Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1291

 

 

Э.Моломжамцын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03797 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Моломжамцын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Батмөнхөд холбогдох

2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  хамтран ажиллах гэрээг тус тус цуцалж,  168 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Моломжамц, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Моломжамц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Батмөнх нь 2009 оны 09 дүгээр сард ундаа оруулж ирэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байна, уг бизнес зардлаа хасаад цэвэр ашиг хамгийн багадаа 15 хувь байдаг. Үүнээс оруулсан хөрөнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний ашгийг өгье гэсэн. Ингээд 2009 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 40 000 000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн. Оруулсан мөнгөнийхөө үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний ашиг авахаар гэрээнд заасан. Энэхүү 5 хувийн ашиг нь Ч.Батмөнх ямар хэмжээний ашиг олсон, ямар хэмжээний зардал гарснаас үл хамааран төлөгдөх төлбөр байхаар харилцан тохиролцсон юм. Дахин хөрөнгө шаардлагатай гэхэд 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 27 000 000 төгрөгийг Хас банкин дахь Ч.Батмөнхийн дансруу шилжүүлсэн юм. Мөн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ч.Батмөнхийн Хаан банкны дансруу 20 000 000 төгрөгийг шилжүүлж нийт 87 000 000 төгрөгийг өгсөн. Эдгээр оруулсан төлбөрийн дүнд баталгаа болгож 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийт 80 000 000 төгрөгөөр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн юм.  Ч.Батмөнх дахин мөнгө хүсч, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлээд 50 000 000 төгрөгийг өөрийн найз н.Батсайханы гэрт тухайн өдрөө бэлнээр хүлээлгэн өгсөн. Ч.Батмөнх нь мөнгийг хүлээн авсан болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Нийт 137 000 000 төгрөгийг Ч.Батмөнхөд шилжүүлж өгсөн. Дараа нь надаас удаа дараа мөнгө шаардахад тухай бүр гэрээ байгуулалгүй 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 170 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 8 100 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ч.Батмөнхийн Голомт банкний дансанд 36 000 000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нийт 82 270 000 төгрөгийг шилжүүлж өгснөөр 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээг 80 000 000 төгрөгийн үнийн дүнгээр хийж нотариатаар гэрчлүүлсэн болно. Энэхүү 2011, 2014, 2015 оны гэрээнүүдийн дагуу нийт 219 270 000 төгрөг шилжүүлж өгсөн болно. Гэрээний үнийн дүнд ороогүй Ч.Батмөнх надаас зээлж авч байсан 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 5 500 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 500 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 200 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 12 950 000 төгрөгийг зээлж авсан. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз Х.Батцэнгэлээс 40 000 000 төгрөгийг зээлж Ч.Батмөнхөд өгсөн юм.

Ч.Батмөнх надаас 2011, 2014, 2015 оны гэрээнүүдийн дагуу 219 270 000 төгрөг, зээлж авсан 52 950 000 төгрөг, нийт мөнгөн дүн 272 220 000 төгрөг авсан. Ч.Батмөнхөд бэлэн мөнгө өгсөн учир баталгаа болгож 4 ширхэг хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ч.Батмөнх 104 070 000 төгрөг буцааж төлсөн.

Нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээг тус тус цуцлах, анх хариуцагчаас 140 000 000 төгрөг нэхэмжилж байсан. нэхэмжлэлийн шаардлагаа 28 150 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 168 150 000 төгрөгийг Ч.Батмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ч.Батмөнх шүүхэд гаргасан  тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд “Дельмонте” ХХК-ийн нэрээр хийгдсэн гэрээ, баримтын дагуу 40 000 000 төгрөгийг өөрийн нэрийн өмнөөс ч “Дельмонте” ХХК-ийн нэрийн өмнөөс аваагүй, түүнчлэн 80 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу Э.Моломжамцаас аваагүй. Авсан төлбөрийг буцаан өгсөн түүгээр үл барам Э.Моломжамц, н.Базарваань нарт мөнгө нэмж өгч хэрэглүүлж байсан болох нь өмнөх 3 шатны шүүхээр тогтоогдсон. Дахин хэлэхэд Э.Моломжамц түүний эхнэр, н.Базарваань нараас ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр авч байсан мөнгөнүүдээ тухай бүр буцаан өгч байсан. 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан 27 000 000 төгрөгийг урьдын адил буцаан өгсөн. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 000 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 500 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 24 500 000 төгрөгийг тус тус өгч байсан. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн н.Батцэнгэлийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надад өгсөн гэх 40 000 000 төгрөгийн мөн адил би аваагүй тул гэрчийн мэдүүлэг үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Э.Моломжамцаас 2009 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 40 000 000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 27 000 000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 000 000 төгрөг, нийт 87 000 000 төгрөгийг Ч.Батмөнхөд өгч эдгээр мөнгөн дүнд баталгаа болгож 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 80 000 000 төгрөгөөр гэрээ байгуулсан гэсэн нь бодит байдлаас ихээхэн зөрж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Батмөнхөөс 43 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Моломжамцад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 124 670 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 156 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 375 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "...шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Э.Моломжамц хариуцагчид 168 150 000 төгрөгийн зээл өгсөн, хариуцагч Ч.Батмөнх нэхэмжлэгчид 124 670 000 төгрөгийн зээлийг буцаан төлсөн болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж нэмэгдүүлэхдээ хариуцагч Ч.Батмөнхөд өгсөн нийт 272 220 000 төгрөгөөс Ч.Батмөнхийн буцаан өгсөн 104 070 000 төгрөгийг хасаж үлдсэн 168 150 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг 28 150 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Э.Моломжамц нь 272 220 000  төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хангалттай нотлогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нийт 104 070 000 төгрөг дээр нэмж 20 600 000 төгрөг төлсөн болох нь хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож хариуцагч нийт 124 670 000 төгрөгийн зээлийг буцаан төлсөн нь тогтоогдсон. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжпэгчийг 168 150 000 төгрөгийн зээл өгсөн хэмээн дүгнэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд 272 220 000 төгрөгийг зээлүүлсэн талаарх нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн 168 150 000 төгрөгөөс бусад төлбөрийг хариуцагчид өгсөн талаарх нөхцөл байдалд ямар дүгнэлт хийгээд ийнхүү 168 150 000 төгрөгөөс шууд хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж тооцсон талаарх нөхцөл байдал тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн 272 220 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд уг нөхцөл байдалд шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй болно.

Анхан шатны шүүх  нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн гэх төлбөрийг давхар хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хэрэг шийдвэрлэсэн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг буцаан шаардаж байгаа нөхцөл байдлыг бүрэн ойлгож шийдвэрлээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нийт 272 220 000 төгрөгийг шилжүүлсэн үүнээс 124 670 000 төгрөгийг буцаан авсан байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг буцаан аваагүй байгаа нөхцөл байдал хангалттай нотлогдож байгаа юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 124 670 000 төгрөгөөс үндэслэлгүй хасаж шийдвэрлэсэн 104 070 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн хангах 43 480 000 төгрөг дээр нэмж гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.Моломжамц нь хариуцагч Ч.Батмөнхөд холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээнүүдийг цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон зээлдүүлсэн мөнгө болох нийт 168 150 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…авсан мөнгийг бүрэн буцааж төлсөн. Нэхэмжлэгч нь шүүхийн өмнө үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж “Дельмонте” ХХК-ийн нэрээр 40 000 000 төгрөг авсан, Батцэнгэлийн 40 000 000 төгрөгийг авсан гэх мэтчилэн баримтгүйгээр намайг гүтгэж байна” гэж маргажээ.

Зохигчид 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус хамтран ажиллах нэртэй гэрээг бичгээр байгуулсан. Иргэний хуулийн 476, 478 дугаар зүйлүүдэд зааснаар дээрх гэрээнүүдийн дагуу талууд тодорхой зорилгыг хамтран хэрэгжүүлсэн эсэх, хураамж, хувь, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилж ирсэн зэрэг нь тодорхой бус боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан, хариуцагч нь буцаан нэхэмжлэгчид мөнгийг төлж байсан үйл баримтад талууд маргахгүй байна.

Талууд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөний үнийн дүн дээр маргаж байгаагаас гадна нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 104 070 000 төгрөгийг буцааж авсан гэж тайлбарлажээ. 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 480 дугаар зүйлийн 480.1, 480.2.1-д зааснаар талуудын хэн аль нь гэрээг цуцалж дуусгавар болгохоор, мөн гэрээнээс гарахаар шаардах эрх нь нээлттэй.

Гэрээ цуцлагдаж байгаа нөхцөлд талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар оруулсан хөрөнгө, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй байдаг.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1574 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ 2016/00086 тоот тогтоол зэрэгт “нэхэмжлэгч Э.Моломжамц нь 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 36 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 126 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Батмөнхөд өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь анх 140 000 000 төгрөг шаардаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн.Үүнд:

2009 оны 09 дүгээр сард хөрөнгө оруулсан 40 000 000 төгрөг

2010 оны 09 дүгээр сарын 18-нд  шилжүүлсэн 27 000 000 төгрөг

2013 оны 09 дүгээр сарын 3-нд шилжүүлсэн 15 170 000 төгрөг

2014 оны 05 дугаар сарын 26-нд шилжүүлсэн 3 000 000 төгрөг

2014 оны 07 дугаар сарын 21-нд шилжүүлсэн 8 100 000 төгрөг

Мөн  зээлээр шилжүүлсэн гэх нийт 12 950 000 төгрөг

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр найз н.Батцэнгэлээс зээлж авч, бичгийн баримтгүйгээр хариуцагчид шилжүүлсэн гэх 40 000 000 төгрөг нийт 272 220 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээс хариуцагчийн төлсөн гэх 104 070 000 төгрөгийг хасаж, үлдэх 168 150 000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараахь  мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн гэж үзэж буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

Үүнд: талууд 2009 оны 09 дүгээр сард “Дельмонте” ХХК-д 40 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-д зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй тул иргэн Ч.Батмөнхөөс 40 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, дээрх баримт нь тухайн хэрэгт хамааралгүй баримт гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 27 000 000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 8 100 000 төгрөг, 5 500 000 төгрөг шилжүүлсэн нь санхүүгийн эх баримтаар нотлогдож байх тул гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдсон гэж дүгнэгдсэн 126 000 000 төгрөг дээр + хөрөнгө оруулах зорилгоор  шилжүүлсэн гэх 27 000 000 төгрөг / х.х-ийн 229 дүгээр талд баримт нь эх хувиар авагдсан/ + мөн  хөрөнгө оруулсан гэх 8 100 000 төгрөг /х.х-ийн 239 дүгээр талд эх баримт/ + хөрөнгө оруулах зорилгоор шилжүүлсэн гэх 5 500 000 төгрөг/ х.х-ийн 239-р талд эх баримт/ -ийг нэмэхэд 166 600 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хариуцагчид нийт 272 220 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэж, дээрх 272 220 000 төгрөгөөс хариуцагчийн буцааж төлсөн гэж үзэж байгаа мөнгөн дүнг хасаж тооцон нэхэмжлэл гаргасан.

 Гэвч талуудын гаргасан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж тооцож үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид өгсөн гэж үзэж байгаа 272 220 000 төгрөгөөс хэргийн баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн нь нотлогдсон 166 600 000 төгрөгийг хасахад 105 620 000 төгрөгийг нэхэмжлэгч үндэслэлгүй шаардсан тооцоо гарч байна.

Гэвч нэхэмжлэгчийн гаргасан зарим нотлох баримтуудаас 15 170 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн баримт эх хувиар хэргийн 230 дугаар талд авагдсан байхад анхан шатны шүүхээс зөв дүгнээгүйг залруулж уг мөнгийг нэмж гаргуулах, мөн 12 950 000 төгрөгийг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн гэж үзэж хэргийн 231-238 дугаар талд нотлох баримт гаргаснаас 10 950 000 төгрөгийн зээлийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн “…н.Батцэнгэл гэгчээс авч, машин дотор Ч.Батмөнхөд өгсөн” гэх 40 000 000 төгрөгийг  баримтаар өгсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох  үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 124 670 000 төгрөгийг буцаан төлсөн гэж дүгнэсэн нь хэргийн 33-63 дугаар хуудасны баримт, 111-121, 266-270 дугаар хуудасны баримтууд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон, үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдсон гэж дүгнэгдсэн 126 000 000 төгрөг дээр + 27 000 000 төгрөг + 8100 000 төгрөг+5 500 000 төгрөг + 15 170 000 төгрөг + 1 570 000 төгрөг нийт 183 340 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлснээс хариуцагчийн төлсөн /хэргийн баримтаар нотлогдсон/ 124 670 000 төгрөгийг хасахад 58 670 000 төгрөг үлдэх бөгөөд 58 670 000 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар нэхэмжилсэн 10 950 000 төгрөгийн зээлийг хасахад 46 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 272 220 000 төгрөг өгсөн гэж үзэж түүнээс нэхэмжлэгчийн төлсөн гэх 104 070 000 төгрөгийг хасаж нийт 168 150 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчмын дагуу хариуцагчийн тооцооллыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн  нийт мөнгөн хөрөнгө 272 220 000 төгрөг биш харин 183 340 000 000 төгрөг болсон бөгөөд үүнээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийт 104 070 000 төгрөг биш 124 670 000 төгрөг буцаан төлсөн нь тогтоогдсоныг хасаж тооцсон болохыг тодруулж тайлбарлах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээг цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардсан, мөн зарим зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардсан агуулгатай нэхэмжлэл гаргасан тул хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгд: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэсэн дээр 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, үнийн дүнд өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувиарлан хариуцуулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн тооцоолол, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлаар гомдол гаргасныг дээрх тооцоолол, нотлох баримтыг үндэслэн хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ Нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03797 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Батмөнхөөс 46 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Моломжамцад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “… 375 350 төгрөг…” гэснийг “… 388 700 төгрөг…”  гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Моломжамцын төлсөн 678 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

                                                      ШҮҮГЧИД                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                        Ш.ОЮУНХАНД