Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 143

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 тоот захирамжаар “М” ХХК-ний нэр дээр олгосон 1792 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших гэсэнд өөрчлөлт оруулж “Т” ХХК, “М” ХХК нар хамтран эзэмших болгож, гэрчилгээнд бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.Н нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Т” ХХК-ийн захирал Б.Н миний бие тус шүүхэд гаргасан 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 2010 оны 101 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар “М” ХХК-д эзэмшүүлсэн 1792 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших гэсэнд өөрчлөлт оруулан “Т ХХК, “М” ХХК хамтран аж ахуйн зориулалтаар эзэмших болгон өөрчлөлт оруулан гэрчилгээнд бүртгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “М” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн нэмэлт хэлцэлийн дагуу тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.Н нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.    

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 101 тоот захирамжаар “М” ХХК-ийн нэр дээр олгосон 1792 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших гэсэнд өөрчлөлт оруулж “Т” ХХК, “М” ХХК нар хамтран эзэмших болгож, гэрчилгээнд бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР