Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2023/00040

 

 

     

    

         

                                     

 

 

Б.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/01084 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Б.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга (Засаг дарга Т.А), тус сумын ЗДТГ-ын нягтлан бодогч (нягтлан бодогч Ш.А) нарт холбогдох,

 

“Төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл 2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, мөн 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийтдээ 12211628 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Б.Е-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:    

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшиж, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 25-нд Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №123 дугаар тогтоолоор томилогдон одоо болтол ажиллаж байгаа.

1.2. Миний бие 1999-2000 оны хооронд даатгуулагчийн ажилласнаар 11 жилийг нөхөн тооцуулсан. 2014 оны 4 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А\83, А\144 хамтарсан цалин, нэмэгдэл тогтоох, хөнгөлөлт эдлүүлэх, ажилласан жилд даатгуулагчийн ажилласнаар нөхөн тооцуулсан 1990-1995 онуудын хоорондох хугацааг нийт ажилласан болон төрийн албанд ажилласан хугацаанд оруулж, тухайн ажилтны үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, аж ахуйн нэгж байгууллагын ажилтны ээлжийн амралтын хоногийг тооцоход харгалзан үзсүгэй гэж тушаалд заасан байна.

 

1.3. Гэтэл миний энэхүү төрийн албанд ажилласан жилийг 5 жилээр нэмэгдүүлж цалинд тооцох үйлдлийг дээрх тушаалыг мэдээгүйн улмаас ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А тооцоогүй байна. Энэхүү тооцоогүй нэмэгдлийг төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, шатлал, цалингийн сүлжээг өөрчилж нэмэгдүүлэн тооцсон 2014-2022 онуудын хооронд Засгийн газрын гарсан тогтоолуудыг нягтлан судалж, харьцуулж тооцож гаргасан болно. Үүнд:Төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл 2014 оны 01-9 саруудад 817,353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219,198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331,860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306,924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1,841,544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1,841,544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1,841,544 төгрөг, 2019 оны 01-07 саруудад 570,549 төгрөг, 2019 оны 8 сард 212,890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364,920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1,690,854 төгрөг, нийтдээ 10,039,180 төгрөг, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №277 дугаар захирамжийн дагуу 20%-ийн зэрэг дэвийн нэмэгдлийг тооцож олгоогүй тул 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2,182,448 төгрөг, нийтдээ 12,211,628 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А-ы хариу тайлбар, татгалзал: 

2.1. Нэхэмжлэгч Б.Е- нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох, Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдол шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах, Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар төсвийн шууд захирагч нь төсвийн талаар бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллахдаа батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарлалт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээтэй. Өөрөөр хэлбэл, Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн нэгжид харьяалагдан ажиллаж байгаа бүх ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай холбоотой асуудлаар гагцхүү өөрөө тушаал гаргаж шийдвэрлэдэг бөгөөд уг шийдвэрийн хэрэгжилтэд өөрөө болон төрийн аудитын байгууллага хяналт тавьж ажилладаг юм.

2.2. Өнөөдрийн байдлаар төрийн эрх бүхий байгууллагын санхүүгийн хяналт шалгалтаар тус сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл, хөлс, урамшуулал дутуу авсантай холбоотой зөрчил гараагүй, гарч байгаагүй.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилсан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Хэрэв нэхэмжлэгч Б.Е- нь 2014 оноос хойш хугацаанд ажилласан жилийн нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг зохих ёсоор аваагүй буюу Ц сумын Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа бол энэ талаар дээд шатны захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалттай хуультай.

2.4. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан нь алдаа болсон. Дүгнэж хэлэхэд нэхэмжлэгч Б.Е-ын 2014 оноос хойш дутуу тооцсон ажилласан жилийг нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн гаргуулах тухай асуудал сумын Засаг даргад хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А-ын хариу тайлбар, татгалзал:

3.1. Миний бие Ц сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажилладаг. Нягтлан бодогч нь төсвийн шууд захирагч буюу Тамгын газрын даргын баталсан орон тоо, тогтоосон үндсэн цалин, нэмэгдлийн хүрээнд сар сарын цалинг нэмж хасдаг, нэмэгдлийг хэмжээг тогтоодог, цалингийн шатлал нэмж хасаж өөрчилдөг эрх бүхий албан тушаалтан би биш. Тийм учраас нэхэмжлэгч Б.Е- нь намайг хариуцагчаар тооцож нэхэмжлэл гаргасан нь хууль бус, миний бие энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна.

3.2. Тухайн үед мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль (1990 оны)-ийн 48 дугаар зүйлийн 48.3.4-д ажил олгогч нь үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журмыг баталж мөрдүүлэхээр заасан. Тамгын газрын дарга буюу ажил олгогч нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Тамгын газрын ажилтан, албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, олгох шагнал урамшууллын хэмжээг тушаалаар тогтоож надад олгодог байсан. Би эдгээр тушаалуудыг үндэслэж Тамгын газрын дарга Б.Е-ын цалинг бодож олгож ирсэн. Тэрнээс биш тушаалаар тогтоосон цалингийн сүлжээ дур мэдэн өөрчилж түүний цалинг дутуу бодож олгоогүй. Б.Е-ын нэхэмжлэлдээ ...миний энэхүү төрийн албанд ажилласан жилийг 5 жилээр нэмэгдүүлж цалинд тооцох үйлдлийг дээрх тушаалыг мэдээгүйн улмаас ЗДТГ-ын нягтлан бологч Ш.А тооцоогүй байна гэж бичсэн нь үндэслэлгүй.

3.3. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т “Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандахаар” тус тус хуульчилсан.

3.4. Нэхэмжлэгч Б.Е- нь хуульд зааснаар цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл, гомдол гаргах 3 сар буюу 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гаргах ёстой. Тухайн үед хамтарсан тушаал гарсныг мэдээгүй байгаа гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд өөрөө ажил олгогч буюу Тамгын газрын даргын хувьд мэдэж хэрэгжүүлж ажиллах ёстой. Тухайн үед хамтарсан тушаал гасныг мэдээгүй байсан гэдэг үндэслэлээр түүний цалингийн зөрүүг нөхөж олгох үндэслэлгүй ба нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/01084 дүгээр шийдвэрээр .Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг, мөн Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 101 дугаар зүйлийн 101.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ерболатын хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга болон Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нар холбогдуулан гаргасан төрийн албан ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл 2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг,2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, мөн 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийтдээ 12211628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ерболатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210496 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ерболатад буцаан олгож шийдвэрлэжээ.  

 

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн зохих заалтуудыг хэрэглэлгүй алдаатай шийдвэр гаргасан байна. Тухайлбал ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А нь хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэж уг үүргээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зохих заалтуудыг баримталж ажиллах ёстой байтал үүрэг гүйцэтгэх эрхээ зөрчсөнийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

5.2. Гэтэл Ш.А нь өөрийн эрх үүрэг болох Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41.1.2-д заасан “Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана”, 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь бие даасан байх, тасралтгүй байх, жинхэнэ хэрэгжилтийн, үнэн зөв байх” гэсэн зарчмуудыг умартаж энэхүү нэхэмжлэл нь надад огт хамаагүй, тухайн нэмэгдлийг дарга надад яагаад хэлж өгөөгүй гэх мэт өөрийгөө энэхүү асуудлаас зайлсхийсэн, эрх үүргээсээ бултсан үйлдэл гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

5.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ийн 6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасан байх бөгөөд анхан шатны цалингийн тооцоо нэмэгдлийг Ш.А өөрийн гараар үйлдэж хийсэн болон түүний ажлын байрны тодорхойлолтод байгаа ажил үүрэг болох нь хэнд ч ойлгомжтой асуудал. Байгууллагын дарга ямар ч тохиолдолд цалинг өөрийн гараар бодож тооцдоггүй нь ойлгомжтой юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 165.2-д “Энэ хуулийг зөрчсөн үйлдлийн улмаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн гэм хорын тухай холбогдох зүйлээр хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан.  

5.4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан тул Ш.А нь өөрийн үйлдэхүй эс үйлдэхүйгээрээ миний цалинг дутуу тооцож надад гэм хор учруулж байна гэж би үзэж байна.

5.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд миний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.  

5.6. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.7-д “Нэхэмжлэгч Б.Е- нь Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын “Цалингийн тооцооны хүснэгт”-т гарын үсэг зурж цалин авахад үндсэн цалингийн нэмэгдлийг зөв тооцож олгоогүй гэдгийг мэдээд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд 2022 оны 8,9 дүгээр сарын үндсэн цалинг олгоход төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдлийг нэхэмжилсэн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулгын) -ын 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна гэсэн атлаа энэхүү хугацаанд оногдох нэхэмжилсэн цалингийн нэмэгдлийг ЗДТГ-аас олгуулах шийдвэр гаргах байтал Нийгмийн даатгалын байцаагчийн баталгаажилтын хуудсанд огноог бичээгүй байна гэж байцаагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас намайг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.7. Шүүх бодит нөхцөл байдлыг өөрийн дотоод сэтгэлээр тунгаан бодож энэхүү үйлдэл нь бодит үнэн эсэхийг ялгаж салгаж дүгнээд аливаа үйлдэхүй, эс үйлдэхүйн улмаас иргэдийг хохироохгүй байх талаар ажиллаж шийдвэр гаргах ёстой гэж иргэд бид үздэг. Миний нэхэмжилсэн цалингийн нэмэгдэл бол төрд ямар ч хохирол учруулах нөхцөлтэй асуудал биш бөгөөд зөвхөн хариуцлагагүй төрийн албан хаагчдын эс үйлдэхүйн улмаас бий болсон нөхцөл байдал, миний төрд ажилласан ариун цагаан хөдөлмөрийн зөвхөн нэг хэсэг бөгөөд дээрх нэхэмжилсэн дутуу цалинг нөхөн олгох нөхцөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 165.2-т, Иргэний хуулийн 498.1, 498.2-т тодорхой заасан байх тул эрхэм хүндэт Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх миний энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж гүн туслалцаа үзүүлнэ үү.

 

ХЯНАВАЛ нь:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Е-ын Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга, ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А нарт холбогдуулан гаргасан “төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл 2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг,2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, мөн 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийт 12211628 төгрөг гаргуулах тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянав.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн, төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгч Б.Е-ын  төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож, олгогдоогүй цалингийн нэмэгдэл 12211628 төгрөг гаргуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

8. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

8.1. Нэхэмжлэгч Б.Е- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаар 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс Ц сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаартай Төрийн албанд томилох тухай захирамжаар Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Е-ыг 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 он хүртэл ажилласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.  Энэ талаар зохигч маргаагүй байна.

8.2. Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/83, А/44 дугаартай, 1990-1995 онуудын хоорондын хугацааг нийт ажилласан болон төрд ажилласан хугацаанд оруулж, тухайн ажилтны үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг тооцоход харгалзан үзэх тухай хамтарсан тушаал 2014 оны 4 дүгээр сарын 15-нд гарчээ. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар Б.Е- “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 09 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулан 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгджээ.

8.3. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж, 16.4 дэх хэсэгт “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.15 дэх заалтад “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;”, 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.1 дэх заалтад ”төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж хуульчилсан бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж тус тус хуульчилснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Е- нь  2014 оноос 2023 оны хооронд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагчаар ажиллаж байжээ.

 

9. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлд дүгнэлт хийхдээ:

9.1. “… цалин хөлсний хүснэгтэд гарын үсэг зурж авахад нэхэмжлэгч Б.Е- нь 2014 оны 1-9 сар хүртэл, 2014 оны 10-12 саруудад, 2015 онд 1-12 сар хүртэл, 2015 оны 11-12 саруудад, 2016-2018 онуудад, 2019 оны 1-7 саруудад, 2019 оны 8 сард , 2019 оны 9-12 саруудад, 2020-2021 онуудад үндсэн цалингийн нэмэгдлийг болон 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд зэрэг дэвийн нэмэгдлийг тус тус зөв тооцож олгоогүй гэдгийг мэдэх ёстой байсан ба эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 129 дугаар зүйлийн 129.1-д зааснаар гурван сарын дотор гомдол гаргах эртэй байсан боловч гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.” гэж,

9.2. “Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Е- нь 2022 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэх хугацааны цалин авсан үед ажилласан жилийн нэмэгдлийг зөв тооцож олгоогүй гэдгийг мэдэх ёстой байсан ба эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оноос 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны үндсэн цалингийн нэмэгдлийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.3. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны)-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж, Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заасан ба  Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтан нь ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад гомдлыг эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сар, эсхүл 90 хоногийн дотор хэрэгжүүлж болохоор хуульчилсан байхад нэхэмжлэгч хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

9.4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Е- нь Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын (2-р хагас) “Цалингийн тооцооны хүснэгт”-д гарын үсэг зурж цалин авахад үндсэн цалингийн нэмэгдлийг зөв тооцож олгоогүй гэдгийг мэдээд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд 2022 оны 08, 09 сарын үндсэн цалинг олгоход төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдлийг нэхэмжилсэн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн боловч  2014 оны 4 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/83, А/44 дугаартай хамтарсан тушаалд заасны дагуу 1990-1995 онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан гэх №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”-ыг хэзээ олгосон нь тодорхой бус, огноо нь бичигдээгүй гэх шалтгаанаар уг баримтыг үнэлээгүй орхигдуулжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь”  үнэлэх журмыг зөрчсөн гэж дүгнэв.

9.5. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”-ыг  “хэзээ олгосон нь тодорхой бус, огноо нь бичигдээгүй” гэж дүгнэж, түүнчлэн уг баримтыг “хуурамч”, эсхүл “хууль бус аргаар цуглуулсан”, эсхүл “тухайн нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн” гэх нөхцөл байдлууд бодитой тогтоогдоогүй байхад тухайн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

9.6. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”-т Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан /хавтаст хэргийн 46 дахь тал/ байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай буюу зохигчийн тайлбартай харьцуулан үнэлж, дүгнэх боломжтой гэж үзэв.

9.7. Нэхэмжлэгч Б.Е-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 08, 09, 10 дугаар сарын ажилласан жилийн нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хэлэлцэх 3 сарын хугацаанд тооцож, /сард 49731/ төгрөг нийт 149193 төгрөгийг ажил ологч буюу Ц сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Нэхэмжлэгчээс 2022 оны ажилласан жилийн дээрх хамтарсан тушаалын дагуу сарын 49713 төгрөгөөр тооцсон ба хариуцагч уг тооцооллыг үгүйсгээгүй байна.

 

10. Хариуцагч Ц сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-д “...тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байх тул нэхэмжлэгчийн Ц сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэлийн хариуцагч  Ц сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/01084 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас 149193 /нэг зуун дөчин есөн мянга нэг зуун гурван/ төгрөг гаргуулан Б.Е-ад олгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болон хариуцагч Ц сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч ажилтай Ш.А-д холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.гэж, 

 

2 дахь заалтын “олгосугай.” гэснийг “олгож,” гэж өөрчлөн мөн заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 5125 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Е-ын давж заалдах гомдлын зарим хэсгийн хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                   ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ