумын З газрын нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оийн тайлбарын агуулга: “...Малчин И.Ш нь 2011 оны 10 дугаар сард Засаг даргын тамгын газрын өвс тэжээлийн нөөцөөс 335,000 төгрөгийн үнэ бүхий 50 боодол өвс зээлээр авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Тухайн үед н.Б дарга И.Шг дагуулж ирээд өвс өг гэсэн. Мөн  Н.Э дарга, багийн дарга н.Ба нар түүнд өвс өгүүлсэн. И.Ш нийт 50 боодол өвс зээлээр авсан ч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй. Би мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. И.Ш мөнгөө төлнө гэдэг байсан. Харин сүүлдээ өөрийн шарга морьдтой холбоотой өр төлбөр ярих болсон.  Энэ асуудал аймгийн наадамтай холбоотой учир суманд хамаагүй. Энэхүү төлбөр нь одоо ч сумын “Мал хамгаалах сан”-гийн санхүүгийн авлага дээр тусгагдсан хэвээр байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

2.  Хариуцагч   И.Ш   тайлбарын   агуулга:   “...2012   онд   Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар найман шарга морь хэрэгтэй байна гээд багийн дарга Б гуйж ирсэн. Тэгэхээр нь би урд өмнө нь наадамд морь өгч байсан, нуруугүй, хөлгүй болгочхоод авчирдаг учир чадахгүй гэсэн. Гэтэл тухайн үед С сумын даргаар ажиллаж байсан М.Б дарга, цэргийн хэлтсийн дарга Ө, цэргийн ангийн дарга Б, багийн дарга Б нар ирээд 8 шарга морио наадмаар түр хэрэглүүлчих, бид өдрийн 10.000 төгрөгөөр түрээсэлье, үнэ мөнгийг нь өгнө гэхээр морьдоо өгч явуулсан. Наадам дуусаад 4 хоног өнгрөөд байхад миний морьдыг авчирч өгөөгүйАрдаас нь очиход мэдэх хүнгүй байсан бөгөөд цэргийн ангийн хашаанаас цангасан хэдэн морио олж авсан. Миний 8 морийг 7 хоног ашигласан, 1 морийг 10.000 төгрөгөөр түрээсэлсэн болохоор нийт 560.000 төгрөг морины хөлсөнд төлөх ёстой. Би морины хөлсөө авъя гэж М.Б дарга дээр очиход өвс, тэжээл авч бай гэж хэлсэн удаа бий. Би өвс авсан нь үнэн. Би өвсний үнийг 8 шарга морины түрээсийн төлбөрт тооцож бодсон. Түүнээс хойш надаас нэхээгүй 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар И.Шд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 335.000 төгрөгийг гаргуулах тухай Дундговь аймгийн С сумын З газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн С сумын З газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбарын агуулга: “...би Дундговь аймгийн С сумын З газарт нярваар 18.5 жил тасралтгүй ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өндөр настны тэтгэвэрт гарсан.

Малчин И.Ш нь 2011 онд авсан 50 боодол өвсний үнийг төлөлгүй 10 гаруй жил болсон. Энэ хугацаанд байнга нэхсэн. Тэрээр төлнө гэдэг байсан. Сүүлдээ 8 шарга морины асуудал ярих болсон. Харин морины төлбөр манайд хамаагүй, аймгийн ой учир аймагтай учраа олох хэрэгтэй. Харин би цалин багатай няравын ажил хийж байсан болохоор тэтгэвэр бага тогтоогдсон. Би тэтгэврээсээ 335,000 төгрөгийг төлөхөд хохиролтой байна. Гэтэл шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж И.Шд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжсэн нотлох баримтыг шүүхэд цуглуулан өгөх, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах, хуульд зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх эрх, үүрэгтэй ч шүүн таслах ажиллагааг гагцхүү шүүх, шүүгч хэрэгжүүлэх тул нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтыг тодруулан тогтоох ажиллагааг хөндлөнгийн байх зарчмыг баримтлан явуулах ёстой.

3.Нэхэмжлэгч Дундговь аймгийн С сумын З газрын гаргасан нэхэмжлэлд хариуцагч И.Шээс 50 боодол өвсний үнэ 335,000 төгрөг гаргуулах тухай гэсэн байгаа ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нь тус газарт няраваар ажиллаж байх хугацаанд дарга нарын үгэнд орж өгсөн 50 боодол өвсний үнийг өөрөө төлөх болоод байгаа тул хариуцагчаас нэхэмжилж байна гэсэн агуулга бүхий шаардлага гаргажээ. Харин анхан шатны шүүх хэн нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлж байгааг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч И.Ш нь 8 шарга морьдыг наадмаар уналганд хэрэглэсний төлбөрт тооцож өвс өгсөн. Өвсний мөнгийг 10 жилийн хугацаанд нэхээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбар өгснөөс өөрөөр зохигч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж мэтгэлцээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх шууд үнэлэлт дүгнэлт хийсэн нь дээрх зарчимд нийцэхгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй.

5.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх зохигчоос шүүхэд мэдүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэгт огт авагдаагүй үйл баримтын талаар үндэслэх хэсэгт “...зохигчдын хооронд байгуулагдсан 2017.06.08-ны өдрийн зээлийн гэрээнд талууд хугацаа заагаагүй бөгөөд хариуцагч 2017.07.16-ны өдөр 140,000 төгрөгийг зээлийн хүүд Голомт банкнаас төлсөн байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтад нийцэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2022/00544 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                              ШҮҮГЧ                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                              ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ