Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 954

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч А.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805050961139 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 5-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-н Олон улсын харилцааны 4 дүгээр курсын оюутан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 20 А байр 35 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Сангийн яамны 80 дугаар байр, 36 тоотод оршин суух, ялгүй, ДЮ94110517 дугаарын регистртэй, Х овогт А.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Б 2018 оны 6 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Зыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэх шаардлагагүй. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Ах нь тухайн үед их согтсон байна лээ гэдгээ надад хохирогч З ах хэлсэн. Хохиролд гэж ямар нэгэн мөнгөн төгрөг өгөөгүй. Манай компаний захирал зохицуулсан гэсэн.

Намайг 450.000 төгрөгөөр торгох санал гаргаж байгааг зөвшөөрнө. Харин би байнгын тодорхой цалин орлогогүй, оюутан байдлыг минь харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа олгож өгнө үү гэж хүсэх байна гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г.З “… 2018 оны 6 дугаар сарын 16-ны орой ажлынхаа хамт олонтой гадуур гарч явсан. Орой тараад бид нар салаад явахын үед хамт ажилладаг Б гэх залуу согтуу намайг хэл амаар ѳдѳж “би чиний бодсон шиг хүн биш шүү, би бол алдаг гар шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би чамайг сайн мэдэхгүй ээ, энэ ажилд ороод сар л болж байна” гэж хэлээд такси барьж суугаад явах гэтэл араас татаж унагаад дээрээс ѳвдѳглѳж дарж байгаад нүүрний зүүн шанаа, чамархай орчим гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохьсон. Хэд цохьсныг нь мэдэхгүй. Б бид хоёр ажил дээрээ маргалдаж байгаагүй. Зүүн нүд хѳхѳрч хавдсан. Чихний ар талд хавдартай, хѳндүүр байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой” /хх-н 11/,

“... тэр ѳдѳр 16 цагийн үед ажлыхантайгаа Модны 2-ын ойролцоо /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нэг караокед зургуулаа орсон. Би тус караокед “Калден берг” гэх пивоноос 4 шилийг уусан манай ажлынхан бас нилээн уусан. Тус караокеноос орой 23 цагийн үед хамт ажилладаг Бын хамт гараад такси бариад Модны 2-ын автoбусны буудлын ойролцоо нэг пабд ороод нэг, нэг пиво аваад юм яриад суусан. Тэр үед манай ажлын залуу агсарч эхэлсэн. Тэгэхээр нь би харихаар болоод тус пабаас гараад зам дагуу такси барих гээд зогсож байтал ажлын залуу хойноос гарж ирээд миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэр үед би газар унасан. Тэр үед миний дээрээс дарж байгаад нилээн олон удаа гараараа цохьсон. Тэгээд байж байтал таксины жолооч бид хоёрыг салгасан. Би тэгээд уг таксинд суугаад харьсан. Маргааш ѳглѳѳ нь миний бие ѳвдѳѳд байхаар нь би цагдаад хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай ажлын Б гэх залуу миний нүүр рүү олон удаа гараараа цохьсон. Би тухайн үед Бтай хамт ажилладаг байсан. Танина.  Би харих гээд зам дагуу зогсож байхад хойноос ирээд намайг цохьсон. Би пабд сууж байхдаа хальт маргалдсан. Эмчилгээ хийлгэсэн боловч баримт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 14-15/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Г.Зын гэмтэлтэй холбоотойгоор ... Г.Зын зүүн чамархайн хуйх, хацар, шанаа, зовхины зѳѳлѳн эдийн няцрал, цус хуралт, зүүн эгэмний зѳѳлѳн эдийн няцрал, зүүн дээд 1, зүүн доод 2-р шүдний эмтрэл, баруун шуунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 7667 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 17/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч А.Б “... байнгын тодорхой цалин орлогогүй, оюутан байдлыг минь харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.З “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 44/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт А.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. А.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. А.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ