Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 955

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                

  

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805045200972 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Монгол базальт” ХХК-д ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорины 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт Ц.У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.У 2018 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн 60 айлын орон сууцны баруун талд байрлах нийтийн байранд хохирогч М.Бийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Болсон үйл явдлын талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хавтаст хэргийг надад манай эхнэр болон манай өмгөөлөгч уншиж танилцуулж өгсөн.

Хохиролд гэж нэхэмжилсэн 60.000 төгрөгийг нь өгье гэсэн боловч хохирогч Б утсаа авахгүй байгаа юм. Өнөөдөр өглөө хүртэл гар утас руу нь залгаж үзлээ. Холбогдохгүй байна лээ. Түүнээс биш надад одоо ч гэсэн 60.000 төгрөг байгаа.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, надад маргах зүйл байхгүй гэв.

 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч М.Б “… 2018 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 05-06 цагийн орчим би гэртээ эхнэр Г, дүү Б нарын хамт унтаж байсан. Мөн манай дээд давхарт өрөө түрээсэлдэг А гэх эмэгтэй 1 настай хүүхдийнхээ хамт унтаж байсан. Учир нь урьд шөнө нь Аг нөхөр гэх нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу эхнэр, хүүхдээ танай гэрт түр үлдээчихээд гараад ирье гэж хэлээд явсан боловч шөнө ирээгүй. Эхнэр, хүүхэд хоёр нь манай гэрт унтаж байсан юм. Тэгтэл манай өрөөний хаалга онгойхоор нь би босоод хэн бэ гэсэн чинь эхнэрээ манай гэрт үлдээсэн залуу согтуу орж ирснээ ямар нэгэн шалтгаангүй нүүрэн тус газар цохихоор нь би боль чи согтуу байна манай гэрт унтаж амар гэж хэлсэн чинь би гар утсаар ярьчихаад ороод ирье гэж хэлээд гарч явсан. Удалгүй буцаж орж ирэн миний хамар хэсэг рүү нэг удаа цохьсон чинь би дээшээ хараад газар унасан. Тэгтэл нөгөө согтуу залуу гартаа шил барьчихсан миний хүзүүү хэсэг рүү нэг удаа цохьсон. Мөн манай ширээн дээр байсан хутгыг авч миний зүүн гарын тохой хэсгийг зүссэн. Тэгээд гараад зугатаачихсан. Эхнэр нь нөхрийгөө Б гэж дуудаж байсан. Тухайн үед миний хамар хэсгээс цус гарсан бөгөөд араас нь эхнэр нь би нөхрийгөө олоод ирье гэж гарсан боловч эргэж ирээгүй. Одоо түрээсэлдэг байрандаа огт ирэхгүй байгаа. Б буюу У нь манай гэрт амарч байсан эхнэрийгээ ямар нэгэн шалтгаангүй зодохоор нь би боль гэж хэлсний төлөө намайг зодсон өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. У гэгчийг огт танихгүй. У бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Манай гэрт ямар нэгэн шалтгаангүй орж ирээд “Mанай эхнэр нялх хүүхэдтэй юм. Би ажлаар гарах болчихлоо. Танай гэрт түр орхие” гэж хэлээд явсан. Тухайн оройноо У нь гэртээ ирээгүй тул эхнэр А нь хүүхдийнхээ хамт манай гэрт хоносон. Тэгтэл үүрээр У нь манай гэрт орж ирэн намайг ямар нэгэн шалтгаангүй зодсон. Би шөнө эхнэр Г болон намайг зоддог Б гэх залуугийн эхнэр Агийн хамт том 2,5 литрийн Боргио пиво уусан байсан. Согтоогүй эрүүл байсан. Намайг зодуулж байхад манай дүү Б, эхнэр Г, Уын эхнэр А нар байсан. У хэрэг болсноос хойш надтай огт холбогдоогүй. Нийтийн байрандаа ирээгүй, түрээсийн төлбөрөө төлөөгүй зугтсан. 14 хоногийн өмнө Уын эхнэр А нь надтай чиний хамрыг янзлуулаад өгъе. Цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо буцаагаад авчих гэж дугаараа нууцлан залгаад түүнээс хойш холбогдоогүй. Би зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилнэ” /хх-н 12-13/ гэж,

гэрч Ө.А “... 2018 оны 8 дугаар сарын 25-ны орой би нөхөр У буюу Б, 1 настай хүү У нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн нийтийн байрныхаа 2 давхарын 9 тоот өрөөнд байсан. Гаднаас нийтийн байрны 1 давхарт амьдардаг Бийн эхнэр Зулаа орж ирэн юм яриад сууж байтал /цагийг нь санахгүй байна/ хадам ах Уцалин буусан гээд манай нөхөр Уын цалин болох 150.000 төгрөгийг авчирч өгсөн. Уцалингаа авсан гээд надад вино, хүнсний зүйл мөн нэг шил 0,75 литрийн архины хамт аваад манай гэрт нөхөр Утай хуваан ууж байхад Бийн эхнэр Зулаа гэрээ түгжинэ гэсэн шалтгаанаар манай гэрээс гарч яваад удалгүй гаднаас дүү нар гэх 2 эмэгтэй дагуулан орж ирсэн. Тухайн охидууд архинаас хуваан уусан. 20 цаг өнгөрч байхад Б манай гэрт орж ирэн хадам ахтай танилцан архинаас уусан. 21 цагийн орчим нөхөр У ах Ухамт байгууллагынхаа хүмүүстэй уулзана гээд гарсан. У явахаасаа өмнө бид нарыг Бийн гэрт оруулчихаад явсан. Бид нар Бийн гэрт 2.5 литрийн 4-5 пиво хуваан ууж байсан. Тэгтэл өглөөний 04-05 цагийн орчим У согтуу орж ирээд над руу гэртээ орсонгүй гэх шалтгаанаар уурласан. Тэгтэл Б чи эхнэртэйгээ муухай харьцлаа гэх шалтгаанаар Утай маргалдсан. Манай нөхөр У над руу чи шөнө гэртээ орохгүй хүүгээ амраасангүй гээд агсам тавиад уурласан. Энэ үед Б бүсэлхий хэсэг тэврээд авсан чинь чи тавь би эхнэртэйгээ юм ярьж байна гээд уурласан. У өрөөнөөс гарч явснаа удалгүй ах Ууганбаярын хамт орж ирсэн. Уах та нар хоорондоо маргалдаад байгаа юм уу гэж асуусан. Тэгтэл У Бийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон чинь Б ёо ёо хамар гээд доош суусан. Тэгээд У Бтэй ноцолдоод байсан. Зодоонд Уоролцоогүй салгаад Уыг аваад гарсан. Харин би Бийн гэрт хоцорсон. Би Бийн нүүр хэсэг рүү харсан чинь хамраас нь цус гарчихсан байсан. Манай хүүхэд унтсан байсан болохоор Бийн гэрт хоночихоод өвөөгийн бие муудаад эмнэлэгт байгаа гэхээр нь Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг орж өвөөгөө сахисан. У орой нь эмнэлэг дээр ирэхээр нь чи хүн зодсон очиж уулз гэж хэлсэн боловч уулзаагүй Хөвсгөл аймаг руу ажилд явсан. Уыг Б гэж дууддаг. У шөнө согтуу орж ирэн над руу гэртээ орохгүй хүүхэд амраахгүй пиво уулаа гэж агсам тавьсан чинь Б эхнэртээ агсам тавьлаа боль гэж хэлснээс болон хэрүүл маргаан зодоон гарсан. Узодоонд оролцоогүй. Зодоон болох үед хохирогч Б, түүний дүү гэх залуу, эхнэр Зулаа, бид 4 байсан. Бийн нүүрэн тус газар руу нь нэг удаа У цохьж цус гаргасныг харсан. Мөн хоорондоо ноцолдоод байсан. Уын гарт яг юу байгааг хараагүй. Маргааш нь Бийн хамар нь гэмтэж нүүр нь хөхөрсөн байсныг харсан” /хх-н 18-19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч М.Бийн гэмтэлтэй холбоотойгоор “М.Бийн биед хамрын нуруу, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн 10629 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Уад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ц.Уад холбогдох хэргийн шүүх хуралдаан урьд өмнө нь “... хохирогч ирээгүй” үндэслэлээр хойшлогдож байсан ба өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч мөн ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэсэн заалтуудад нийцнэ.

 

Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байтал шүүхэд ирэхгүй байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйгээс гадна тэрээр хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь шүүгдэгчээс ямар нэгэн мөнгөн төлбөрийг хохиролд гэж гаргуулах нөхцөлийг үгүйсгэж байна.

Иймд шүүгдэгч Ц.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.Уад холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг,

түүнчлэн шүүхээс шүүгдэгчид оногдуулж буй торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх эсэх талаар хэргийн оролцогчдоос ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц.У-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ц.У торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ц.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.У-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ