Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 943

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                 

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Ж.Энх-Амгалан

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802004180225 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 16-нд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 2-60-57 тоотод оршин суух,

ял шийтгэл: 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

дугаарын регистртэй, Б овогт Я.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Я.Б 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнжаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 908.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “каннабис” ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх өөрийн оршин суух Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-28 тоотод хадгалсан,

мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0.8 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай найз мухар олгойн хагалгаанд орсон юм. Тэгээд хадлангаа авахдаа надаар туслуулах гэж намайг дуудсан. Би энэ ургамлыг 9 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр, “Жаргалант” гэсэн бичигтэй самбарын ойролцоогоос түүсэн. Энэ ургамлын талаар яаж мэддэг болсон гэхлээр интернэтээс олж хараад ижил төстэй байхаар нь түүсэн.

“Шавар” гэх нэртэй бодисын талаар юу ч мэдэхгүй. Би явж байгаад Гандангийн хойд талын булангаас хар өнгийн түрийвч олсон. Тэр түрийвч дотор энэ зүйл байсан.

Түүсэн өвсөө анх удаа, 9 дүгээр сарын 21-нд хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Өөрөөр хэрэглэж байгаагүй. Цаашид ийм зүйл хэрэглэхгүй байж чадна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Я.Бийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1802004180225 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-11/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9956 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1 хуванцар савтай шингэнд тусгай саванд хийж хатааж, хуйлсан 50 төгрөгнөөс арчдас, №2, №3, №4, №5 дугаартай өвс мэт зүйлээс, №6 шавар мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж тус тус илрэв.

3. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. /хх-н 30/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9957 дугаартай:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. “Б 2018.09.21” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-н 25/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Эдгээр баримтууд нь шүүгдэгч Я.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч Я.Б нь өөрийн гэм буруутай үйлдэл болох сэтгэцэд нөлөөт ургамлыг Сэлэнгэ аймаг руу явж түүсэн гэдгээ ямар нэгэн байдлаар маргалгүй  хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд түүнийг Сэлэнгэ аймагт байсан талаар гэрч Ч.А “... 2018 оны 9 дүгээр сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд байх аав ээж дээрээ очсон. ... 2018 оны 7 дугаар сарын сүүлчээр би мухар олгой авахуулсан юм. Тэгээд дархлаа муу Улаанбаатар хотын агаарын байдлаас болоод миний хагалгааны сорив эдгэж өгөхгүй эдээ зэрэг гоожоод байсан. Тэгээд агаарт Зүүнхараад байх аав ээж рүүгээ очсон. Намрын ногоо хураалт болоод манай аав, ээж сумандаа ногоо тарьдаг ба ногоогоо хураах гэтэл миний хагалгаа бүрэн эдгээгүй, олигтой тусалж чадахгүй хүн хүч дутагдаад байхаар нь найз Б рүү залгаад хүрч ирээд найздаа жаахан туслаад өгөөч гэсэнд Б тэгье, найз нь яваад очъё гэхээр нь би замын унааны мөнгө хий гээд Бт 50.000 төгрөг дүүгээрээ шилжүүлсэн. Б манайд ирээд 2 хоног ногоо хураалцаж өгөөд Улаанбаатар хот руу явсан. Би Бийг явахад нь баярлалаа гээд хоолны ногоо, сүү, мөн өөрийн өмсөж байсан өвлийн куртик зэргийг өгөөд явуулсан” /хх-н 39-40/ гэж мэдүүлсэнээр давхар нотлогдоно.

 

Харин тэрээр /шүүгдэгч Я.Б/ сэтгэцэд нөлөөт бодис болох “шавар” гэгчийн талаар тодорхой мэдүүлэхгүй байгаа боловч түүний гэрт нэгжлэг хийх үед дээрх бодис илэрсэн, улмаар уг бодис НҮБ-ын конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах төрлийн бодис болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноор уг үйлдэлдээ буруутайг нь нотолно.

 

Иймд Боржигон овогт Я.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал; Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршдог.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенциор зохицуулсан.

Дээрх гэмт хэргийг илрүүлэх, цаашлаад гэмт хэргийн шинжийг нь зөв зүйлчлэн тогтоох нь чухал юм.

 

Шүүгдэгч Я.Бийн хувийн байдалтай холбоотой;

ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 71/, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 66-68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59, 69/, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 57/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Тэрээр урьд өмнө буюу 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн анхан шатны Эрүүгийн шүүхийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан тухай шүүхийн шийтгэх тогтоол /1 дүгээр хх-н 117-119/ хавтаст хэрэгт авагдсанаас гадна

гэрч Я.Н “... миний төрсөн дүү болох Б нь 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ 2 ах, нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй. Бага насны хүмүүжлийг гэртээ аав ээж дээрээ хүмүүжсэн. 1997 онд Говь-Алтай аймгийн 2 дугаар арван жилд анх элсэн ороод уг сургуульдаа 9 жил суралцаад 10 дугаар ангид орох жилээ Улаанбаатар хот руу шилжин суралцаж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар арван жилийн 10Б бүлэгт шилжин суралцсан. Б нь хичээл номондоо сайн, сурлага сайн, хичээлээс гадуур сагсанбөмбөгийн секц, дугуйланд хамрагддаг. Нийгмийн идэвхи сайтай. Сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхтэй сайн оролцдог, анги хамт олондоо нэр хүндтэй. Б 2009 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд элсэн орон хуваарь авсан боловч дүүгээ их сургуульд нь сургаж чадаагүй. Яагаад гэвэл сургуулийн төлбөрийг төлөх боломж байгаагүй. Манай аав, ээж маань Говь-Алтай аймгийн Тайшир суманд хөдөө мал маллаж амьдардаг. Тэгээд Бийг их сургуульд оруулж чадаагүй тул тэр жилээ гэртээ манай хүүхдүүдийг харсан. Дараа жилээс нь урт цагааны номын худалдаан дээр миний хамтаар ном худалддаг болсон. Б багын дөлгөөн тайван зантай, хүний үгнээс гардаггүй, чих зөөлөнтэй хүүхэд байсан. Одоо ч гэсэн тэр зангаараа байгаа” /1 дүгээр хх-н 60-62/ гэж мэдүүлжээ.

 

Хэдийгээр уг гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар ихтэй боловч шүүгдэгч Я.Б-н ар гэр, ахуй байдлыг нь харгалзан түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа хорих ялыг хамгийн доод хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Я.Бт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэв.

 

Шүүгдэгч Я.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан №01 гэж дугаарласан дотор талдаа шингэн зүйлтэй, хажуу хэсэгт нь нүх гаргасан ундааны сав, хуйлсан байдалтай AU6326600 серийн дугаартай 50 төгрөг, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар хийсэн тогоо мэт зүйл, №2 гэж дугаарласан “гоё” гэсэн ундааны савтай хуванцар савны хамтаар 121.5 грамм өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан “Fanta” гэсэн ундааны савтай хуванцар савны хамтаар 145.8 грамм өвс мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай уутны хамтаар  246.7 грамм өвс мэт зүйл, №5 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй ундаа хуванцар савтай савны хамтаар 157,7 грамм өвс мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай уутны хамтаар 0.8 грамм шавар мэт зүйл зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Я.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Б-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Я.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүний “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГазрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан №01 гэж дугаарласан дотор талдаа шингэн зүйлтэй, хажуу хэсэгт нь нүх гаргасан ундааны сав, хуйлсан байдалтай AU6326600 серийн дугаартай 50 төгрөг, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар хийсэн тогоо мэт зүйл, №2 гэж дугаарласан “гоё” гэсэн ундааны савтай хуванцар савны хамтаар 121.5 грамм өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан “Fanta” гэсэн ундааны савтай хуванцар савны хамтаар 145.8 грамм өвс мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай уутны хамтаар  246.7 грамм өвс мэт зүйл, №5 гэж дугаарласан ямар нэгэн бичиггүй ундаа хуванцар савтай савны хамтаар 157,7 грамм өвс мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай уутны хамтаар 0.8 грамм шавар мэт зүйл  зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Я.Б-г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ